2021
Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан
2021 оны 5-р сар


“Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Ням гаргийн үдээс хойших хуралдаан

“Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан”

Хэсгүүд

Зураг
Уулын харагдац

Өнөө үед Есүс Христийн дагалдагчдын дунд, та нарын төдийгүй бидний амьдралд гайхамшгууд, тэмдгүүд, ер бусын гайхалтай зүйлс дүүрэн байна. Гайхамшгууд нь Бурханы хязгааргүй хүчийн бурханлаг үйлдэл, илэрхийлэл, илрэл болдог төдийгүй Түүнийг “өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил” [Моронай 10:19] гэдгийг баталж өгдөг. Тэнгис далайг бүтээсэн Есүс Христ тэдгээрийг намжааж чадна; хараагүйг хараатай болгосон Тэр биднийг дээш харахад тусалж чадна; уяманг цэвэршүүлсэн Тэрээр бидний сул дорой байдлыг засаж чадна; сул доройг эдгээсэн Тэрээр “Ирээд, Намайг дага” [Лук 18:22] хэмээн биднийг өндийн босоход уриалж чадна.

Та нарын олонх нь гайхамшгуудыг харсан ч заримыг нь анзааралгүй өнгөрөөсөн байдаг. Есүс нас барагсдыг амилуулсантай харьцуулахад, эдгээр нь өчүүхэн мэт санагдаж болох юм. Гэхдээ гайхамшгийн цар хүрээ гайхамшгийг тодорхойлдоггүй, Бурханаас ирсэн эсэх нь үүнийг тодорхойлдог. …

Бидэнд хайртай хүнээ эдгээж, шударга бусыг өөрчлөн, хорон эсвэл урам нь хугарсан нэгний зүрх сэтгэлийг зөөлрүүлэхийн төлөө гайхамшигт итгэж найдах үе гардаг. Бид мөнх бус нүдээр харж, Их Эзэнийг хөндлөнгөөс оролцон, эвдэрсэн зүйлийг засаасай хэмээн хүсдэг. Итгэлээр дамжуулан гайхамшиг ирдэг ч бидний цаг хугацаанд, бидний хүсэн хүлээснээр биш байж болно. …

Их Эзэн бидэнд “Миний зам ч та нарын замаас өөр” [Исаиа 55:8] хэмээн сануулсан. Тэрээр “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” [Матай 11:28] буюу санаа зовнил, урам хугарал, айдас, дуулгаваргүй байдал, хайртай хүмүүсийн төлөөх болон орхигдсон мөрөөдлийн төлөөх санаа зовнилоос амраая хэмээсэн билээ. Үймээн самуун, уй гашуу дунд амар амгалан байх нь гайхамшиг юм.