2020
Хэнри Б.Айринг
2020 оны 1-р сар


Сүүлчийн үг

Явж, мөн Бурханд итгэх итгэлээр үйлд

2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.

Мормоны Ном дээр гардаг залуу Нифайн үлгэр жишээ бидэнд хүнд хэцүү ч гэсэн Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлж, зарлигуудыг нь дуулгавартай сахих хүсэл эрмэлзлийг төрүүлдэг. Нифай аюултай нүүр тулгарч, үхэж болох байсан ч дараах итгэлийн тухай үгийг хэлснийг бид зүрх сэтгэлдээ мэдрэх ёстой. “Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” (1 Нифай 3:7).

Ийм итгэл Бурханыг таньж, мэдсэнээр ирдэг. Дэлхий дээрх өөр бусад хүнээс адилгүй нь, сайн мэдээ сэргээгдэж, гайхамшигт үйл явдлууд тохиосны ачаар Их Эзэн Өөрт нь итгэх итгэлийг бидэнд өгөхийн тулд Өөрийнхөө талаар илчилсэнд бид талархдаг.

Миний хувьд үүнийг 1820 онд Нью-Йорк мужийн нэгэн ойн цоорхой дахь фермчин хөвгүүнээс эхэлсэн гэж үздэг. Иосеф Смит нэртэй хөвгүүн ойн нэгэн бөглүүхэн газарт очиж, Бурханд бүрэн дүүрэн итгэлтэйгээр өвдөг сөгдөн залбирсан юм. Энэ үйл явдлын тухай унших бүрд Бурханд болон Түүний үйлчлэгчдэд итгэх итгэл минь нэмэгддэг билээ.

“Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа.

… Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” хэмээн хэлжээ. (Иосеф Смит—Түүх 1:16–17).

Эцэг амьд гэдгээ болон Есүс Христ бол Түүний хайртай Хүү гэдгийг мөн Тэрбээр бидэнд хайртай учраас биднийг аврахын тулд Хүүгээ илгээсэн тухайгаа бидэнд илчилсэн. Тэрээр уг хүүг бошиглогчоор дуудсан гэдэг гэрчлэл надад байдаг учраас би Түүний төлөөлөгч, бошиглогчдод болон Бурханд үйлчлэхээр дуудагдсан хүмүүст итгэдэг.

Та нар сурч мэдэх, наманчлах зорилготойгоор сонсоод, явж, Түүний хүссэн бүхнийг биелүүлснээр Түүнд итгэх итгэлээ харуулдаг. Хэрэв та нар Түүнд найдаж мөн Түүний урмын захиас, залруулгыг болон үйлчлэгчдийнх нь удирдамж зааврыг сонсвол тэдгээрийг олох болно. Дараа нь явж, Түүний хий гэснийг хийж чадвал та нарын Түүнд итгэх итгэл өсөж, Түүний та нарт итгэж найддаг талаар өөрсдөө олж мэдэн талархах болно.