2020
Мөнх байдлыг сонгох нь
2020 оны 1-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Мөнх байдлыг сонгох нь

Би эрхэмлэдэг зүйлсийнхээ дагуу амьдрах эсэхээ шийдэх цаг болсныг мэдэж байв.

Үргэлж мөрөөддөг байсан Аргентин улсад соёлын солилцоогоор явах тэтгэлэг авсан тухайгаа сонсохдоо би үүнийг амьдралынхаа том өөрчлөлтийн эхлэл болно гэж огтхон ч төсөөлөөгүй.

Би Аргентины Розариод ирээд, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэр бүлтэй хамт амьдрахаар болов. Ингэж миний номлогчидтой ярилцах мөн институт, семинарт хамрагдах сүнслэг адал явдалтай он жил эхлэх нь тэр. Би бүхнийг мэдэж авахыг хүсэж байсан ба сайн мэдээний талаар олж мэдсэн зүйлс маань намайг олон арга замаар адисалж байгааг мэдэрч байв.

Тун богино хугацаанд би итгэл, хайр, тэвчээр, энэрэл, найдвар болон биднийг зовлон шаналлаас хамгаалдаг Их Эзэний зарлигуудад дуулгавартай байх зэрэг заалгасан сургаалынхаа үнэний талаар хүчтэй гэрчлэлтэй болсон байв.

Тэр биднийг ямар ч зорилгогүйгээр зовлон үзээсэй гэж хүсдэггүй. Тэр бидэнд маш их хайртай бөгөөд үүнийгээ батлан харуулахыг хүсдэг. Гэвч бид заримдаа өөрсдийнхөө сонголтоор тэр хаалгыг хааж, өөрсдийгөө Түүнээс тусгаарладаг ба ингэснээр бүхнийг өөрсдөө шийдэх болдог. Бид дараа нь зүрх сэтгэлдээ амар амгаланг сэргээх анхны алхмаа хийх ёстой. Энэ бол миний өөрийн биеэр туулах ёстой зүйл юм.

Хэдэн сар номлогчдоос хичээл авч, ангиудад суусны дараа надад сорилтуудын хамгийн хэцүү нь буюу өнгөрсөн үеийн мэдрэмжийг сэргээн, одоо энэ цаг үед буруу шийдвэр гаргахад уруу татаж, мөрөөдсөөр ирсэн ирээдүйг маань сүйрүүлэх гэж оролдох сорилт ирсэн. Зовлон зүдгүүр заримдаа (бас ихэнхдээ) таны төсөөлж ч байгаагүй газраас, хаа нэгтэйгээс ирдгийг би мэддэг болсон.

Бодол болон үйлдэлдээ зохистой, цэвэр ариун байх нь миний хэн байсан мөн хэн болохтой салшгүй холбоотой мэт санагддаг. Миний хийхээр төлөвлөсөн зүйлс буруу байсныг мөн урьд нь итгэж байсан хүмүүс итгэл алдсаныг, миний аль хэдийн хийж эхэлсэн зүйлс Тэнгэрлэг Эцэг бид хоёрын хооронд ангал үүсгэж эхэлснийг би мэдсэн. Одоо үүнийгээ үргэлжлүүлэх үү эсвэл үргэлж баримталж ирсэн эрхэмлэдэг зүйлсээ дагах уу гэдгийг сонгох цаг болсныг би ойлгов. Тиймээс би эдгээр мөрөөдлөө ийм амархан сүйрүүлж болохгүй гэдгийг надад хэлж өгөх дотоод хүч чадлаа олох цаг болсон байв. Би мөнхийн гэр бүл, хайраар дүүрэн нөхөртэй болох найдвараа орхиж чадаагүй. Амьдралд маань ямар нэг зүйл буруудсан байсан ба би үүнийг өөрчлөх ёстойгоо мэдэж байв.

Энэ мэдрэмж, миний зүрх сэтгэлд соёолж эхэлсэн шинэхэн гэрчлэл мөн надад туслахад ямагт бэлэн байсан амьдралын минь жинхэнэ тэнгэр элчүүд намайг төөрч одохоос аварч, дахин хүч чадал өгсөн тул би Их Эзэнд эргэн ирэх боломжтой болсон юм. Их Эзэний дуу хоолойг сонсон, мөнхийн адислалуудад нь зохистой үлдэх хичээл зүтгэлийг минь Тэрээр адислан, үргэлж дэргэд минь байсныг би мэднэ.

Туулсан бүхнээ эргээд харахад, буулт хийлгүүлэлгүй эрхэмлэдэг зүйлсийг маань байнга харуулж байсан зориг мөн одоо болтол надад байгаа итгэл үнэмшлийнхээ тухай би боддог.

Хэдийгээр наманчлах мөч нь гэм буруудаа шаналан, ухаарч, даруусах мөч байсан ч би үүний төлөө талархдаг бөгөөд талархсаар ч байх болно. Эдгээр зүйлд зөв цагтаа талархдаг байснаар би Тэнгэрлэг Эцэг намайг өршөөснийг мөн Тэр намайг хайрласаар байгаа бөгөөд үргэлж хайрлана гэдгийг мэдэрсэн юм.

Өөрийгөө уучилж сурах нь надад хамгийн хэцүү байсан. Би өөрийгөө зохисгүй бөгөөд дотроо ч бас гаднаа ч сайхан биш гэсэн мэдрэмжтэй байснаа санадаг. Гэвч Аврагч үргэлж надад хүч чадал болон сүнслэг удирдамж өгч, миний дэргэд байсан. Тэрээр намайг Бельгид эргэн ирсний дараа ч гэсэн Сүмийн талаар илүү ихийг мэдэхэд тусалсан зөв хүмүүсийг надтай учруулсан юм. Тэд намайг байгаагаар минь хайрласан ба өөрийгөө дахин хайрлахыг мөн энэ туршлага бол амьдралдаа үргэлж үүрч явах зовлон шаналал биш гэдгийг ухаарахад тусалсан. Сонголт хийн, эрхэмлэдэг зүйлсээ хамгаалснаар гэрчлэлээ хэр хүчтэй болохыг харах боломж надад тохиосон. Би энэ туршлагаар дамжуулан гэрчлэлээ хүчирхэгжүүлэхээр ажилласан учраас одоо аль ч газрын олон хүний амьдралд адислал болж чадна гэдгийг ойлгосон.

Бүү ай. Хэзээ ч бүү бууж өг, эрхэмлэдэг зүйлсээ үргэлж хамгаал. Аврагчаа хайрладаг хайраа хуваалцах нь хэчнээн сайхан, ямар гайхамшигтай адислал болохыг үргэлж санаж, Түүний цэвэр хайрыг харилцааныхаа болон ирээдүйн гэр бүлийнхээ суурь болго. Хэрэв та дуулгавартай байж мөн бүх зүйл дээр Тэнгэрлэг Эцэгийг сонгох юм бол эрт орой хэзээ нэгэн цагт мөнхийн адислалууд ирэх болно. Та эдгээрийг одоо харж чадахгүйдээ бүү санаа зов. Өдөр бүр бага багаар, Их Эзэний мутрыг өөрийн амьдралд байгааг харж чадна гэдэгтээ итгэлтэй бай. Бидний зүрх сэтгэлд хавар ирж, мөнхийн цэцэгс дэлбээлж эхэлнэ.

Би Бельги дэх тойрогтоо 2019 оны 3-р сарын 16-нд баптисм хүртсэн ба мөнх байдал руу хүргэх замынхаа анхны алхмыг хийсэндээ баяртай байна. Тийм ээ, бид замын турш явахдаа илүү олон сорилттой тулгарах хэдий ч зүрх сэтгэлийнхээ гэрчлэлээр Хэнийг сонгохоо мэддэг тул би сорилт бэрхшээлд бэлэн байна.