2020
Их Эзэн Сэргээлтэд дэлхийг хэрхэн бэлдсэн бэ?
2020 оны 1-р сар


Их Эзэн Сэргээлтэд дэлхийг хэрхэн бэлдсэн бэ?

Их Эзэн хувь хүн, гэр бүл, олон нийт, улс орон, дэлхийг адислахын тулд Өөрийн сайн мэдээний Сэргээлтэд тоолж баршгүй олон арга замаар дэлхийг бэлтгэсэн.

Зураг
Joseph kneeling

Гэрэл ба харанхуйн хүчин, Воррэн Льюк, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв.

Их Эзэн 1820 онд Эцэг, Хүү хоёрыг Иосеф Смитэд үзэгдэхээс олон жилийн өмнө дэлхийг Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтэд бэлтгэж байсан. Үнэндээ хожмын өдрүүдэд Өөрийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээх бэлтгэлийг Их Эзэн дэлхийг бүтээхээс өмнө эхлүүлсэн.

1918 оны 10-р сард ерөнхийлөгч Иосеф Ф.Смитийн (1838–1918) хүлээн авсан Сургаал ба Гэрээний 138-р хэсэг дэх илчлэлтээс бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны бошиглогчид болон өөр олон “бусад сонгомол сүнснүүд … хожмын үеийн агуу их ажлын суурийг тавихад оролцохоор цаг хугацааны бүрэн байдалд урагш гарч ирэхээр хадгалагдсан” болохыг олж мэддэг (Сургаал ба Гэрээ 138:53: онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Ерөнхийлөгч Смит “эхлэлд сонгогдсон, ёс суртахуунаар өв тэгш хийгээд агуу хүмүүсийн дунд тэд тэрчлэн байсныг” харжээ (Сургаал ба Гэрээ 138:55). Тэр мөн “тэд …бусад олны хамт, сүнсний дэлхийд анхныхаа хичээлүүдийг хүлээн авч, мөн Их Эзэний тогтоосон цагт хүмүүний бодгалиудын авралын төлөө түүний талбайд хөдөлмөрлөхийн тулд урагш гарч ирэхээр бэлтгэгдсэн” болохыг нэмж хэлсэн (Сургаал ба Гэрээ 138:56; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Дэлхий бүтээгдсэний дараа эртний “эш үзүүлэгчид … эрт цагаас” ирээдүйн “бүхнийг сэргээх үе”-ийн талаар ярьж, дуулж, мөрөөдөж, бошиглож байлаа (Үйлс 3:21-ийг мөн Лук 1:67–75-ыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) Есүс Христийн Сүмийн Сэргээлтийн анхны бошиглогчийн талаар онцлон ярихдаа, “Их Эзэн [Иосеф Смитийг], аавыг нь, аавынх нь аавыг, мөн Абрахам хүртэлх, Абрахамаас үер, үерээс Енох, Енохоос Адам хүртэлх түүний өвөг дээдсийг ажиглан харж байсан билээ. Тэрбээр уг гэр бүлийг мөн тэр хүний төрөх эх ундарга болсон цусыг ажиглан харж байсан юм. [Иосеф Смит] энэхүү эцсийн эрин үеийг тэргүүлэхээр үүрд мөнхөд урьдчилан томилогджээ”1 хэмээн хэлсэн.

Бид энэ жил Анхны үзэгдлийг харсны 200 жилийн ойг тэмдэглэхдээ, 1820 онд өршөөл, удирдамж заавар эрэлхийлж байсан бяцхан хүү Иосеф Смитэд Эцэг, Хүү хоёр үзэгдсэнээр эхэлсэн Сэргээлтэд дэлхийг бэлтгэх явцад Их Эзэнээр хэдэн зуун жилийн туршид удирдуулж байсан олон олон эмэгтэй, эрэгтэй хүнийг дурсах нь зүйтэй болов уу.

Түүхийг эргэн харахад, Их Эзэний Сүмийг хожмын өдрүүдэд сэргээхэд хүмүүсийг бэлдсэн олон хувьсгал дэлхий даяар болж байсныг мэдэж болно.2

Гар бичмэлийн хувьсгал

Их Эзэн сайн мэдээнийхээ Сэргээлтэд дэлхийг бэлдсэн хамгийн чухал арга замуудын нэг бол папирус, илгэн цаасыг бүтээж, хэрэглэх болсноор эхэлсэн гар бичмэлийн хувьсгал байсан юм.3

Амьтны арьсаар хийдэг илгэн цаасыг эрт дээр үед болон орчин цагийн эхэн үед дээр нь бичих гадаргуу болгон ашиглаж байжээ.4 Еврей Библийн (Хуучин Гэрээ) хамгийн эртний гэгдэх хуулбар болон Библийн хожим хийгдсэн олон чухал хуулбарууд илгэн цаасан дээр хадгалагдан үлдсэн байдаг.5

Папирус нь папирус ургамлын голоор хийдэг, эрт дээр үед бичих гадаргуу болж байсан өөр нэгэн материал юм. Шинэ Гэрээний хамгийн эртний хуулбарууд папирус дээр хадгалагдан үлдсэн байдаг.

Эдгээр бичих материал нь чулуу эсвэл шавар хавтан дээр бичихтэй харьцуулах юм бол сүнсээр өдөөгдсөн бошиглогч, төлөөлөгчдийн хүлээн авсан Бурханы үгсийг хялбархан тэмдэглэж авах боломжийг бичээчдэд олгосон. Эдгээр бичих материалыг ашиглан тоолж баршгүй олон, нэр нь үл мэдэгдэх бичээчид итгэлийн галыг бөхөөхгүйн тулд ариун нандин бичээсийг эцэлт цуцалтгүй хуулбарлаж, дамжуулж, хадгалан үлдээсэн билээ.

Жишээлбэл, “грек хэл дээр бичсэн Матайн сайн мэдээний 100 гаруй гар бичмэлээс” гадна дундад зууны үед илгэн цаасан дээр бичсэн библийн өөр олон гар бичмэл байгааг би саяхан олж мэдсэн юм.6

Зураг
printing house

16-р зууны хэвлэх үйлдвэр, Getty images-ээс авав.

Хэвлэлийн хувьсгал

Миний олон удаа зааж байсанчлан, 1439 юм уу 1440 онд германы алтны дархан Иоханнес Гутенберг анх Хятадад танилцуулагдсан хэвлэх технологийг хэвлэлийн үйлдвэрт нэвтрүүлснээр Их Эзэн Өөрийн авралын сайн мэдээний Сэргээлтэд дэлхийг бэлтгэх явцад бас нэгэн чухал алхам хийжээ.7

Гутенберг нь мэдлэг, ойлголт, шашны итгэлийг дэлхийд өсгөн нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан Бурханы мутар дахь зэмсэг байсан юм.8 Түүний бүтээл “өөрчлөлтийн хүчин зүйл” болсон үзэл бодол, мэдээ мэдээллийг өргөнөөр харилцан солилцоход түлхэц өгч, дэлхийг орвонгоор нь өөрчилсөн хэвлэлийн хувьсгалын очийг бадраасан билээ.”9

Гутенбергийг хэвлэлийн машин дээрээ Библийг хэвлэх үед Европт нийтдээ 30000 ном байсан гэж эрдэмтэд тооцоолдог. Түүнийг хэвлэлийн машин бүтээснээс хойш 50 жилийн дотор Европт 12 сая гаруй ном байжээ.

Протестант шашны шинэчлэлтээр, өмнөх үеийнхний хэний ч төсөөлж байгаагүй арга замаар үзэл бодлоо түгээн дэлгэрүүлж, Библийг энгийн ардад хүргэхэд Гутенбергийн бүтээлийг ашигласан юм.

Бичиг үсгийн хувьсгал ба Библийн орчуулга

Хэвлэлийн хувьсгал нь судрын ариун үгсийг өөрсдийн хэл дээр унших гэсэн Европын энгийн ардын өсөн нэмэгдэж буй хүслийг гүйцэлдүүлж байв.

Грек, еврей хэлнээс МЭ 5-р зуунд латин хэлнээ орчуулагдсан Библи нь 1000 жилийн туршид барууны Католик сүмийн албан ёсны Библи болж байв.10 Олон зууны турш европчууд Библийн талаар гол төлөв пристүүдийн өгсөн сургаалаар дамжуулан мэддэг байжээ.

Гэвч 15, 16-р зуунд шашны шинэчлэгчид герман, итали, англи, испани, франц гэх мэт Европын нийтлэг хэлүүд дээр Библийг шинээр орчуулан гаргав. Эдгээр орчуулгыг ихэвчлэн латин Библи дээр биш, харин еврей болон грек эх бичвэр дээр үндэслэн орчуулсан байлаа. Энэ нь олон мянган уншигчид Библийн түүх, сургаалыг эх хэл дээрээ унших боломжийг олгосон юм.

1483 онд төрсөн Мартин Лютер тухайн цаг үедээ өөрийн хэл дээр Библийг хэвлүүлсэн манлайлагчдын нэг байв. Герман хэл дээрх орчуулга нь 1534 онд хэвлэгдэн гарсан ба энэ нь барууны Христийн шашны түүхэнд чухал жил байлаа.11 Судрын хүчинд итгэх Лютерийн итгэл Шинэчлэлтэд түлхэц өгч тусалсан. Бусад шинэчлэгчид судраас унших боломжийг хүн бүрд олгохын төлөө бүх нийтийн боловсролыг сурталчилж байлаа.

Зарим шашны удирдагч Библийг өргөнөөр унших юм бол тэрсэлдэх, сүмийн эрх мэдлийг унагаах, бүр нийгмийг тогтворгүй байдалд хүргэж болзошгүй гэж санаа зовж байв. Тэд Библийг тухайн үеийн нийтлэг хэл рүү орчуулж байгааг мэдсэн юм уу нийтлэг хэл дээр орчуулагдсан судартай олон хүнийг шоронд хорьж, яргалан тарчлааж, тэр бүү хэл амийг нь хороож байлаа.

Уиллиам Тиндал 1494 онд төрсөн бөгөөд Мартин Лютерийг зориг гарган, Библийг герман хэлээр орчуулах үед гарч ирсэн юм.12 Залуухан байхдаа Тиндал еврей болон грек эх хэлүүд дээр үндэслэн Библийг англи хэл дээр шинээр, илүү сайн орчуулах санаа сэджээ.

1523 оны орчим тэрээр ийм хувилбарыг гаргахаар Лондоны католик шашны бишопоос тусламж эрэлхийлэн, урам зориг авах гэсэн боловч эрс татгалзсан хариу авав. 1408 онд Оксфордод болсон хуралдаанаар Библийг орчуулахыг хориглосон заалт гарсан тул Тиндалд хөндлөнгийн оролцоогүй орчуулга хийх албан ёсны зөвшөөрөл хэрэгтэй байлаа.

Тиндал Библийг англи хэлнээ орчуулах санаагаа орхилгүй, орчуулах ажлаа нууцаар эхлүүлэн, 1525 онд Шинэ Гэрээг орчуулж дуусгажээ. Германы Кёльн хотод хэвлэгдсэн Тиндалын орчуулгыг 1526 оны эхээр Англи руу нууцаар оруулж ирэн, зарах болсон байна.

Эцэст нь, 1536 оны 10-р сарын эхээр өөрсдийн хэл дээр судраас унших боломжийг энгийн ардад олгохыг хүссэн бусад олон эмэгтэй, эрэгтэй хүний адилаар Тиндалыг шонд хүлэн дүүжилжээ.13 Гэсэн хэдий ч түүний англи орчуулга үлдэж, орчуулсан үг, хэллэг болон бүтэн хэсгүүд нь Хаан Жеймсийн хувилбарт орсон байдаг.14

1611 онд хэвлэгдэн гарсан Хаан Жеймсийн хувилбар нь Английн Сүмд албан ёсоор хэрэглэгдэх болж, сүүлд нь Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтэд хэд хэдэн чухал арга замаар нөлөөлсөн билээ.15 1805 онд Иосеф Смитийг төрөх үед энэ нь хамгийн өргөн тархсан англи Библи байв. Тэр үед Иосеф, Люси Мак Смит хоёрынх шиг ихэнх айл өрх Библитэй байсан бөгөөд түүнийгээ тогтмол уншдаг байсан юм. Үнэндээ олон хүн уг номыг гэртээ уншихыг сонсох мөн өөрсдөө судлах замаар уншиж сурдаг байжээ.

Улс төрийн болон харилцаа холбооны хувьсгал

Хэвлэл, орчуулга, бичиг үсгийн хувьсгалууд 17-оос 19-р зууны хооронд Европ, Америк тивд өрнөсөн улс төр, техник технологийн хувьсгалын өрнөх замыг бэлтгэсэн юм. Европ, Америкийн улс төрийн уур амьсгалд гарсан өөрчлөлт хүмүүст өөрийн шашны замналыг сонгох агуу эрх чөлөөг олгосон. Шашин шүтэх эрх чөлөө бол тухайн үед болж өрнөсөн улс төрийн хувьсгалын олон үр дагаврын нэг юм.

Мөн Их Эзэн Түүний Сэргээлтийг огцом урагшлуулж чадах, шинэ тээвэр, холбооны хэрэгслийн талаар мөрөөдөхөөр бэлтгэгдсэн хүмүүсийн дээр “Сүнсээ бүх махбод дээр цутга[ж]” (Иоел 2:28; Иосеф Смит—Түүх 1:41) эхэлжээ.

Их Эзэн Өөрийн бошиглогчийг гаргаж ирэхдээ усан хоолой, цахилгаан холбоо, галт тэрэгний зам, уурын хөдөлгүүр гэх мэт техник технологийг бүтээлгэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүст сүнсээр нөлөөлсөн.

Их Эзэн олон арга замаар хувь хүн, гэр бүл, олон нийт, улс орон, дэлхийг Өөрийн сайн мэдээний Сэргээлтээр адислахад бэлтгэсэн.

Смитийн гэр бүлийг удирдан чиглүүлсэн нь

Их Эзэн дэлхийг Сэргээлтэд хэрхэн бэлтгэсэн талаар бид эргэцүүлэн бодохдоо, Тэрээр асар их зүйлийг хувь хүнээр буюу ердийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсээр дамжуулан зарим ер бусын гайхамшгийг бүтээсэн гэдгийг үргэлж санаж байх ёстой.

Дэлхий даяарх улс орнуудад олон хувь хүн, гэр бүл Сэргээлтийн захиасыг хүлээн авахад бэлтгэгдсэн байв. Тэдний дунд бошиглогчийн эцэг Иосеф, эх Люси Мак Смит нар байсан бөгөөд тэр хоёр Есүс Христийг хайрлаж, Библиэс суралцахыг заасан орчинд өсөж торнижээ.

Олон жилийн турш Иосеф, Люси хоёр Нэгдсэн Улсын зүүн хойд хэсэгт орших Нью Ингландад санхүүгийн болоод эрүүл мэндийн мөн өөр бусад бэрхшээлийг туулж байжээ. 1816 онд Индонезийн Тамбора галт уулын дэлбэрэлтээс болж дэлхийн цаг уурын байдалд өөрчлөлт орж, тэд ургацаа алдсан тул Иосеф, Люси хоёр гэр бүл, найз нөхөд, нийгмийн хүрээллээ орхин Шинэ Англиас явах зоригтой шийдвэрийг гаргасан юм.

Сүмийн түүхийн 1-р ботид “Ахмад Иосеф эхнэр, хүүхдүүдээ тун их хайрладаг байсан ч амьдралаа тогтвортой авч явж чадахгүй байлаа. Азгүй явдал, амжилтгүй хөрөнгө оруулалтууд гэр бүлийг нь ядуу, тарчиг амьдрахад хүргэсээр байв. Нью-Йоркт байдал өөрөөр эргэж ч магадгүй”16 хэмээн бичигдсэн байдаг.

Ямартай ч Смитийн гэр бүлийн Нью Ингландын бүтэлгүйтэл тэднийг баруун Нью-Йорк руу явахад хүргэсэн бөгөөд тэнд өрнөж байсан шашны хөдөлгөөн Бага Иосеф Смитийн өршөөл, удирдамж эрэлхийлэх хүсэл эрмэлзлийг өдөөсөн юм. Энэ нь мөн алтан ялтаснуудыг булсан газар байсан бөгөөд түүнийг олж, орчуулж, хэвлэн гаргахыг хүлээж байв.

Зураг
family reading scriptures

Гэр бүлийн зургийг Вэнди Гиббс Кийлэр авав

Бидний амьдралд оролцох Их Эзэн мутрыг таних нь

Их Эзэн Смитийн гэр бүлийг хүчирхэгжүүлсэн шиг биднийг ч мөн адил хүчирхэгжүүлэн, шинэ зүйлийг зааж, бүтэлгүйтэл, саад бэрхшээлээр дамжуулан төсөөлж байснаас маань тэс өөр ирээдүйд бэлтгэх болно.

Бид Смитийн гэр бүлийн амьдралд Их Эзэний мутар хэрхэн нөлөөлсөн талаар бодохдоо Түүний мутар бидний хүн нэг бүрийн амьдралд ч гэсэн нөлөөлдгийг ухааран ойлгох ёстой. Өөрсдийн амьдралаас Их Эзэний мутрыг олж харахад сүнслэг байдлын хувьд мэдрэг байх ёстой бөгөөд ихэнх тохиолдолд цаг хугацаа, алсын хараа шаардагддаг. Аз болоход патриархын адислал, хувийн тэмдэглэл, хувь хүний амьдралын түүх зэрэг нь Их Эзэний мутар бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг харах томруулдаг шил болж өгдөг.

1831 онд өгсөн илчлэлтэд Их Эзэн “Мөн бүх зүйл дээр түүний гарыг хүлээн зөвшөөрдөггүй, мөн түүний зарлигуудыг дуулгавартайгаар үл дагадаг тэднээс бусад хүмүүн ямар ч зүйлээр Бурханд гэм бурууг үйлддэггүй, эсвээс хэний ч эсрэг түүний уур хилэн дүрэлздэггүй” (Сургаал ба Гэрээ 59:21) хэмээн дэлхийнхэнд анхааруулсан.

Бидний амьдралд оролцдог Их Эзэний мутрыг мөн Есүс Христийн Сүмийн Сэргээлтэд дэлхийг бэлтгэж буй Түүний мутрыг олж харан, хүлээн зөвшөөрөх юм бол Их Эзэн Есүс Христийн зарлигуудыг, ялангуяа Бурханыг болон хөршөө өөрийн адил хайрла хэмээх хоёр зарлигийг дагах бидний хүсэл өсөн нэмэгдэх болно. Энэ бол “гайхамшигт ажил ба гайхамшиг”(2 Нифай 25:17) юм.

Их Эзэн Өөрийн мөнхийн сайн мэдээний Сэргээлтэд дэлхийг бэлтгэсэнтэй адил эдүгээ Өөрийн Хоёр дахь Ирэлтэд дэлхийг бэлтгэж байна. Дахин хэлэхэд, Түүний мутрыг түүхэн өөрчлөлтийн үйл явдлуудаас гадна хувь хүний амьдралаас олж хардаг.

Иосеф Смит өнөө үед бидний ариун хэмээн нэрлэдэг ой руу очихдоо амьдралдаа өршөөл, удирдамж эрэлхийлж байсан.17 Нэг талаараа, тэр Матайн номд цэдэглэгдсэн Их Эзэний сүнсээр өдөөгдсөн дараах урилгад хариулсан юм.

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” (Матай 11:28–30) хэмээн гуйдаг.

Их Эзэний мутар эхлэлээс эхлэн Бурханы бүх хүүхэд ашиглах боломжтой “Христийн авралын сургаал”-ын болон Есүс Христийн “үнэн, цэвэр хийгээд энгийн сайн мэдээний” Сэргээлтэд дэлхийг бэлтгэсэн гэдгийг би гэрчилж байна.18 Их Эзэний мутар бидний хүн нэг бүрийн амьдралд байдаг бөгөөд Түүнийг дагаж, бусдад үйлчилж, Түүний агуу Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх үеэр Түүнийг хайрлахад биднийг урьж байдгийг би бас гэрчилж байна.

Эшлэлүүд

  1. Бригам Янг, Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 616; мөн Brigham Young, “Remarks,” Deseret News, Oct. 26, 1859, 266-г үзнэ үү.

  2. Тээвэр, харилцаа холбоо, машин техник, эрүүл мэндийн хөгжил дэвшил нь Их Эзэний сайн мэдээний болон Сүмийн Сэргээлтэд бэлтгэх ажлын чухал хэсэг юм.

  3. L. D. Reynolds and N. G. Wilson, Scribes and Scholars: A Guide to the Transmission of Greek and Latin Literature, 4th ed. (2013)-ыг үзнэ үү.

  4. Жишээ нь: АНУ-ын Эрх чөлөөний тунхаг, Их Британийн парламентын албан ёсны акт, еврей синагогуудад ашигладаг Тора хуудас, зарим их сургуулийн дипломууд.

  5. Timothy H. Lim and John J. Collins, The Oxford Handbook of the Dead Sea Scrolls (2010) and Bruce M. Metzger and Bart D. Ehrman, The Text of the New Testament: Its Transmission, Corruption, and Restoration, 4th ed. (2005)-ыг үзнэ үү.

  6. Thomas A. Wayment, The New Testament: A Translation for Latter-day Saints, A Study Bible (2019), 2.

  7. Diana Childress, Johannes Gutenberg and the Printing Press (2008)-ыг үзнэ үү.

  8. Жишээлбэл, M. Russell Ballard, “The Miracle of the Holy Bible,” Liahona, May 2007, 80–82-ыг үзнэ үү.

  9. Elizabeth L. Eisenstein, The Printing Press as an Agent of Change (1980), 703-ыг үзнэ үү.

  10. James Carleton Paget and Joachim Schaper, eds., The New Cambridge History of the Bible, Vol. 1, From the Beginnings to 600 (2013); see also vols. 2–4-ийг үзнэ үү.

  11. 4-р зууны энэхүү латин хэл дээрх орчуулгыг католик сүмд албан ёсоор хэрэглэх болсон юм; Martin Luther: The Christian between God and Death (1999) Richard Marius-ийг үзнэ үү.

  12. David Daniell, William Tyndale: A Biography (1994)-ыг үзнэ үү.

  13. Дараа нь Тиндалын цогцсыг шонд хүлээтэй чигээр нь шатаажээ.

  14. Уиллиам Тиндалын англи хэл дээрх орчуулга хүлээн зөвшөөрөгдөөгүй ч, 1611 онд Библийн Хаан Жеймсийн хувилбарт хадгалагдан үлджээ.

  15. David Norton, The King James Bible: A Short History from Tyndale to Today (2011)-ийг үзнэ үү.

  16. Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть: Үнэний жишиг, 1815–1846, (2018), 6-г үзнэ үү.

  17. “First Vision Accounts,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  18. М.Рассэлл Баллардын “Есүс Христийн үнэн, цэвэр хийгээд энгийн сайн мэдээ” гэх 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэнд орсон Жозеф Ф.Смитийн тухай хэсгийг үзнэ үү.