2020
Өсөж буй үеийнхэнд сэдэл төрүүлэх нь
2020 оны 1-р сар


Өсөж буй үеийнхэнд сэдэл төрүүлэх нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Хүүхдүүддээ Аврагчийн адил өсөж хөгжихийн тулд утга учиртай зорилго тавьж, түүндээ хүрэхэд нь туслах дөрвөн арга замыг энд танилцуулъя.

Зураг
hands helping women

Зураг чимэглэлийг Дэвид Грийн

Бид эцэг эх, удирдагчдын хувьд хүүхэд, өсвөр үеийнхнийг Их Эзэнд үйлчилж, тус тусын үүргээ биелүүлэхдээ өөрөө өөрсдөдөө сэдэл өгдөг байхад мөн насан туршдаа Есүс Христийн шавь байхад нь туслахыг хүсдэг.

Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн хөтөлбөр нь энгийн боловч хүүхэд, өсвөр үеийнхэнд сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны хувьд Аврагчийн адил өсөж хөгжихөд нь туслах хүчирхэг эх сурвалж юм (Лук 2:52-ыг үзнэ үү). Энэ нь тэднийг Есүс Христийн сайн мэдээнээс суралцан, үүний дагуу амьдарч, утга учир бүхий, сэтгэл хөдлөм үйлчлэл, үйл ажиллагаануудад оролцож, өөрсдөө зорилгоо тавьж, түүндээ хүрэх үед болох юм. Доорх түүхэнд өгүүлсэн эцэг эхийн адил бидэнд өөрсдийн хийх зүйлийн жагсаалтад өөр хүний зорилгыг нэмээгүй байсан ч аль хэдийн хэт хүнд ачаа үүрч буй мэт санагддаг байж болно. Эсвэл бид хүүхдүүдээ шахаж шаардахаас нааш өсөж хөгжихгүй хэмээн санаа зовдог байж болно.

Зорилго тавих тухай ярилцлагын 1 дэх жишээ:

15 настай Алана ээж Рэйчилтэйгээ хамт гаргасан, ажиллаж болох зорилгуудынхаа жагсаалтыг харж байв. Аланагийн аав Жэфф дэргэдүүр нь өнгөрөв. “Би эдгээрээс алийг нь хийх вэ, Аав аа?” гэж Алана асуулаа.

Жэфф цаг руугаа харан ярвайснаа, жагсаалтыг гүйлгэн харлаа. “Хмм, энэ амархан харагдаж байна. ‘Нэг дуулал цээжлэх’ гэж оруулбал яаж байна? Чи үүнийг дажгүй хурдан хийж чадна шүү дээ. Өөр бас юу амархан харагдаж байна?” гэлээ.

Рэйчэл хажуунаас нь орж ирээд, Аланаг сургуулийнхаа гүйлтийн багт багтах шалгаруулалтад орох дургүй байсныг санан, “Үнэндээ, чи хэцүү юм хийж үзэх хэрэгтэй байх аа! Дасгал хөдөлгөөнтэй юм байвал яаж байна?” хэмээн санал болгов.

“Аан” хэмээн Алана амандаа бувтнан, утсаа аваад, “Би ч болчихлоо” гэлээ.

Эцэг эх, удирдагчид хэрхэн тусалж чадах вэ?

Хүүхэд, өсвөр үеийнхэнд үнэт зүйлсийг хүлээн авч өөрсдийгөө сэдэлжүүлэх, зөв сонголт хийн, өсөлт хөгжил, амжилтынхаа аль алинд баясдаг болоход эцэг эх, удирдагчид маш их тусалж чадна.

Зорилгынхоо төлөө ажиллах хүчтэй сэдэл төрж байсан үеэ бод. Юу танд сэдэл төрүүлж байсан бэ? Та туйлын их хүсэж байсан боломж, чадвараа эсвэл шийдвэрлэх хэрэгтэй асуудлаа олж харсан нь гарцаагүй. Эсвэл бусдын үлгэр жишээ, дэмжлэг, оролдоод үзэх хэрэгтэй гэсэн сэдлийг танд төрүүлсэн байж болох юм.

Үүний адил хүүхэд, өсвөр үеийнхэн (1) юу хийхийг хүсэж байгаагаа залбирч шийдэн (зөвхөн бусдын тэднээс хүсэж байгааг биш), (2) түүндээ хүрэх төлөвлөгөө гаргаж, (3) шагнал эсвэл шийтгэлийн нөлөөнд хэт автахгүй байж, (4) эцэг эх, удирдагчид нь тэдний талд байгааг мэдэрснээр өөрөө өөрсдийгөө сэдэлжүүлэх болно.

1. Юуг хамгийн их хүсэж байгаагаа олж мэдэхэд нь өсвөр үеийнхэнд туслах

Хүн бүр ямар нэгэн зүйлийг хүсэж байдаг. Тухайлбал: багт орох, нойроо сайн авах, ганцаардахгүй байх, Бурхантай илүү ойртох гэх мэт. Их Эзэн болон Түүний элчүүд ихэвчлэн хүмүүсээс “Та юу хүсэж байна вэ?” (Maрк 11:24; 1 Нифай 11:1–2; Aлма 18:15; 3 Нифай 27:1–2; Ифер 2:23–25-ыг үзнэ үү) хэмээн асуудаг. Гэвч яг одоо юу хүсэж байгаагаа биш, хамгийн их хүсэж байгаа зүйлээ мэдэхэд туршлага, өөрийнхөө үйлдлийн талаар эргэцүүлэн бодох чадвар шаардагддаг.

Та туслахыг хүсэж байгаа хүүхэд эсвэл өсвөр насны хүүхдийнхээ талаар бодон, өөртөө дараах асуултуудыг тавь. Үүнд:

  • Би эерэг харилцаа бүхий хөгжилтэй орчинд тэдэнд шинэ туршлага, үнэт зүйлс, санаануудыг хэрхэн танилцуулж болох вэ?

  • Тэдэнд илүү сайн сонголт хийхийг заахын тулд хийсэн буруу сонголтынх нь үр дагаврыг амсуулах уу?

  • Тэдний юунд итгэж, юуг үнэлдэг болохыг хэзээ асууж болох вэ? (“Олж мэдэхэд тустай асуултууд” гэсэн гарчигтай дагалдах жагсаалтыг үзнэ үү.)

  • Би тэдний хүчтэй талыг хэрхэн онцлох вэ? (Ингэж хэлээд үз. “Чамайг __________________ -дээ үнэхээр сайн гэж би хардаг. Чи үүнийгээ Их Эзэнд үйлчлэхэд хэрхэн ашиглаж болох вэ?”)

2. Өсвөр үеийнхэнд төлөвлөгөө гаргахад нь туслах

Зорилгоо тодорхойлчихвол өсвөр үеийнхэн ихэвчлэн дажгүй сайн төлөвлөгөө гаргачихдаг. Бага насны хүүхдүүдэд нэмэлт санаа өгөх хэрэгтэй байж болно. Гэхдээ тэдэнд санаа орж ирэхгүй үед нь л санаа өгч болно. Тэдэнд таны санаанаас илүү өөрсдийнх нь санаа таалагдвал өөрийнхөө санааг хамгаалахын оронд баярла.

Та бусдад төлөвлөгөө гаргахад нь туслахдаа дараах асуултыг тавьж болох юм. Үүнд:

  • Чиний зорилго юу вэ? (“Эелдэг бай” гэх мэт ерөнхий зорилго тавихын оронд “Өдөр бүр хэн нэгэнд магтаалын үг хэлнэ” эсвэл “Уурласан үедээ уучлалт гуйна” гэсэн тодорхой үйлдэл оруулбал зохино.)

  • Энэ зорилго чиний хувьд яагаад чухал вэ? (Энэ нь үнэт зүйлсийнхээ дагуу амьдарч, Аврагчтай илүү адилхан болоход тэдэнд хэрхэн туслах вэ?)

  • Одоо энэ зорилго дээрээ ажиллахад зохимжтой цаг мөн үү? (Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?)

  • Эхлэхийн тулд чиний хийж болох амархан, жижиг алхмууд юу вэ? (Үйлдэл нь сэдэл төрүүлдгийг сануул. Тэдэнд ямар нэгэн жижиг, энгийн юмнаас эхлэхэд мөн дахин эхлэхэд тусал.)

  • Чи аливаа зүйлсийг төлөвлөгөөгөө дэмждэг байхаар хэрхэн зохицуулж болох вэ? (Сануулга хийх, урмын үгс бичиж тавих, өсөлт хөгжлөө хянах хүснэгт юм уу хуваарь гаргах, уруу таталтуудаас зайлсхийх, зөв хэрэгслүүдийг олох эсвэл тусламж хүсэх талаар бод.)

  • Чамд ямар саад бэрхшээл тулгарч болох вэ? Тэдгээрийг хэрхэн зохицуулах вэ? (Тэдэнд төлөвлөгөөгөө санаж, юу нь буруу болсныг бодох, хэцүү хэсгүүд дээр илүү сайн ажиллах, шинэ аргаар оролдож үзэх эсвэл зорилгоо тааруулан өөрчлөхөд тусал.)

Бусдад саад бэрхшээлээ даван гарахад нь туслахын тулд та өөрийн эсвэл гэр бүлийнхээ туршлагаас сорилт бэрхшээлтэйгээ нүүр тулан, гуйвшгүй байсан хүмүүсийн тухай түүхийг хуваалцаж болно. Түүнчлэн дараах асуултуудыг тавьж болно.

  • Чи юу хийж үзсэн бэ? Чи өөр юу хийж болох вэ?

  • Хэн тусалж чадах вэ? Би хэрхэн тусалж болох вэ?

  • Энэ талаар залбирах үед чамд ямар санаа орж ирж байна вэ?

3. Шагнаж эсвэл шийтгэхдээ болгоомжтой хандах

Багахан шагнал хүмүүст шинэ зүйлийг туршиж үзэх, хэцүү даалгаврыг илүү зугаатай болгох эсвэл амжилтаа тэмдэглэхэд тусалж болно. Харин хэтрүүлсэн үед шагнал үнэндээ урам зоригийг мохоодог. Үүрэг даалгавраа дуртай хийдэг байсан хүмүүс ихэвчлэн бага ажиллах болж, илүү хийх хэрэгтэй бол мөнгө төгрөг хардаг болдог. Өөрөөр хэлбэл, шагналын төлөө хийх нь ашиггүй гэж үзэж эхэлдэг. Хүүхдүүд муу сонголтынхоо үр дагаврыг амсах хэрэгтэй ч сайн үнэт зүйлсийг өөрийн болгож сурахын оронд шийтгэдэг хүмүүсээс айж, хэрхэн зайлсхийх аргад суралцдаг.

Хүмүүс хийсэн ажлынхаа төлөө төлбөр авах нь зүйтэй ч бонус өгөх эсвэл хийсэн ажлыг нь магтаж сайшаах нь эргээд тэдэнд сайнаар тусдаг. Гэхдээ сайн мэдээний дагуу амьдрах болон хувийн зорилгодоо хүрэх тухайд гэвэл, дотоод сэтгэлийн шагнал урт хугацааны үр өгөөжтэй байдаг. Дотоод сэтгэлийн шагналд дараах зүйлс багтана. Үүнд:

  • Сүнсийг мэдрэх

  • Эцэг эх, удирдагчидтайгаа болон найзуудтайгаа илүү дотно харилцаатай болох

  • Үнэт зүйлсийнхээ дагуу амьдрах

  • Суралцах, шинэ зүйлсийг оролдож үзэх, асуудал шийдвэрлэх

  • Цагийг сайхан өнгөрүүлэх

  • Сайнаар нөлөөлөх

Залуу хүмүүст эдгээр дотоод сэтгэлийн шагналыг таньж мэдэн, үнэлдэг болоход нь тусал. Хааяа үүргээ сайн гүйцэтгэснийх нь төлөө жижиг зүйлээр шагнаж бай.

4. Өсвөр үеийнхэнд хайрыг тань мэдрэхэд туслах

Хайраар дүүрэн харилцаа нь бусдын үнэт зүйлс, зорилго, сэдэлд нөлөөлөх хамгийн чухал арга замуудын нэг юм. Хүмүүс чин сэтгэлээсээ таныг хайрлаж, хүндэлдгээ танд хэрхэн ойлгуулж байсан бэ? Хэнд та алдаа дутагдал, хүнд хэцүү асуудлынхаа талаар санаа зоволтгүй, илэн далангүй хэлж ярихыг зөвшөөрдөг вэ? Хэрэв та гэр орондоо жинхэнэ хайрыг амсаагүй бол, танд байгаагүй юуг авах хэрэгтэй гэж боддог вэ?

Таны хариултууд залуу хүмүүст тантай харилцахдаа айж эмээх хэрэггүй бөгөөд та тэднийг хайрлаж, хүндэлдэг гэдгийг хэрхэн ойлгуулахыг олж мэдэхэд тань тусална.

Дадлага болон тэнгэрийн тусламжтайгаар бид өсөж буй үеийнхнийг урамшуулан зоригжуулж, нөлөөлж чадна.

Зорилго тавих тухай ярилцлагын 2 дахь жишээ:

15 настай Алана ээж Рэйчилтэйгээ хамт гаргасан, өөрийн ажиллаж болох зорилгуудын жагсаалтыг харж байх үед түүний аав Жэфф дэргэдүүр нь өнгөрөв. “Би эдгээрээс алийг нь хийсэн нь дээр вэ, аав аа?” гэж Алана асуулаа.

Жэфф цаг руугаа хяламхийснээ, жагсаалтыг гүйлгэн харав. “Хмм, энэ амархан харагдаж байна. ‘Нэг дуулал цээжлэх’ гэж оруулбал яаж байна? Чи үүнийг дажгүй хурдан хийж чадна шүү дээ. Өөр юу амархан харагдаж байна?” гэлээ.

Жэфф түр азнав. Нэг л буруу юм шиг санагдахад тэр юу нь буруу болох талаар цаг гарган бодлоо.

Би хоцрох нь байна хэмээн тэр бодов. Үүнийг бушуухан шиг дуусгая. Би угаасаа л сайн аав байх тал дээр тийм ч сайн биш. Хммм. Тэрээр охин руугаа хараад, өөр зүйл мэдэрч байгаагаа анзаарав. Найдвар. Баяр баясал. Энд зөвхөн хийсэн ажлаа жагсаалтан дээрээ чагтлах талаар биш, харин охиных нь өсөлт хөгжлийн тухай яригдаж байлаа. Харин энэ нь түүнтэй харилцаагаа бэхжүүлэх боломж байв. Жэффийн царайд инээмсэглэл тодорлоо.

Түүнийг “Түр азнаад, энэ талаар бодож үзье. Бүгдээрээ сүүлийн үед хийе, сайжруулъя хэмээн хүлээн авсан өдөөлтөө бичвэл яасан юм бэ?” гэхэд,

Алана “Аан, за. Тэгье” гэв. Рэйчил цаас, харандаанууд авчран, тэд хамтдаа хэдэн минут бодож, бичив.

Рэйчил “За, одоо яах вэ?” гэхэд

Алана яах ёстойг санан, “Бид энэ талаар залбирч, зорилгоо сонгоод, төлөвлөгөө гаргах хэрэгтэй байх. Гэхдээ аав аа, Тэнгэрлэг Эцэг миний ямар зорилго сонгож тавихад үнэхээр санаа тавьдаг гэж та бодож байна уу? хэмээн асуулаа.

Жэфф бодлогошров. “Чамд маш олон сайхан санаа байна. Тиймээс Тэнгэрлэг Эцэг эхлээд нэгийг нь сонгоосой гэж хүсэж байгаа ч юм бил үү? Гэхдээ би нэг юманд огтхон ч эргэлзэхгүй байна. Тэнгэрлэг Эцэг чамд санаа тавьдаг” гэж тэр хэллээ.

Рэйчи “Чамайг бэлгүүдээ ашиглан өөрчлөлт хийхийг хүсэж байгааг би мэдэж байна. Эдгээрийн аль нэг нь бусдаасаа илүү чухал бол Тэнгэрлэг Эцэг чамд үүнийг мэдрэхэд тусална гэдэгт би итгэлтэй байна” хэмээн нэмж хэлэв.

Алана инээмсэглэн, нэг зүйлийг санаж, “Ерөнхийлөгч Нэлсон өсвөр үеийнхнээс амьдралаа сайтар дүгнэж үзэхийг хүссэн. Би яваад, бичсэн зүйлээ аваад ирэх үү?” гэв.

“Тэгэлгүй яахав!” хэмээн Жэфф инээмсэглэснээ, цаг руугаа дахин харлаа. “Өө, би явахгүй бол болохгүй нь. Чи бичсэн зүйлсээ олчих, тэгээд оройн хоолны үеэр ярилцъя, болох уу? Тус болж болох хэдэн асуулт надад байгаа” гэлээ.

“Болж байна” хэмээн Алана инээмсэглээд, “Аав аа? ээж ээ, баярлалаа!” гэв.