2020
Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн: Өдөр тутмын амьдралдаа төвлөрөх
2020 оны 1-р сар


Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн:Өдөр тутмын амьдралдаа төвлөрөх

Зураг
youth

Гэрэл зургийг Ранди Колиэ

Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн хөтөлбөрт тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр хийх зүйлсийн жагсаалт байхгүй байгаад та гайхаж байж магадгүй. Та аль хэдийн олон гайхалтай зүйлийг хийж байгаа! Тиймээс энэхүү хувь хүнд чиглэгдсэн арга зам нь хувийн хэрэгцээ, сонирхол дээр чинь суурилсан арга замаар Аврагчид илүү ойртоход туслах зорилгоор бүтээгдсэн.

Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн хөтөлбөрийн гол зорилго нь Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд туслах явдал юм. Лук 2:52 нь өсвөр насандаа Есүс Христийн “мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа” гэж заадаг. Түүний амьдрал тэнцвэртэй байсан бөгөөд таныг ч бас тэнцвэртэй байлгах боломжтой. Та амьдралынхаа сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун ухаан гэсэн талууд дээр анхаарлаа төвлөрүүлснээр Аврагчтай илүү адил болж чадна.

Зураг
Painting of the Savior

Саймон Дювигийн Усны хажууханд зургийн хэсгээс

Хэрхэн явагдах вэ

Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн хөтөлбөр нь таныг сайн мэдээнээс суралцах, үйлчлэл ба үйл ажиллагаанууд, хувийн өсөлт хөгжил гэсэн үйл ажиллагаанд оролцсоноор сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны тал дээр өсөж хөгжихөд урамшуулан дэмжинэ.

Сайн мэдээнээс суралцах

Аврагчийн “мэргэн ухаан өс[сөнтэй]” (Лук 2:52) адил та сайн мэдээний талаарх мэдлэг, ойлголтоо өсгөн нэмэгдүүлж чадна. Суралцах сайн мэдээний зарчим бүр тань амьдралын бүхий л хүрээнд Аврагч таныг хэрхэн хүчирхэгжүүлж, адислахыг олж мэдэхэд тусална.

Сайн мэдээний зарчмуудын талаар илүү ихийг ойлгож мэдэн, Аврагчтай илүү адил болохын тулд ашиглаж болох маш олон эх сурвалж бидэнд бий. Жишээлбэл: залбирал, судраас суралцах явдал, Сүнс зэрэг нь суурийг нь тавьж өгөх юм. Гэр бүл, Сүмийн удирдагчид тань Аврагчийн талаар илүү ихийг олж мэдэхэд тусална. Ирээд, Намайг дага сургалтын материал болон семинар ангиуд хичээлийг тань удирдан чиглүүлэхэд тусална. Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаар суралцахын тулд өөрийн эх сурвалжуудыг ашигласнаар Түүнтэй харилцах харилцаа тань сайжрах болно.

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Бусдад үйлчлэх нь Аврагчийн энэ дэлхий дээр байхдаа хийсэн хамгийн чухал зүйлсийн нэг байсан. Та гэр бүлийнхэндээ болон орон нутгийнхандаа туслах энгийн бөгөөд хялбар арга замуудыг олсноор Түүний жишээг дагаж, Түүнтэй илүү адилхан болоход бэлэн байгаагаа харуулж байгаа.

Бүлгийн утга учир бүхий үйл ажиллагаанууд танд болон бусад өсвөр үеийнхэнд бусдад үйлчлэхийн зэрэгцээ сүнслэг байдлын хувьд хамтдаа өсөж хөгжих арга замыг олоход тусална. Зугаатай, урамшуулан зоригжуулдаг үйл ажиллагаанууд нь эрүүл бөгөөд ашиг тустай. Та нар залуу, итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүдийн бүлэгт цугларснаар ганцаараа, өөрийн хийж чадахаас ч илүү ихийг сурч, хийж чадна.

Хувийн өсөлт хөгжил

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд болон таны болж буй тэр хүнд маш их анхаарал халамж тавьдаг. Тэнгэрлэг Эцэгийн болоосой гэж хүсдэг хүн нь болж өсөж хөгжих зорилго тавьснаар та Түүнд болон Түүний Хүүд илүү ойртох юм.

Хүн бүр онцгой учраас таны өсөж хөгжих зорилго хэрэгцээнд чинь таарсан байх ёстой. Жишээлбэл, та төгөлдөр хуур дээр сүмийн дуулал тоглож сурахыг хүсэж байгаа бол өдөр бүр давтах зорилго тавьж болно. Хэрвээ та судраас илүү сайн суралцдаг болохыг хүсэж байвал өдөр бүр уншихад зориулан, тодорхой цаг гаргаж болох юм. Сүнсний удирдамжийг эрэлхийлж, өөртөө хамгийн сайн тохирох төлөвлөгөөг гарга.

Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн хөтөлбөр ТАНД зориулагдсан

Эндээс хамгийн ихийг сурч мэдэх хүн бол та! Та сайн мэдээг судалж, үүний дагуу амьдарч, үйлчлэл ба үйл ажиллагаануудад оролцох, хувиараа өсөж хөгжих зорилго тавьснаар өөрийнхөө талаар мөн яг хэн болохоо илүү сайн мэдэж авна. Есүс Христийн шавь болох ажил хэцүү байж болох ч энэ нь бидний тавьж болох хамгийн үр өгөөжтэй зорилго юм.

Зураг
twin sisters and friend

Ихэр эгч дүүс Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь

Чиний нэгэн адил, өсвөр үеийнхэн өдөр тутмын амьдралдаа Есүс Христтэй илүү адилхан болохыг хичээснээр хүртэх адислалыг аль хэдийн харж эхэлжээ. АНУ-ын Огайо мужийн 15 настай Даника, Наташа Р. хоёр хөтөлбөр дээр ажиллахаар шийдсэн ихэр эгч дүүс юм. Аав нь Тайландаас ирсэн бөгөөд тэнд байдаг гэрийнхэн дээрээ заримдаа очдог тул Даника, Наташа хоёр тай хоол болон хэлний талаар илүү ихийг сурч мэдэхийг хүсжээ.

Даника зарим тай шөлний жороор хоол хийж сурах зорилго тавив. Тэр орцуудаа худалдан авч, хоол хийх шинэ аргыг аавтайгаа хамт сурчээ. Харин Наташа Тайландад байдаг гэр бүлийнхэнтэйгээ ярьж сурахыг хүссэн тул өдөр бүр нэг шинэ тай үг сурах зорилго тавив. Тэр хэл судлахдаа вэбсайт ашигласан бөгөөд үгсийн дуудлагыг аавтайгаа хамт давтах болсон байна.

Даника, Наташа хоёр зорилго дээрээ ажиллах явцдаа сурсан мэдсэн зүйлээ тойргийнхоо бусад залуу эмэгтэйтэй хуваалцахыг хүсжээ. Тайландын тухай илүү ихийг сурч мэдэх үйл ажиллагааг зохион байгуулахад удирдагчид нь туслав. Үйл ажиллагаан дээр Даника хүн бүрд зориулан шөл хийсэн бол Наташа тэдэнд хэдэн тай үг заажээ.

Эгч, дүү хоёр үйл ажиллагаандаа өөрийн найз Грэйсийг оролцуулсан юм. Грэйс сайн илтгэл тавьдаг болох хувийн зорилго тавьсан тул савх ашиглан, шөлөө хэрхэн идэх тухай толилуулга хийжээ.

Зураг
twin sisters and friend 2

Зорилго дээрээ ажиллан, удирдагчидтай болон бусад залуу эмэгтэйтэй хамтран ажилласнаар Даника, Наташа хоёр төлөвлөгөө гарган, найз нөхөдтэйгөө нэгэн үдшийг зугаатай сайхан өнгөрүүлж чадсан.

Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн хөтөлбөрт оролцсоноор ирэх адислалууд

Даника, Наташа хоёр өв уламжлалынхаа талаар илүү ихийг сурч мэдэн, түүнийгээ гэр бүлийнхэнтэйгээ болон бусад залуу эмэгтэйтэй хуваалцахыг хичээснээр олон адислал хүлээн авснаа хуваалцсан юм. Тэд энэ туршлагаа амархан олж аваагүй. “Би хичээлдээ явж байхдаа тай хэл сурч байсан тул заримдаа сурах цаг гарахгүй хэцүү байсан” гэж Наташа тайлбарлав. Даника “Үйл ажиллагааны үеэр аав хамт байгаагүй тул бие даан шөл хийхэд бага зэрэг хэцүү байсан” гэж нэмж хэлэв. Тийм байсан ч эгч, дүү хоёр үйл ажиллагаа хийсэндээ харамсахгүй байгаагаа дуу нэгтэй хэлсэн юм.

Даника: “Би аавтайгаа хамт цагийг өнгөрүүлсэндээ баяртай байгаа. Энэ нь надад гэр бүлтэйгээ илүү ойр дотно болоход тусалсан” гэж хэлээд, “Хувийн зорилго тавьж, сахих нь надад өөртөө болон бусдад туслах тодорхой арга замыг өгснөөр Есүс Христэд илүү ойртоход тусалсан. Зарим үдэш утга учиргүй зүгээр суухынхаа оронд дагаж, сахих жишиг надад байсан ба энэ нь надад Христийн тухай бодох илүү их цагийг гаргаж өгсөн” гэж тайлбарлалаа.

Зорилго тавьж, сахих нь “Христэд улам ойртож болохын тулд юу хийх хэрэгтэй мөн юу хийхийг хүсэж байгаагаа гүн гүнзгий бодоход надад тусалсан” гэж Наташа ярив. Мөн тэр шинэ зорилго тавьсан ч тай хэлээ үргэлжлүүлэн сурах сүнсний өдөөлт авснаа дурдаад, “Миний эхний зорилго бол тай хэл сурч, Тайландад байдаг гэрийнхэнтэйгээ ярих явдал байсан тул би тэдэнтэй харьцдаг болохын тулд тай хэлийг үргэлжлүүлэн сурмаар байна” хэмээн онцлон хэлэв.

Зураг
cooking activity

Даника, Наташа хоёр хувийн өсөлт хөгжилдөө тэнцвэртэй хандсан явдал тэдэнд аавынхаа соёл, уламжлалын талаар ихийг сурч мэдэн, найзуудтайгаа цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлж, гэр бүлтэйгээ болон Аврагчтай илүү ойртоход тусалсан. Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн хөтөлбөр ийм л зорилготой юм.

Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн хөтөлбөрт оролцох нь таныг өөрийнхөө хүрч болох хамгийн сайн түвшинд хүрэхэд анхаарлаа төвлөрүүлэх явцдаа гэр бүлийнхэн, бусад өсвөр үеийнхэнтэй болон тойргийн гишүүдтэй, ялангуяа Аврагчтай харилцаагаа бэхжүүлэхэд тусална.