2020
Гэрчлэлийн нөөц
2020 оны 1-р сар


Гэрчлэлийн нөөц

Зураг
plant growing

Зургийг Фил, i2iArt.com

Намайг aхлах сургуулийн 10-р ангид байхад аав, ээж хоёр маань салсан юм. Олон жилийн турш би аавыгаа ариун ёслолоос хүртэхгүй байгааг харж байсан. Тэр зарлигуудыг дагах тал дээр асуудалтай байсныг би мэдэж байсан ч тэдгээр нь ямар ноцтой, хүнд байсныг ойлгодоггүй байв. Сүмийн гишүүнчлэлээс хассан тухай эцэг эхийгээ хэлэх үед л би охин дүүтэйгээ хамт нарийн учрыг нь эцэст нь мэдэж авч билээ.

“Би таныг үзэн ядаж байна!” гэж ахин дахин хэлж, уйлж байснаа би санадаг. Би багтартлаа уурлаж байсан. Тэр яаж манай гэр бүлд ийм муухай хандаж чадаж байна аа? гэж би бодож байлаа. Тэр яаж бидэнд ийм удаан худлаа ярьж чадав аа?

Анхны цочрол, уур тийм ч удаан үргэлжилсэнгүй. Хоёр долоо хоногийн дотор уур хилэн маань сарниж, би дүйнгэ байдалд орсон юм. Эхэндээ дүйнгэ байдал маань мэдэрч байсан уур хилэн, зовиураас чөлөөлсөн ч эцэстээ сэтгэлийн гутрал болон хувирав. Амьдрал маань нуран унаж байгаа мэт надад санагдсан. Хэзээ хэзээнээс илүү би тэнгэртэй холбоотой байгаагаа мэдрэх хэрэгтэй байлаа. Би Бурханы хайр, удирдамж, амар амгалан болон эдгэрлийг мэдрэх хэрэгтэй байв.

Удалгүй Ерөнхий чуулган болж билээ. Нэг хуралдааны үеэр би Бурханы тайвшралыг мэдрэхээр сонсож, хүлээж байлаа. Гэвч тайвширсангүй. Сүмийн харанхуй өрөөнд байхад Би Ариун Сүнсийг мэдрэхгүй байна, гэхдээ Түүний энд байгааг мэдэж байна гэсэн бодол төрж билээ. Тэр энд байж л таараа. Ийн бодож байх зуур би судрууд үнэн, Иосеф Смит бол бошиглогч, Тэнгэрлэг Эцэг гэр бүлийг маань адисалсан, зарлигуудыг дагах нь амар амгаланг авчирсан талаар хүлээж авсан олон жижигхэн гэрчээ саналаа. Энэ нь гэрчлэлийн нөөц надад байдаг мэт санагдуулж байв.

Өмнөх сүнслэг гэрчүүдээ эргэцүүлэн бодох тусам, хэдийгээр Сүнсийг мэдрэхийг маш ихээр хүсэж байсан ч яг тэр мөчид Түүний нөлөөг мэдрэх эсэх нь хамаагүй юм байна гэдгийг би ойлгосон. Сайн мэдээ үнэн гэсэн гэрчлэлийн далд, тогтвортой нөөц надад аль хэдийн байсан юм.

Тэр мэдлэг намайг тэтгэж, үр ашгаас нь тэр даруй хүртэхгүй байгаа мэт санагдсан ч зарлигуудыг үргэлжлүүлэн сахих хүслийг надад төрүүлсэн. Яваандаа, би Тэнгэрлэг Эцэгийн болон Аврагчийн хайрыг амьдралдаа илүү ихээр мэдэрсэн юм. Тэдний ойр байгааг үргэлж мэдрэхгүй байсан ч гэлээ, Тэдэнд ойрхон байсан маань надад үгүйсгэхийн аргагүй амар амгаланг мөн Аврагчийн сайн мэдээний талаарх илүү хүчтэй гэрчлэлийг авчирсан билээ. Энэ нь одоо ч гэсэн эргэлзэхэд юм уу зовлон шаналалтай тулгарах үед надад нөлөөлдөг. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрт найдаж болно мөн Тэд намайг болон бидний хүн нэг бүрийг эдгээж, өргөн дэмжиж, хүчирхэгжүүлж чадна гэдгийг би мэднэ.