2015
Шинээр ирсэн залуу
2015 оны арванхоёрдугаар сар


Шинээр ирсэн залуу

Би тойргийнхоо идэвхтэй ганц прист нь байсан юм. Би бусад пристэд сүмдээ ирэхэд нь хэрхэн туслах ёстой байсан бэ?

Зураг
A young man holding a volleyball and standing next to a net. A group of young men are standing together in the distance.

Зураг чимэглэлийг Грэг Ньюболд

Намайг 18 нас хүрээд хэдэн сар болсны дараа манай гэр бүл нүүсэн бөгөөд би шинэ тойрогт нэгэн бэрхшээлтэй тулгарав. Намайг нүүж ирснээс хойш хоёр долоо хоногийн дотор бараг бүх прист ахлагчид болж, би пристүүдийн чуулгын хамгийн анхны туслахаар дуудагдав.

Жагсаалтан дээр олон прист байгаа боловч бараг хэн ч ирдэггүй гэж бишоп энэ дуудлагыг өгөхдөө надад тайлбарласан юм. Хүмүүсийг сүмд явахад урамшуулахын тулд бидний хийх ёстой олон зүйл байсан.

Тэр “зүгээр л хүмүүсийг ирэхэд урь” гэж хэлэв.

Райн гэдэг нэртэй ганц прист сүмд ирж, улмаар тэр сар бүр хэд хэдэн удаа ирдэг болов. Би чуулгын идэвх султай гишүүдийн хаалгыг тогшиж, тэднийг үйл ажиллагаандаа урихаар шийдсэн юм. Сүмд урьсны төлөө тэд надад уурлах болов уу гэж би сандарч, айж байлаа. Тэд сүмд дургүй учраас ирдэггүй гэж би бодсон юм. Би урих нь ирээдүйн номлолд сайн дадлага болно гэдгийг олж мэдсэн тул айдсаа даран, бусад прист рүү утсаар ярих юм уу тэдний гэрээр орж эхлэв. Би тэднийг галын дэргэдэх цугларалт, үйл ажиллагаануудад болон сүмд урьсан.

Зарим нь урилгыг хүлээн авч ирсэн нь намайг гайхшируулав. Удалгүй дөрвөн прист тогтмол ирдэг болсон юм. Тэд сүмд дургүйдээ бус, харин зүгээр л ир гэсэн урилга хүлээж байжээ. Тэд надтай л адил сүмд очиход үүсэх шинэ нөхцөл байдлаас эмээж байсан юм.

Зарим үйл ажиллагаа бусдаасаа илүү амжилттай болж байлаа. Хүн бүр гар бөмбөг тоглоход ирж байсан боловч тэднийг өөр үйл ажиллагаанд оролцуулж дийлэхгүй байв.

Тэр жилийн өсвөр үеийнхний чуулганаар эдгээр залуу эрэгтэйн зарим нь босож зогсоод, гэрчлэлээ хуваалцахыг харах нь маш сайхан байлаа. Би тэдний амьдралд өөрчлөлт гаргасан юм шиг надад санагдсан.

Миний анзаарсан өөрчлөлтүүдийн нэг нь Райн долоо хоног бүр сүмд ирдэг болж, бид сайн найзууд болсон явдал байв.

Намайг нүүж ирснээс хойш зургаан сарын дараа Райн бид хоёр Мелкизедек санваар хүлээн авсан. Би номлолд үйлчилснийхээ дараа их сургуульд сурах сонголт хийснээрээ ажил хийж номлолын мөнгөө цуглуулж чадахаар болсон юм. Райн хэдийнээ мэргэжилтэй болсон байсан ба их сургуульд сурахгүй гэж шийдсэн байв. Ажлын дараа бид хоёр ихэвчлэн хамт байдаг байсан.

Нэгэн удаа Райныг Мормоны Номыг анх удаагаа уншиж байх үед бид Алмагийн номыг дуусгахын тулд шөнөжингөө суув. Үүнээс болж бид маш их ядарсан ч сүнслэг байдлаар эрч хүчтэй байсан. Райны амьдралдаа гаргаж буй өөрчлөлтүүдийг харах нь гайхалтай байсан билээ. Тэр хуучин зуршлуудаа орхиж, шинэ дадал эзэмшиж, өөртэй нь адил жишгүүдтэй хүмүүстэй хамт байхын тулд зарим найзаа солив.

Би хэдэн жилийн өмнө сүмд явж эхэлснээсээ хойш л номлолд үйлчлэхийг хүсдэг байсан. Райн харин явах эсэхээ баттай мэдэхгүй байв. Бид уулзахаараа миний номлол, урам зоригтой үйлчлэх талаар ярилцдаг байв. Би түүнийг урамшуулж, сайн мэдээний талаарх асуултуудад хариулах тусмаа номлолд үйлчлэх өөрийнхөө чадваруудад илүү итгэх болсон юм. Райн номлолд явах насанд хүрсэн байсан ч шийдэж чадахгүй байв.

“Би хэдийгээр Сүмийн талаар таатай сэтгэгдэлтэй байсан ч гэрчлэл минь хүчтэй эсэхэд эргэлзэж байна,” “Би явахыг хүссэн ч гэр бүлээ орхих нь үнэхээр хэцүү санагдсан” гэж тэр хэлсэн юм.

Номлолд гарах өргөдлөө бөглөж эхлэх өдөр ирлээ. Үүнийгээ Райнд хэлэхэд, тэр ч бас үйлчлэхээр шийдсэн гэдгээ хэлж намайг гайхшируулав. Бидний номлолын дуудлагууд нэг өдөр ирсэн юм. Намайг Францад номлолоо эхлэхээс нэг сарын өмнө Райн Канадад үйлчлэхээр явсан.

Би хоёр жилийн дараа гэртээ ирээд, идэвхжүүлсэн бүх пристээ хайж эхлэв. Тэдний зарим нь намайг явсны дараа сүмд явахаа больсныг мэдээд би харамссан ч Райнтай дахин уулзсандаа баяртай байлаа. Тэр номлолоо нэр төртэй хийсэн бөгөөд Алматай болон Мозаягийн хөвгүүдтэй адилаар тэр Их Эзэний хувьд миний ах хэвээр байгааг харах нь надад илүү их баяр баяслыг өгсөн юм (Aлма 17:2-ыг үзнэ үү).

Ням гаргийн хичээлүүд

Энэ сарын сэдэв:

Хожмын өдрүүдэд Бурханы хаант улсыг байгуулах нь