2015
Зөв асуултуудыг зөв арга замаар тавих нь
2015 оны арванхоёрдугаар сар


Зөв асуултуудыг зөв арга замаар тавих нь

Зохиогч нь АНУ-ын Калифорнид амьдардаг.

Асуулт бэлтгэж, зохиоход мөн асууж, хариулахад суралцах нь сайн мэдээнээс суралцах, заах үйл явцыг бүхлээр нь өөрчилж чадна.

Зураг
People standing in the shape of a question mark.

Гэрэл зургийг Digitalstorm/iStock/Thinkstock

Сайн хичээл эсвэл гэр бүлийн сайн харилцан яриаг бэлтгэхэд олон зүйл шаардагдаж болно. Үйл ажиллагаа, чимээгүй судалгаа, бүлгээрээ хамт ажиллах зэрэг нь багшийн дуудлагатай багш, институт, семинарын сайн дурын багш эсвэл эцэг эх гэх мэт сайн мэдээний багш нарын заах үйл явцаа сайжруулахын тулд ашиглаж болох цөөн хэдэн арга хэрэгсэл юм.

Гэхдээ багш болгонд байх ёстой хамгийн чухал хоёр эсвэл гурван чадвар бол асуултуудыг сайн ашиглах чадвар юм. Үүнд: асуулт зохиох, асуух, утга учир бүхий хариултыг урамшуулан дэмжих зэрэг нь орно. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Асуулт тавих мөн хариулах нь суралцах болон заах бүх үйл явцын амин судас нь юм”1 хэмээн хэлсэн билээ. Үр дүнтэй багш байхын тулд энэ чадварыг зайлшгүй олж авах шаардлагатай. Яг үүнийг хэрхэн хийх таван зөвлөгөөг энд өгөв.

Хамгийн үр дүнтэй хариултуудыг эрэлхийл

Суралцагчийн хувиар ангид суугаад, сайн асуултуудыг сонсох нь сайн заах арга барилыг бидэнд сануулдаг. Гэсэн хэдий ч үр дүнтэй асуултууд бэлтгэж, асуух нь олон багш нарын хувьд ойлгомжгүй бас хэцүү санагдаж болно. Аз болоход, энэ нь ямар ч багшийн сурч болох чадвар юм.

Та асуулт зохиох үедээ энэ асуулт ямар төрлийн хариултууд гаргаж ирэхийг тодорхойлохыг хичээ. Зарим асуулт тодорхой төрлийн хариултыг шаарддаг. Жишээ нь тавьсан асуулттай шууд хамаатай хариулт. Ийм асуултууд нь математикийн (“Энэ тэгш өнцөгтийн талбай хэд вэ?”) эсвэл шинжлэх ухааны хичээл дээр (“Ус хэдэн градуст буцалдаг вэ?”) үр дүнтэй байдаг. Учир нь эдгээрт ганцхан зөв хариулт байдаг. Эдгээр нь түүнчлэн түүхэн үйл явдлуудыг ойлгож, ярилцлагыг эхлүүлэх тал дээр сайн мэдээг судлахад тустай боловч яриа өрнүүлэх тал дээрээ бага нөлөө үзүүлдэг. Гэсэн хэдий ч ийм төрлийн асуултуудыг бэлтгэхэд амархан учраас тэдгээр нь ихэнх тохиолдолд ашиглагддаг.

Бид “Бид өнгөрсөн удаа юу сурсан бэ?” эсвэл “…-ийн нэрийг хэлээрэй” гэх мэтээр асуудаг. Эдгээр асуулт нь ихэвчлэн таны заадаг хүмүүсийг хариулт хэлэхгүй байхад хүргэдэг. Тэд хариултыг мэддэг гэж боддог ч үүндээ итгэлтэй биш байдаг учраас таахаас айдаг. Ихэнхдээ багш асуулт хэтэрхий хэцүү учраас ангид нам гүм байна гэж боддог боловч үнэн хэрэгтээ уг асуулт нь хэт энгийн буюу суралцагчдаас ямар нэг утга учиртай хариулт өгөхийг шаарддаггүй.

Ангид ярилцлага өрнүүлэхэд тустай асуултууд нь олон төрлийн, тунгаан бодсон хариултуудыг урьдаг. Та ийм төрлийн асуулт тавих үедээ таны асууж буй хүмүүс уг сэдвийн талаар юу бодож байгааг эсвэл ярилцах үеэр юу нь тэдэнд ойлгомжгүй байгааг мэдэж чадна. Жишээлбэл, Моронайн 1-р бүлэг дөрвөн шүлэгтэй бөгөөд шүлэг бүр нь гүн утга агуулдаг. Та зааж буй хүмүүстэйгээ хамт дөрвөн шүлгийг бүгдийг нь уншаад, “Эдгээр шүлгийн аль нь та нарт хамгийн гүн мэдрэмж төрүүлж байна вэ?” гэж асуувал юу болох бол? Тэдэнд ярьж эхлэх хугацаа өг. Та тодорхой зүйл асуугаагүй учраас тэдний хэлэх бараг бүх зүйл чухал байх болно. Би яг тэр бүлгийг уншуулж, энэ асуултыг тавьж үзсэн бөгөөд чухал ярилцлага өрнүүлсэн гайхалтай хариултууд авч байсан.

Ийм төрлийн асуултууд нь эргэн санах эсвэл болсон явдлыг хэлэхийг шаарддаг асуултуудтай адилгүйгээр бодож, мэдрэхэд урьдаг. Үзсэн зүйлсээ эргэн давтах нь зарим үед хэрэгтэй байдаг. Гэхдээ багш “Бид өнгөрсөн удаа Моронай 1-ийн тухай ярилцаж, шүлэг бүр нь чухал зүйлийг агуулдаг гэж ярьж байснаа санаж байна уу?” гэх мэт асуултаар дамжуулан эргэн давтах хэрэгтэй зүйлийн ихэнхийг хэлж чадна. Багшийг ингэж хэлэхэд суралцагчид бодож эхлэх бөгөөд саналаа хэлж мөн яриаг үргэлжлүүлэх болно. Харин би “Бид өнгөрсөн удаа юу ярьсан билээ?” гэж асуувал хүмүүс чимээгүй болж, мөрөө хавчдаг.

Хоёр дахь асуултыг тавь

Зураг
Dominoes arranged in the shape of a question mark. A finger is about to push over the first domino.

Гэрэл зургийг iStock/Thinkstock

Сайн мэдээний багш нарын түгээмэл тавьдаг асуулт нь “Тэгвэл итгэл та нарын амьдралд хэр чухал вэ?” гэсэн асуултын аль нэг хэлбэр байдаг: Ихэнхдээ энэ нь утга учиртай асуулт шиг сонсогдох боловч үүнийг анхааралтай бодож үзвэл “Маш чухал” гэсэн ганцхан хариулт л авах боломжтой. Мэдээж хэрэг, итгэл (сайн мэдээний ямар ч зарчим) бол маш чухал. Гэхдээ энэ төрлийн асуулт нь дангаараа үр дүнгүй байдаг учраас та “Энэ нь яагаад тийм чухал вэ?” эсвэл “Энэ нь та нарын амьдралд чухал байсан үеийн тухай жишээ өгч болох уу?” мэтийн дагалдах асуулт тавих хэрэгтэй. Ийм асуултууд ангид яриа эхлүүлж чаддаг учраас эхлээд үүнийг асууж, эхний асуултыг алгасаарай. Хоёр дахь асуултыг эхэлж тавьснаар цаг хэмнэж, ярилцлагыг илүү сайжруулна.

Асуултуудаа урьдаас бэлтгэж бич

Хичээлдээ бэлтгэх үедээ хоёр зүйлийг хийх нь тустай. Нэгдүгээрт, асуултаа бич. Үүнийгээ зүгээр бодох биш, бичиж ав. Үгсийг анхааралтай сонгож, уг асуулт нь таны хүсэж буй зүйлийг тодорхой агуулж байгааг нягтлахын тулд хэд хэдэн удаа уншиж үз.

Хоёрдугаарт, энэ асуултыг тавихад миний заадаг хүмүүс яах бол гэж өөрөөсөө асуу. Зарим үед би сайн асуулт бичсэн гэж бодоод, үүнийгээ чанга хэлэх үедээ ангийнхныгаа төсөөлж, энэ нь үр дүнгүй асуулт гэдгийг ойлгох үе байдаг. Энэ асуулт нь өөр ангид үр дүнтэй байсан ч гэсэн яг энэ ангийн хувьд үр дүнгүй байх болно гэдгийг мэдсэн учраас би шинээр эхэлдэг байсан. Хэрэв миний хичээлийн төлөвлөгөөнд сайтар бодож тунгаасан, сайн бичсэн хоёр эсвэл гурван асуулт байвал би яриа өрнүүлж чадна гэдгийг мэддэг. Өөр асуултууд аяндаа гарч ирэх боловч надад сайн бэлтгэсэн эхлэх цэг хэрэгтэй.

Энэ арга нь гэрт ч мөн адил үр дүнтэй байдаг. Бид гэртээ асуулт, хариултын тусламжтайгаар сайн мэдээний талаар энгийн яриа өрнүүлэх нь их байдаг боловч аль нэг хүүхдэд илүү нухацтай, тодорхой зүйлүүдийг хэлэх хэрэгтэй үе гарч байсан. Эдгээр тохиолдолд би тодорхой асуултууд бэлтгэж, тэдгээрийг асуух дадлага хийн, боломжит хувилбаруудыг урьдчилан тооцоолсон үед л бүх зүйл илүү дээр байгааг анзаарсан. Тэдгээр асуулт цаасан дээр биш миний зүрхэнд бичигдсэн байдаг бөгөөд би тэднийг хэрэгтэй үед ашиглаж чадна.

Анги нам гүм болоход сандрах хэрэггүй

Зураг
Illustration depicting a pencil drawing a speech bubble.

Гэрэл зургийг iStock/Thinkstock

Хэрэв та хүмүүсийг бодуулахад хүргэх, сайн хариулт шаардсан сайн асуулт бэлтгэсэн бол хүмүүс хариултаа хэдэн секунд бодоход гайхах хэрэггүй. Анги нам жим болж болно. Энэ тохиолдолд сандрах хэрэггүй. Энгийн асуултууд—шууд тодорхой хариулт шаарддаг асуултууд (“Итгэлийн хэдэн тунхаг байдаг вэ?” г.м) хурдан хариулагддаг. Гүнзгий асуултууд—бодож хариулахыг шаарддаг асуултууд нь ихэвчлэн суралцагчийн оюун ухааныг тэлдэг. Энэ тохиолдолд чимээгүй байх нь сайн зүйл юм. Тэвчээртэй хүлээ. Заадаг хүмүүс чинь хариулж эхлэх үед тэдний хариулт таныг гайхшируулах болно.

Судруудын талаар асуулт тавь

Хэрэв та үр дүнтэй асуултууд бэлтгэх, асуух чадвараа сайжруулахыг үнэхээр хүсэж байвал судалж, бэлтгэх цагаараа судруудын тухай асуултууд тавьж сурах хэрэгтэй.

Судрыг үр дүнтэй унших нэг арга бол үүнийг хувийн илчлэлт авахын тулд хийх явдал юм. Бид бүлгүүд болон шүлгүүдийг уншаад, тэдгээрийн хүчийг мэдэрч, сургаал ба үнэнээр сэнхрүүлэгдэхийн тулд уншдаг. Эцэг эхчүүдэд эсвэл хичээл бэлтгэж буй багш нарт илүү тохирох өөр нэг арга бол судруудыг уншиж, судруудаар асуулт тавьж судлах явдал юм. Би заадаг хүмүүстээ судруудыг ойлгоход нь хэрхэн хамгийн сайнаараа тусалж болохоо шийдэхийг хичээх үедээ оюун бодлоо сэргээхийн тулд үүнийг хийдэг. Нэг жишээ өгье: Сургаал ба Гэрээ 18:10 нь “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун” гэх бидний сайн мэдэх, бидэнд урам өгдөг үгсийг агуулдаг. Энэ нь надад дажгүй санагддаг ч, хэрэв энэ нь надад урам өгөх төдий байвал ангид тийм ч тустай байж чадахгүй.

Би судалж, бэлтгэхдээ: “Тэгвэл бодгаль ямар үнэ цэнэтэй вэ? Би энэ нь агуу гэдгийг мэднэ. Гэхдээ бид үүний үнэ цэнийг тооцож чадах уу гэсэн асуултыг тунгаан бодвол ямар байх бол?” гэж бодсон. Нэг өдөр оройн хоолны үеэр нэг охин маань яг ингэж асуусан бөгөөд бид энэ талаар сайтар ярилцаад, дараах дүгнэлтэд хүрсэн: Бодгалийн үнэ цэнэ нь хэн нэгний төлөх төлөөс юм. Бидний Эцэг бидний бодгалийн төлөө ямар үнэ цэнэ төлсөн бэ? Тэр Төгс төгөлдөр Хүүгийнхээ цусаар төлөөсийг төлсөн. Энэ нь бодгаль бүрийг үнэлж баршгүй үнэ цэнэтэй болгодог. Бид уг шүлгийн талаар асуугаагүй байсан бол ийм дүгнэлтэд хүрэхгүй байх байсан.

Оройн хоолон дээрх энэ яриа нь заах өөр нөхцөл байдалд давтагдаж болно. Та заадаг хүмүүстээ илүү дээр асуулт тавихыг хүсэж байвал уншиж, судалж, бэлтгэж байхдаа судруудын тухай жинхэнэ асуултууд тавь. Сониуч зандаа хөтлөгдөж, асуулт тавихаас бүү эмээ. Судруудыг нягтлах тусам утга төгөлдөр болдог. Та судлах үедээ судруудын тухай асуулт тавьж сурах тусам заадаг хүмүүстээ яг адил сайн асуултуудыг тавих чадвар тань төдий чинээ өсөх болно.

Заах чадвараа үргэлжлүүлэн сайжруул

Хүмүүс сайн багш нарыг хараад, төрөлхийн ийм чадвартай гэж бодох хандлагатай байдаг. Тэдний эзэмшдэг бэлгийг жирийн хүн олж авахад хэцүү мэт санагддаг. Мэдээж заах чадвар нь Сүнсний бэлгүүдийн нэг мөн (Mоронай 10:9–10-ыг үзнэ үү) бөгөөд таны харж буй зарим чадвар тэнгэрээс ирсэн бэлэг байж ч магадгүй. Гэхдээ энэ нь эрэлхийлдэг хүн бүрд боломжтой бэлэг юм. Агуу багш нарын хийдэг ихэнх зүйлийг та судалгаа болон дадлагаар олж авах боломжтой. Үр дүнтэй асуулт тавьж сурах нь чухал чадвар байдаг. Та энэ чадварыг залбирч эрэлхийлэх үедээ заадаг хүмүүсээ бодуулахад хүргэх асуулт бэлтгэх үйл явц нь тун их үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгох бөгөөд энэ талаарх таны чадвар сайжрах болно.

Эшлэл

  1. Хэнри Б.Айринг, “The Lord Will Multiply the Harvest” (Сүмийн боловсролын системийн шашны багш нарт зориулсан хиймэл дагуулын нэвтрүүлгээр хэлсэн үг, 1998 оны 2-р сарын 6), 5–6.