2015
Тэд миний хэрэгцээг яаж мэдсэн юм бол?
2015 оны арванхоёрдугаар сар


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Тэд миний хэрэгцээг яаж мэдсэн юм бол?

Ханна Аизлин, АНУ, Aризона

Зураг
Illustration depicting a young adult woman standing at a mailbox looking at a card.

Зураг чимэглэлийг Стан Фэлловс

20 орчим жилийн өмнө би Японд үйлчлэх номлолын дуудлагаа хүлээн авав. Би нэгдүгээр сард асар их хүлээлт, бага зэрэг айдастайгаар номлолдоо гарахаар бэлтгэсэн юм. Энэ үеэр эцэг, эх маань хоёулаа ажилгүй болсон байлаа.

Номлолд гараад хэрэглэх мөнгө надад байсан боловч гэр бүл минь санхүүгийн хувьд хүнд байдалд байв. Би номлолын хувцас, тээш, бусад хэрэгцээ гэх мэт хэрэглэх мөнгөө хаанаас олохоо сайн мэдэхгүй байсан юм. Би хагас цагийн ажил хийж байсан ч хангалттай мөнгө олж чадахгүй байв. Ялангуяа Япон явахаасаа өмнө паспорт яаралтай авах мөнгө яаж олох талаар санаа зовж байлаа.

Нэг өдөр би аргаа барахдаа өрөөндөө ороод, Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйв. Би Японд үйлчлэх хүсэлтэй байгаа бөгөөд номлолд үйлчлэх мөрөөдөл минь удахгүй биелэх гэж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн. Надад паспорт авах 75 доллар хэрэгтэй боловч энэ мөнгө байхгүй гэдгийг нулимсаа залгин байж Түүнд хэлэв. Би залбирч дуусаад босохдоо бүх зүйл бүтнэ гэдгийг мэдсэн. Би яаж гэдгийг мэдээгүй ч гэсэн Их Эзэн хэрэгцээг минь хангана гэсэн баталгааг мэдэрсэн.

Тэр өдөр би шуудангийн хайрцгаа нээтэл дотор нь Христийн мэндэлсний баярын ил захидал байв. Үүнийг өгсөн хүн нэрээ нууцлахыг хичээсэн нь тодорхой байлаа. Захидал дээр ямар ч марк байгаагүй бөгөөд үүнийг гараар хүргэж ирсэн байв.

Ил захидлын дотор талд “Баяр хүргэе! Чи Христийн сайхан сэтгэлийн үйлдлийн гэрч боллоо. Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе, Ханна. Номлолд чинь амжилт хүсье” гэсэн үгс бичээстэй байв.

Ил захидал дотор 100 ам.доллар байв. Би үүдэн дээрээ зогсоод уйлсан. Хэн үүнийг хийсэн бэ, тэд миний хэрэгцээг яаж мэдсэн юм бол?

Олон жил өнгөрсөн ч гэсэн тэр өдөр хэн мөнгө авчирч өгснийг би мэдэхгүй хэвээрээ л байна. Тэр үеэс хойш би тэр хүний эсвэл тэр хүмүүсийн тухай их бодсон. Тэд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний (1917–2008) хэлсэн дараах үгсийг нотолж билээ: “Христийнхтэй адил зан чанартай найзуудын сайхан сэтгэл нь бидний амьдралд гүн нөлөө үзүүлж, амьдралыг өөрчилдөг. … Энэ Сүмд тусламж хүссэн залбирлуудын хариуг Их Эзэн сайхан сэтгэлтэй ах, эгч нарын энгийн бөгөөд өдөр тутмын үйлчлэлээр дамжуулан хариулдаг. Би жинхэнэ найзуудын сайн чанаруудаас Их Эзэний нигүүлслийг олж хардаг.”1

Сайхан сэтгэлийн энэ үйлдэл намайг өөрчилсөн бөгөөд номлолдоо цагтаа явахад мөн бусдын залбирлын хариулт байх арга замуудыг хайхад надад тусалсан.

Эшлэл

  1. Жозеф Б.Вөртлин, “Valued Companions,” Ensign, 1997 оны 11-р сар, 32.