2015
Аврагчид зориулан цаг гарга
2015 оны арванхоёрдугаар сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Аврагчид зориулан цаг гарга

Зураг
Illustration depicting a man visiting an elderly woman in a hospital.

Зураг чимэглэлийг Дэвид Стокэр

Христийн мэндэлсний баяртай хамт шинэ он улиран айсуй. Бид өчигдөрхөн л Аврагчийн төрөлтийг тэмдэглэж, шинэ оны зорилгуудаа тавьж байсан юм шиг санагдаж байна.

Бид энэ жил зорилго тавихдаа Аврагчид зориулан амьдралдаа цаг зав, зүрх сэтгэлдээ орон зай гаргах зорилго тавьсан уу? Бид бүгд үүнийг хэр сайн хийж ирсэн эсэхээсээ үл хамааран илүү сайжрахыг хүсдэг гэдэгт би итгэлтэй байна. Энэ Христийн мэндэлсний баяр бол өөрсдийн гаргасан хүч чармайлтыг дүгнэж, шинэчлэхэд яг тохирсон цаг хугацаа юм.

Энэ завгүй амьдрал дахь маш олон зүйл бидний анхаарлыг татаж байгаа энэ үед бид өөрсдийн амьдрал, гэр бүлд Христийг авчрах ухаалаг бөгөөд шийдэмгий хүчин чармайлт гаргах нь чухал. Мөн бид дорно зүгээс ирсэн мэргэн хүмүүсийн адилаар Түүний од руу хараагаа чиглүүлж, “Түүнд мөргөхөөр [ирэх]”1 нь туйлын чухал билээ.

Үеийн үед Есүсийн захиас мөн адил байсаар ирсэн. Галил нуурын эрэг дээр Тэрээр Петр, Андрей хоёрт “Намайг дага”2 хэмээн хэлсэн. Филипд ч мөн адил “Намайг дага”3 гэсэн дуудлага ирсэн юм. Татвар хураахаар сууж байсан Леви овгийн хүнд мөн адил “Намайг дага”4 гэсэн заавар ирсэн билээ. Хэрэв бид сонсох аваас танд болон надад эдгээртэй адил “Намайг дагагтун”5 хэмээх урилга ирэх болно.

Өнөөдөр бид Түүний жишээг дагаж, Түүнтэй адил болохыг хичээснээр бусдын амьдралыг адислах боломжтой болно. Есүс “Болгоогтун, Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг билээ”6 хэмээн биднийг бие сэтгэлээ зориулахад урьдаг.

Энэ Христийн мэндэлсний баяраар таны үйлчлэл хэрэгтэй хэн нэгэн байна уу? Таны айлчлан ирэхийг хүлээж буй хэн нэгэн байна уу?

Олон жилийн өмнө би Христийн мэндэлсний баяраар өндөр настай бэлэвсэн эмэгтэйн гэрт айлчилсан юм. Намайг тэднийд байхад хаалганы хонх дуугарав. Үүдэнд маш завгүй, нэр хүндтэй нэгэн эмч зогсож байлаа. Түүнийг хэн ч дуудаагүй боловч тэр ганцаардаж буй өвчтөн дээр ирэх өдөөлтийг мэдэрсэн байжээ.

Энэхүү улирлын үеэр, орчноос тусгаарлагдсан эсвэл ганцаардсан хүмүүс зүрх сэтгэлдээ Христийн мэндэлсний баяраар хэн нэгэн айлчлан ирээсэй гэж хүсдэг. Би нэг удаа Христийн мэндэлсний баяраар асрах төвд айлчилж очихдоо, өндөр настай таван эмэгтэйтэй хамт сууж ярилцсан бөгөөд тэдний хамгийн ахмад нь 101 настай байв. Тэр хараагүй болсон ч миний дуу хоолойг таньж байсан.

“Бишоп оо, та энэ жил бага зэрэг оройтож ирлээ!” “Би таныг ирэхгүй нь дээ л гэж бодож байлаа” гэж тэр хэлэв.

Бид хамтдаа цагийг сайхан өнгөрүүлсэн. Харин өөр нэг өвчтөн цонхоор гунигтай гэгч нь харж, “миний хүү өнөөдөр надтай уулзахаар ирнэ гэдгийг би мэдэж байна” гэж ахин дахин хэлж байв. Хүү нь олон Христийн мэндэлсний баяраар утсаар ч яриагүй болохоор ирэх болов уу даа гэж би бодож байлаа.

Энэ жил тусч гар, халуун хайр, эрмэлзэгч сэтгэлээ бусдын зүг сунгах, өөрөөр хэлбэл Аврагчийн жишээг дагаж, Түүний хүслийн дагуу үйлчлэх боломж байна. Бид Түүнд үйлчилснээр Түүнд зориулан амьдралдаа цаг зав, зүрх сэтгэлдээ орон зай гаргах боломжоо эртний дэн буудлын эзэн шиг алдахгүй.7

Хээр талд буй хоньчдод өгсөн: “Би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ”8 гэсэн тэнгэр элчийн захиаст агуулагддаг гайхамшигт амлалтыг бид ойлгож чадах уу?

Бид Христийн мэндэлсний баяраар бэлэг солилцох үедээ бүх бэлгээс хамгийн агуу нь буюу бидэнд мөнх амьдрал олгодог Аврагч, Гэтэлгэгчийн бэлгийг санаж, талархаж, үүнийг хүлээж авах болтугай.

“Учир нь хэрэв түүнд бэлэг хүртээгдсэн байхад мөн тэрээр уг бэлгийг хүлээн аваагүй бол энэ нь хүмүүнд ямар ашиг тус авчрах билээ; Болгоогтун, тэрээр өөрт нь өгөгдсөн тэр зүйлд баясах нь үгүй, мөн уг бэлгийг өгөгч болох түүнд ч баясах нь үгүй болой.”9

Бид Түүнийг дагаж, Түүнд үйлчилж, Түүний бидэнд өгсөн бэлгийг амьдралдаа хүлээн авч, эцэг Лихайн хэлснээр, “түүний хайрын мутраар мөнхөд хүрээлүүлсэн”10 байх болтугай.

Зураг чимэглэлийг Кэйли Жолли