Судрууд
1 Нифай 3


Бүлэг 3

Лихайн хөвгүүд гуулин ялтаснуудыг олж авахаар Иерусалимд буцаж очив—Лебен ялтаснуудыг өгөхөөс татгалзав—Нифай ах нараа ухуулан бас зоригжуулав—Лебен тэдний эд хөрөнгийг хулгайлж мөн тэднийг хөнөөхийг оролдов—Лемен, Лемүел хоёр Нифай болон Сэмийг цохиж мөн тэнгэр элчээр зэмлүүлэв. Ойролцоогоор МЭӨ 600–592 он.

1 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би Их Эзэнтэй яриад, эцгийнхээ майханд буцаж ирэв.

2 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр надад хэлж, өгүүлрүүн: Болгоогтун чамайг болон ах нарыг чинь Иерусалимд буцахыг Их Эзэн надад зарлиг болгосон нэг зүүдийг би зүүдлэв.

3 Учир нь болгоогтун, иудейчүүдийн цэдэг мөн түүнчлэн миний эцэг өвгөдийн удмын бичиг Лебенд буй бөгөөд тэдгээр нь гуулин ялтаснууд дээр сийлбэрлэгдсэн ажгуу.

4 Иймийн тул чамайг болон ах нарыг чинь Лебений гэрт очиж, тэгээд ялтаснуудыг эрэлхийлж, мөн аглаг буйд руу нааш авчирвал зохино хэмээн Их Эзэн надад зарлигласан бөлгөө.

5 Мөн эдүгээ, болгоогтун ах нар чинь бувтналдаж, тэднээс миний шаардсан зүйлийг хүнд бэрх гэцгээв; гэвч болгоогтун тэднээс үүнийг шаардсан нь би биш, харин энэ бол Их Эзэний зарлиг болой.

6 Тиймийн тул яв, хүү минь, мөн чи бувтнаагүй учир Их Эзэний тааллыг хүртэх болно.

7 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би эцэгтээ хандаж хэлрүүн: Би явж бас Их Эзэний зарлигласан зүйлсийг хийх болно, учир нь Их Эзэн өөрийн зарлигласан тэрхүү зүйлийг биелүүлж болох замыг тэдэнд бэлтгэж өгөлгүйгээр, тэрээр хүмүүсийн үрсэд зарлигуудыг үл өгдөг гэдгийг би мэднэ.

8 Мөнхүү улиран тохиох дор миний эцэг эдгээр үгийг сонсоод туйлаас баярлав, тэрээр намайг Их Эзэнээр адислагдсаныг мэдсэний учир болой.

9 Мөнхүү Нифай би, басхүү миний ах нар Иерусалим нутаг өөд явахаар майхнуудаа авч, аглаг буйдад аяндаа гарав.

10 Мөнхүү улиран тохиох дор бид Иерусалим нутаг өөд очоод, би болон ах нар маань өөр хоорондоо зөвшилцсөн болой.

11 Мөн бид шавга орхин, Лебений гэрт хэн нь орвол зохихыг шодов. Мөнхүү улиран тохиох дор шавга Леменд тусав; тэгээд Лемен Лебений гэрт орж, түүнийг гэртээ сууж байхад нь тэрээр түүнтэй ярилцсан болой.

12 Мөнхүү тэрээр миний эцгийн удмын бичгийг агуулсан, гуулин ялтаснууд дээр сийлэгдсэн тэр цэдгүүдийг Лебенээс хүссэн ажгуу.

13 Мөн болгоогтун, улиран тохиох дор Лебен уурлаж түүнийг дэргэдээсээ хөөн гаргав; мөн тэрээр уг цэдгүүдийг түүнд өгөхийг хүссэнгүй. Иймийн тул, тэрээр түүнд хандан: Болгоогтун, чи бол дээрэмчин, мөн би чамайг хөнөөнө гэв.

14 Гэвч Лемен түүний дэргэдээс зугтан гарч, мөн бидэнд Лебений хэрхсэнийг хэлэв. Мөн бид ихэд гуниглаж эхлэн, мөн ах нар маань аглаг буйдад буй эцэгтээ буцахыг завдав.

15 Гэвч болгоогтун, би тэдэнд хандан ийнхүү өгүүлэв: Их Эзэн амьдын адил, мөн бид амьдын адил, Их Эзэний бидэнд зарлигласан зүйлийг биелүүлэх хүртлээ бид аглаг буйдад буй эцэг рүүгээ очихоор явахгүй.

16 Иймийн тул, Их Эзэний зарлигуудыг сахихдаа итгэлтэй байцгаая; тиймийн тул эцгийнхээ өвийн газрыг зорьё, учир нь болгоогтун, тэрбээр алт болон мөнгө, бас бүх төрлийн баялгуудыг орхисон буюу. Мөн энэ бүхнийг тэрбээр Их Эзэний зарлигуудын улмаас үйлдсэн болой.

17 Учир нь тэрбээр хүмүүсийн ёс бусын учир, Иерусалим устгагдах ёстойг мэдсэн ажгуу.

18 Учир нь болгоогтун, тэд бошиглогчдын үгсийг эсэргүүцсэн. Иймийн тул эцэг минь тэр нутгаас зугтан гар хэмээн зарлиглуулсныхаа дараа уг нутагт үлдсэн бол, болгоогтун, тэр ч бас эрсдэх байсан буйза. Иймийн тул тэрээр эл нутгаас зайлшгүй зугтан гарах ёстой болсон ажгуу.

19 Мөн болгоогтун, бид эцэг өвгөдийнхөө хэлийг үр хүүхдүүддээ хадгалуулан үлдээж болохын тулд бид эдгээр цэдгийг олж авах нь Бурханы мэргэн ухаан буюу;

20 Мөн түүнчлэн бид энэ дэлхийн эхлэлээс бүр эдүгээ цагийг хүртэл, бүх ариун бошиглогчдын амаар хэлэгдсэн, тэдэнд Бурханы Сүнс болон хүч чадлаар хүргэгдсэн, тэдгээр үгийг хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж болохын тулд болой.

21 Мөнхүү улиран тохиох дор тэд Бурханы зарлигуудыг сахихдаа итгэлтэй байж болохын тул би иймэрхүү маягийн хэлээр ах нараа ятгав.

22 Мөнхүү улиран тохиох дор бид өөрсдийн өв нутаг руугаа очиж, мөн бид алт болон мөнгөө мөн үнэт зүйлсээ нэгтгэн цуглуулав.

23 Мөн эдгээр зүйлийг цуглуулж авсныхаа дараа, бид Лебений гэр өөд буцаж очсон болой.

24 Мөнхүү улиран тохиох дор бид Лебенд очиж, мөн уг гуулин ялтаснууд дээр сийлэгдсэн цэдгүүдийг бидэнд өгөхийг түүнээс хүсээд, үүний төлөө түүнд өөрсдийн алт болон мөнгөө, мөн бүх үнэт зүйлээ өгье хэмээв.

25 Мөнхүү улиран тохиох дор Лебен бидний эд хөрөнгийг, басхүү тэдгээрийн үлэмж агуу болохыг хараад, тэрээр тэдгээрт шунаж, үүний хэрээр биднийг хөөж гарган, мөн тэр өөрөө эд хөрөнгийг маань эзэмшихийн тулд биднийг хороолгохоор зарц нараа илгээв.

26 Мөнхүү улиран тохиох дор бид Лебений зарц нараас зугтан, мөн өөрсдийн эд хөрөнгийг ардаа орхихоос аргагүйд хүрсэн буюу, ингээд энэ нь Лебений гарт орсон ажгуу.

27 Мөнхүү улиран тохиох дор бид аглаг буйд тийш зугтаж, тэгээд Лебений зарц нар биднийг гүйцсэнгүй, мөн бид өөрсдийгөө хадны хөндийд далдлан нуув.

28 Мөнхүү улиран тохиох дор Лемен надад, мөн түүнчлэн эцэгт минь уурлав; мөн түүнчлэн Лемүел ч уурлав, учир нь тэрээр Лемений үгсийг анхаарсан ажгуу. Иймийн тул Лемен, Лемүел хоёр бидэнд, дүү нартаа, олон хатуу үгийг хэлж, биднийг бүр саваагаар цохив.

29 Мөнхүү улиран тохиох дор тэд биднийг саваагаар цохиж байхад, болгоогтун, Их Эзэний тэнгэр элч хүрэлцэн ирж тэдний өмнө зогсоод, мөн тэрээр тэдэнд хандаж өгүүлсэн нь: Та нар юуны учир дүүгээ саваагаар цохино вэ? Та нарын алдсын учир Их Эзэн түүнийг та нарын захирагчаар сонгосныг та нар мэдэхгүй гэж үү? Болгоогтун, та нар Иерусалим өөд дахин одох болно, мөн Их Эзэн Лебенийг та нарын гарт оруулах болно.

30 Мөн тэнгэр элч бидэнд ярьсныхаа дараа, тэрээр одов.

31 Мөн эл тэнгэр элчийг одсоны дараа Лемен, Лемүел хоёр дахин бувтналдаж эхлэв, өгүүлрүүн: Их Эзэн Лебенийг бидний гарт оруулна гэдэг нь яахан боломжтой байх билээ? Болгоогтун, тэр чадалтай хүн, мөн тэр тавьд тушаал буулгаж чадах, тийм ээ, бүр тавийг хөнөөж чадах нэгэн; тэгвэл биднийг ч бас тэгэхгүй гэж үү?