Бүлэг 2
Лихай гэр бүлээ Улаан тэнгисийн дэргэдэх аглаг буйд тийш авч явав—Тэд хөрөнгө хогшлоо орхив—Лихай Их Эзэнд тахил өргөн мөн зарлигуудыг сахихыг хөвгүүддээ сургамжлав—Лемен, Лемүел хоёр эцгийнхээ эсрэг бувтналдав—Нифай дуулгавартай байж басхүү итгэлтэйгээр залбирав; Их Эзэн түүнд ярьж, мөн тэр ах нараа захиран удирдахаар сонгогдов. Ойролцоогоор МЭӨ 600 он.
1 Учир нь болгоогтун, улиран тохиох дор Их Эзэн эцэгт минь, тийм ээ, бүр зүүд нойронд нь ярьж, мөн түүнд өгүүлсэн нь: Үйлдсэн зүйлсийнхээ учир Лихай чи адислагдсан болой; бас чи итгэлтэй байж мөн миний чамд зарлигласан зүйлсийг энэ хүмүүст тунхагласны учир, болгоогтун, тэд амийг чинь авахаар эрэлхийлж буй болой.
2 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн миний эцэгт, бүр зүүд нойронд нь, түүнийг гэр бүлээ авч мөн аглаг буйд тийш одвол зохино хэмээн зарлиглажээ.
3 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Их Эзэний үгэнд дуулгавартай хандсан буюу, иймийн тул тэр Их Эзэн өөрт нь зарлигласны дагуу үйлдсэн ажгуу.
4 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр аглаг буйд тийш одов. Мөн тэр өөрийн гэр, бас өв газраа, бас алт болон мөнгөө, бас үнэт зүйлсээ орхин, мөн өөрийн гэр бүл, хоол хүнс, бас майхнуудаас өөр юуг ч эс аван аглаг буйд тийш одсон ажгуу.
5 Мөнхүү тэрээр Улаан тэнгисийн хөвөөнд ойр орших хил хязгаарт уруудан ирэв; бас тэрээр Улаан тэнгисийн зэргэлдээх хил хязгаарыг дагаж аглаг буйдад аялсан авай; басхүү тэрээр миний эх Сариа болон миний ах нар Лемен, Лемүел мөн Сэмээс бүрдсэн гэр бүлтэйгээ аглаг буйдад аялсан ажгуу.
6 Мөнхүү улиран тохиох дор тэрээр гурав хоног аглаг буйдад аялаад нэгэн хөндийд, уст голын дэргэд майхнаа босгов.
7 Мөнхүү улиран тохиох дор тэрээр чулуугаар тахилын ширээ барьж, Их Эзэнд өргөл үйлдэн, бас Их Эзэн бидний Бурханд талархлаа өргөсөн авай.
8 Мөнхүү улиран тохиох дор тэрээр уг голыг Лемен хэмээн нэрийдэв, мөн тэр нь Улаан тэнгист цутгадаг байв; мөн уг хөндий нь голын цутгаланд ойр орших хил дээр байсан болой.
9 Мөн эцэг минь тэр голын ус Улаан тэнгисийн эх булаг руу цутгагдахыг хараад Леменд хандаж, өгүүлрүүн: Ай чи энэ гол мэт бүхий л зөв шударгын эх булаг тийш зогсолтгүй тэмүүлэх болоосой!
10 Мөн түүнчлэн тэрбээр Лемүелд хандан хэлрүүн, Ай чи Их Эзэний зарлигуудыг сахихдаа энэ хөндий мэт тууштай, гуйвшгүй бас хөдөлшгүй байгаасай!
11 Эдүгээ тэрээр эдгээрийг Лемен, Лемүел хоёрын гөжүүдийн учир өгүүлсэн ажгуу; учир нь болгоогтун тэд эцгийнхээ эсрэг олон зүйлд дургүйцэн бувтналдсан буюу, тэрбээр үзэгдлийг үзэгч хүн байсны учир, мөн өв газраа, алт болон мөнгөө, бас үнэт зүйлсээ орхиход, мөн аглаг буйдад мөхөхөд хүргэн тэднийг Иерусалим нутгаас дагуулан явсны учир буюу. Мөн тэд түүнийг зүрх сэтгэлийнхээ мунхаг төсөөллийн улмаас ийнхүү үйлдэв хэмээсэн болой.
12 Мөн ахмад нь болох Лемен, Лемүел хоёр эцгийнхээ эсрэг ийн бувтналдсан ажээ. Мөн тэд өөрсдийг нь бүтээсэн Бурханы үйлсийг мэдээгүйн улмаас бувтналдсан болой.
13 Тэд бас Иерусалим, тэрхүү их хот, бошиглогчдын үгсийн дагуу устгагдаж болно гэдэгт үнэмшсэн нь үгүй. Мөн тэд Иерусалимд эцгийн минь амийг авахаар эрэлхийлсэн иудейчүүдийн адил байсан бөлгөө.
14 Мөнхүү улиран тохиох дор миний эцэг Лемүелийн хөндийд Сүнсээр дүүргэгдэж, өөрийн өмнө тэдний бие нь чичиртэл тэдэнд хүчтэйгээр ярив. Мөн тэрээр тэднийг мадалснаас тэд түүний эсрэг дуугарч зүрхэлсэнгүй; иймийн тул, тэд түүний өөрсдөд нь зарлигласнаар үйлдэв.
15 Мөн, эцэг минь майханд амьдарч байв.
16 Мөн улиран тохиох дор, Нифай би үлэмж залуухан хэдий ч, бие ханхар бөгөөд бас Бурханы нууцуудыг мэдэх асар их хүсэлтэй байсны учир, иймийн тул, би Их Эзэнд хандаж гуйн залбирав; мөн болгоогтун тэрбээр надад зочлов, бас зүрх сэтгэлийг минь зөөллөсний учир би эцгийнхээ ярьсан бүх үгэнд итгэсэн авай; иймийн тул би ах нарынхаа адил түүний эсрэг боссонгүй.
17 Мөн би Сэмд ярьж, Их Эзэний Ариун Сүнсээрээ надад үзүүлсэн зүйлсийг түүнд мэдэгдэв. Мөнхүү улиран тохиох дор тэрбээр миний үгсэд итгэв.
18 Гэвч болгоогтун, Лемен, Лемүел хоёр миний үгсийг анхаарсангүй; мөн би тэдний зүрх сэтгэлийн хатуугийн улмаас гашуудсаны учир тэдний төлөө Их Эзэнд гуйн залбирав.
19 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад хандаж, өгүүлрүүн: Итгэлийнхээ учир адислагдсан буюу, Нифай чи, зүрх сэтгэлийн номхон байдалтайгаар намайг хичээнгүйлэн эрэлхийлснийхээ улмаас болой.
20 Та нар миний зарлигуудыг сахихынхаа хэрээр дэгжиж, бас амлалтын нутаг тийш удирдагдах бөлгөө; тийм ээ, бүр та нарт зориулан миний бэлтгэсэн тэр нутаг; тийм ээ, нутаг бүгдээс дээгүүр сонгомол нутаг тийш буюу.
21 Мөн ах нар чинь чиний эсрэг босохын хэрээр, тэд Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдах болно.
22 Мөн чи миний зарлигуудыг сахихын хэрээр, ах нарынхаа захирагч болон багш болгогдох ажгуу.
23 Учир нь болгоогтун, ах нар чинь миний эсрэг босох тэр өдөр, би тэднийг бүр зовлонт зүхлээр зүхнэ, мөн түүнчлэн чиний үр удам миний эсрэг босоогүй цагт чиний үр удмыг давамгайлах хүч тэдэнд байхгүй байх болно.
24 Мөн хэрэв чиний үр удам миний эсрэг босвол, ах нарын чинь үр удам тэдэнд цээрлэл болж, тэднийг дурсан сануулахаар өдөөн хатгах болно.