Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 19

Нифай хүдрээс ялтсуудыг хийж мөн өөрийн хүмүүсийн түүхийг цэдэглэв—Лихай Иерусалимыг орхисон цагаас зургаан зуун жилийн тэртээ Израилын Бурхан ирэх болно—Түүний зүдгүүрүүд болон цовдлолтын талаар Нифай өгүүлэв —Их Эзэндээ эргэж ирэх хожмын өдрүүдийг хүртэл Иудейчүүд гадуурхагдаж бас тараагдах болно. Ойролцоогоор мэө 588–570 он.

1Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад зарлигласан бөлгөө, иймийн тул би хүмүүсийнхээ цэдгийг сийлж болохын тулд ялтсуудыг хийсэн бөлгөө. Мөн өөрийн хийсэн ялтсууд дээр би эцгийнхээ цэдгийг, мөн түүнчлэн аглаг буйд дахь бидний аян, мөн эцгийнхээ бошиглолуудыг сийлбэрлэв; мөн түүнчлэн би тэдгээрийн дээр өөрийн бошиглолуудаас олныг сийлсэн билээ.

2Мөн би тэдгээрийг хийж байх үед Их Эзэн эдгээр ялтсуудыг хий хэмээн надад зарлиг болохыг мэдсэнгүй; иймийн тул, миний эцгийн цэдэг, мөн түүний өвөг дээдсийн удам судар, мөн аглаг буйд дахь бидний явдлуудын ихэнх нь миний ярьсан тэдгээр эхний ялтсууд дээр сийлбэрлэгдсэн билээ; иймийн тул, намайг эдгээр ялтсуудыг хийхээс урьд тохиолдсон тэдгээр зүйлүүд нь үнэхээр илүү нарийвчлалтайгаар эхний ялтсууд дээр дурдагдсан бөлгөө.

3Мөн би эдгээр ялтсуудыг зарлигласнаар үйлдсэний дараа, би, Нифай, тохинуулал болон бошиглолуудын илүү тодорхой болон эрхэм үнэт хэсгүүдийг эдгээр ялтсууд дээр бичвэл зохино хэмээх зарлиг хүлээн авлаа; мөн бичигдсэн эдгээр зүйлүүд миний хүмүүст, уг нутгийг өвлөх тэдэнд заавар болж, мөн түүнчлэн бусад мэргэн зорилгууд, Их Эзэний мэдэх тэр зорилгуудын улмаас хадгалагдах бөлгөө.

4Иймийн тул, би, Нифай, дайнууд болон зөрчилдөөнүүд мөн миний хүмүүсийн устгалуудын шастирыг өгүүлнэ, өөрөөр хэлбэл илүү дэлгэрэнгүй шастирыг өгсөн нөгөө ялтсууд дээр цэдгийг бичиглэв. Мөн би үүнийг хийж бас намайг явсны дараа тэд юу хийвэл зохихыг өөрийн хүмүүст зарлиг болгов; мөн эдгээр ялтсууд үеэс үед, өөрөөр хэлбэл нэг бошиглогчоос нөгөөд дамжин Их Эзэний цаашдын зарлигуудыг хүртэл байх буюу.

5Мөн би эдгээр ялтсуудыг хийсэн тухай шастир хожим нь өгөгдөх болно; мөн тэгээд, болгоогтун, би ярьсныхаа дагуу үргэлжлүүлнэ; мөн бибээр үүнийг хийсний учир нь илүү эрхэм нандин зүйлүүд нь өөрийн хүмүүсийн мэдлэгийн тулд хадгалагдаж болно гэснийх бөлгөө.

6Гэсэн хэдий ч, би эрхэм нандин гэж бодсоноос бусдыг ялтсууд дээр нэгээхнийг ч бичиглэх нь үгүй. Мөн эдүгээ, хэрэв би алдаа гаргасан ахул, бүр урьд цагийн тэд ч бас алдаа гаргасан бөлгөө; бусадтай адилтган өөрийгөө би зөвтгөхгүй, харин махбодид оршсоны дагуу өөрт буй дутагдлаас өөрийгөө би зөвтгөнө.

7Учир нь зарим хүмүүн махбодийн болон сүнсний аль алиных нь хувьд ихэд чухалчлан үнэлэх зүйлийг, бусад зарим нь үл ойшоож мөн хөл дороо дэвслэх ажгуу. Тийм ээ, бүр Израилын туйлын Бурханыг ч хүмүүс хөл дороо дэвслэх ажээ; би хэлнэ, хөл дороо дэвслэх гэхээс би өөр үгээр хэлье—тэд түүнийг үл ойшоож, мөн түүний зөвлөх дууг эс анхаарна.

8Мөн болгоогтун тэнгэр элчийн үгсийн дагуу, миний эцэг Иерусалимыг орхисон цагаас зургаан зуун жилийн тэртээ тэрээр ирэх болно.

9Мөн энэ дэлхийнхэн, алдсынхаа учир, гологдсон зүйл мэт түүнийг шүүх болно; иймийн тул тэд түүнийг ташуурдахад, мөн тэрээр үүнийг тэвчинэ; мөн тэд түүнийг цохиход, мөн тэрээр үүнийг тэвчинэ. Тийм ээ, тэд түүнийг нулимах бөлгөө, мөн хүмүүний үрсийн зүг хандах өөрийн өгөөмөр хайр мөн өөрийн хүлцэнгүй тэсвэрлэлийн учир тэрээр үүнийг тэвчих болно.

10Мөн бидний эцэг өвгөдийн, Египетээс боолчлолоос удирдагдан гаргагдсан, мөн түүнчлэн аглаг буйдад түүгээр хамгаалагдсан тэдний Бурхан, тийм ээ, Абрахамын, мөн Исаакийн Бурхан, мөн Иаковын Бурхан, Зенокийн үгсийн дагуу дээш өргөгдөхөөр, мөн Неюмийн үгсийн дагуу цовдлогдохоор, мөн далайн арлуудад оршин суугч тэдэнд, ялангуяа Израилын угсааныхан болох тэдэнд өгөгдөх түүний үхлийн тэмдэг болох гурав хоногийн харанхуйн талаар ярьсан Зиносын үгсийн дагуу хадан булшинд оршуулагдахаар тэнгэр элчийн үгсийн дагуу, хүмүүний адилаар, ёсон бус хүмүүсийн гарт өөрийгөө өгөх болно.

11Учир нь бошиглогч тийн ярив: тэр өдөр Их Эзэн Бурхан Израилын бүх угсааныханд заримд нь тэдний зөв шударгын учир тэрээр өөрийн дуу хоолойгоор тэдэнд агуу их баяр хөөр мөн аврал болж, мөн бусад заримд нь түүний хүч болох тэнгэрийн дуу мөн аянга цахилгаан, шуурга, түймэр, мөн утаа, мөн харанхуйлах манан, мөн газар нээгдэн хагарах, мөн өргөгдөн зөөгдөх уулсаар зочлох нь гарцаагүй болой.

12Мөн эдгээр бүх зүйл гарцаагүй ирнэ гэдгийг бошиглогч Зинос хэлсэн билээ. Мөн газрын хад чулуу хагарах ёстой; мөн газар дэлхийн ёолох дуунаас Бурханы Сүнсний нөлөөн дор, далайн арлын хаадын олон нь: Хорвоогийн Бурхан зовж байна хэмээн уулга алдах болно.

13Мөн Иерусалимд байгч тэдэнд зориулан, бошиглогч хэлсэнчлэн, тэд бүх хүмүүсээр цээрлүүлэгдэх болно, тэд Израилын Бурханыг цовдолж, мөн зүрх сэтгэлээ өөр зүг хандуулж, тэмдгүүд болон гайхамшгуудаас, мөн Израилын Бурханы суу билиг болон хүчийг эсэргүүцсэний учир бөлгөө.

14Мөн тэд зүрх сэтгэлээ өөр зүг хандуулсны учир, бошиглогчийн хэлсэнчлэн, мөн Израилын Ариун Нэгэнийг гадуурхсаны учир, тэд энэ бие махбодид орших үедээ хэсэн бэдэрч, мөн шийтгэгдэж, мөн муугаар хэлэгдэн бас муугийн зүйр болон, мөн бүх үндэстний дунд үзэн ядагдах болно.

15Гэсэн хэдий ч, бошиглогчийн хэлсэнчлэн тэд зүрх сэтгэлээ Израилын Ариун Нэгэний эсрэг өөр зүг дахин хандуулахгүй тэрхүү өдөр ирэхэд, тэгээд тэрээр тэдний эцэг өвгөдтэй хийсэн гэрээнүүдээ санах болно.

16Тийм ээ, тэгээд тэрээр далайн арлуудыг санах болно; тийм ээ, мөн бошиглогч Зиносын үгсийн дагуу Израилын угсааны бүх хүмүүсийг би энэ дэлхийн дөрвөн зүгээс цуглуулах болно хэмээн Их Эзэн хэлэх ажгуу.

17Тийм ээ, мөн бүх дэлхий Их Эзэний авралыг үзэх болно хэмээн бошиглогч хэлсэнчлэн; бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс адислагдах болно.

18Мөн би, Нифай, эдгээр зүйлийг өөрийн хүмүүст хандан бичиглэсэн болой, би тэднийг Их Эзэн өөрсдийн Гэтэлгэгчийг санахад ятган итгүүлж болох магад хэмээнэ.

19Иймийн тул, хэрэв тэд эдгээр зүйлийг олж авах аваас би Израилын бүх угсааныханд ярих буюу.

20Учир нь болгоогтун, Иерусалим дахь тэдний төлөө өөрийгөө цуцтал, бүр үе мөчөө сульдтал оюун сэтгэлдээ догдолно би; учир нь Их Эзэн бүр хуучны бошиглогчдод үзүүлснийхээ нэгэн адил надад тэдний талаар үзүүлж нигүүлсэнгүй байгаагүй бол би ч түүнчлэн эрсдэх байсан биз ээ.

21Мөн тэрээр хуучны бошиглогчдод тэдний талаар бүх зүйлийг үзүүлсэн нь гарцаагүй; мөн түүнчлэн тэрээр бидний талаар олонд үзүүлсэн билээ; иймийн тул, тэдгээр нь гуулин ялтсууд дээр бичиглэгдсэний учир бид тэдний талаар мэдэх нь зайлшгүй бөлгөө.

22Эдүгээ улиран тохиох дор би, Нифай, эдгээр зүйлийг ах нартаа сургав; мөнхүү улиран тохиох дор урьд цагийн хүмүүсийн дундах, өөр нутгууд дахь Их Эзэний үйлүүдийн талаар тэд мэдэж болохын тулд гуулин ялтсууд дээр сийлэгдсэн байсан, олон зүйлийг би тэдэнд уншиж бөлгөө.

23Мөн би Мосегийн номнуудад бичигдсэн байсан тэр олон зүйлийг тэдэнд уншиж өгсөн болой; гэвч би тэднийг Их Эзэн өөрсдийн Гэтэлгэгчид итгэхийг илүү бүрэн дүүрнээр ятгаж болно хэмээн би тэдэнд бошиглогч Исаиагийн бичиглэснийг уншиж өгөв; учир нь энэ нь бидэнд эрдэм болон тус байж болохын тулд би бүх судрыг өөрсөдтэйгөө адилтгасан билээ.

24Иймийн тул би тэдэнд хандан ярьж, өгүүлсэн нь: Израилын угсааны үлдэгдэл, хугарсан мөчрүүд болох та нар бошиглогчийн үгсийг сонс; Израилын бүх угсаанд бичигдсэн бошиглогчдын үгсийг сонс, мөн та нарын тэднээс салгагдсан ах дүүсийнхээ нэгэн адил та нар найдлага агуулж болохын тулд тэдгээр үгсийг өөрсөдтэйгөө адилтган үз; учир нь иймэрхүү маягаар бошиглогч бичиглэсэн болой.