Судрууд
1 Нифай 11


Бүлэг 11

Нифай Их Эзэний Сүнсийг харж мөн амьдралын мод үзэгдэлд харуулагдав—Тэрбээр Бурханы Хүүгийн эхийг харж мөн Бурханы буун ирэлтийн тухай олж мэдэв—Бурханы Хурганы баптисмыг, тохинууллыг мөн цовдлолтыг нь тэрбээр харав—Тэрбээр түүнчлэн Хурганы Арван хоёр Төлөөлөгчийн дуудлага болон тохинууллыг харав. Ойролцоогоор МЭӨ 600–592 он.

1 Учир нь улиран тохиох дор би эцгийнхээ үзсэн тэр зүйлсийг мэдэхийг хүссэнийхээ дараа, мөн Их Эзэн тэдгээрийг надад мэдүүлэх чадалтай гэдэгт итгэн, би зүрх сэтгэлдээ тунгаан суух зуураа Их Эзэний Сүнсэнд зөөгдөн, тийм ээ, миний урьд өмнө нь хэзээ ч хараагүй, мөн миний урьд өмнө нь хэзээ ч дээр нь хөл тавьж байгаагүй үлэмж өндөр ууланд аваачигдсан болой.

2 Мөн Сүнс надад хандан: Болгоогтун, юуг хүснэм, чи? хэмээв.

3 Мөн би: Эцгийнхээ үзсэн тэр зүйлсийг би харахыг хүснэм гэв.

4 Мөн Сүнс надад хандан: Эцгийнхээ өгүүлсэн тэрхүү модыг тэрээр харсан хэмээн чи итгэдэг үү? хэмээв.

5 Мөн би хэлэв: Тийм ээ, эцгийнхээ бүх үгэнд миний итгэдгийг та мэдэх буй за.

6 Мөн би эдгээр үгийг хэлэхэд Сүнс өндөр дуугаар хашхирч, өгүүлсэн нь: Бүхний дээд Бурхан Их Эзэнд Хосанна; учир нь тэр бүх дэлхийн Бурхан, тийм ээ, бүр бүхнээс дээгүүр ажгуу. Мөн Нифай чи бүхний дээд Бурханы Хүүд итгэдгийнхээ учир адислагдсан болой; иймийн тул чи хүссэн зүйлсээ харах болно.

7 Мөн болгоогтун, энэ зүйл тэмдгээр чамд өгөгдөх болно, эцгийн чинь амссан тэр жимсийг өгөгч модыг болгоосныхоо дараа чи түүнчлэн тэнгэрээс доошлон буух нэгэн хүнийг болгоон, мөн түүнийг харах болно; мөн түүнийг харсныхаа дараа энэ бол Бурханы Хүү гэдгийг чи гэрчлэх болно.

8 Мөнхүү улиран тохиох дор Сүнс надад хандан: Харагтун! хэмээв. Мөн би хараад, нэгэн модыг болгоов; мөн энэ нь миний эцгийн үзсэн модтой адил байсан бөлгөө; мөн үүний үзэсгэлэн нь хэмжээлшгүй, тийм ээ, бүх үзэсгэлэнтээс үлэмж байв; мөн түүний цагаан нь шинэхэн цасны цагаанаас ч илүү байсан бөлгөө.

9 Мөнхүү улиран тохиох дор би уг модыг харсныхаа дараа, Сүнсэнд хандан: Та надад бүхнээс эрхэм дээд тэр модыг үзүүлснийг би болгоов хэмээн хэлэв.

10 Мөн тэрээр надад: Юуг хүснэм чи? хэмээв.

11 Мөн би түүнд: Түүний чухам ямар утгатайг мэдэхийг хүснэм хэмээв—учир нь би түүнтэй хүнтэй ярихын адилаар ярив; учир нь, тэрээр хүмүүний хэлбэртэй байсныг би болгоосон; тийм хэдий ч, тэр Их Эзэний Сүнс байсныг би мэдсэн бөлгөө; мөн тэр надтай, нэг хүн нөгөөтэйгөө ярихын адил ярьсан буюу.

12 Мөнхүү улиран тохиох дор тэр надад хандан: Харагтун! хэмээв. Мөн би түүн рүү харахаар эргэв, мөн би түүнийг үзсэнгүй; учир нь тэрээр миний дэргэдээс холдон одсон байлаа.

13 Мөнхүү улиран тохиох дор би харж басхүү их хот Иерусалимыг, мөн түүнчлэн бусад хотуудыг болгоов. Мөн би Назар хотыг болгоов; бас Назар хот дахь онгон бүсгүйг би болгоов, мөн тэрбээр үлэмж үзэсгэлэнтэй мөн цагаан байлаа.

14 Мөнхүү улиран тохиох дор би тэнгэр нээгдэхийг үзэв; мөн тэнгэр элч доош буун ирж мөн миний өмнө зогсов; мөн тэрээр надад хандан: Нифай, юуг болгооном чи? хэмээв.

15 Мөн би түүнд хандан: Бусад бүх онгон бүсгүйчүүдээс илүү хамгийн үзэсгэлэн гоо бас ариухан онгон бүсгүйг хэмээв.

16 Мөн тэр надад хандан: Бурханы буун ирэлтийг мэдэх үү, чи? хэмээв.

17 Мөн би түүнд хандан: Тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би; гэхдээ, бүх зүйлийн утгыг мэдэх нь үгүй би хэмээв.

18 Мөн тэр надад хандан: Болгоогтун, чиний харж буй тэр онгон бүсгүй бол маханбодын биеийн дагуу, Бурханы Хүүгийн эх бөлгөө хэмээв.

19 Мөнхүү улиран тохиох дор тэр бүсгүйг Сүнсэнд эзэгнэгдэхийг би болгоов; мөн уг бүсгүйг хэсэг хугацаагаар Сүнсэнд эзэгнэгдсэний дараа тэнгэр элч надад хандан: Харагтун! хэмээв.

20 Мөн би сайхь онгон бүсгүйг дахин харж, гар дээрээ хүүхэд тэвэрсэн байхыг болгоов.

21 Мөн тэнгэр элч надад хандан: Бурханы Хургыг, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг болгоогтун! Чи эцгийнхээ харсан тэр модны утга учрыг мэдэх үү? хэмээв.

22 Мөн би түүнд хариулж, өгүүлсэн нь: Тийм ээ, энэ бол хүмүүсийн үрсийн зүрхэнд хааяагүй түгэх Бурханы хайр; иймийн тул, энэ нь бүх зүйлээс илүүгээр, хамгийн ихээр хүсэл татам буюу.

23 Мөн тэрээр надад хандан ярьж, өгүүлрүүн: Тийм ээ, мөн бодгальд хамгийн их баясгалант болой.

24 Мөн тэрээр эдгээр үгийг ярьсныхаа дараа надад хандан: Харагтун! хэмээв. Мөн би харав, мөн Бурханы Хүү хүмүүсийн үрсийн дунд явж байхыг болгоов; мөн олон нь түүний хөлд унан бас түүнийг бишрэхийг би үзэв.

25 Мөнхүү улиран тохиох дор миний эцгийн үзсэн тэр төмөр бариул нь Бурханы үг байсныг би ухаарав; тэр нь тасралтгүй урсах усны эх булаг руу буюу амьдралын мод руу удирдах ажгуу; тэр ус нь Бурханы хайрын бэлгэдэл; мөн түүнчлэн уг амьдралын мод Бурханы хайрын бэлгэдэл байсныг би ухаарав.

26 Мөн тэнгэр элч надад дахин хандаж: Харагтун мөн Бурханы буун ирэлтийг болгоогтун! хэмээв.

27 Мөн би харж бас эцгийнхээ ярьсан дэлхийн Гэтэлгэгчийг болгоов; мөн түүнчлэн түүний өмнө замыг нь бэлтгэх тэр бошиглогчийг би болгоов. Мөн Бурханы Хурга урагш явж мөн түүнээс баптисм хүртэв; мөн түүнийг баптисм хүртсэний дараа, тэнгэр нээгдэж мөн Ариун Сүнс тэнгэрээс тагтаа хэлбэртэйгээр бууж мөн түүн дээр тогтнохыг би болгоов.

28 Мөн тэрээр хүмүүст их хүч бас агуу их сүр жавхлангаар тохинуулж урагшлан явахыг би болгоов; мөн ард олон түүнийг сонсохоор нэгдэн цугларч байв; мөн тэд түүнийг өөрсдийн дундаас зайлуулан хөөхийг би болгоов.

29 Мөн түүнчлэн түүнийг дагах бусад арван хоёрыг би болгоов. Мөнхүү улиран тохиох дор тэд Сүнсэнд эзэгнэгдэн, миний өмнөөс одов, мөн тэд харагдахаа болив.

30 Мөнхүү улиран тохиох дор тэнгэр элч надад хандан дахин ярьж өгүүлсэн нь: Харагтун! Мөн би харав, мөн тэнгэр дахин нээгдэхийг би болгоов, мөн тэнгэр элч нар хүмүүсийн үрсийн дээр бууж ирэхийг би үзэв; мөн тэд тэдэнд тохинуулсан бөлгөө.

31 Мөн тэрээр дахин надад хандаж, хэлрүүн: Харагтун! хэмээв. Мөн би харав, бас Бурханы Хурга хүмүүсийн үрсийн дунд урагшлан явахыг би болгоов. Мөн өвчтэй, бас төрөл бүрийн өвчний улмаас, мөн чөтгөрүүдтэй болон бузар сүнстэйн улмаас зовж шаналсан олныг би болгоов; мөнхүү тэнгэр элч ярьж, бас эдгээр бүх зүйлийг надад үзүүлсэн авай. Мөн тэд Бурханы Хурганы хүчээр эдгээгдэв; мөн чөтгөрүүд болон бузар сүнснүүд зайлуулагдав.

32 Мөнхүү улиран тохиох дор сайхь тэнгэр элч надад хандан дахин ярьж: Харагтун! хэмээв. Мөн би харж бас Бурханы Хургыг, тэрээр хүмүүст баригдсаныг нь болгоов; тийм ээ, үүрдийн Бурханы Хүү дэлхийнхнээр шүүгдэхийг буюу; мөн би харсан бөгөөд бас гэрчлэх болой.

33 Мөн Нифай би, түүнийг энэ дэлхийнхний нүглүүдийн төлөө загалмайд өргөгдөн мөн алагдахыг үзсэн бөлгөө.

34 Мөн түүнийг алагдсаны дараа би газар дэлхийн олныг Хурганы төлөөлөгчдийн эсрэг тулалдахаар хамтран цугларсныг үзэв; учир нь уг арван хоёр нь Их Эзэний тэнгэр элчээр ийн нэрлэгдсэн байв.

35 Мөн газар дэлхийн олон нь хамтран цугларав; мөн тэд миний эцгийн үзсэн барилгын адил асар том бөгөөд нүсэр барилгад байсныг би үзэв. Мөн Их Эзэний тэнгэр элч надад хандан дахин ярьж, хэлрүүн: Дэлхийнхэн болон тэдний мэргэн ухааныг болгоогтун; тийм ээ, Хурганы арван хоёр төлөөлөгчийн эсрэг тэмцэхээр Израилын угсаа хамтран цугларсныг болгоогтун.

36 Мөнхүү улиран тохиох дор тэр агуу бөгөөд нүсэр барилга нь дэлхийн бардамнал байсныг би үзсэн бас гэрчилж байна; мөн энэ нь унав, мөн түүний уналт үлэмж агуу байсан буюу. Мөн Их Эзэний тэнгэр элч дахин надад ярьж: Хурганы арван хоёр төлөөлөгчийн эсрэг тэмцэх бүх үндэстэн, ястан, хэлтэн болон ард түмний устгал ийм байх болой хэмээв.