Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 11

Нифай Их Эзэний Сүнсийг харж мөн амьдралын мод үзэгдэлд харуулагдав—Тэрбээр Бурханы Хүүгийн эхийг харж мөн Бурханы хүлцлийн тухай олж мэдэв—Бурханы Хурганы баптисмыг, тохинууллыг мөн цовдлолтыг нь тэрбээр харав—Тэрбээр түүнчлэн Хурганы Арванхоёр Төлөөлөгчийн дуудлага болон тохинууллыг харав. Ойролцоогоор мэө 600–592 он.

1Учир нь улиран тохиох дор би эцгийнхээ үзсэн тэр зүйлийг мэдэхийг хүссэний дараа, мөн Их Эзэн тэдгээрийг надад мэдүүлж болно хэмээн итгэсээр авай, би ийн дотроо тунгаан суух зуур би Их Эзэний Сүнсэнд автагдан алсад одож, тийм ээ, миний урьд өмнө нь хэзээ ч хараагүй, мөн миний хэзээ ч урьд нь хөл тавьж байгаагүй үлэмж өндөр ууланд гарлаа.

2Мөн Сүнс надад хандан: Болгоогтун, юуг хүснэв та? хэмээв.

3Мөн би: Эцгийнхээ үзсэн тэр зүйлийг би харах хүсэлтэй гэв.

4Мөн Сүнс надад хандан: Эцгийнхээ өгүүлсэн тэрхүү модыг тэрээр харсан хэмээн та итгэнэ үү

5Мөн би хэлэв: Тийм ээ, эцгийнхээ бүх үгсэд миний итгэдгийг та мэдэх буйза.

6Мөн би эдгээр үгсийг ярихад Сүнс өндөр дуугаар хашгирч, өгүүлсэн нь: Бүхний дээд Бурхан Их Эзэнд Хосанна; учир нь тэр бүх дэлхийн Бурхан, тийм ээ, бүр бүхнээс дээгүүр ажгуу. Мөн адислагдсан болой та, Нифай, бүхний дээд Бурханы Хүүд та итгэдгийн учир бөлгөө; иймийн тул та хүссэн зүйлүүдээ харах болно.

7Мөн болгоогтун энэ зүйл тэмдгээр танд өгөгдөх болно, эцгийн тань амссан тэр жимсийг өгөгч модыг та харсны дараа, та түүнчлэн тэнгэрээс доошлон буух хүнийг ажин, мөн та түүнийг гэрчлэх болно; мөн та түүнийг гэрчилснийхээ дараа энэ бол Бурханы Хүү юм гэдгийг та нотлон өгүүлэх болно.

8Мөнхүү улиран тохиох дор Сүнс надад хандан: Харагтун! хэмээв. Мөн би харвал модыг ажив; мөн энэ нь миний эцгийн үзсэн модтой эгээ адил байсан бөлгөө; мөн үүний үзэсгэлэн нь нэвт, тийм ээ, бүх үзэсгэлэнтээс үлэмж; мөн түүний цайрах нь будрах цасны цайрахаас ч үлэмж бөлгөө.

9Мөнхүү улиран тохиох дор би модыг хараад, Сүнсэнд хандан: Та надад бүхнээс эрхэм дээд тэр модыг үзүүлснийг би ухаарав хэмээн хэлэв.

10Мөн тэрээр надад: Юуг хүснэв та? хэмээв.

11Мөн би түүнд хандаж: Түүний чухам юу өгүүлж буйг мэдэхийг хүснэм хэмээв—учир нь би түүнтэй хүнтэй ярихын адилаар ярив; учир нь, тэрээр хүмүүний хэлбэртэй байсныг би ажигласан; тийм хэдий ч, тэр Их Эзэний Сүнс байсныг би мэдсэн бөлгөө; мөн тэр надад хандан нэг хүн нөгөөтэйгөө ярихын адил ярьсан буюу.

12Мөнхүү улиран тохиох дор тэр надад хандан: Харагтун! хэмээв. Мөн би түүний зүг харвал, мөн би түүнийг үзсэнгүй; учир нь тэрээр миний дэргэдээс холдон одсон байлаа.

13Мөнхүү улиран тохиох дор би харж басхүү их хот Иерусалимыг, мөн түүнчлэн бусад хотуудыг үзэв. Мөн би Назар хотыг үзэв; бас Назар хот дахь онгон бүсгүйг би харав, мөн тэрбээр үлэмж хонгор мөн цагаан байлаа.

14Мөнхүү улиран тохиох дор тэнгэр нээгдэхийг үзэв би; мөн тэнгэр элч доош бууж мөн миний өмнө зогсов; мөн тэрээр надад хандан: Нифай, юуг харнав та? хэмээв.

15Мөн би түүнд хандан: Онгон бүсгүйг, бусад бүх онгон бүсгүйчүүдээс илүү хамгийн үзэсгэлэн гоо бас хонгорхон түүнийг, хэмээв.

16Мөн тэр надад хандан: Бурханы хүлцлийг мэдэх үү та? хэмээв.

17Мөн би түүнд хандан: Тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би; тийм боловч, бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би хэмээв.

18Мөн тэр надад хандан: Болгоогтун, таны харж буй тэр онгон бүсгүй бол Бурханы Хүүгийн махан бодийн биеийг төрүүлэгч эх нь бөлгөө хэмээв.

19Мөнхүү улиран тохиох дор тэр бүсгүйг Сүнс авч одохыг би харав; мөн Сүнс бүсгүйг авч одсоны дараа хэсэг байзнаад тэнгэр элч надад хандан: Харагтун! хэмээв.

20Мөн би сайхь онгон бүсгүйг дахин харж, гар дээрээ хүүхэд тэвэрсэн байхыг болгоов.

21Мөн тэнгэр элч надад хандан: Бурханы Хургыг, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг болгоогтун! Эцгийнхээ харсан тэр мод ямар утгатайг мэдэв үү, та? хэмээв.

22Мөн би түүнд хариулж, өгүүлсэн нь: Тийм ээ, энэ бол хүмүүний үрсийн зүрхэнд хааяагүй түгэх Бурханы хайр; иймийн тул, энэ нь бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч буюу.

23Мөн тэрээр надад хандан ярьж, өгүүлрүүн: Тийм ээ, мөн бодгальд хамгийн их баясгалант болой.

24Мөн тэрээр эдгээр үгсийг ярьсныхаа дараа, тэрбээр надад хандан: Харагтун! хэмээв. Мөн би харвал, тийнхүү Бурханы Хүү хүмүүний үрсийн дунд явж байхыг би ажиглав; мөн олон нь түүний хөлд унан бас түүнийг бишрэхийг үзэв би.

25Мөнхүү улиран тохиох дор миний эцгийн үзсэн тэр төмөр бариул нь Бурханы үг байсныг би мэдэв; тэр нь амьдралын усан оргилуур уруу эсвээс амьдралын мод уруу удирдах ажгуу; тэр ус нь Бурханы хайрын бэлэгдэл ажгуу; мөн түүнчлэн уг мод Бурханы хайрыг илтгэж буйг би ухаарав.

26Мөн тэнгэр элч надад дахин хандаж: Харагтун мөн Бурханы хүлцлийг болгоогтун! хэмээв.

27Мөн би харж бас эцгийнхээ ярьсан дэлхийн Гэтэлгэгчийг болгоов; мөн түүнчлэн түүний өмнө замыг нь бэлтгэх нэгэн бошиглогчийг би болгоов. Мөн Бурханы Хурга урагш явж түүгээр баптисм хүртэв; мөн тэрбээр баптисм хүртсэний дараа, тэнгэр нээгдэж мөн Ариун Сүнс тэнгэрээс тагтаа хэлбэртэйгээр бууж мөн түүн дээр тогтнохыг би болгоов.

28Мөн тэрээр хүмүүст их хүч бас агуу их алдар суугаар тохинуулж урагшлан явахыг би болгоов; мөн ард олон түүнийг сонсохоор нэгдэн цугларч байв; мөн тэд түүнийг өөрсдийн дундаас зайлуулан хөөснийг би ажиглав.

29Мөн түүнчлэн түүнийг дагалдах бусад арванхоёрыг би болгоов. Мөнхүү улиран тохиох дор Сүнс тэднийг миний өмнөөс авч одов, мөн би тэднийг харсан нь үгүй.

30Мөнхүү улиран тохиох дор тэнгэр элч надад хандан дахин ярьж өгүүлсэн нь: Харагтун! Мөн би харав, мөн тэнгэр дахин нээгдэхийг би болгоов, мөн тэнгэр элчүүд хүмүүний үрсийн дээр хүрэлцэн ирэхийг би үзэв; мөн тэд тэдэнд тохинуулсан бөлгөө.

31Мөн тэрээр дахин надад хандаж, хэлрүүн: Харагтун! хэмээв. Мөн би харав, бас Бурханы Хурга хүмүүний үрсийн дунд урагшлан явахыг би болгоов. Мөн өвчилсөн, бас олон зүйл өвчний улмаас, мөн чөтгөрүүд болон бузар сүнстэйн улмаас зовж шаналсан олныг би болгоов; мөнхүү тэнгэр элч ярьж, бас эдгээр бүх зүйлийг надад үзүүлсэн авай. Мөн тэд Бурханы Хурганы хүчээр эдгээгдэв; мөн чөтгөрүүд болон бузар сүнснүүд зайлуулагдав.

32Мөнхүү улиран тохиох дор сайхь тэнгэр элч надад хандан дахин ярьж, хэлсэн нь: Харагтун! Мөн би харж бас Бурханы Хургыг, тэрээр хүмүүст баригдсаныг нь болгоов; тийм ээ, Үүрдийн Бурханы Хүү дэлхийнхээр шүүгдэв; мөн би харсан бөгөөд бас гэрчлэх буюу.

33Мөн би, Нифай, тэрбээр энэ дэлхийн нүглүүдийн тул загалмайд өргөгдөн мөн алагдсаныг үзсэн бөлгөө.

34Мөн түүнийг алагдсаны дараа би газар дэлхийн олныг, Их Эзэний тэнгэр элчээр Хурганы төлөөлөгч хэмээн нэрлэгдсэн арванхоёрын эсрэг тэмцэхээр тэд хамтран цугларсныг үзэв.

35Мөн газар дэлхийн олон нь хамтран цугларав; мөн тэд миний эцгийн үзсэн барилгын адил том бөгөөд нүсэр байшинд байсныг би үзэв. Мөн Их Эзэний тэнгэр элч надад хандан дахин ярьж, хэлрүүн: Дэлхий болон түүний мэргэн ухааныг болгоогтун; тийм ээ, Израилын угсаа Хурганы арванхоёр төлөөлөгчийн эсрэг тэмцэхээр хамтран цугларсныг болгоогтун.

36Мөнхүү улиран тохиох дор тэр агуу хийгээд нүсэр барилга нь дэлхийн бардамнал байсныг би үзсэн бас гэрчилнэ; мөн энэ нь унав, мөн түүний уналт үлэмж аймшигтай буюу. Мөн Их Эзэний тэнгэр элч дахин надад хандан ярьж хэлрүүн: Хурганы арванхоёр төлөөлөгчийн эсрэг тэмцэх бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүсийн устгал ийн тохиох ажгуу.