Бусад эх сурвалж
Ариун сүмүүд


“Ариун сүмүүд,” Итгэлдээ үнэнч байх нь, (2004), 27–32

“Ариун сүмүүд,” Итгэлдээ үнэнч байх нь, 27–32

Ариун сүмүүд

Ариун сүм бол үнэндээ Их Эзэний өргөө билээ. Энэ нь Их Эзэн зочилж болох сүсэг бишрэлийн ариун газар юм. Зөвхөн гэр орныг л ариун нандин байдлаар нь ариун сүмтэй зүйрлэж болно.

Түүхийн явцад Их Эзэн ариун сүм барихыг хүмүүстээ зарлиглажээ. Өнөөдөр Сүм дэлхий даяар ариун сүм барих, Тэнгэрлэг Эцэгийн олон хүүхдэд ариун сүмийн адислалыг илүү боломжтой болгохоор Их Эзэний дуудлагыг анхааралтай дагаж байна.

Амьд хүмүүст зориулсан ёслолууд

Ариун сүмийн үндсэн зорилго бол селестиел хаант улс дахь бидний өргөмжлөлд шаардлагатай ёслолуудаар хангах явдал мөн. Ариун сүмийн ёслолууд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хамгийн агуу адислалууд руу хөтөлдөг. Сүмийн цуглаан, үйл ажиллагаа, номлогчийн хичээл зүтгэл, бидний заадаг хичээл, дуулдаг дууллууд зэрэг нь бүгд биднийг Аврагч руу мөн ариун сүмд хийгддэг ажил руу чиглүүлэх ёстой.

Ариун сүмд хүлээн авдаг нэг ёслол бол хишиг юм. Хишиг гэдэг үг нь “бэлэг” гэсэн утгатай ба ариун сүмийн хишиг бол үнэхээр Бурханаас ирсэн бэлэг билээ. Энэхүү ёслол нь цуврал зааварчилгаануудаас бүрддэг ба зөв шударга амьдрах хийгээд сайн мэдээний зарчмуудыг мөрдөх гэрээг оролцуулдаг. Энэхүү хишиг нь биднийг Аврагчид мөн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний үүрэгт болон Түүнийг дагах өөрсдийн амлалтад төвлөрөхөд тусалдаг.

Өөр нэг ариун сүмийн ёслол бол эхнэр, нөхөр хоёр нэг нэгтэйгээ мөнхөд лацдан холбуулдаг селестиел гэрлэлт юм. Ариун сүмд гүйцэтгэгдэх лацдан холболт нь хэрэв эхнэр, нөхөр хоёр байгуулдаг гэрээндээ итгэлтэй байвал мөнхөд үргэлжилдэг.

Ариун сүмд лацдан холбуулсан эцэг, эхээс төрсөн хүүхдүүд гэрээнд төрдөг. Эдгээр хүүхэд шууд мөнхийн гэр бүлийн нэг хэсэг болдог. Гэрээнд төрөөгүй хүүхдүүдийн өргөж авсан эцэг эх буюу төрсөн эцэг эх нь бие биетэйгээ лацдан холбогдвол мөн мөнхийн гэр бүлийн нэг хэсэг болж болдог. Хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох ёслолыг ариун сүмд гүйцэтгэдэг.

Хэрэв та ариун сүмийн ёслолуудыг хүлээн авсан бол гэрээгээ үргэлж санагтун. Ариун сүмд аль болох олон удаа оч. Хэрэв та эцэг эсвэл эх бол хүүхдүүддээ ариун сүмийн ач холбогдлыг заа. Тэдэнд өөрсдийгөө ариун сүмд ороход зохистой байхаар бэлтгэхэд тусал.

Хэрэв та ариун сүмийн ёслолуудыг хараахан хүлээн аваагүй бол одооноос бэлтгэж эхэл. Боломж бүрдсэн үед баптисм болон нас барагсдын гишүүний баталгаанд оролцохоор ариун сүм рүү яв.

Нас барагсдын төлөөх ёслолууд

Сайн мэдээний зайлшгүй чухал ёслолуудыг хүлээн авалгүйгээр нас барсан хүмүүс тэдгээр ёслолыг ариун сүмд хийгддэг ажлаар дамжуулан хүлээн авч болно. Та энэхүү ажлыг өвөг дээдсийнхээ өмнөөс мөн нас барсан бусад хүний өмнөөс хийж болно. Та тэдний төлөө баптисм хүртэж, гишүүнээр батлуулах, хувийн хишиг хүртэх, эхнэр, нөхрийн хооронд болон үр хүүхдүүдтэй нь лацдан холбох ёслолд оролцож чадна.

Нас барсан өвөг дээдсийнхээ бүртгэлийг идэвхтэй хайж олох хэрэгтэй бөгөөд ингэснээр тэдний төлөө ариун сүмийн ажлыг гүйцэтгэж чадна.

Нас барагсдын төлөөх ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл 68–72-р хуудсан дээрх “Гэр бүлийн түүхийн ажил ба угийн бичиг”-ийг үзнэ үү.

Ариун сүмд орох зохистой байдал

Ариун сүмд орохын тулд та зохистой байх ёстой. Та зохистой байдлаа хоёр ярилцлагаар баталгаажуулна. Нэг нь бишопын зөвлөлийн гишүүнтэй эсвэл салбарынхаа ерөнхийлөгчтэй, нөгөө нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй эсвэл номлолын ерөнхийлөгчтэй хийх ярилцлага юм. Санваарын удирдагчид эдгээр ярилцлагыг хувийн чанартай мөн нууц байлгана. Ярилцлага бүрд санваарын удирдагч таны биеэ авч яваа байдал, зохистой байдлын талаар асууна. Танаас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн Цагаатгалын талаарх гэрчлэлийг тань асууж мөн Сүмийн ерөнхий ба орон нутгийн удирдагчдыг дэмждэг эсэхийг асуух болно. Ёс суртахууны хувьд цэвэр, мэргэн ухааны үгийг сахидаг, аравны нэгийг бүрэн төлдөг, Сүмийн сургаалуудад нийцэж амьдардаг мөн Сүмийн эсрэг бүлэг хүнтэй холбоо сүлбээтэй эсэхийг танаас батлан асууна.

Ярилцлагын үеэр асуултууддаа хүлээн зөвшөөрөгдөхүйц хариулт өгвөл мөн та өөрөө болон удирдагч тань ариун сүмд орох зохистой хэмээн үзвэл та ариун сүмийн эрхийн бичиг хүлээн авна. Та зохистой хэвээр байвал дараагийн хоёр жилийн турш ариун сүмд орж болохыг зөвшөөрөх энэхүү бичигт та болон санваарын удирдагч гарын үсэг зурна.

Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагууд амьдралынхаа хэв маяг, зохистой байдлыг хянах агуу боломжийг олгодог. Амьдралд тань ямар нэгэн зүйл болохоо байвал бишоптой эсвэл салбарынхаа ерөнхийлөгчтэй ариун сүмийн эрхийн бичиг авахаасаа өмнө сайн ярилц. Таныг ариун сүмийн бичиг хүлээн авахуйц зохистой байж өөрийгөө бэлдэхэд тэр туслах боломжтой.

Ариун сүмийн хувцас

Та ариун сүм рүү явахдаа сүмд өмсдөг шиг хамгийн сайн гэсэн хувцсаа өмсөх хэрэгтэй. Ариун сүм дотор та өөрийн хувцсыг ариун сүмийн цагаан хувцсаар сольдог. Ингэж солихдоо хувцаслах өрөөнд орох бөгөөд тэнд та цоожтой шүүгээ болон хувцаслах хувийн тасалгаа ашиглана. Ариун сүмд даруу байдлыг сахихад анхаарна.

Та хувцсаа шүүгээнд хийж үлдээхдээ дэлхийн бүхий л сарниулах зүйлсийг тэнд үлдээж чадна. Эргэн тойронд буй хүн бүр бүгд цагаан хувцастай байх тул ариун сүмд та бусадтай адил тэгш байж, нэгдсэн мэт сэтгэгдэл төрнө.

Ариун сүмийн гарментыг өмсөх

Та хишгээ хүртмэгц ариун сүмийн гарментыг амьдралынхаа турш өмсөхөөр адислагдана. Та хишигт өгөгдсөн зааврын дагуу өмсөх үүрэгтэй. Энэ нандин эрхтэй холбоотой адислалууд нь таны зохистой байдал, ариун сүмийн гэрээнүүдээ дагах итгэлтэй байдал зэргээс хамаарна гэдгийг санаарай.

Гармент нь таны ариун сүмд байгуулсан гэрээнүүдийн байнгын сануулагч болдог. Та үүнд үргэлж хүндэтгэлтэй ханд. Та гарментын ач холбогдлыг ойлгохгүй хүмүүст ил гарган үзүүлэх ёсгүй ба хувцасныхаа хэв загварт тохируулан өөрчлөх ёсгүй. Үүнийг зохих ёсоор өмссөн үед уруу таталт, нүгэл хилэнцийн эсрэг хамгаалалт болдог. Гарментыг өмсөх нь бас Аврагчийг дагах дотоод амлалтын гадаад илрэл юм.

Ариун сүмд орсноор ирэх адислалууд

Ариун сүм нь санваарын ариун ёслолуудыг гүйцэтгэдэг газар байхаас гадна амар амгалан хийгээд илчлэлтийн газар бөлгөө. Та зовж шаналах юм уу чухал шийдвэрүүд оюун санааг тань удаан зовоож байгаа үед ариун сүмээс тусламж авч болно. Тэнд та сүнслэг удирдамж хүлээн авдаг.

Заримдаа та оновчтой бодож, сэтгэж чадахгүй байна гэж бодож магад, учир нь бодол санаа тань анхаарал шаардах олон асуудалд автсан байгаа. Ариун сүмд садаа болох зүйлгүй байж, төөрөгдлүүд хийгээд учир битүүлэг явдлууд замхарч, та урьд өмнө ойлгож байгаагүй зүйлээ ойлгох болно. Та тулгамдсан асуудлуудтайгаа шинэ арга замаар харьцаж чадна.

Хэрэв та ариун сүмийн ариун нандин ёслолын ажилд оролцвол Их Эзэн таныг адислах болно. Түүний танд өгдөг адислалууд таны ариун сүмд байх хугацаагаар хязгаарлагдахгүй. Тэрээр таны амьдралыг бүхий л талаар адислах болно. Ариун сүмд хийж буй хөдөлмөр тань таныг хүчирхэгжүүлж, сүнслэг байдлын хувьд цэвэршүүлнэ.