Бусад эх сурвалж
Ёслолууд


“Ёслолууд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 99–100

“Ёслолууд,” Итгэлдээ үнэнч байх нь, 99–100

Ёслолууд

Сүм дэх ёслол бол санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг ариун, албан ёсны зан үйл юм. Зарим ёслол бидний авралд зайлшгүй хэрэгцээтэй. Эдгээр ёслолыг авралын ёслолууд гэдэг. Эдгээр ёслолд баптисм, гишүүний баталгаа болон Мелкизедек санваарт томилох (эрэгтэйчүүдийг), ариун сүмийн хишиг хүртэх, гэрлэлтийг лацдан холбох нь багтдаг. Бид эдгээр ёслол тус бүр дээр Их Эзэнтэй ариун гэрээнүүд байгуулдаг.

Хүүхдэд нэр өгөх, адислах, тос ариулах, өвчтэй, зовлонтой хүмүүсийг адислах зэрэг бусад ёслол нь мөн санваарын эрх мэдлээр гүйцэтгэгддэг. Хэдийгээр тэдгээр нь бидний авралд нэн шаардлагатай биш боловч бидэнд тайвшрал, удирдамж, урам зориг өгдөг.

Ёслол, гэрээнүүд нь бидэнд хэн болохоо санахад тусалдаг. Тэдгээр нь Бурханы өмнө гүйцэтгэх бидний үүргийг сануулдаг. Их Эзэн тэрхүү ёслол, гэрээнүүдийг Өөр рүү нь очиход мөн мөнх амьдралыг хүлээн авахад туслахын тулд бидэнд өгсөн юм. Биднийг тэднийг хүндэтгэх үед Тэр биднийг хүчирхэгжүүлдэг.

Та санваарын ёслолуудад оролцох олон боломжийг хүлээн авч болно. Та нарт иймэрхүү боломж олдвол уг ёслолыг гүйцэтгэх юм уу хүлээн авахад өөрийгөө бэлтгэхэд чадах бүхнээ хий. Та залбирч, мацаг барьж, санваарын удирдагчтайгаа зөвлөж, судраас болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс суралцсанаар өөрийгөө бэлтгэж чадна. Хэрэв та санваартан бол ёслол үйлдэхдээ үргэлж сүнслэгээр бэлтгэгдсэн байх ёстой. Цэвэр, зохистой амьдралаар амьдарч, Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг хүлээн авахыг хичээ.