Бусад эх сурвалж
Ач ивээл


“Ач ивээл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 41–43

“Ач ивээл,” Итгэлдээ үнэнч байх нь, 41–43

Ач ивээл

Ач ивээл хэмээх үг нь судруудад хэрэглэгдсэнээр, үндсэндээ Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид тэнгэрлэг тусламж, хүч чадал хүлээн авахыг хэлдэг. Төлөөлөгч Паул “бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн” (2 Петр 3:18) хэмээн бидэнд заасан.

Ач ивээлээр аврагдах

Уналтын улмаас хүн бүр зуурдын үхлийг амсах болно. Аврагчийн цагаатгагч золиосоор боломжтой болсон ач ивээлээр бүх хүн амилуулагдаж, үхэшгүй байдлыг хүлээн авах болно (2 Нифай 9:6–13). Гэвч амилуулалт дангаараа Бурханы оршихуй дахь мөнх амьдралыг хүлээн авахад биднийг тэнцэхүйц болгохгүй. Бидний нүгэл хилэнц биднийг цэвэр бус, Бурханы оршихуйд амьдрахад нийцэхгүй болгодог бөгөөд “бидний хийж чадах бүхний дараа” (2 Нифай 25:23) биднийг цэвэршүүлж, төгс болгохын тулд бидэнд Түүний ач ивээл хэрэгтэй.

“Бидний хийж чадах бүхний дараа” хэмээх хэллэг нь Их Эзэний бүрэн дүүрэн ач ивээлийг хүлээн авч, Түүнтэй хамт амьдрахад зохистой болоход бидний талаас хичээл зүтгэл шаардагддаг гэдгийг заадаг. Их Эзэн биднийг Өөрт нь итгэлтэй байх, нүглээ наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах мөн эцсээ хүртэл тэвчих зэргийг багтаасан Түүний сайн мэдээг дагахыг зарлигласан (Иохан 3:3–5; 3 Нифай 27:16–20; Итгэлийн тунхаг 1:3–4-ийг үзнэ үү). Аврагчид ирэн, Түүний сургаалуудад дуулгавартай байх үед бидний хүлээн авах ач ивээлийн тухай бошиглогч Моронай бичжээ.

“Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзагтун; мөн хэрэв та нар бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттайгаас түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно; мөн хэрэв Бурханы ач ивээлээр та нар Христээр төгс аваас, та нар Бурханы хүчийг яав ч үгүйсгэж чадахгүй.

Мөн тэрчлэн, хэрэв Бурханы ач ивээлээр та нар Христээр төгс, мөн түүний хүчийг эс үгүйсгэх аваас, тэгвэл Бурханы ач ивээлээр та нар Христээр, өөрсдийг тань нүглийн ангижралд хүргэх, Эцэгийн гэрээн дэх Христийн цусны урсалтаар ариусгагдсан билээ, тиймээс та нар ариун, толбогүй болно” (Moронай 10:32–33).

Амьдралынхаа туршид ач ивээлийг хүлээн авах

Таны туйлын авралд ач ивээл хэрэгтэйгээс гадна энэхүү боломж олгодог хүч амьдралд тань өдөр бүр хэрэгтэй. Та Тэнгэрлэг Эцэгтээ хичээнгүй, даруу төлөв байдалтайгаар дөхөн очвоос Тэрээр ач ивээлээрээ дамжуулан таныг өргөн, хүчирхэгжүүлэх болно (Сургаалт үгс 3:34; 1 Петр 5:5; С ба Г 88:78; 106:7–8-ыг үзнэ үү). Түүний ач ивээлд найдах нь танд зөв шударгад өсөж, хөгжих боломжийг олгодог. Есүс Өөрөө “эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нь үгүй, харин тэрээр бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж байлаа” (C ба Г 93:13). Ач ивээл нь танд Бурханы хаант улсыг байгуулахад туслах боломжийг олгодог ба энэ үйлчлэлийг та өөрийн хүчээр эсвэл дан ганцаараа өгч чадахгүй (Иохан 15:5; Филиппой 4:13; Еврей 12:28; Иаков 4:6–7).

Хэрэв таны урам хугарах юм уу сайн мэдээгээр үргэлжлүүлэн амьдрахад хэтэрхий сул дорой байгаагаа мэдэрвэл ач ивээлийн хүчээр дамжуулан олж авч чадах хүч чадлыг санагтун. Их Эзэний дараах үгсээс та тайвшрал болон баталгааг олж чадна. “Миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27).