Бусад эх сурвалж
Хүчирхийлэл


“Хүчирхийлэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 220–222

“Хүчирхийлэл,” Итгэлдээ үнэнч байх нь, 220–222

Хүчирхийлэл

Хүчирхийлэл бол бусдыг болон өөрийгөө гэмтээх эсвэл хор хохирол учруулах маягаар хандаж байгаа хандлага юм. Энэ нь оюун санаа, сүнсийг болоод ихэнхдээ бие махбодыг гэмтээн шархдуулдаг. Энэ нь төөрөгдөл, эргэлзээ, үл итгэлцэл, айдсыг төрүүлдэг. Энэ нь нийгмийн хуулийг зөрчиж буй явдал бөгөөд бүхэлдээ Аврагчийн сургаалын эсрэг хэрэг юм. Их Эзэн бие махбод, бэлгийн харьцаа, үг хэл, сэтгэл санааны ямар ч хүчирхийллийг буруушаадаг. Хүчирхийлэх явдал Сүмийн сахилгын арга хэмжээ авахуулахад хүргэдэг.

Хүчирхийлэгчид өгөх зөвлөгөө

Та аливаа харилцаандаа хүчирхийлэх хандлага гаргадаг бол нүглээ наманчлах ёстой. Их Эзэнээс өөрийгөө өршөөхийг гуй. Та хохироосон бүх хүнээсээ уучлал хүс. Наманчлалын үйл явцаар дамжуулан бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч тань тусалж болохын тулд түүнтэй ярилц. Шаардлагатай бол, тэрээр танд нэмэлт зөвлөгөө эсвэл өөр бусад тусламжийг авахад тусална.

Уур хилэн таны хүчирхийлэх зан авирыг өдөөдөг бол уураа барихад суралц. Их Эзэн рүү ирж, залбиран байж Түүнээс туслахыг гуй. Та мөнхийн гэсэн ойлголтоор харвал ач холбогдолгүй зүйлд байнга уураа гаргадаг байснаа ойлгох болно.

Хэрэв та бэлгийн харьцааны хүчирхийллийн буруутан бол оюун санаагаа сахилга баттай байлгахыг эрэлхийл. Таны бодол санаа амьдралд тань хүчтэй нөлөө үзүүлдгийг сана. “Учир нь [хүн] дотроо боддогтойгоо адил юм” (Сургаалт үгс 23:7). Бэлгийн ёс суртахуунгүй харилцааг төрүүлэх порнографаас болон аливаа зүйлээс хол бай. “Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёх” (С ба Г 121:45) чадварын төлөө залбир.

Хүчирхийллийн хохирогчдод зориулсан тусламж

Хэрэв та хүчирхийллийн хохирогч бол яаралтай тусламж авахаар эрэлхийл. Санваарын удирдагчтай, ерөнхийдөө бишоптойгоо эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө, зарим тохиолдолд гадас, дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй ярилц. Тэрээр юу хийхээ мэдэхэд тань тусалж чадна.

Та бусдын хор хөнөөлтэй үйлдэлд буруутгагдахгүй гэдэгтээ итгэлтэй бай. Та гэм буруутай гэх мэдрэмжийг мэдрэх хэрэггүй. Хэрэв та танихгүй хүний болон танилынхаа, бүр гэр бүлийнхээ гишүүний хүчирхийлэлд өртөж, хүчингийн эсвэл бусад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бол та бэлгийн харьцааны гэм нүглийн буруутан биш юм. Та гэм зэмгүй бөгөөд Тэнгэрлэг Эцэг танд хайртайг ойлгоорой.

Зөвхөн Есүс Христ, Түүний Цагаатгалаар дамжуулан ирдэг амар амгалангийн төлөө залбир (Иохан 14:27; 16:33-ыг үзнэ үү). Аврагч таны, тэр ч бүү хэл бусдын учруулсан бүхий л өвчин шаналал, зовлонг мэдэрсэн бөгөөд танд хэрхэн туслахаа мэддэг (Aлма 7:11–12-ыг үзнэ үү). Өш хонзон эрэлхийлэхийн оронд амьдралынхаа хэтийн ирээдүй гэх мэт хянаж болох зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Таныг гэмтээсэн хүнийг уучлах хүч чадлын төлөө залбир.

Санваарын удирдагчаасаа үргэлжлүүлэн тусламж эрэлхийлснээр тэрээр таныг сэтгэл санааны хувьд эдгэрэхэд тань удирдан чиглүүлэх боломжтой. Сайн мэдээний адислалуудаар дамжуулан та хүчирхийллийн давталтыг зогсоож, мэдэрч байгаа шаналлаасаа чөлөөлөгдөж чадна.