Бусад эх сурвалж
Гэр бүлийн түүхийн ажил ба угийн бичиг


“Гэр бүлийн түүхийн ажил ба угийн бичиг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 68–72

“Гэр бүлийн түүхийн ажил ба угийн бичиг,” Итгэлдээ үнэнч байх нь, 68–72

Гэр бүлийн түүхийн ажил ба угийн бичиг

1836 оны 4-р сарын 3-нд бошиглогч Елиа Иосеф Смит, Оливер Каудери нар дээр Көртландын ариун сүмд иржээ. Тэрээр тэдэнд гэр бүлүүдийг үe удмаар нь холбох боломжийг олгох санваарын лацдан холбох хүчийг өгчээ. Энэхүү хүчийг хүртээхэд Их Эзэн өөрийг нь илгээн “эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлэх” бошиглолыг гүйцэлдүүлсэн юм (C ба Г 110:14–16; Maлахи 4:5–6-г үзнэ үү).

Та гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан энэхүү бошиглолыг үргэлжлүүлэн гүйцэлдүүлэх ажилд оролцож чадна. Та өвөг дээдсийнхээ тухай мэдэж авч, тэднийг гэсэн хайраа нэмэгдүүлж чадна. Та тэдний итгэл хийгээд эр зоригийн түүхээс урамшиж чадна. Та тэрхүү өвийг үр хүүхдүүддээ дамжуулж чадна.

Эдгээр нь гэр бүлийн түүхийн ажлаас ирдэг мөнхийн ашиг тус юм. Гэхдээ угийн бичгээ цуглуулах нь Сүмийн агуу их хичээл зүтгэлийн гол шалтгаан биш. Сүмийн бүхий л гэр бүлийн түүхийн хичээл зүтгэл нь “эцгүүд хийгээд хүүхдүүдийн хооронд … гагнагч холбоо”-сыг (C ба Г 128:18) үүсгэх хэрэгцээнд чиглэгддэг. Энэхүү гагнагч холбоос нь өвөг дээдсийнхээ өмнөөс хүлээн авдаг ариун сүмийн нандин ёслолуудаар дамжуулан санваарын хүчээр бий болдог.

Нас барагсдыг аврах

Тэнгэрлэг Эцэгийн олон хүүхэд сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авах боломжгүйгээр нас барсан. Их Эзэн Өөрийн нигүүлсэл, хэмжээлшгүй их хайранд тэдэнд сайн мэдээний гэрчлэлийг олж авах болон санваарын авралын ёслолуудыг хүлээн авах замыг бэлтгэсэн юм.

Сүнсний дэлхийд сайн мэдээ нь “үнэний тухай мэдлэггүйгээр, эсвээс бошиглогчдыг эсэргүүцсэний улмаас зөрчилд, нүглүүддээ нас нөгчсөн тэдэнд сайн мэдээ тийн номлогддог байв. Бурханд итгэх итгэл, нүглээс наманчлах, нүглүүдийн ангижралын тул төлөөлөн хийх баптисм, гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг хүртээхийг тэдэнд заадаг байлаа, мөн тэд махан бие дэх хүмүүсийн дагуу шүүгдэж, харин Бурханы дагуу сүнсэнд амьдрахад өөрсдийгөө тохирохоор болгохын тулд тэдний хувьд мэдэх шаардлагатай сайн мэдээний бусад бүх зарчмыг болой” (C ба Г 138:32–34).

Сүнсний дэлхийд олон нь сайн мэдээг хүлээн авдаг. Гэсэн хэдий ч тэд өөрсдөө санваарын ёслолуудыг хүлээн авч чадахгүй, учир нь тэдэнд бие махбод байхгүй. Тэдний өмнөөс ёслолуудыг ариун сүмүүдэд хүлээн авах онцгой эрх бидэнд байдаг. Эдгээр ёслолд баптисм, гишүүний баталгаа, Мелкизедек санваарын томилгоо (эрэгтэйчүүдэд), ариун сүмийн хишиг, гэрлэлтийн лацдан холболт болон хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбох ордог. Есүс Христийг амилуулагдсаны дараахан Христийн шашинтай хүмүүст илчлэгдсэн байсан энэхүү ажлыг Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд сэргээн илчилсэн юм (1 Коринт 15:29-ийг үзнэ үү).

Нас барсан хүмүүсийг төлөөлөн санваарын ёслолуудыг хүлээн авахад та тэдний хувьд Сион уулан дээрх аврагч болдог (Oбадиа 1:21). Тэдний өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй авралын ажлыг та бусдын төлөө гүйцэтгэдэг учраас таны хичээл зүтгэл Аврагчийн цагаатгагч золиосын сүнстэй дөхөж очдог.

Гэр бүлийн түүхийн ажил дахь таны үүрэг хариуцлага

Гэр бүлийн түүхийн ажилд танд гурван энгийн үүрэг хариуцлага байдаг. Үүнд:

  1. Өөрийнхөө төлөө ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах, ойрын гэр бүлийнхэндээ эдгээрийг хүлээн авахад нь туслах

  2. Ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй байж, боломжтой бол ариун сүмд тогтмол орох

  3. Гэр бүлийн түүхийн мэдээллийг цуглуулснаар ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад өвөг дээдэстээ туслах зэрэг юм.

Та хаана амьдардаг, нөхцөл байдал тань ямар гэдгээсээ үл хамааран ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд бага ч гэсэн оролцож чадна. Та магадгүй бүгдийг хийх боломжгүй байж болох ч зарим нэг зүйлийг хийж чадна. Дараах санаанууд үүнийг эхлэхэд танд туслах болно. Үүнд:

  • Амьдралынхаа чухал үйл явдлуудыг тэмдэглэ. Төрсөн огноо мөн газар, баптисм хүртсэн, гишүүнээр батлуулсан огноогоо тэмдэглэж ав. Хүүхдүүд болон хойч үеийнхний тань итгэлийг хүчирхэгжүүлэх хувийн туршлагуудыг оролцуулан амьдралынхаа онцлох үйл явдлуудыг бичих хувийн тэмдэглэл хөтөл.

  • Өвөг дээдсийнхээ талаар суралц. Ой санаандаа байгаа мэдээллийг болон гэртээ байгаа ашиглах боломжтой эх сурвалжуудаас тэмдэглэж эхэл. Таны тод санаж байгаа, эсвэл ах дүү нар, эцэг эх, авга ах, эгч, эмээ, өвөө, өндөр өвөө, эмээгийнхээ тухай олж чадах чухал мэдээллийг тэмдэглэ. Боломжтой бол гэрчилгээнүүдийнх нь хуулбаруудыг эсвэл энэ мэдээллийг агуулсан бусад бичиг баримтыг олж ав. Мэдээлэл их цуглуулах тусам та архив зэрэг бусад газраас хайхыг хүсэж магадгүй юм. Орон нутгийн тойрог эсвэл салбарт танд тусалж чадах гэр бүлийн түүхийн зөвлөх байж болно. Түүнчлэн та гэр бүлийн түүхэд зориулсан Сүмийн албан ёсны вэбсайт www.familysearch.org руу орж болно.

  • Өвөг дээдсээ олж тогтоосон бол угийн бичгийн хүснэгт болон гэр бүлийн бичээсийн маягтууд ашиглан олсон мэдээллээ тэмдэглэ. Эдгээр маягт цаасаар мөн Хувийн өвөг дээдсийн файл гэх мэт Сүмээс гаргасан цахим программуудаар ч байгаа.

Сайн мэдээг хүлээн авалгүй нас барсан өвөг дээдсийнхээ тухай шаардлагатай мэдээллийг цуглуулсан үедээ тэдний төлөө ариун сүмийн ажил гүйцэтгэхээ баталгаажуул. Хэрэв та болон танай гэрийнхэн ёслолын ажлыг гүйцэтгэх ариун сүмтэй ойролцоо амьдардаггүй бол та өвөг дээдсийнхээ нэрсийг ариун сүм рүү илгээснээр бусад хүн энэ ажлыг тэдний төлөө хийж чадна. Та ойролцоох гэр бүлийн түүхийн төв рүү зочлох боломжтой эсвэл үүнийг хэрхэн хийх талаар орон нутгийнхаа тойрог эсвэл салбарын гэр бүлийн түүхийн зөвлөхтэй зөвлөлдөж болно.

Бошиглогч Иосеф Смит “эдгээр нь бидний авралд хамааралтайн хувьд, нас барагсад хийгээд амьд байгаа хүмүүстэй холбогдсон зарчмуудад хөнгөмсгөөр хандах ёсгүй. Учир нь тэдний аврал шаардлагатай бөгөөд бидний авралд зайлшгүй чухал бөлгөө, … бидэнгүйгээр тэд төгс болгогдож чадах нь үгүй—мөн өөрсдийн нас барагсадгүйгээр бид төгс болгогдож чадах нь үгүй болой” (C ба Г 128:15) хэмээн тунхагласан. Гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор та өөрөө төдийгүй таны өвөг дээдэс аврал өөд өсөж хөгжинө.