Номлолын дуудлагууд
Аюулгүйн удирдамж 4


Аюулгүйн удирдамж 4

Нэгдмэл бай

Их эзэн “Нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой” (С ба Г 38:27) хэмээн хэлсэн. Үйлчилж байгаа номлолдоо бүгд нэг нэгнээ хүчирхэгжүүлж, урамшуулан, дэмжиж болохын тулд нэгдмэл, дуулгавартай, энэрэл, халамж, сонор сэрэмж, хариуцлагатай байх соёлыг нэвтрүүлэн хөгжүүлэхэд тусал. Бүх номлогчийг эдгээр аюулгүйн удирдамжийг дагаж мөрдөхөд урамшуулан дэмжиж, шаардлагатай үедээ тусламж хүсэхдээ санаа зовохооргүй байлгах хэрэгтэй. Итгэлцлийн ийм соёлыг хөгжүүлэх нь танд болон бусад номлогчид ганцаардмал байхаас зайлсхийх, зөв шударга дадал хэвшлийг бий болгож хөгжүүлэх, нэг нэгнээ уруу таталтаас хамгаалахад туслах болно.

Та зөв шударга дадал хэвшилтэй болохыг хичээж байхдаа бусад номлогчоос тусламж эрэлхийлэн, дэргэдээ байгаа номлогчдод туслахаар бэлтгэ. Хамтрал болон дүүргийн хувьд нэг нэгнээ хамгаалж, хүчирхэгжүүлэхдээ “Мөн хэрэв та нарын дунд хэн нэгэн нь Сүнсэнд хүчтэй байх аваас, тэрээр сул дорой болох түүнийг, тэрээр бүхий л номхон дөлгөөн байдалд сэнхэрч болохын тулд, тэрээр тэрчлэн хүчирхэг болж болохын тулд өөртэйгөө хамт авч яваг” (С ба Г 84:106) хэмээн сударт өгүүлсэнчлэн нэгдмэл бай. Түүнчлэн Их Эзэнтэй нэг байж, аюулгүйн удирдамжийг дагахаар хичээж зүтгэх бүрдээ Түүнд найддаг байхаа санаарай.

Та технологийг зөв ашиглаж байгаа эсэхдээ эргэлзэж байвал хамтрагчтайгаа болон дүүргийнхээ гишүүдтэй ярилц. Ямар нэг шалтгаанаар та уруу татагдаж байгаагаа мэдэрч байвал хамтрагчаасаа юм уу номлолын удирдагчаасаа тусламж хүс. Бараг бүх интернэт эсвэл порнографтай холбоотой асуудал бэрхшээл ганцаараа байх үед тохиолддог гэдгийг санаарай. Ийм учраас та ганцаараа байх үедээ хөдөлгөөнт хэрэгслээ хэзээ ч бүү ашигла. Энэхүү зааварт та ариун цэврийн өрөө рүү хөдөлгөөнт хэрэгслээ авч орохгүй байх, хамтрагч тань ариун цэврийн өрөөнд байх үед хэрэгслээ ашиглахгүй байх зэрэг нь бас хамаарна. Та хамтрагчдаа болон бусад номлогчид юун дээр тусламж авмаар байгаагаа мэдэгдэх хэрэгтэй. Нэг нэгэндээ туслах нь сүнслэг хүч чадлыг тань өсгөх зөв хандлага бөгөөд энэ нь таны хайраа илэрхийлэх боломж юм.

Номлогчдын хоорондын иймэрхүү харилцаа нь таагүй эсвэл хэцүү түвэгтэй байж болох учраас бусад номлогчид туслах эсвэл тэднээс тусламж эрэлхийлэхдээ дараах зарчмуудыг санаарай.

Зураг
явган хүний замаар алхаж буй хоёр эмэгтэй номлогч

Та хөдөлгөөнт хэрэгсэл ашиглах болгондоо хамтрагчтайгаа нэгдмэл байж ажилла.

  • “Хамтрагчид … хүнд хэцүү цаг үед бие биенээ хүчирхэгжүүлдэг. Тэд бие махбодод аюул заналхийлэх, хуурамч сэтгэл хөдлөл, уруу таталтаас хамгаалах хамгаалалт болдог. Хамтрагчаа хайрла, хүндэл” (Missionary Handbook [2006], 30).

  • Хамгийн сайн гэсэн бодол санаа, зорилгыг агуулж бай. Жишээлбэл: Хэрэв таны хамтрагч аюулгүйн удирдамжийг дагахгүй байгаа бол түүнийг сайн ойлгож мэдээгүй байгаа гэж бодоорой. Түүнийг дүрэм журмаа мэдсээр байж, дагахгүй байна гэж бүү бод.

  • Өөрийнхөө өнгөрсөн үеийн гэм нүглийн талаар бусад номлогчтой бүү ярилц. Бусдаас тусламж хүснэ гэдэг нь урьд өмнө мэдэрсэн туршлагаасаа хуваалцах эсвэл өөрийгөө яагаад эмзэг байгааг тайлбарлана гэсэн үг биш юм. Хэрэв танд зохистой байдлын талаар асуух зүйл байвал номлолын ерөнхийлөгчтэйгөө ганцаарчлан ярилц. “Та эхлээд Их Эзэнд, дараа нь номлолынхоо ерөнхийлөгчид, дараа нь хамтрагчдаа үнэнч байх” тухай санаарай (Missionary Handbook, 32).

  • Хэрэв өөр номлогчийн талаар ямар нэг зүйл олж мэдсэн эсвэл гэрч болсон бол нууцыг нь үргэлж хадгал. Тэрхүү номлогчийн талаар бусад номлогчид хэлж, хов зөөж болохгүй. Асуудалтайгаа тэмцэж байгаа тухайн номлогчид хайраа илэрхийлж, түүнийг дэмж. Сониучирхсан асуулт бүү тавь. “Бүх номлогч, нэн ялангуяа [номлолын удирдагч], [номлолын] албанд үйлчилж байгаа номлогчид бусадтай хувийн асуудлын талаар ярихгүй байж, нууцыг хадгалах ёстой” (Mission President’s Handbook [2006], 20).

  • Хэрэв зарим номлогч аюулгүйн удирдамжийг дагахгүй байвал тэдэнтэй сүрдүүлсэн, шүүсэн байдлаар бүү ханд. Харин “Яагаад ийм зүйл хийснийг чинь ойлгоход надад туслаач” хэмээн тухайн номлогчийг ойлгохыг хүссэн, элэгсэг дотно байдлаар асуу. Тэгээд хамтдаа төлөвлөгөө гарга. “Бид юу хийх хэрэгтэй вэ?” мөн “Бид бие биендээ хэрхэн тусалж болох вэ?” хэмээн асуу.

  • Энэ удирдамжийн 15-р хуудсан дээр байгаа (1) сонор сэрэмжтэй байж, хүлээн зөвшөөр, (2) үйлдлээ сонго, (3) суралц мөн сайжруул гэсэн явцын дагуу үйлд.

  • Хэрэв уг номлогчид аюулгүйн удирдамжийг дагахад хэцүү байгаа бол номлолын ерөнхийлөгчийг эсвэл өөр зохих номлолын удирдагчийг оролцуул. Асуудалтай байгаа номлогчид хэрхэн хамгийн сайнаараа тусалж болох талаар зөвлөгөө эрэлхийл.

  • Технологийг буруу ашиглах асуудалтай номлогчид ихэвчлэн хийж байгаа зүйлээ буруу гэдгийг мэдэж байдаг. Тэд тусламж хүсэх үедээ энэрэл, дэмжлэг, хайр мэдрэх хэрэгтэй. Харин ичиж зовох юм уу буруутай хэмээн мэдрэх ёсгүй юм. Асуудалд тайван ханд. Үргэлж Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

  • Нэг нэгнээ дэмжих арга замынхаа талаар санал нэгдэхийн тулд хамтрагчтайгаа болон дүүрэгтэйгээ хамтдаа ажилла. Хуучин дадал зуршил руугаа ороод байгаа гэдгээ мэдвэл хамтрагч юм уу номлолын удирдагчтайгаа ярилц. Та тэдний тусламжтайгаар дараах зүйлсийг хийж чадна. Үүнд:

    • Шинээр төлөвлөгөө гарга.

    • Аюулгүйн нэмэлт удирдамж гарга.

    • Үүрэг хариуцлагатай байхад тань туслахыг тэднээс хүс.

    • Зорилго дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслахын тулд өөрчлөх хэрэгтэй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өг.

Их Эзэн танд болон дуудсан номлогч бүрдээ итгэл хүлээлгэсэн гэдгийг санаж байгаарай. Тэрээр таныг хамгаалах, дэмжих хамтрагч, удирдагчийг өгсөн. Тэр танд тулгарч байгаа асуудал бэрхшээлийг мэддэг бөгөөд энэхүү агуу ажилд нь туслах үед танд туслахаар бэлтгэсэн байдаг. Номлогчдын хувьд нэгдмэл байх нь зөвхөн номлолын ажлыг урагшлуулаад зогсохгүй, та бүхнийг номлолын дараа гэр бүлтэй болж, Сүмийн үүрэг хариуцлага хүлээхэд тань бэлтгэх болно.

Зураг
компьютер ашиглаж буй хоёр ахлагч