Номлолын дуудлагууд
Удиртгал


Удиртгал

Түүхийн туршид Их Эзэн зорилгоо биелүүлэхийн тулд тэнгэрлэг зэмсэг ашиглаж иржээ. Жишээлбэл: Урим ба туммим нь Бурханы үгийг хөрвүүлэхэд тус нэмэр болсон. Лиахона нь Лихай болон түүний гэр бүлийг амлагдсан нутаг руу аялахад зүг чиг зааж өгч байсан. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл өнөө үеийн тэнгэрлэг зэмсгийн талаар “Их Эзэн мэргэжлийн бус хүмүүсийн төсөөлж ч чадахгүй технологиор биднийг хангахыг ихэд хүсч байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хэлсэн билээ (“When the World Will Be Converted,” Ensign, 1974 оны 10-р сар, 10). Ерөнхийлөгч Кимбаллыг ийнхүү хэлснээс хойш технологийн олон арга хэрэгсэл Их Эзэний зорилгыг урагшлуулахын төлөө илчлэгдэж, та бүхэн ажилдаа эдгээр хэрэгслийг ашиглах боломжтой болсон. Ахлагч Л.Том Пэрри “Номлогчид сайн мэдээ түгээхээр хичээн зүтгэхдээ одоо интернэт ашиглах эрхтэй боллоо. Номлогчид Сүмийн цуглааны байр болон бусад байгууламжид байхдаа компьютер ашиглах болно” хэмээн зарласан (“Missionary Work in the Digital Age” [Дэлхий дахины удирдагчдын сургалт, 2013 оны 6-р сар]; lds.org/broadcasts).

Зураг
Лихай ба түүний гэр бүл лиахонатай хамт

Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа учраас Түүнд үйлчлэх үйлчлэлд тань туслах зорилгоор одоо таны хүлээн авсан технологийг өгсөн. Технологи сайн сайхныг үйлдэхэд зориулагдсан атал Сатан хилэнцийг дэмжих, Их Эзэний ажлыг тасалдуулах гэж энэ технологийг ашиглахыг хичээдэг. Та нар авралын ажлыг урагшлуулах зорилгоор бүтээгдсэн эдгээр хэрэгслийг зорилгынх нь дагуу ашиглахад суралцах нь маш чухал. Энэхүү товхимол нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах”(Moсе 1:39) Их Эзэний зорилгын төлөө ажлыг урагшлуулах, номлолынхоо зорилгыг биелүүлэхэд тань эдгээр хэрэгслийг зохих ёсоор ашиглахад туслах аюулгүйн удирдамжийг агуулсан. Эдгээр удирдамж нь түүнчлэн Есүс Христэд итгэх таны болон үйлчилж буй хүмүүсийн тань итгэлийг хүчирхэгжүүлэх технологийг ашиглах сүнслэгээр өдөөсөн арга замыг нээх юм. Энэ удирдамж нь ариун бус зүйлс оюун санаанд тань орохоос хамгаалах ариун сүмийн хаалганы цоож мэт байх болно. Паул “Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? хэмээн заасан (1 Коринт 3:16). Эдгээр удирдамж таныг хамгаалж, порнограф зэрэг зохисгүй агуулга бүхий Ариун Сүнсийг гутаах хортой мэдээлэл, туршлагаас зайлсхийхэд тань туслах болно. Мөн тоглоом, мэдээ, спорт, видео бичлэг, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зохисгүй ашиглах зэрэгт цаг заваа үрэхээс зайлсхийхэд тусална. Эдгээр зарчмыг хэрэгжүүлэх нь бусдад туслах таны чадавхыг хөгжүүлэх бөгөөд таныг амьдралын тань туршид адислах юм.

Ариун Сүнсийг өөрийн эрхгүй дагадаг байхад суралц. Таныг Христтэй илүү адил болохыг хичээхэд эдгээр удирдамж тусална. “Аврагч замыг үзүүлсэн. Тэр бол бидний төгс үлгэр жишээ бөгөөд бидэнд Өөртэй нь адил болохыг зааварласан (3 Нифай 27:27-г үзнэ үү)” (Миний сайн мэдээг номло: Номлогчид зориулсан удирдамж [2004], 115). Технологийг хэрхэн ашиглахтай холбоотой хийх сонголт тань таныг Аврагчтай илүү адилхан болоход тусална. Та Их Эзэний мутар дахь үр дүнтэй зэмсэг болохоор эрэлхийлэхдээ Христийн Цагаатгалаар дамжуулан өгөгдсөн тусламжинд буюу хүч болох ач ивээлд найд.

Та хувиараа болон хамтрагчтайгаа мөн бусад номлогчтой эдгээр аюулгүйн удирдамжийг хэрхэн дагах талаар суралцаж, амлалт өгөх болно. Мөн та аюулд өртсөн, эмзэг мэт санагдсан үед тус болох үйл явцын талаар суралцах болно. Энэ мэдээллийг дахин дахин унш. Та эдгээр зарчмыг бодох, үйлдэх арга барилынхаа нэг хэсэг болтол судалж, тунгаан бодож, хэрэгжүүл.

Зураг
Солт Лэйкийн ариун сүмийн хаалганы гоёмсог бариул

“Есүс Христийн сайн мэдээ бол Бурханы хүүхдүүд биднийг ямар болж чадах, ямар болох ёстой түүн шиг нь болгож чадах төлөвлөгөө билээ. Энэхүү толбогүй, төгс төгөлдөр байдал нь гэрээ, ёслол, үйлдэл, зөв сонголтуудын нийлбэрийн үр дүнд мөн тасралтгүй үргэлжлэх наманчлалын үр дүнд бий болдог” (Даллин Х,Өүкс, “The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 33).