2022
Зүгээр л дахин оролдоод үз
2022 оны 9-р сар


“Зүгээр л дахин оролдоод үз,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Зүгээр л дахин оролдоод үз

Би сайн зүйл хийгээд завгүй байсан ч илүү чухал зүйлийг үл тоомсорлосноос болж Их Эзэнтэй харилцах харилцаа маань муудсан байв.

Зураг
Дэлгээстэй судрын ном

Би 2019 оны 1-р сард номлолоо дуусгах үедээ өдөр бүр судраас судлах дадлаа хялбархан үргэлжлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Эхэндээ яг л бодсоноор минь болов. Ажлаа тарж, гэртээ ирээд, судар тогтмол уншдаг байлаа. Би судруудыг уншиж, Аврагчийн тухай суралцахад бүхнээ зориулж байгаадаа баяртай байсан.

2019 оны 6-р сард найз залуу маань номлолоосоо буцаж ирэхэд энэ байдал өөрчлөгдсөн. Бид шууд л үерхэж, зургаан долоо хоногийн дараа сүй тавьсан юм.

Хуримын ёслолоо төлөвлөх, ажлаа хийх, их сургуульд сурах, сүйт залуутайгаа цагийг өнгөрөөх гээд завгүй байсан болохоор удалгүй судраас судлах цаг маань долоо хоногт цөөрөв. Би сайн зүйлд анхаарлаа хандуулж байсан ч Их Эзэнтэй харилцах харилцаагаа санамсаргүй орхигдуулсан байлаа.

Нөхөр, бид хоёр 2019 оны 11-р сард гэрлэсэн. Хуримын дараа би уншаагүй үлдээсэн хэсгээсээ үргэлжлүүлэхийг хичээв. Хэдэн сарын турш нөхөр бид хоёр хамтдаа судруудыг амжилттай судалсан. Өглөө бүр бид хэдэн минутын турш судруудыг уншиж, ажил, сургууль руугаа яаран гарахаасаа өмнө “Ирээд, Намайг дага” гарын авлагын талаар ярилцдаг байв.

Дараа нь COVID-19 цар тахал дэгдэв. Хичээл, ажлын хатуу хуваарь үгүй болж, бид өглөө судар судлах хэвшлээ алдсан. Бид тогтмол бус суралцсанаас болж Их Эзэнтэй харилцах харилцаа маань муудав. Хөл хорио цуцлагдаж, бид эргээд Сүмдээ явж эхэлсэн ч судраас суралцахад хүндрэлтэй хэвээр байв.

Сүмийн гишүүдэд судраа тогтмол уншихад хэцүү байх үе байнга гардаг. Бидний амьдрал завгүй, өдөр бүр сорилттой тулгардаг. Гэхдээ дахин эхлэхэд хэзээ ч оройтохгүй.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэн мөнхийн өсөлт хөгжлийн энэ шатанд биднээс төгс төгөлдөр болохыг шаарддаггүй” гэж заасан. Гэхдээ тэр “Бид бүгд илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна”1 хэмээн нэмж хэлсэн.

Нөхөр бид хоёр судраа дахин унших амлалтыг саяхан өгсөн. Бид энэ тал дээр төгс бус хэвээр байгаа ч гэрчлэлээ бэхжүүлэхийг өдөр бүр хичээдэг. Их Эзэн бидэнд наманчилж, илүү сайн үйлдэж, илүү сайн байх олон боломж олгосонд би талархаж байна.