2022
Мормоны Номын тухай миний хариулт
2022 оны 9-р сар


“Мормоны Номын тухай миний хариулт,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Мормоны Номын тухай миний хариулт

Би ээжийгээ “засах” гэж маш шаргуу хичээсэн ч түүнд зөвхөн Бурханы хүчирхэг энгийн үг л хэрэгтэй байжээ.

Зураг
Ээж, охин хоёр

Энни ээжийнхээ хамт

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Би 2002 оны 6-р сард баптисм хүртсэнийхээ дараа итгэлийнхээ талаар ээжтэйгээ хуваалцсан юм. Ээж надтай Сүмд байнга явдаг байсан ч илүү ихийг сурч мэдэхийг хүсдэггүй байлаа.

Эцэст нь 10 жилийн дараа ээж маань баптисм хүртэхээр шийдэв. Би үнэхээр их баярласан. Харамсалтай нь, хэдэн жилийн дараа тэр гэрчлэлээ хүчирхэгжүүлэхээ больж, Сүмд явахгүй байх шалтаг гаргав.

Би түүнийг Сүмд ирэхийг ятгасан боловч энэ нь зөвхөн маргаанд хүргэв. Эцэст нь, би харилцаагаа сэвтээхгүйн тулд түүнийг хүчлэхээ больсон.

2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы үеэр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн гишүүдийг Сэргээлтийн талаарх гэрчлэлээ бэхжүүлэхийн тулд “[өөрийн] төлөвлөгөөг боловсруулахад”1 урив. Түүний энэ урилгын талаар бодож байх үед ээжтэйгээ харилцах харилцаагаа сайжруулахын тулд ямар нэгэн зүйл хийх ёстой юм шиг надад санагдав.

Шинэ оныхоо төлөвлөгөөг гаргаж байхдаа ээжтэй хамт Мормоны Номыг унших зорилго тавив. Түүнийг нүд маань өвдөөд байна гэж хэлэх бүрд би “та зүгээр л сонсож болно” гэж хэлдэг байлаа. Түүнийг аяга тавгаа угаах хэрэгтэй гэж хэлэх бүрд би гал тогооны өрөө рүү дагаж ороод, чанга уншдаг байлаа.

Ээж маань анхааралтай сонсож, миний уншсан зүйлсийг тогтоосон байв. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр өөрөө уншихыг сонгосон. Хожим нь тэр надад Мормоны Номыг жирийн нэг хүн бичээгүй гэж хэлсэн юм. Тэрээр уг ном бол Бурханы үг гэдэгт огтхон ч эргэлзэхээ больсон байв. Тэр анхандаа сонирхдоггүй байсан бол Мормоны Номыг унших хүсэлтэй болж, гэрчлэлээ хуваалцахыг харах нь миний хувьд гайхамшиг байсан.

Ээжийг баптисм хүртэх үед би түүнийг зөвхөн миний төлөө Сүмд нэгдсэн байх вий дээ гэж санаа зовж байв. Харин одоо тэр өөрийн гэсэн гэрчлэлтэй болсон. Олон жилийн турш би түүнийг “засах” гэж хичээсэн ч түүнд зөвхөн Бурханы хүчирхэг энгийн үг л хэрэгтэй байжээ.

Бидэнд цаг тухайд нь хэрэгтэй удирдамж өгдөг амьд бошиглогчдоо би талархаж байна. Хэрэв бид түүний заасан зүйлийн дагуу үйлдвэл агуу адислалууд ирэх болно. Их Эзэн биднийг адислахыг хэчнээн их хүсдэгийг энэ туршлага надад харуулсан билээ. Миний хийсэн зүйл бол Мормоны Номоос хэдэн бүлгийг ээждээ уншиж өгөх явдал байв. Тэгээд үлдсэнийг нь Их Эзэн хийсэн!

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Хаалтын үг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 138-ыг үзнэ үү.?