2022
Нас ахихын гоо үзэсгэлэн
2022 оны 9-р сар


“Нас ахихын гоо үзэсгэлэн,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Нас ахисан ч итгэлтэй хэвээр

Нас ахихын гоо үзэсгэлэн

Би инээж, уйлахгүй байснаас үрчлээтсэн царайтай байх нь дээр гэж шийдэв.

Зураг
Эмээ ач охиноо тэвэрч байгаа нь

Би хүүхэд байхдаа эмээгийнхээ үрчлээтсэн хацрыг хардаг байснаа санаж байна. Нүднийх нь эргэн тойронд үрчлээ тогтож, дээд уруулыг нь жижиг зурааснууд чимсэн байлаа. Би түүнээс яаж үрчлээтэхгүй байх талаар асуув.

“Битгий инээ. Бас битгий уйл” гэж тэр хэлсэн юм.

Би түүний зөвлөгөөг нэг өдрийн турш дагасны эцэст бууж өгөв. Хүн инээхгүй, уйлахгүйгээр яаж амьдрах юм бэ? Тэгээд би инээж, уйлахгүй байснаас үрчлээтсэн царайтай байх нь дээр гэж шийдэв.

Мормоны Номд Лихай хүү Иаковдаа бид энэ мөнх бус амьдралд баяр баясгалантай байж болохын тул байгаа гэж заасан (2 Нифай 2:25-ыг үзнэ үү). Гэхдээ тэр бас баяр баясгаланг мэдэхийн тулд зовлонг (2 Нифай 2:22–23-ыг үзнэ үү) мэдрэх ёстой гэж заасан. Би амьдрал туулж буй хүмүүсийн нүүрэнд баяр баясгалан, зовлонгийн аль алиных нь нотолгоо сийлэгдэхийг харсаар ирсэн. Тэдний царай амьдралынхаа түүхийг агуулдаг.

“Үзэсгэлэнтэй хөгшид бол урлагийн бүтээл”1 гэж хэлсэн хүнтэй би санал нэг байна. Зарим хүний насны онцлог шинж нь тэднийг онцгой болгодог. Жишээлбэл: Би цагаан үстэй, цагаан хувцастай ариун сүмийн ажилтан эгч нарын нүд рүү ширтэхдээ тэдний нүднээс цацрах ер бусын гэрэл, царайд нь тодрох инээмсэглэлийг хараад гайхширдаг байсан.

Одоо би өөрөө нас дээр гарч байгаа болохоор нас ахихыг дагаад тодорхой баяр баясгалан ирдэг гэдгийг ойлгож мэдэж байна. Жишээлбэл: Би өөрийнхөө биед илүү дасан зохицсон. Бие махбод минь одоо ч ажиллагаатай байгаад би талархаж байна! Би өмнөхөөсөө илүү удаан алхаж, удаан ярьдаг байж магадгүй юм. Хөл бүдүүрч, гар пэмбийж магадгүй. Гэхдээ би урьд урьдаас ч илүү зөөлөн гартай болсон гэж бодох дуртай.

“Энэ амьдралд оюун билгийн ямар ч түвшинд хүрлээ гэсэн, энэ нь амилуулалтад бидэнтэй хамт сэргэн босох болно” (Сургаал ба Гэрээ 130:18) гэсний учир би үргэлжлүүлэн ахиж, сурч чадна гэдгээ мэднэ. Тиймээс ухаарч болох сургамжийг тэсэн ядан хүлээдэг. Нэмж хэлэхэд, би ач, зээ нар гээд бусад хүнд амьдралын минь түүхээс суралцахад тусалж чадна.

Зураг
эхнэр, нөхөр хоёр хамт сууж байгаа нь

Загвар өмсөгчдийн дүр зураг

Нөхөр, бид хоёр бие биеэ хүлээн зөвшөөрч, бид ч бас хамтдаа сурч, хөгжиж чадна гэдгээ мэддэг болсон. Хамтдаа даван туулсан шуурганы улмаас бидний гэрлэлт илүү баян болсон. Хүүхдүүд маань зарим үед бидний бахархлыг төрүүлж, зарим үед бидний санааг зовоож өссөн. Ач, зээ нар маань жинхэнэ баяр, баясгалан авчирдаг.

Нас ахих тусам мөнх бус амьдрал мөнх биш гэдгийг ухаарсан. Хийхээр зорьсон зүйлүүдээ хийх цаг нь одоо гэдгийг мэдсэн. Одоо биш бол хэзээ гэж? “Тийм ээ, болгоогтун энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм” (Алма 34:32). Нас ахих тусам бид хэлээгүй үгсээ хэлж, харилцаагаа эдгээж, үлдсэн зорилгоо биелүүлэх цаг нь одоо гэдгийг ухаардаг.

Би насаа ахих тусам хойч үедээ үлдээх өвийнхөө тухай боддог болсон. Үлдээх өвийн маань нэг хэсэг нь баяр баясгалан, уй гашууг туулж байхдаа мэргэн ухаан олж авсан явдал гэж би найдаж байна. Ийм л учраас би нас ахихын гоо үзэсгэлэнг олсон.

Зохиогч нь АНУ-ын Калифорниад амьдардаг.

Эх сурвалж

  1. Элианор Рүзвэлтийн үгээс эш татав; A-Z Quotes, azquotes.com-ыг үзнэ үү.