2022
Гацаанд орсон байдлаас зайлсхийх загвар
2022 оны 9-р сар


“Гацаанд орсон байдлаас зайлсхийх загвар,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Гацаанд орсон байдлаас зайлсхийх загвар

“Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд бай[сан].” (Лук 2:52) Бид ч мөн ийн чадна.

Зураг
нар жаргахыг ширтэж буй эрэгтэй

Гэрэл зургийг Жүдит Анн Бэк

Гацаанд орсон мэт санагдах

Ганц бие залуу хүний хувьд сайн мэдээний дагуу амьдрахаар хичээх үедээ өөрчлөхийг хүсдэг тодорхой хэсгүүд дээрээ ач холбогдол өгөхгүй байх нь хэцүү байж болох юм. Заримдаа бидэнд ахиц дэвшлийнхээ хязгаарт хүрсэн юм шиг санагддаг. Миний хувьд тодорхой чиглэл дээр гацаанд орсон мэт санагдаж, энэ мэдрэмж багасаж эсвэл нэмэгдэн, сар, өдрөөр яваандаа жилээр намайг дагах нь бий. Надад үргэлж аз жаргалтай байх, амьдралын сайхныг мэдрэх олон шалтгаан байсан ч нэг удаа энэ гацсан мэт мэдрэмж надад маш хүнд туссан.

Тэр үед өсвөр насны үеэл дүү маань надтай цагийг өнгөрөөхийг хүссэн юм. Тэрээр амьдралдаа зорилго тавих хэрэгтэйгээ ойлгож, надаас зөвлөгөө авахыг хүсэв. Надад агуу мэргэн ухааныг санал болгох хүч чадал байгаагүй ч би түүнийг сонссон. Би тусламж хүсэн, Бурханаас “залбиран гуйж” (Алма 34:17–27-г үзнэ үү) болно гэдгээ мэдэж байсан ба үеэлдээ ямар нэгэн утга учиртай зүйл хэлэхийн тулд залбирав. Хариуд нь би Лук 2:52-т цэдэглэгдсэн “Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа” гэснийг саналаа.

Би өөрийнхөө бус үеэлийнхээ хэрэгцээнд анхаарлаа хандуулахыг хичээх тусам миний дотор ямар нэг зүйл өөрчлөгдөж эхлэв. Үеэл, бид хоёр Христ хэрхэн сүнслэг, нийгмийн, бие бялдрын, оюуны талууд дээрээ өсөж хөгжсөн талаар мөн бид ч бас ийн үйлдэж чадна хэмээн ярилцсан. Хэдийгээр миний үеэлийн хэрэгцээ минийхээс өөр байсан ч өсөлт хөгжлийн эдгээр дөрвөн хэсэг нь бид хоёрт хамаатай байлаа. Энэ судрын тухай ярьж байхдаа энэ нь гацаанаас хэрхэн гарах тухай миний асуултуудад хариулж байгааг ухаарсан юм.

Чиглэлээ өөрчлөх, төлөвлөгөөний дагуу ажиллах

Би Аврагчийн адил өсөж хөгжихийг хичээхийн хэрээр чиглэл маань өөрчлөгдөж, энэ өөрчлөлт олон адислал авчирсан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой”1 билээ. Есүс Христтэй илүү адил болж өсөж хөгжих гэсэн миний хичээл зүтгэл анхаарлыг минь татаад байсан нөхцөл байдлаас намайг холдуулж, үр бүтээлтэй ажиллах боломжтой тал руугаа чиглэхэд тусалсан. Би дотроо эргэцүүлэн боддог байсан бол гадагшаа үйлдэл хийх чадвартай болж эхэлсэн.

Би Лук 2:52-т дурдсан талбар бүрд хэрхэн хөгжих талаараа тухайлбал ариун сүмд тогтмол оролцохоос эхлээд холын зайн дугуйн уралдааныг дуусгах зэрэг төлөвлөгөөг чин сэтгэлээсээ бодож үзэв.

Зураг
Тэннэссийгийн Мэмфисийн ариун сүм

Тэннэссий дэх Мэмфисийн ариун сүмийн гэрэл зургийг Жэймс Витни Янг

Зорилгуудынхаа талбар бүрд би зарим нэг ажиглалт хийсэн юм.

  1. Нэг зорилгынхоо төлөө ажиллаж байх үед минь Христ намайг уг зорилгын хүрээнд сүнслэг, нийгмийн, бие бялдрын, оюуны талууд дээр хүчирхэгжүүлж байгааг би олон удаа мэдэрсэн.

  2. Ховор тохиолдолд, ямар нэгэн зорилго нь өсөлт хөгжлийн бусад талбараас тусдаа биелсэн ч тэд бие биедээ нөлөөлж, бие биедээ тулгуурласан мэт байв. Нэг талбарт сайжирснаар нөгөө бүх талбарт сайжирч байв. Аль нэг талбарыг үл тоомсорлох нь нөгөө бүх талбарт адилхан нөлөөлөв. Талбар болгонд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг би ухаарсан.

  3. Бараг бүх зорилгод бусад хүн оролцсон ба би тэднээс суралцаж, тэдэнтэй санал бодлоо хуваалцаж, харилцаа холбоогоо гүнзгийрүүлсэн.

Христ доторх баяр баясгаланг олж, хуваалцах

Надад бусдын өсөж хөгжихийг харж, урам зориг авах боломж үргэлжлүүлэн олдсон ба би ч гэсэн тэдний төлөө ижил зүйлийг хийж чадна гэж найдаж байна. Би саяхан амьдралынхаа зарим нөхцөл байдалд гацаж, бухимдсан ганц бие найзтайгаа ярилцсан юм. Би түүнийг ойлгохын тулд эхлээд сонсоод, дараа нь надад тусалсан туршлагаа, өсөлт хөгжлийн талбар бүр Аврагч руу чиглүүлдэг тухай хуваалцав.

Хэдэн жилийн өмнө амьдралын минь талбарууд дээр үүссэн гацаанууд бүгд биш ч өөрчлөгдсөн ба түүний зэрэгцээ би Аврагч дээр илүү анхаарч, Түүн шиг өсөж хөгжихийг хичээхийг сурснаараа бас өөрчлөгдсөн билээ. Ерөнхийлөгч Нэлсон хэлэхдээ “бидний хянаж чадах олон зүйл байдаг. Бид эн тэргүүнд тавих зүйлсээ тогтоож, эрч хүч, цаг зав, арга ухаанаа хэрхэн зарцуулахаа тодорхойлдог. … үнэн хийгээд удирдамжийн төлөө хэнд хандахаа сонгодог”2 гэсэн. Бидний нөхцөл байдал ямар ч бай Лук 2:52 дахь өсөлт хөгжлийн талбарууд биднийг чиглэлээ өөрчилж, Тэнгэрлэг Эцэгээр болон Аврагчаар дамжуулан илүү их баяр баясгалан, ахиц дэвшлийг олж авахад тусалж чадна.

Зохиогч нь АНУ-ын Тэннэссий мужид амьдардаг.