2019
Дээрэнгүй зангаас баптисм хүртэл
2019 оны 10-р сар


Дээрэнгүй БАЙСАН Ч баптисм ХҮРТСЭН

Та нарын нөхөрлөл, зөв шударга үлгэр жишээ найз нөхдийг тань болон үр удмыг тань адислах болно.

Зураг
young men tempting Hugo to smoke

Зураг чимэглэлийг Брүк Смарт

Би ахлах сургуульд 17 настай байх үедээ үе тэнгийнхнийхээ хүнд дарамттай тулгарах болов. Найзууд маань надаас өөр үнэт зүйл эрхэмлэдэг байв. Би найзуудтайгаа хамт сагс, хөл бөмбөг гээд олон зохистой үйл ажиллагаанд оролцдог байлаа. Гэвч тэд бас архи уух, тамхи татах гээд миний хийдэггүй хоёр зүйлийг хийдэг байв.

Нэг өдөр би найзуудтайгаа хамт сургуулиасаа гадуур, үдээс хойш өгөх шалгалтдаа бэлтгэж байлаа. Хуан, Франциско (нэрсийг өөрчлөв) гэсэн хоёр дотнын найз маань надтай хамт байсан юм. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг нь асаагуур, тамхи хоёр гаргаж ирэхэд найзууд маань хичээлээ хийж байгаад уйдаж, намайг тэнд байгааг мартсан байх гэж би бодов. Тэднийг над руу эргэж хараад, “Одоо Хюгог тамхи татаж сургах цаг болсон” гэж хэлэх үед буруу бодож байснаа би мэдсэн юм.

Намайг хариулж ч амжаагүй байтал Хуан, Франциско хоёр над руу дайрч, нэг нэгээрээ хоёр гараас маань барив. Тэд миний гарыг дарангаа нэг нь урууланд маань тамхи хавчуулах гэлээ. Миний бие хүлээж аваагүй бөгөөд би тамхийг өөрөөсөө хол газар луу нулимав. Тун удалгүй нэг нь зангидсан гараараа намайг шанаадахыг би мэдэрлээ. Тэд “Бид дахиад тамхи асаана, Харин чи татаж сурахдаа л сурна. Газар хаяж болохгүй шүү. Тэгвэл сайн зүйл болохгүй” гэж намайг сүрдүүлэв.

Тэр үед би асуудалд орсноо мэдлээ. Би нүдээ аниад, маш хурдан тусламж хүсэн залбирав. Залбирч дуусмагц багшийн машин дөхөн ирж, бидний хажууд зогслоо. Багш машинаасаа бууж, биднээс юу хийж байгааг асуув. Найзууд маань намайг тавьж, “Бид шалгалтдаа бэлдэж байна” гэж багшид хэллээ. Бид ч сургууль руу орж, шалгалтаа өгөөд, үйл явдал үүгээр өндөрлөсөн юм.

Энэ үйл явдал миний хувьд хүнд туссан ч би найзуудынхаа хийсэн зүйлийг уучлав. Тэд миний жишгийг болон мэргэн ухааны үгээр амьдрах шийдвэрийг маань ойлгоогүй байсныг би мэдэж байсан учраас тэднийг уучилж, муу санахгүй байхыг сонгосон юм. Сургуулиа төгссөнийхөө дараа би номлолдоо гарсан ч Хуан, Франциско хоёртой холбоогоо тасалсангүй. Би тэдэнд байнга сайн мэдээ, Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцсан захидал бичдэг байсан. Би тэднийг наманчилж, Сүмд очихыг урьдаг байв. Хамгийн гайхалтай нь, тэдний нэг нь үнэхээр Сүмд очсон шүү.

Би өмнө нь Ням гаргийн цуглаанд найзуудаа урьдаг байсан ч хэн нь ч өдийг хүртэл урилгыг маань хүлээж авч байсангүй. Хэдийгээр би Хуантай хамт сүмд очиж чадаагүй ч аав, ах нар маань түүнд тусалж, түүнийг харж хандаж байсан. Гэр бүл маань түүнийг өөрийн хүүхэд шиг хүлээн авч, Хуан ч сүмд явахдаа маш дуртай байв. Тэр баптисм хүртэх шийдвэр гаргатлаа бага багаар өөрчлөгдөж эхэлсэн юм. Би түүний өмнөөс баярлаж байсан ба миний захидлуудын ачаар Есүс Христийг хайрлаж сурснаа хэлэхэд бүр ч их баярласан. Би номлолоосоо бууж ирээд, Францискотой ч бас ойр дотно байсан бөгөөд хэсэг хугацааны дараа тэр ч бас эхнэртэйгээ хамт баптисм хүртсэн юм. Одоо ч гэсэн Хуан, Франциско хоёр миний дотнын найзууд хэвээр.

Эдгээр үйл явдал миний амьдралд нөлөөлсөн. Бусдын амьдралд нөлөөлөх хамгийн сайн арга зам бол зөв шударга амьдрах, бусдыг хайрлах мөн хүрч үйлчлэх явдал юм байна гэдгийг би мэддэг болсон. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээр хэлснээр “Сайн найз нөхөдтэй байхын тулд өөрөө сайн найз бай. Бусдад чин сэтгэлээсээ анхаарал тавьж, инээмсэглэж мөн тэдний төлөө санаа тавьдаг гэдгээ мэдүүл.”1 Үүнийг л Хуан, Франциско хоёрын амьдралд хэрэгжүүлэхэд Их Эзэн надад тусалсан юм. Үүний ачаар надад хамгийн сайн хоёр найз байгаа бөгөөд бид Сүмийн гишүүдийн хувьд Бурханы хаант улсыг дэмжихээр хамтдаа зүтгэж байна.

Надад тулгарч байсан шиг хүнд нөхцөлд орсон байсан ч Сүмийн жишгүүдийг ямагт баримтал. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээр “Бусадтай найз нөхөд болохдоо жишгээ орхигдуулж болохгүй. Хэрэв найз нөхөд тань танаас буруу зүйл хийхийг шаардвал ганцаар байсан ч үнэний төлөө зогс”2 хэмээн зааварласан байдаг. Хүн бүр зарлигуудын эсрэг зүйл хийж байгаа мэт байсан ч таны үлгэр жишээ хүчтэй тул гуйвшгүй хэвээр үлд. Найзууд тань хэрэгтэй үедээ таныг боддог байхаар үлгэр жишээч бай. Надад тохиолдсонтой адил зарим тохиолдолд нөхөрлөл тань тэдэнд суралцаж, наманчилж, хөрвөгдөхөд туслах арга хэрэгсэл байж болох юм.

Эшлэлүүд

  1. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (2011), 16.

  2. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө 16.