2019
Тэнгэрлэг Дэстини
2019 оны 10-р сар


Тэнгэрлэг Дэстини

Зохиогч нь Францад амьдардаг.

Найз маань үргэлж аз жаргалтай байдаг байв. Тэр юунд санаа зовж байгаа юм бол?

Зураг
girls under umbrella

Гэрэл зургийг Рэжиналд Свинни

Би Францын иргэн ч эгч бид хоёр солилцооны оюутан болж Нэгдсэн Улсын зүүн хэсэгт нэг жил амьдарсан. Энэ хугацаанд бид олон хүнтэй уулзсан ч надад хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн хүн бол Дэстини гэдэг охин байлаа. Тэр миний хамгийн сайн найзуудын нэг болсон юм. Бид хичээл дээр, хичээлийн дараа мөн эгчтэйгээ хамт бүгдийг хийдэг байв. Дэстини үргэлж л аз жаргалтай байдаг байсан. Энэ нь түүний надад хамгийн их таалагддаг зан чанар байлаа.

Гэтэл нэг өдөр би түүнийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй санаа нь зовсон бололтой байхыг харсан юм. Түүнээс юу болсныг асуухад тэр энэ тухай ярихыг хүсэхгүй байна гэв. Тэгээд би түүний гарт нэг цаас байхыг хараад, авч уншлаа.

Хэн нэгэн түүнд итгэхийн аргагүй муухай зүйлс бичсэн байв. Тэр нэр усгүй зурвас дээр түүнийг царай муутай, бүгд түүнд дургүй, амьд явах хэрэггүй, явж өөрийгөө хөнөөвөл таарна гэсэн байлаа. Түүн шиг хүн рүү ингэж дайрч болно гэдэгт би огт итгэхгүй байв. Түүний сэтгэлийг юу өвтгөж байгааг мэдсэн явдал надад гүнзгий нөлөөлсөн юм.

Би түүнээс хойш Дэстинигийн найз байхын тулд буюу зүгээр л түүнтэй хамт цагийг өнгөрүүлэхийн оронд ямар ч үед түүний дэргэд байж, ялангуяа чин сэтгэлээсээ хандахыг илүү их хичээх болсон. Би түүнийг бурханлаг мөн чанараар адислагдсан, бусдын хайр хүндэтгэлийг хүртэх эрхтэй, агуу зүйлсийг хийх чадавхтай Бурханы охин гэдгийг тайлбарлан хэлж билээ.

Хүмүүс танд муу хандаж, таныг шүүмжлэх үед өөрийгөө хайрлах хэцүү. Би Дэстинитэй найзалснаар заримдаа бусдад туслах хамгийн сайн арга зам бол зүгээр л тэднийг хайрлаж, хэн болохыг нь олж мэдэхэд туслах явдал гэдгийг ойлгосон юм.

Оны сүүлээр намайг Франц руу буцах болоход Дэстини үргэлж нандигнаж явдаг нэгэн зүйлийг надад хэлэв. “Эмма, чи намайг аварсан. Чамайг ирэхээс өмнө би амиа хорлохыг хүсдэг байсан. Харин чи эгчтэйгээ хамт надад зүгээр л анхаарал халамж тавьснаар надад их тусалсан. Би одоо өөрийгөө хайрладаг болсон. Би чамд хайртай” гэж хэлсэн юм.

Дээрэлхүүлдэг, гадуурхагдан, ад үзэгддэг олон хүүхэд сургуульд байдаг. Тэдэнд хүрэх арга замыг олоорой. Тэдэнтэй ярьж, тэдний тухай бодож, тэдэнд сайхан ханд. Аврагч ийнхүү хийх байсан. Заримдаа зүгээр л сайн уу гэж хэлэх юм уу инээмсэглэхэд л бүхнийг өөрчилж болно.