2019
Та тохинууллын энэ амин чухал хэсгийг мартаагүй биз?
2019 оны 10-р сар


Тохинууллын зарчмууд

Та тохинууллын энэ амин чухал хэсгийг мартаагүй биз?

Тохинуулах гэдэг нь “уйлж буй хүмүүстэй хамт уйлдагтай” адил “баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярлах[ыг]” (Ром 12:15) хэлнэ.

Зураг
man at a party holding a tray with people dancing on it

Гэрэл зургийг Аугусто Замбонато

Тохинууллын тухай бодох үед бид хамгийн түрүүнд гачигдалтай хүмүүст туслах талаар боддог. Бид бэлэвсэн эмэгтэйд цэцэрлэгийн ажилд нь туслах, өвчтэй хүнд оройн хоол хүргэж өгөх эсвэл зовж байгаа хүмүүст юм өгөх тухай ярьдаг. Бид “уйлж буй хүмүүстэй хамт уйлах” Паулын зөвлөгөөг санадаг ч энэ шүлгийн эхний хэсэг буюу “баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярлах” тал дээр анхаарлаа сайн хандуулдаггүй. (Ром 12:15). Тохинуулж буй хүмүүстэйгээ хамт баярлана гэдэг нь тэдний амжилтыг баярлан тэмдэглэж эсвэл хүнд хэцүү үедээ баяр баясгаланг олоход нь тусална гэсэн үг ба энэ нь мөн л Аврагчтай адил тохинуулахын чухал хэсэг юм.

Бурханы бидний амьдралд өгдөг сайн сайханд анхаарлаа төвлөрүүлэхэд туслах гурван (мөн зайлсхийх нэг) санааг энд оруулав.

1. Анхааралтай бай

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон бидэнд тохинуулдаг хүмүүсийнхээ зөвхөн ачаа дарамт, зовлон зүдгүүрийг бус, хүчтэй тал, авьяас чадвар, амжилт ололтыг нь бас олж харах хэрэгтэйг ойлгоход тусалдаг. Тэр биднийг “өөрсдийнх нь нөхцөл байдлыг мэддэг, найдвар, хүсэл тэмүүлэлд нь дэмжлэг үзүүлдэг хамгаалагч, итгэл хүлээсэн”1 хүн нь байх хэрэгтэй гэж хэлсэн.

Хонь, ямааны сургаалт зүйрлэлд Аврагч Өөрийнх нь баруун гар талд байх хүмүүс “Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг тань хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн бэ?

Хэзээ бид харь хүн байсныг тань хараад, урьж оруул[сан] бэ?” гэж асуух болно гэж хэлсэн (Maтай 25:37–38).

“Ах, эгч нар аа, түлхүүр үг нь харах юм” гэж Кордон эгч хэлсэн. “Зөв шударга хүмүүс ажиглаж, анзаарч байсан учраас гачигдалтай хүмүүсийг олж харсан. Бид бас туслах, тайвшруулах, баярлан тэмдэглэх, мөрөөдөх зэрэгт ажигч нүд байж чадна.”2

2. Баярлан тэмдэглэх шалтгаан ол

Том, жижиг бүх амжилтыг тэмдэглэ. Энэ нь хавдартайгаа тэмцэж, бүтэлгүй хайраа даван туулж, шинэ ажил олж эсвэл алга болгосон гутлаа олж, хайртай хүнээсээ хагацаад сар болж байгаа эсвэл амттан идэлгүй долоо хонож байгаа гээд ямар ч нөхцөл байдал байж болно.

Баяр хүргэн утасд, ил захидал өг эсвэл хоолонд хамт ор. Бусадтай адислалаасаа хуваалцан, талархалтай амьдарч, бусдын адислал, амжилтыг баярлан тэмдэглэснээр бид “ах дүүсийнхээ баясалд баярладаг” (Алма 30:34).

Зураг
woman clapping while people dance

3. Их Эзэний мутрыг хар

Заримдаа бусадтай хамт баярлана гэдэг нь амьдралд маань хүнд хэцүү эсвэл баяр хөөртэй зүйл тохиолдсон ч гэлээ баярлах учир шалтгаанаа олж харахад тэдэнд туслахыг хэлдэг. Тэнгэрлэг Эцэг бидний хэн болохыг мэддэг бөгөөд өргөн дэмжихэд бэлэн байдаг гэсэн энгийн үнэн баяр баясгалангийн гайхалтай эх сурвалж болж болно.

Та Их Эзэний мутрыг амьдралдаа хэрхэн олж хардгаа бусадтай хуваалцсанаар тэдэнд ч бас Түүний мутрыг олж харахад нь тусалж болно. Нээлттэй байж, Тэнгэрлэг Эцэг сорилт бэрхшээлээ даван гарахад тань хэрхэн тусалж байсныг хуваалц. Энэ гэрчлэл Тэнгэрлэг Эцэг тэдэнд хэрхэн тусалж байсныг таньж мэдэн, хүлээн зөвшөөрөхөд туслах болно (Мозая 24:14-ийг үзнэ үү).

4. Баярлах чадвараа бүү хязгаарла

Заримдаа бид бусадтай хамт баярлах чадвараа, ялангуяа юу өгч чадахаа эсвэл амьдралдаа хаана явж байгаагаа мэдэхгүй байх үедээ хамт баярлах чадвараа хязгаарладаг нь харамсалтай. Бид бусдын аз жаргалд баярлахын оронд харьцуулах урхинд ордог. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн зааснаар “Адислалуудаа харьцуулах нь баяр баясгаланг үгүй хийх нь тодорхой юм. Бид талархах, атаархах хоёрыг нэг зэрэг үйлдэж чадахгүй.”3

“Тэгвэл бид бараг хүн бүрд байдаг энэ нийтлэг хандлагаас хэрхэн салж чадах вэ?” хэмээн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд асуугаад, “… Бид өөрсдийн олон адислалыг тоолж, бусдын амжилтыг магтан сайшааж болно. Хамгийн чухал нь бид зүрхний хамгийн сайн дасгалыг хийх буюу бусдад үйлчилж чадна”4 хэмээн хэлсэн. Бид харьцуулахын оронд тохинуулж байгаа хүмүүсээ магтаж болно. Та тэдний эсвэл гэр бүлийн гишүүдийнх нь юунд талархаж явдгаа чөлөөтэй хуваалц.

Паулын бидэнд сануулснаар, бид бүгд Христийн биеийн эрхтнүүд бөгөөд “нэг эрхтэн нь алдаршвал түүний хамт бүх эрхтнүүд баярлах болно” (1 Коринт 12:26). Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ тусламжтайгаар бусдын туршлагыг анхааралтай харан; том, жижиг гэлтгүй амжилтыг нь тэмдэглэж, Их Эзэний мутрыг таньж мэдэхэд нь тусалж; бусдын адислал, авьяас чадвар, аз жаргалд чин сэтгэлээсээ хамтдаа баярлаж болохын тулд атаархаж жөтөөрхөхөө больж чадна.

Эшлэлүүд

  1. Бонни Х.Кордон, “Хоньчин болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67.

  2. Бонни Х.Кордон, “Хоньчин болох нь,” 67.

  3. Quentin L. Cook, “Rejoice!” Ensign, Nov. 1996, 30.

  4. Jeffrey R. Holland, “The Other Prodigal,” Liahona, May 2002, 64.