2019
Хавайн Лайе ариун сүм: Цугларалтын эрин зуун
2019 оны 10-р сар


Хавайн Лайе ариун сүм: Цугларалтын эрин зуун

100 жилийн өмнө онцгойлон адислагдсан Хавайн Лайе ариун сүм сайн мэдээ дэлхий даяар тархаж эхлэхэд гэгээнтнүүдэд ариун сүмийн адислалуудыг хүлээн авахаар цугларах боломжийг олгосон юм.

Зураг
Laie Hawaii Temple rendering

Хайрум Поп, Харолд В.Вөртон гэсэн хоёр архитектор барилгын зургийг гаргажээ.

Хожмын өдрүүд дэх Есүс Христийн Сүмийн агуу зорилгуудын нэг бол дэлхийн амьд ба нас барсан хүмүүсийн аль алинд ариун сүмийн адислалуудаас хүртэх боломжийг олгох явдал билээ. Бошиглогч Иосеф Смит “Бурханы хүмүүсийг аль нэг эрин зуунд … цуглуулахын гол зорилго нь Их Эзэн Өөрийн өргөөний ёслолууд[ыг] … Өөрийн хүмүүст илчл[эхэд] … зориулан бариулах явдал байлаа”1 хэмээн заасан.

20-р зууны эхэнд дэлхий дээр дөрөвхөн ариун сүм үйл ажиллагаа явуулж байсан нь бүгд Ютад байв. Иймд Ютад очих нь ариун сүмийн адислалуудаас хүртэх үндсэн арга зам байлаа. Энэ явдал 1919 онд өөрчлөгдсөн юм. 1919 оны 11-р сарын 27-нд ерөнхийлөгч Хибэр Ж.Грант (1856–1945) Хавайн Лайе ариун сүмийг онцгойлон адисалсан. Ариун сүмийн адислалуудаас олон улс үндэстэн хүртэх боломжтой болсон явдал Сэргээлтэд түүхэн өөрчлөлт хийв.

Хавайн Лайе ариун сүм олон талаараа анхны олон улсын ариун сүм байлаа. Энэ нь тэр даруйдаа Хавай, Шинэ Зеланд, Самоа, Тонга, Тахити, Япон, Австрали зэрэг улс орны гишүүдэд үүд хаалгаа нээсэн юм. Сүм Номхон далай болон Азиар тархсаар байсан тул энэ ариун сүмээр дамжин адислагдсан улс орны тоо хэмжээ ч өсөн нэмэгдэв.

Энэ жил хөшигний хоёр талд Израилыг цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн үйл явдал болсны 100 жилийн ойг тэмдэглэж байна.

Самоагаас цугларсан нь

Самоа арал Хавайгаас ойролцоогоор 2500 бээр (4023 км)-ийн зайд оршдог. 1919 онд Самоа номлолын ерөнхийлөгч Жон К.Адамс “Лайе ариун сүмийн ажил дуусахад манайхан ариун сүмд очихын тулд дэлхийн зүйлсийг хангалттай хуримтлуулах хүсэлтэй болсон мэт санагдсан” хэмээн хэлсэн. Жишээ нь, Аулэлио Анае хорин жилийн турш номлогчоор үйлчлэхдээ цалин огт аваагүй. Амьдралынхаа олон жилийг золиосолсон учраас түүнд Хавай руу аялах хангалттай мөнгө төгрөг байсангүй. Тиймээс Анае ах өөрийн гэсэн бүхнээ зарж, 600-700 орчим америк доллар цуглуулж чаджээ.2 Анае ах болон бусад самоачууд 1920-оод онд Лайе руу нүүж ирэхийн тулд бүхнээ золиосолсон.

Лэотагийн гэр бүлийнхэн 1923 оны Шинэ жилийн баярын өдөр Хавайд ирсэн байна. Долоон настай байсан Вайлин Лэота “Ариун сүмийг анх харахад … бидэнд хамгаас үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа”3 хэмээн дурсан ярьжээ. Хоёрхон долоо хоногийн дараа Вайлины эцэг эх Айвао, Матала хоёр хишгээ хүлээн авч, ариун сүмд лацдан холбогдож, дараа нь хүүхдүүд нь тэдэнтэй лацдан холбогдсон юм. Лэотагийнхан Их Эзэний өргөөнд 50 гаруй жилийн турш итгэлтэй үйлчилсэн бөгөөд тэднийг хамгийн их хайрлаж явсан ариун сүмийнх нь дэргэд оршуулжээ.”4 Өнөөдөр тэдний хэдэн зуун итгэлтэй үр удмынхан Хавайгаар тархан амьдардаг.

Боломжгүй даалгавар

Номхон далайн орнуудын олон гишүүн төрөлх нутгаа орхин, Хавай руу цагаачилж байсан ч өөр олон улс орны тойрог, салбарууд ариун сүм рүү экскурс аяллыг зохион байгуулж байв. Энэ сүнслэг төрлийн цугларалт нь Сүмийн гишүүдэд ариун сүмийн ёслолуудаас хүртэхээр аялж, улмаар өөрийн улсад буцаж ирээд, Сүмийг барьж байгуулах боломжийг олгож байв.

Онцгойлон адислалын үеэр ерөнхийлөгч Грант Шинэ Зеландын болон бүх Номхон далайн арлын гэгээнтнүүдэд арга замыг нээж өгч, ариун сүмд ирж, өвөг дээдсийнхээ аврагчид болохын тулд угийн бичгээ хадгалахын төлөө Их Эзэнд хандан залбирсан.

Ариун сүмийн экскурс аялал онцгойлон адислагдсанаас хойш зургаахан сарын дараа Шинэ Зеландын Маоригийн бүлэг гэгээнтэн ариун сүмийн экскурс аялал хийснээр эхэлжээ. Хэдийгээр Хавайгаас 5000 бээрийн (8045 км) зайтай ч энэ гэгээнтнүүд онцгойлон адислал болсон тухай мэдээг баярлан хүлээн авчээ.

Ваймэйт, Хээни Анару хоёр ариун сүм рүү аялах анхны бүлэгт багтахыг хүсэж байв. Гэвч гэрийнх нь ядуу зүдүү байдал болон аялалд шаардлагатай Шинэ Зеландын 1200 долларын зардал дэндүү өндөр тусаж байсан тул түүнд боломжгүй мэт санагджээ. Тэдэнд гайхамшиг тохиох хэрэгтэй байв.

Анаругийн гэр бүл олон жилийн турш бошиглогчийн зөвлөгөөг дагаж, гэр бүлийнхээ удмын бичгийг хөтөлсөн байлаа. Анаругийн гэр бүл гайхамшиг тохиохыг хүлээх зуур бичээсүүд овоорсоор байв. Тэдний хүү Вивини эцэг эхийнхээ итгэлийг мэддэг байсан. “Ээж аавтай хамт ариун сүмийн тахилын ширээний дэргэд нэгэн өдөр өвдөг сөгдөн сууна гэдэгтээ хэзээ ч итгэл алдарч байгаагүй.”

Гайхамшиг ч тохиосон юм. Ваймэйт газар боловсруулах Шинэ Зеландын засгийн газрын том төсөлд гэрээ байгуулах эрх авав. Энэ төслөөс ирэх орлого нь Хавай руу хийх аяллын зардлыг нөхөх хангалттай урьдчилгаа мөнгийг төлсөн байлаа. Ваймэйт, Хээни хоёр далайгаар аялах айдсаа ялан дийлж, 1920 оны 5-р сард 14 гэгээнтэнтэй хамт Хавай руу аялжээ. Тэд тэнд хишгээ хүртэж, лацдан холбогдсон юм. Боломжгүй зүйл боломжтой болов.

Анаругийнхны түүх бол ёслолуудаас хүртэж, Их Эзэний өргөөнд Түүний өгсөн амлалтуудыг авахаар Хавайн Лайе ариун сүм рүү аялсан олон мянган хожмын үеийн гэгээнтний тухай түүхүүдийн ердөө нэг нь юм. Энэ нь их золиос шаардаж байсан ч төрсөн нутагтаа Сүмийг удирдахад бэлтгэгдсэн улам хүчтэй гэгээнтнүүдийг төрүүлсэн.5

Лайег барьж байгуулсан нь

Сүмийн орчин үеийн Лайег барьж байгуулах ажил Номхон далайн орнуудын хожмын үеийн гэгээнтнүүдийг адисалсаар байв. 1950, 60-аад онд Хавай, Тонга, Самоа, Шинэ Зеланд, Тахити, Күк арлынхан болон Фижи, Хойд Америкийн номлогчид өөрсдийнхөө өв соёлын авьяас чадварыг болон барилгын ур чадвараа Хавайн Сүмийн Коллеж, (одоогийн Бригам Янгийн Их Сургууль) Полинезын Соёлын Төв болон шинэ ариун сүмийн зочдыг хүлээн авах төвийг барихад хувь нэмэр оруулахаар дуудагдсан юм. 1960 оны 5-р сарын 3-нд Тонга, Самаогаас ирсэн дөчин долоон номлогч ариун сүмийн ёслолуудаа хүлээн авсан явдал зуурдын ажлыг нь дагалдан ирсэн сүнслэг адислалын жишээ байв (1960–1963 оны Хавай дахь барилгын номлогчид, Сүмийн түүхийн номын сан, Солт Лэйк Сити, 100-г үзнэ үү) .

Маттэ Тэо хэмээх нэг номлогч Самоагаас явахаасаа өмнө хүнд түлэгдсэн ч Хавайд ирсэн байв. Түүний түлэгдсэн гарыг тайрах хэрэгтэй байж магадгүй хэмээн эмч нар санаа зовж байлаа. Түүнтэй хамт байсан олон номлогч түүний төлөө залбирч байв. Ариун сүмд байхдаа Тэо ах Их Эзэнд хандан “Энэ гарт хүрээч. Чадах чинээгээрээ жаахан ч болов туслахын тулд энэ гарыг засаж өгөөч” хэмээн уйлсан аж. Тэр даруй эдгэрч эхлэв. Өнөөдөр түүний гарт ямар ч сорви үлдээгүй. Тэр одоо Хавайн Лайе ариун сүмд лацдан холбогчоор үйлчилдэг бөгөөд “Энэ ариун сүм … эндэхийн хүмүүст нөлөөлөхийн зэрэгцээ Номхон далайн орнуудын хүмүүст хүчирхэг нөлөө үзүүлсэн юм” хэмээн хэлдэг (Christensen, Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi, 328–330-т).

Азийн сүнслэг цугларалт

Дэлхийн хоёрдугаар дайны дараа болон Японд Сүм дахин зохион байгуулагдсаны дараа гэгээнтнүүд хамгийн анхны Азийн ариун сүмийн экскурс аяллыг зохион байгуулжээ. 1965 онд 165 онгоц дүүрэн итгэлтэй гэгээнтэн ариун сүмийн ёслол хүлээн авахаар Токиогоос Хавай руу аялалд гарав. Энэ аялал Япон дахь Сүмийг гайхалтай хүчирхэгжүүлсэн ба энэ гишүүдийн наян таван хувь нь Сүмдээ идэвхтэй үлдсэн. Тэдний тав нь хожим нь төрөлх нутгийнхаа ариун сүмийн ерөнхийлөгчид болсон ба ахлагч Ёшихико Кикучи Японоос хамгийн анхны ерөнхий эрх мэдэлтэн болсон юм.6

1970 онд Солонгосын гишүүдийн бүлэг Лайе руу аялжээ. Салбарын ерөнхийлөгч Чой Вүүк Ван: “Бид ариун сүм рүү явснаар оюун ухаан маань нээгдэж, авралыг хэрхэн хүлээн авч болохыг мэдсэн юм. Мөнхийн төлөвлөгөө бодит болж, гэрчлэл маань дүрслэхийн аргагүй хүчирхэгжсэн билээ. Солонгосчуудын хувьд энэ ариун сүмд орох боломж тохиосон нь ямар их адислал байсан гээч.”7

Зураг
Laie Hawaii Temple at night

Хавайн ариун сүмийн хөвөөлөн чимсэн зургийн гэрэл зургийг Сүмийн түүхийн номын сангаас авав; Хавайн Лайе ариун сүмийн шөнийн зургийг Карла Жоннсон

Нас барсан хамаатан саднаа цуглуулсан нь

Ариун сүмийн ёслолуудыг аль нэгэн улс үндэстэн хүртэх боломжтой болоход Их Эзэний адислалуудаас тэр улсад амьдарч байгаа хүмүүсээс гадна тухайн үндэстний хөшигний нөгөө талд байгаа хүмүүс хүртэл хүртдэг. Уламжлалт соёл нь болж олон зуун жилийн турш удмын бичгээ маш чамбай хөтөлдөг Азийн орнуудын гишүүд энэ адислалыг мэдэрдэг.

Квай Шүүн Лангийн эцэг эх Хятадаас Хавай руу цагаачлан иржээ. Тэр 1894 онд Кауайд төрж, 1944 онд 50 насныхаа төрсөн өдрөөр баптисм хүртжээ. Ланг ах сүмд гэр бүлийн түүх заадаг байсан ба ангийнхандаа “Би нэг орой үзэгдэл үзсэн юм. Тэр үзэгдлээр нас барсан хамаатнууд маань өөрсдийнх нь төлөө ажил хий хэмээн над руу даллаж байгааг харсан” гэж ярьжээ. Гурван өдрийн дараа тэр авга ахаасаа МЭ 1221 он хүртэлх өвөг дээдсийг нь харуулсан хятад бичээс бүхий 22 хуудас удмын бичиг хүлээн авав. Тэр өөрийн хүү Глэнн, бэр Жулина хоёртой хамт ариун сүмд гэр бүлийнхээ төлөө олон мянган ёслолыг хийж гүйцэтгэжээ. Глэнн, Жулина хоёр хожим нь 2001-ээс 2004 оны хооронд Лайе ариун сүмийн ерөнхийлөгч ба ахмад номлогчоор итгэлтэй үйлчилжээ.8

Шатдаггүй хуйлмал бичээс

Мичи Эгүчи 1900 оны эхээр Японоос Хавайд ирэхдээ Японы торгон хуйлмал бичээс авчирчээ. Түүний ач охин Канани Кэйси Японд номлолд үйлчилсэн ба хожим нь эмээгийнх нь хуйлмал бичээс бараг 1000-аад жилийг хамарсан гэр бүлийнх нь өвөг дээдсийн угийн бичиг байсныг мэдэж авав.

2013 онд Кананы байшинг юу ч үгүй түймэрт шатахад тэр болон түүний гэр бүлийнхэн галд бараг бүх зүйлээ алджээ. Тэд удмын бичгээ орныхоо доор хуванцар хоолойд хадгалсан байв. Түймрийн дараа тэд байшин дээрээ эргэж очиход уул овоо мэт үнс, нурам л үлдсэн байсныг мэдэв.

Канани “Бидний олохыг үнэхээр их хүсэж байсан цорын ганц зүйл бол орчуулга, түүхтэйгээ хамт байсан хуйлмал бичээс байсан юм. Япон өвөг дээдсийнхээ ариун сүмийн бүх ажлыг хийснээ би мэдэж байсан ч хуйлмал бичээс миний хувьд үнэхээр үнэ цэнтэй зүйл байсан” гэж хэлсэн.

Канани, нөхөр Биллигийнхээ хамт үнс туучин явж, эцэст нь хөх өнгийн хуванцар цүнхээ олсон байна. Тэд цүнхэн дотроос орчуулгатай хуйлмал бичээсээ гэр бүлийн түүхийн номын хамт олсон бөгөөд гайхалтай нь бүгд бүрэн байв. Хуйлмал бичээс ирмэгээрээ бага зэрэг шатсан ч унтлагын өрөөнөөс үлдсэн цорын ганц зүйл тэр байлаа.

Канани Их Эзэн хуйлмал бичээсийг нь “бидний үр удмын сайн сайхны төлөө биднийг гэсэн хайраа гэрчлэн, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил хийхийн ач тусыг харуулахын тулд” хадгалж үлдсэн гэж боддогоо хэлсэн юм (Christensen, Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi, 172–74).

Боловсролоор дамжуулан цуглуулах нь

Өндөр боловсрол эзэмшихийн тулд Лайед цугларсан хүмүүс ч гэсэн Хавайн Лайе ариун сүмийн адислалуудаас хүртэх боломжтой болсон юм. 1950-аад оноос хойш олон арван мянган оюутан одоогийн Хавайн БЯИС-д Полинези болон Азиас ирж суралцаж байна. Энэ оюутнуудын ихэнх нь нас барагсдынхаа төлөө баптисм гүйцэтгэж, ариун сүмийн ёслолын ажилтнаар үйлчилж байсан. Лайе ариун сүм оюутнуудад гэр бүлийн түүх ба ариун сүмийн ажилд хайртай болоход тусалж, төрөлх нутагт нь ариун сүм баригдах үед илүү сайн үйлчлэхэд тэднийг бэлтгэж адисалсан юм.

Сингапураас гаралтай Чүн Чуа Жэймс 1970-аад онд эгчтэйгээ хамт Хавайн БЯИС-д суралцахаар ирээд, тэр хоёр хоёулаа 1978 онд өөр улсын эрчүүдтэй гэрлэжээ. Жэймс эгч “Бидний Лайе ариун сүмд гэрлэсэн явдал хоёр хөрвөгч, хоёр соёлыг үүрд мөнхөд холбосон юм. Энэ нь манай гэр бүлд урт удаан хугацаанд өвлөгдөн үлдэх ариун сүмийн адислалын эхлэл байсан” гэжээ. Бидний гэрлэлт Хавай дахь БЯИС-ийн оюутнуудын Лайе ариун сүмд хийгдсэн олон зуун мөнхийн гэрлэлтийн хоёрхон нь байсан. Энэ нь магадгүй их сургууль үүсэн байгуулагдсанаас хойших жар гаруй жилийн хугацаанд үлдээсэн хамгийн агуу өвүүдийн нэг байх” гэжээ (Christensen, Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi, 236-д).

Цугларалт үргэлжилсээр

Америк, Азийн хооронд, Номхон далайн орнуудын уулзварт оршдог Хавайн Лайе ариун сүм олон улс үндэстэнд ариун сүмийн адислалуудыг авчирсан билээ. Иймээс гишүүд ариун сүмийн адислалуудыг хүлээн авах боломжтой болж, эх нутагтаа Сүмийг барьж байгуулахаар эргэн ирэх үед Израилын цугларалт сүнслэг цугларалт болсон юм. Энэ боломж сэргээгдсэн сайн мэдээг олон соёл бүхий болон хөшигний хоёр талд байгаа хүмүүст хүргэхэд тусалсан.

Биднийг Хавайн Лайе ариун сүмийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Сэргээлтийн түүхэн үйл явдлыг болон Мормоны Номын бошиглогч Иаковын хэлсэн “Их Эзэний амлалтууд далайн арлууд дээрх тэдэнд агуу их билээ” (2 Нифай 10:21) хэмээх бошиглол гүйцэлдсэнийг гэрчлэх онцгой боломж бидэнд тохиож байна.

Эшлэлүүд

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 472.

  2. James Adams Argyle, comp., “The Writings of John Q. Adams,” 14, FamilySearch.org-ийг үзнэ үү.

  3. Vailine Leota Niko, in Clinton D. Christensen, comp. Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi (2019), 70–71.

  4. Aivao Frank Leota (1878–1966), FamilySearch.org.

  5. Christensen, Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi, 64–65-ыг үзнэ үү.

  6. Christensen, Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi, 114–117-г үзнэ үү.

  7. Choi Wook Whan, in “Going to the Temple Is Greatest Blessing,” Church News, Apr. 17, 1971, 10.

  8. Christensen, Stories of the Temple in Lāʻie, Hawaiʻi, 166-г үзнэ үү.