2019
Урамшууллын мөнгөний адислал
2019 оны 10-р сар


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Урамшууллын мөнгөний адислал

Робэрто Атункар Ниэто

Перу, Лима

Зураг
man holding bags of food

Зураг чимэглэлийг Але + Але, Морган Гайнин

Намайг тойргийнхоо бишопоор дуудагдах үед миний эхнэр Кармен бид хоёр анхныхаа хүүхдийг дөнгөж өлгийдөн аваад байлаа. Тэр үед бид санхүүгийн хувьд асуудалтай байв. Гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын зэрэгцээ тойргийнхоо гишүүдийг харж хандах нь надад хэцүү байлаа.

Би нэг ням гарагт ариун ёслолын цуглаан дээр ганц бие нэгэн эх дөрвөн хүүхдээ дагуулан ирсэн байгааг анзаарав. Тэр ариун ёслолын танхимын хамгийн хойд талын суудалд суусан байсан ба хүүхдүүдээ чимээгүй байлгах гэж чадлаараа хичээж байлаа. Санхүүгийн хувьд асуудалтай байгааг нь би мэдэж байсан ч тэр хэзээ ч тусламж гуйж байсангүй. Хэдэн долоо хоногийн дараа ч гэсэн тэр ням гараг бүр хүүхдүүдтэйгээ хамт сүмд ирсээр байв.

Нэг өдөр миний цалин буулаа. Урамшууллын мөнгө авч адислагдсан болохоор би илүү гарсан мөнгөө байшиндаа хийх хэрэгтэй байсан засварын ажилд зориулан материал худалдаж авахдаа зарцуулъя гэж шийдсэн юм. Харин зах руу явж байтал тэр эгч болон хүүхдүүд нь санаанд оров. Би илүү мөнгөө тэдэнд хоол хүнс худалдаж авахад ашиглая гэж бодлоо. Би Кармен руу утасдаад, юу хийх хэрэгтэй гэж бодож байгаагаа хэлэв. Тэр ч зөвшөөрлөө.

Дэлгүүрт явж байтал жигнэмэг нүдэнд өртөв. Хүүхдүүдэд амттан таалагдах байх гэж надад бодогдлоо. Би хоёр тор дүүрэн хүнс аваад, тэр эгчийн байшин руу алхаж,

хуучин модон хаалгыг нь хэд хэд тогшив. Намайг яг явах гэж байтал хаалга нээгдлээ. “Бишоп оо, таныг энд байгааг харж байгаадаа би баяртай байна” гэж тэр хэлэв. Хүүхдүүд нь нүд ирмэхийн зуур ээжийнхээ араас гүйлдэн ирлээ.

“Би та нарт хоол хүнс авчирлаа” гэж би хэлэв.

Охидын нэг нь жигнэмэгийг хараад, “Жигнэмэг байна” гэж хашгирлаа. Ах, эгч нар нь баярлан бүчихэд долоон настай охин намайг тэврэн, “Баярлалаа, бишоп оо” гэв.

Би тэдний гэр доторхыг хараад, тэр эгчийг хоолны хувиндаа хувцсаа угааж байхыг харлаа. Тэднийд ширээ байгаагүй бөгөөд гудсан дээр унтдаг байв. Тэдэнд тусламж ямар их хэрэгтэй байгааг би ойлгосон юм. Би тэднийг ширээтэй, хүн бүрийг ортой болгохын тулд зарим зүйлийг зохицуулав.

Энэ үйл явдал надад Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийг удирдаж мөн адисалдгийг ойлгоход тусалсан юм. Бидэнд ах, эгч нартаа туслах тусгай дуудлага өгөх шаардлагагүй. Бид өөрсдийгөө Сүнсэнд нийцүүлэн, бидний тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг таньж мэдэн, Их Эзэний мутарт зэмсэг байх хүсэлтэй байх хэрэгтэй.