2019
Хүүхдүүдээ хамгаалах нь
2019 оны 10-р сар


Хүүхдүүдээ хамгаалах нь

Бид дэргэд байгаа хүүхдүүдээ илүү сайн хамгаалж, тэдэнд урам зориг өгөхийн тулд юу хийж болох вэ?

Зураг
mother with baby and crying child

Гэрэл зураг чимэглэлийг Линда Лий

Есүс зааж байсан бүх бүлэг хүн дундаас хүүхдүүдэд илүү хайртай байсныг бид мэднэ. Тэр тухтай биш үедээ ч хүүхдүүдэд анхаарлаа хандуулдаг байсан. Тэрээр Өөрөөс нь хувийн адислал авахад хүүхдүүдийг урьдаг байв. Тэр хүүхдийг гомдоосон хүмүүсийг буруутгадаг байсан. Мөн Тэр тэнгэрийн хаант улсад орохын тулд хүүхдүүдтэй адилхан болох ёстой хэмээн бидэнд заасан.1

Тэр амилсныхаа дараа Америк тивд байсан хүмүүст хандан, “Бяцхан үрсээ болгоо” хэмээн хэлжээ. Тэнгэр нээгдэж, хайраар дүүрэн, хамгаалагч тэнгэр элчүүд тэнгэрээс галын дунд байгаа мэт доошлон ирж, багачуудыг тойрон хүрээлсэн. (3 Нифай 17:23–24-ийг үзнэ үү.)

Өнөөгийн аюул занал дүүрэн дэлхийд бид хүүхдүүдийг маань тэнгэрлэг галаар үргэлж тойрон хүрээлдэг болоосой хэмээн хүсдэг байж болно. Дэлхий даяарх дөрвөн хүн тутмын нэг нь хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртөж байсан гэсэн тоо баримт байдаг ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэх мэт тодорхой эмзэг бүлгийнхнийг авч үзвэл энэ тооны дундаж өсдөг байна.2 Хүүхдүүдийг хамгаалах талаар идэвх санаачилга гарган хийх зүйл их байгаа нь сайшаалтай хэрэг.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Жой Д.Жонс “Хайртай хүүхдээ дотроо дүрслэн бод. Та энэ хүүхдэд ‘Би чамд хайртай’ гэж хэлэхдээ ямар утгаар хэлдэг вэ? … Хайртай хүмүүстээ хамгийн сайнаараа хандаж, амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарахад нь туслахын тулд бид тэднийг хамгаалдаг”3 хэмээн хэлсэн.

Аврагчийн үлгэр жишээг илүү анхааралтай харах нь дэргэдэх хүүхдүүдээ хэрхэн илүү сайн хамгаалж чадах тал дээр бидэнд туслах байх.

Есүс тэдэнд цаг гаргадаг байсан

Зураг
Jesus with children

Бяцхан үрсээ болгоогтун, Давид Линдсли © 1983

Есүс балчир бага, эмзэг тэдэнд анхаарлаа хандуулах цаг гаргадаг байсан (Матай 19:14-ийг үзнэ үү). Бид ч гэсэн хүүхдүүдээ сонсож, тэдний асуудлыг ойлгохыг хичээн, цаг зав гаргаж чадна.

Жонс эгч “Хүүхэд хайр энэрлийг мэдрэх тусмаа илүү нээлттэй болдог. … Бид яриа эхлүүлэхийг мөн тэдний ирэхийг хүлээх хэрэггүй”4 гэж хэлсэн.

Нэг ээж орой болгон хүүхдүүдээсээ “Чамд өнөөдөр ойлгоогүй ямар нэгэн үг таарав уу?” гэж асуух нь тустай болохыг мэдэж авчээ.

Интернэт шуурхай тусламж үзүүлдэг мөн шүүдэггүй тул хүүхдүүд маань эхний мэдрэмжээрээ хариултаа онлайнаас хайдаг байж болох ч бид мэдээллийн илүү найдвартай эх сурвалж гэдгээ тэдэнд итгүүлэх хэрэгтэй. Мөн үүнд хүүхдүүдийг бидэнд ямар нэг санаанд оромгүй зүйл хэлэх үед хүндээр тусгаж авахгүй байх явдал ордог. Жишээлбэл, хүүхэд маань бидэнд порнограф үзсэнээ хэлэх үед дүрсхийн уурлах юм бол тэд бидэн дээр дахин тусламж хүсэн ирэхгүй байх. Харин бид хайраар хариулснаар тэдэнд ямар ч сэдвээр бидэнтэй ярьж болно гэдгийг тодорхой харуулах боломжтой.

Жонс эгч “Хайраар ярилцсан жижиг асуудлууд том асуудал үүсэх үед ч харилцааг нээлттэй хэвээр авч үлдэн, эрүүл байдлаар хариу арга хэмжээ авах үндэс суурийг тавьдаг”5 хэмээн тэмдэглэжээ.

Эцэг эхийн хүүхэдтэйгээ өрнүүлж болох хамгийн чухал, хамгаалах яриануудын тоонд тэдний бие махбодын талаарх яриа ордог. Эдгээр ярилцлагад биеийн хэсгүүдийн үнэн зөв үг хэллэг, эрүүл ахуйн талаарх мэдээлэл, хэдэн жилийн дараа ямар өөрчлөлтүүд гарах зэргийг оруулбал зохино. Бид бэлгийн харьцааны болон бие махбодын мөн сэтгэл санааны дотно харилцаа хэрхэн бидэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний гайхалтай хэсэг болохыг ярих хэрэгтэй. Бид бас хүчирхийлэл болон порнограф зэрэг сэдвийг хөндөж болно. Эдгээр яриа нь хүүхдийн насанд тохирсон мөн тэдний тавьсан асуултад таарсан байх ёстой. Хүүхдүүд маань өсөн торниж, мэдлэг ойлголт нь өсөн нэмэгдэхийн хэрээр бид хэд хэдэн ярилцлага хийж, тэдэнд нэмэлт мэдээлэл өгөх хэрэгтэй. (Энэ нийтлэлийн төгсгөлд байх тус болох материалуудыг үзнэ үү.)

Есүс тэдэнд үлгэр жишээ үзүүлсэн

Есүс бүх хүнд төгс жишээ үзүүлсэн (Иохан 8:12-ыг үзнэ үү). Насанд хүрсэн хүмүүсийн хувьд бидэнд үлгэр жишээ болох боломж, үүрэг хариуцлага мөн байдаг. Бид хүүхдүүддээ аюулгүй байхад туслах хамгийн сайн арга замуудын нэг бол өөрсдөө аюулгүй сонголтыг хийж, үлгэрлэх явдал юм. Хүүхдүүд эцэг эхийнхээ бусадтай харьцаж байгааг болон хүмүүс тэдэнтэй хэрхэн харьцаж байгааг ажигладаг. Хэрэв өөрт тань эсвэл гэр бүлд тань заналхийлж буй харилцааны эсвэл донтолтын асуудал байгаа бол та тусламж хүс. Сүмийн болон орон нутгийн зохих эх сурвалжтай холбож чадах төрийн байгууллага, зөвлөх мэргэжилтэн зэргээс гадна бишоп юм уу Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөсөө тусламж хүснэ үү. Та аюулгүй байж, хүндлэл хүлээх эрхтэй.

Бид бас сүнслэг хүчээ хэрхэн сэлбэхийн үлгэр жишээ болох хэрэгтэй. Хүүхдүүд бидний залбирч байгааг хардаг уу? Тэд бидний судар уншдагийг мэддэг үү? Тэд бидний гэрчлэлийг сонсож байсан уу? Бид өглөө гэр бүлээрээ гадагш, дэлхий рүү гарахынхаа өмнө “Бурханы хуяг дуулгыг” өмсдөг үү? (Ефес 6:11–18; Сургаал ба Гэрээ 27:15–18).

Есүс тэдний төлөө ярьдаг байсан

Аврагч хүүхдүүдийг гомдоосон хүмүүсийг сэрэмжлүүлсэн (Матай 18:6-г үзнэ үү). Бид ч бас дэргэд байгаа хүүхдүүдээ өмгөөлж чадна.

“Хүүхдүүдэд өөрсдийнх нь төлөө ярьдаг хүмүүс хэрэгтэй. Тэдэнд хувийн ашиг сонирхлынхоо өмнө тэдний сайн сайхныг дээгүүр тавьдаг шийдвэр гаргагчид хэрэгтэй”6 гэж Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Даллин Х.Өүкс заажээ.

Бид бусдаас хэт их айж эмээн эсвэл болгоомжлох хэрэггүй ч бодит аюулын талаар мэдэж, ухаалаг аюулгүй шийдвэр гаргадаг байх ёстой. Хүүхдийн хэсгийн удирдагчид Сүмийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх удирдамжийг дагах ёстой7. Анги бүр хоёр багштай байх мөн ерөнхийлөгчийн зөвлөлийн хүн ангиудад хяналт тавих зэрэг нь хамгаалах зорилготой юм.

Эцэг эх, удирдагчид хамтарч зөвлөлдөн, тодорхой аюулыг багасгахын тулд урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг шийдэх нь зүйтэй. Жишээ нь, Сүмийн олон байранд ангийн хаалган дээр цонх гаргасан байдаг. Хэрэв танай байр ийм зохион байгуулалт байхгүй бол та хичээлийн үеэр хаалгыг бага зэрэг онгорхой үлдээж, цонх суулгаж болох талаар орон нутгийн барилга хариуцсан албаны төлөөлөгчтэй ярилцахыг бодно уу. Бүх насанд хүрсэн хүн дуудлагаасаа үл хамааран Сүмд анхаарлаа хандуулж, шаардлага гарвал үүдний өрөөгөөр холхиж байгаа зочдыг ангид ороход урих эсвэл хичээлд оролцохгүй байгаа хүүхдүүдийг ангид ороход урамшуулах замаар тусалж болно.

Харамсалтай нь хүүхдүүд заримдаа бие биенээ гэмтээх тохиолдол гардаг. Хэрэв бид сүм дээр эсвэл хаа нэгэн газар дээрэлхэх юм уу хэн нэгэнд зохисгүй байдлаар хүрч байгаа зэргийг анзаарч харах юм бол тэр даруй оролцон, таслан зогсоох хэрэгтэй. Хэрэв бид удирдагч нь бол бүх хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ярилцахад тохиромжгүй байсан ч гэсэн оролцсон гэр бүлүүдтэй ярилцахад бэлэн байх ёстой. Найрсаг сайхан харьцах соёлыг төлөвшүүлэхэд туслах үүднээс өрөвч зөөлөн, тодорхой байдлаар ярь.

Хэрэв хүүхэд хүчирхийлэлд өртөж байна гэдэгт итгэлтэй байвал тэр асуудлаа төрийн эрх мэдэл бүхий хүмүүст нэн даруй мэдэгдэх хэрэгтэй. Олон оронд ноцтой асуудал үүсэхээс сэргийлдэг, мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлдэг шугам байдаг. Бид хүчирхийлэгч байж болзошгүй хүмүүсийг, ялангуяа Сүмээр дамжуулан хүүхдүүдэд хүрч болзошгүй ямар ч хүнийг бишоптоо мэдэгдэх ёстой. Бишоп хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаас гадна хохирогчийг тайтгаруулж, дэмжлэг туслалцаа үзүүлж, Гэр бүлийн үйлчлэлийн бусад эх сурвалжтай холбон тусалж болно.

Есүс тэднийг нэг нэгээр нь адисалсан

Зураг
Primary teacher hugging child with Down syndrome

Гэрэл зураг чимэглэлийг Шаниа Жанис Асэбал

Есүс хүүхдүүдийг хэн гэдгийг мэддэг байсан төдийгүй нэг нэгээр нь адисалсан (3 Нифай 17:21-ийг үзнэ үү). Үүнтэй адил бид ч гэсэн хүүхэд бүрийг таньж мэдэн, түүнд тусгайлан туслахыг хичээх хэрэгтэй.

Бид эрүүл мэндийн асуудалтай хүүхдүүдэд зориулан сүмд аюулгүй орчинг хэрхэн бүрдүүлж чадах вэ? Бидэнд Хүүхдийн хэсгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах төлөвлөгөө байгаа юу? Бидний заадаг Хүүхдийн хэсгийн хичээлүүд гэр бүлийн янз бүрийн нөхцөлд байдаг хүүхдүүдэд эмзэг тусдаг уу? Бид тэднийг илүү их татан оролцуулахын тулд юу хийж болох вэ?

Арьс өнгөөр ялгаварлах, бусад ёс заншлыг доромжлох, өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийг буруутгах зэрэг нь бидний хуваалцдаг захиаст орох ёсгүй. Хүүхдийн хэсгийн ангид нэг хүү бусад хүүхдийн ярьж байгаа хэлээр сайн ярьж чадахгүй байв. Түүнийг тухтай байлгах үүднээс багш нар нь тараах материалаа хоёр хэл дээр хэвлэжээ. Бусдыг бодсон энгийн үйлдэл нь хүүхэд нэг бүрийг мэддэг, анхаарал халамж тавьдаг гэдгийг маань тэдэнд харуулдаг бөгөөд эдгээр үйлдэл тэдэнд дагах үлгэр дуурайл болдог.

Зарим хүүхдэд яаралтай туслах хэрэгтэй гэдгийг бид мэдэж болно. Жишээ нь, хүүхдийг өсөж том болох явцад ааш нь өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл боловч, хэрэв тэр олон долоо хоног дараалан уур уцаартай, зожиг эсвэл гунигтай байвал мэргэжлийн тусламж авах хэрэгтэй илүү ноцтой асуудал үүссэн байж болох юм. Залбирах, судраас суралцах зэрэг зөв шударга дадал хэвшилтэй байх нь чухал ч гэлээ ихэвчлэн сэтгэцийн өвчин тусаж эсвэл сэтгэлийн шаналлаа дотроо тээж яваа хүмүүст илүү их дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байдаг. Нөхцөл байдлыг үл тоомсорлох нь асуудлыг шийдвэрлэхгүй. Ихэнх тохиолдолд бишоп хувь хүн, гэр бүлүүдэд Гэр бүлийн үйлчилгээ эсвэл өөр бусад эх сурвалжаар дамжуулан зөвлөгөө авах санхүүгийн тусламж үзүүлж болно.

Есүс тэдэнд урам зориг өгсөн

Зураг
father helping son ride bicycle

Гэрэл зураг чимэглэлийг Ангалий Жаксон

Есүс хүүхдүүдийг хамгаалахын зэрэгцээ тэдэнд урам зориг өгсөн. Тэр хүүхдүүдийг жишээ болгон авдаг байсан (Матай 18:3-ыг үзнэ үү). Түүнийг Америкт айлчилсны дараа бяцхан хүүхдүүд насанд хүрэгчдэд “гайхамшигт зүйлийг” (3 Нифай 26:16-г үзнэ үү) зааж чадсан.

Бид таньдаг хүүхдүүддээ Сүнс тэдэнтэй хэрхэн ярьдгийг, дараа нь шийдвэр гаргахдаа Сүнсний удирдамжийг хэрхэн дагаж сурах тухай заах замаар өөрсдийн үйлдлийг өөрсдөө удирдах чадвар олгодог дотоод шүүлтүүрээ хөгжүүлэхэд нь туслан, тэдэнд урам зориг өгч чадна. Жонс эгчийн зааснаар “Хүүхдүүдэд [аюулгүй шийдвэр гаргахыг] хүсэх өөрийн гэсэн шалтгаантай болгоход туслах нь амин чухал зүйл юм.”8 Зарим гэр бүлд урам зориг өгсөн хэдэн санааг оруулав.

  • Нэг ээж хүүхдүүддээ “юу билээ гэсэн мэдрэмждээ” анхаарлаа хандуулж, эргэн тойрныхоо “зальтай” хүмүүсээс болгоомжлохыг заажээ. Энэ нь хэдэн хүн хүү дээр нь ирээд, жорлонгийн өрөө рүү хамт оръё гэж ятгах үед сэрэмжлүүлсэн мэдрэмжээ дагаж татгалзахад тусалсан байна.

  • Зарим гэр бүл аюул занал тохиолдох үед дайжин гарах төлөвлөгөөг урьдчилан гаргадаг. Жишээ нь, нэг гэр бүл дайжин гарах төлөвлөгөөгөө “унтраагаад, хэлэх” гэж нэрлэсэн ба муухай дүрс гарч ирвэл тэр даруй компьютерынхаа дэлгэцийг унтрааж, эцэг эхдээ мэдэгдэх ёстой байв. Хүүхдүүд нь муу муухай мэдээлэлтэй хэрхэн харьцах талаар огтхон ч эргэлздэггүй байна. Учир нь тэд юу хийхээ мэддэг байлаа!

  • Өөр нэг гэр бүлийн хувьд, хэрэв хүүхдүүд нь хүнээр авахуулахаар болбол эцэг эх рүүгээ мессеж бичиж эсвэл утсаар хэлж болохоор нууц үг зохиосон байна.

  • Хэн нэгэн таны хүүхдүүдээр ямар нэгэн таагүй зүйл хийлгэхээр ятгах үед та тэдэнд “татгалзаж” сурахыг заан тусалж болно. Хүүхэд бүр тусламж эрэлхийлж болно мөн аюулаас гаран гартлаа тусламж хүсэх хэрэгтэй гэдгээ мэддэг байх ёстой.

Насанд хүрэгчид бидний хүлээсэн үүрэг

3 Нифай 17 дээр гардаг, Есүс “тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав. Тэд галаар эргэн тойрондоо хүрээлэгдсэн байв; мөн тэнгэр элчүүд тэдэнд тохинуулав” (21, 24-р шүлэг) гэсэн үйл явдлыг эргэн санацгаая. Магадгүй энэ түүхийн гол санаа нь хүүхдүүд ямар чухал болохыг бидэнд заахын зэрэгцээ насанд хүрэгчдийн хувьд бидний үүрэг юу болохыг харуулах зорилготой бололтой. Бид дараагийн үе удмаа анхааран халамжлах ёстой хүмүүс юм. Бид хүүхдүүдийг тойрон хүрээлж, тохинуулдаг тэнгэр элч нь байх ёстой. Есүсийг өөрсдийн төгс үлгэр жишээ болгон харж, бяцхан үрсээ хайр халамж, хамгаалалтаар хүрээлүүлэхийн тулд чадах бүхнээ хийцгээе.

Эшлэлүүд

  1. Энэ нийтлэлийн гарчиг болгоны доор байгаа судрын эшлэлүүдээр судрын түүхүүдийг олж үзнэ үү.

  2. “Child Maltreatment (Child Abuse),” World Health Organization, who.int/violence_injury_prevention/violence/child/en-ийг үзнэ үү.

  3. Joy D. Jones, “Addressing Pornography: Protect, Respond, and Heal,” Liahona, Oct. 2019, 38.

  4. Joy D. Jones, “Addressing Pornography,” 39, 40.

  5. Joy D. Jones, “Addressing Pornography,” 39.

  6. Даллин Х.Өүкс, “Хүүхдүүдээ хамгаал,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 53.

  7. “Preventing and Responding to Abuse,” newsroom.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

  8. Joy D. Jones, “Addressing Pornography,” 40.