2017
Долоо хоногийн турш хүчтэй байх нь
July 2017


Долоо хоногийн турш хүчтэй байх нь

Эдгээр өсвөр үеийнхэн ариун ёслолоос хүртэн, долоо хоногийн турш гэрээгээ дурсан санах үед Их Эзэн хэрхэн адисалдаг тухай хуваалцана.

Зураг
young woman taking the sacrament

Ням гаргийн орой. Энэ нь маргааш даваа гараг гэсэн үг бөгөөд гэрийн даалгавар, ажил, хөлбөмбөгийн дасгал сургуулилт, төгөлдөр хуурын хичээл гэх мэт олон зүйл рүү эргэж орно гэсэн үг. Энэ долоо хоногт хийх зүйл их байх нь гарцаагүй! Гэхдээ та юу хийхээ мэднэ. Та энэ долоо хоногийнхоо хийх зүйлийн урт жагсаалтыг дуусгаж чадна.

Яаж хийхээ мэдмээр байна уу?

Яагаад гэвэл сүнслэг хүч таны талд байгаа. Та ням гараг бүр ариун ёслолоос хүртэн, хийсэн гэрээгээ шинэчлэх боломжтой. Та ийнхүү хийж, Есүс Христийн нэрийг өөр дээрээ авч, Түүнийг дурсан санаж, зарлигуудыг нь дагах юм бол Түүний Сүнсийг өөртэйгээ үргэлж хамт байлгана гэсэн амлалтыг чамд өгдөг (С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү). Энэ нь тухайн долоо хоногт танд юу ч тохиолдсон бай, сүнслэг байдлын хувьд хүчтэй болсноо мэдрэх боломжтой гэсэн үг юм.

Бид зарим өсвөр үеийнхнээс ариун ёслолтой холбоотой туршлага болон энэ нь тэднийг долоо хоногийн турш гэрээгээ санах үед хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хуваалцахыг хүссэн юм. Тэдний зарим түүхийг уншиж танилцана уу. Та нарт үүнтэй адилхан үйл явдал тохиолдож байсан байж магадгүй.

Аврагчийг үргэлж санах нь надад хүнд хэцүү саад бэрхшээлтэй тулгарах үед зоригтой байхад тусалдаг. Намайг ахлах сургуулийн төгсөх ангид ороод хагас жил болж байхад гэр бүл маань АНУ руу буцаж нүүсэн. Харин би сургуулиа төгсгөхийн тулд Австралид ганцаараа үлдсэн юм. Би гэрийнхэн дээрээ сургуулийн амралтаараа очоод, Австрали руу буцан нисэж байхдаа маш их ганцаардаж байгаагаа мэдрэв. Гэхдээ Аврагчийг дагахыг хичээх юм бол Түүний Сүнс үргэлж надтай хамт байх учраас ганцаараа биш гэдгээ мөн хэзээ ч ганцаараа байгаагүй, хэзээ ч ганцаараа байхгүй гэдгээ гэнэт ухаарсан юм. Энэ бол тухайн үед миний хүлээж авч болох хамгийн агуу тайтгарал байлаа.

Шаннон С., 19 настай, Австралийн Сидней

Би ариун ёслолын залбирлыг сонсож байхдаа баптисмын гэрээнийхээ өөрийн хийх хэсгийг хийх юм бол Сүнсийг өөртэйгээ хамт байлгах боломжтой гэдгээ өөртөө сануулдаг. Намайг Сүнстэй ойр байсан үед долоо хоног хамаагүй хялбар болж өнгөрдөг. Жишээлбэл, манай сургуулийн олон оюутан бүдүүлэг үг хэлж, зохисгүй байдлаар ярьцгаадаг. Гэрээгээ санаж байх нь сонсож байгаа зүйлээ тоохгүй өнгөрөөх, тэр ч бүү хэл зарим үе тэнгийнхэндээ тиймэрхүү байдлаар ярихаа болиход нь нөлөөлөхөд тусалдаг.

Жакоб В., 14 настай, АНУ-ын Колорадо

Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй нэг охин байдаг байлаа. Олон хүн түүгээр доог тохуу хийх шалтаг гаргадаг байв. Манай найз бид хоёр түүнд туслахыг хичээдэг цорын ганц хүмүүс байсан юм. Зарим өдөр ангийнхан маань бүгдээрээ нийлж, түүнийг ганцаардуулж байгаа мэт санагддаг байлаа. Ийм тохиолдолд юу хийхээ мэдэх нь тийм ч хялбар байгаагүй. Би зүгээр л мэдээгүй мэт өнгөрөхийг хүсэж байсан ч, тэр бол Бурханы хүүхэд гэдгийг санаж, Есүс түүнд хэрхэн хандах байсан талаар бодохыг сонгосон. Үүнээс би Ариун Сүнсний тайвшруулагч нөлөөг мэдэрсэн. Би өөрчлөлт хийж чадна гэдгээ санасан юм. Аврагчийн үлгэр жишээг дагах нь надад үнэхээр тусалсан бөгөөд би бүх зүйл сайхан болно гэдгийг ойлгосон.

Миний баптисмын гэрээнд, хэрэв би Аврагчийн адил үйлдвэл Ариун Сүнс үргэлж надтай хамт байна гэж амласан байдаг. Би Ариун Сүнснээс ирдэг тэрхүү тайтгарал, хүчийг мэдэрсэндээ талархдаг.

Алексис Л., 13 настай, АНУ-ын Канзас

Надад Христийн нэрийг өөр дээрээ авна хэмээн гэрээнд орсноо мэдэх нь Түүнийг дагах үүргээ ухамсарлахад тусалдаг ч, энэ нь үргэлж амар хялбар байдаггүй. Нэг удаа бүлгийн үйл ажиллагаан дээр би хэнтэй ч ярихгүй сууж байсан нэг хүүхдийг харав. Надад түүнтэй ярих хэрэгтэй юм шиг санагдсан. Эхлээд би яримааргүй байсан л даа. Би хүнтэй тийм ч амархан нөхөрлөдөг хүн биш. Гэхдээ би Христ энэ тохиолдолд юу хийх байсныг санаад, түүнтэй найз болох хүчийг олсон юм. Би түүнтэй ярьж байхдаа асуулт тавин, хөгжилтэй бай гэсэн Сүнсний өдөөлтийг мэдэрсэн.

Эван А., 16 настай, АНУ-ын Юта

Ариун ёслолын үеэр би долоо хоногт юу хийх ёстой болон сургууль дээрх зүйлс эсвэл найз нөхөд гэх мэт зүйлийн талаар боддог байсан юм. Гэхдээ би Ням гаргийн хичээл, бошиглогчдын захиасууд зэргээр дамжуулан ариун ёслолын утга учрыг ойлгож эхэлсэн. Би одоо Есүс Христийн Цагаатгал, бидний төлөө амиа өгсөн болон гэм нүглийн маань төлөөсийг төлсөн, бүх зовлонг туулсан тухай боддог. Энэ нь надад өдөр бүр Түүнтэй адил болохыг хичээн, Түүний бусдад үзүүлсэнтэй адил хайрыг харуулж чадна гэсэн сэдлийг өгдөг. Би сайн мэдээг бусадтай хуваалцаж чадна. Би бас ариун сүмд орж, ариун ёслолыг хүртэхуйц зохистой байхын тулд ямар нэгэн зүйлийг хийж чадна.

Алэксандра Б., 17 настай, Чилийн Сантьяго

Ариун ёслол бол тухайн долоо хоногийн сүнслэг түлхэц юм. Энэ нь надад Тэнгэр дэх Эцэгтэйгээ хийсэн гэрээг сануулдаг бөгөөд долоо хоногийн турш намайг удирдан чиглүүлдэг. Түүнчлэн энэ нь надад Есүс Христийн бидний төлөө хийсэн золиослолыг сануулж, ирэх долоо хоногт сүнслэг байдлын хувьд бэлтгэдэг.

Нэг удаа би сэтгэлийн дарамтад орж, бухимдалтай байхдаа ариун ёслолоос хүртэн, ариун ёслолын дууллыг уншаад, Сүнсээр дүүрч билээ. Би сэтгэлийн дарамтаа мартаж, Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлсэн.

Брэтт Б., 17 настай, АНУ-ын Колорадо

Миний хувьд Есүс Христийн нэрийг өөр дээрээ авснаар Түүний Сүнсийг үргэлж бидэнтэй хамт байлгах боломжтой бөгөөд бид зөвийг сонгож хийх ёстой гэдгээ санана гэсэн утгатай юм. Нэг удаа төрсөн өдрийн үдэшлэг дээр найзууд маань согтууруулах ундаа ууж, намайг бас уу гэв. Би татгалзав. Гэтэл Сүмийн нэг найз маань ирээд, бид шүтлэгтэй учир согтууруулах ундаа уудаггүй гэж хэлсэн. Аврагчийг үргэлж санах нь Сүнсийг ойртуулан, муу зүйлийг холдуулдаг.

Мигиэл, К., 16 настай, Бразилын Парана

Ариун ёслолоос хүртэх нь надад амар амгаланг мэдрүүлж, амьдралд юу ч тохиолдсон бай, давж гарч чадна гэсэн итгэлийг төрүүлдэг. Өнгөрсөн 6-р сар миний амьдралд хүнд хэцүү цаг үе байлаа. Сайн найзуудын маань нэг нь өөр газар руу нүүж, би сэтгэлийн дарамтад орж, биеийнхээ гадаад төрх байдлын талаар бодит бус бодол мэдрэмж байнга төрдөг болсон байв. Нэгэн ням гарагт намайг ариун ёслолоос хүртэж байхад амар амгалангийн мэдрэмж үер адил над дээр цутгаж билээ. Би тэр үед үнэхээр аз жаргалыг мэдэрсэн.

Оливиа Т., 14 настай, АНУ-ын Виржиниа