2017
Дажгүй давж гарсны шагнал
July 2017


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Дажгүй давж гарсны шагнал

Зураг
family praying together

Би залуу байхдаа Сүмд дүүргийн нэгэн ухаалаг ерөнхийлөгчийн зөвлөхөөр үйлчилсэн юм. Тэр байнга надад зааж сургахыг хичээдэг байв. Тэр надад нэг удаа: “Чи хэн нэгэнтэй уулзахдаа түүнийг маш хэцүү асуудалд орчихсон мэт бодож харьцах юм бол талаас илүүд нь зөв байснаа мэднэ” хэмээн зөвлөснийг санаж байна. Тухайн үед би түүнийг гутранги үзэлтэй хүн юм байна гэж бодож билээ. Одоо тэр явдлаас хойш 50 гаруй жил өнгөрсний дараа би тэр хорвоо дэлхийг мөн энэхүү амьдралыг ямар сайн ойлгодог байсан юм бэ гэж ухаарч байна.

Бид зовлон бэрхшээлтэй, заримдаа бүр туйлын хэцүү зовлон бэрхшээлтэй яах ч аргагүй нүүр тулдаг. Их Эзэн саад бэрхшээлийг туулуулснаар биднийг өө сэвгүй, төгс болгон, ингэснээр Өөртэй нь үүрд хамт байх боломж олгодог.

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд Либертигийн шорон дахь зовлон бэрхшээлийг дажгүй давж гарах юм бол хүртэх шагнал нь түүнийг мөнх амьдралд бэлдэхэд тусална хэмээн зааж:

“Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно;

Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно” гэжээ (С ба Г 121:7–8).

Амьдралынхаа туршид бид олон зүйлд нүдүүлдэг бөгөөд дажгүй давж гарахад хэцүү санагддаг. Тухайлбал, бороо хургүй үед ургац авахаар горьдон хүлээж буй гэр бүлд ийнхүү санагдаж мэднэ. Тэд “Бид хэр удаан тэсэж чадах бол” гэж боддог байж болно. Өсөн нэмэгдэж буй бузар булай, уруу таталтын үерийг тэсвэрлэх ёстой өсвөр үеийнхэнд ч бас ийнхүү санагдаж байж болох юм. Эхнэр болон гэр бүлээ тэжээхийн тулд ажилд орохоор шаардлагатай боловсрол, дадлага туршлагатай болох гэж зүтгэж байгаа залууд мөн ийнхүү санагдаж магадгүй. Мөн ажилд орж чадахгүй байгаа эсвэл бизнес нь дампуурснаас болж ажилгүй болсон хүнд ч ингэж санагддаг байж болно. Түүнчлэн амьдралын эрт орой хэзээ нэгэн цагт өөрийнх нь болон хайртай нэгнийх нь эрүүл мэнд, биеийн тамир тэнхээ доройтсон хүмүүст ч ийн санагдах байх.

Гэхдээ биднийг хайрладаг Бурхан эдгээр сорилтыг зүгээр л хэрхэн даван туулахыг маань харах гэж биш, харин дажгүй давж гаран, өө сэвгүй болоосой гэж өгдөг.

Тэргүүн Зөвлөл ахлагч Парлей П.Праттад (1807-1857) Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр дөнгөж дуудагдахад нь: “Та өөрийнхөө бүх анхаарлыг төвлөрүүлэхийг шаардах, … өө сэвгүй сум болгох үйлсэд орлоо… Та төгс өө сэвгүй болохын тулд уйгагүй ажиллаж, асар их хөдөлмөрлөн, гачигдал дутагдлыг тэвчиж гарах ёстой. … Таны Тэнгэрлэг Эцэг үүнийг шаардах бөгөөд талбар нь Түүнийх; энэ ажил ч бас Түүнийх ба Тэрээр танд … урам зориг, … сэтгэлийн дэм өгнө”1 хэмээн заажээ.

Еврейн номон дээр Паул дажгүй давсны үр жимсийг: “Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг” (Еврей 12:11) хэмээн хэлсэн.

Саад бэрхшээл, хүнд хэцүү асуудлууд бидэнд суралцах, өсөж хөгжих боломж олгодог төдийгүй бидний төрөлх зан чанарыг өөрчилж болно. Хэрэв бид туйлын цэгт нь хүрэхдээ Аврагчид хандах юм бол бодгаль минь энэхүү даван туулах үйл явц дунд өө сэвнээсээ сална.

Тиймээс хамгийн түрүүнд санаж байх зүйл бол үргэлж залбирах явдал юм (С ба Г 10:5; Aлма 34:19–29-ийг үзнэ үү).

Хоёр дахь нь бидний эргэн тойронд ямар ч эсэргүүцэл, уруу таталт эсвэл үймээн самуун болж байсан ч үргэлж зарлигуудыг дагахыг хичээх явдал юм (Moзая 4:30-ийг үзнэ үү).

Хийх ёстой гурав дахь чухал зүйл бол Их Эзэнд үйлчлэх явдал (С ба Г 4:2; 20:31-ийг үзнэ үү).

Бид Агуу Багшид үйлчилж байхдаа Түүнийг таньж мэдэн, хайрладаг болдог. Хэрэв бид цөхрөлтгүй залбирч, итгэлтэй үйлчилбэл өөрийн амьдралд Аврагчийн мутар, Ариун Сүнсний нөлөөг танин мэдэж эхэлдэг. Бидний олонх нь тодорхой хугацаанд ийнхүү үйлчилж, Ариун Сүнсний нөхөрлөлийг мэдэрч байсан. Та тэр цаг үеэ эргэж харвал өөрт гарсан өөрчлөлтийг санах болно. Хилэнцтийг үйлдэхээр уруу татагдах чинь багасаж, сайныг үйлдэх хүсэл тань нэмэгдэн, сайн мэддэг, хайрладаг хүмүүс тань “Чи илүү сайхан сэтгэлтэй, тэвчээртэй болсон байна. Өмнөхөөсөө өөр хүн болжээ” гэж танд хэлж байсан байх.

Та өөр хүн болсон байсан. Та зовлон бэрхшээлтэй тулгарах үедээ Есүс Христэд найдаж байсан учраас Түүний Цагаатгалаар дамжуулан өөрчлөгдсөн.

Хэрэв та Их Эзэнийг эрэлхийлж, Түүнд үйлчилбэл Тэрээр хүнд хэцүү цагт туслан, үйл явцын дунд бодгаль тань өө сэвнээсээ салсан байна гэдгийг би амлаж байна. Би та бүхнийг зовж зүдэрч байхдаа Түүнд найдахыг уриалж байна.

Бурхан Эцэг амьд бөгөөд бидний залбирал бүрийг хариулдаг гэдгийг би мэднэ. Түүний Хүү Есүс Христ бидний бүх гэм нүглийн төлөөсийг төлсөн бөгөөд биднийг Өөрт нь ирээсэй хэмээн хүсдэг гэдгийг би мэднэ. Тэнгэрлэг Эцэг, Хүү хоёр биднийг харж ханддаг бөгөөд бидэнд дажгүй давж гаран, дахин гэртээ очих замыг бэлдсэн гэдгийг би мэднэ.

Эшлэл

  1. Autobiography of Parley Parker Pratt, хянан тохиолдуулсан бага Парлей П.Пратт (1979), 120–211.