2017
Их Эзэний талд: Сионы хуарангаас олж авсан сургамж
July 2017


Их Эзэний талд: Сионы хуарангаас олж авсан сургамж

Боловсролын долоо хоногийн “Хэн Их Эзэний талд байна вэ? Одоо харуулах цаг болжээ” хэмээх 2010 оны 7-р сарын 30-нд Айдахо дахь Бригам Янгийн Их сургууль дээр болж өнгөрсөн онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс.

1834 онд бошиглогч Иосеф Смитийн удирдсан Сионы хуарангийн аялал бол Их Эзэний талд байхыг сонгосны тод жишээ юм. Сионы хуарангийн түүхийг эргэн харах нь бидэнд Сүмийн түүхэнд болж өнгөрсөн чухал үйл явдлаас өөрсдийн амьдрал, нөхцөл байдалд хэрэгжүүлж болох үнэт хийгээд хэзээ ч хувиршгүй сургамжаас суралцахад туслах боломжтой.

Сионы хуаран гэж юу вэ?

1831 онд бошиглогч Иосеф Смит Миссуригийн Жаксон гүнлэгийн Индепенденсийг Сион буюу хожмын үеийн гэгээнтнүүдийн цугларах төв бөгөөд Библи болон Мормоны Номон дээр тодорхойлсон Шинэ Иерусалим хэмээн тогтоосон илчлэлт хүлээн авчээ (С ба Г 57:1–3; мөн Илчлэлт 21:1–2; Ифер 13:4–6-г үзнэ үү). 1833 оны хавар гэхэд, мормон оршин суугчид Жаксон гүнлэгийн хүн амын гуравны нэг орчим хувийг бүрдүүлж байв. Шинээр ирэгсдийн тоо асар хурдан өсөж байгаа байдал, улс төрд үзүүлж болох нөлөө мөн шинээр ирж буй хүмүүсийн шашин болоод улс төрийн эрс ялгаатай үзэл бодол нь тухайн нутгийн бусад оршин суугчдын санааг зовоосон асуудал болж байлаа. Тэд Сүмийн гишүүдийг орон гэр, эд хөрөнгөө орхин явахыг байнга шаарддаг байж. Тэдний энэ тулган шахалтыг гэгээнтнүүд хүлээж аваагүй тул миссуричүүд 1833 оны 11-р сард оршин суугчид руу халдан, гэгээнтнүүдийг хүчээр гаргажээ.

Зураг
exiled Saints

Forging Onward, Ever Onward, Глэн Хопкинсон.

1834 оны 2-р сард Сионы хуаранг бий болгохыг илчлэлтээр тушаасан байна (С ба Г 103-ыг үзнэ үү). Их Эзэний энэ армийг бий болгосон үндсэн зорилго бол Миссуригийн цагдаагийнхан оршин суугчдыг гэр орон, эдлэн газарт нь аюулгүй эргүүлэн хүргэх үүргээ биелүүлэх, дараа нь Жаксон гүнлэг дэх мормончуудыг цаашдын халдлагаас хамгаалах явдал байлаа. Түүнчлэн уг хуаран нь ядарч зүдэрсэн гэгээнтнүүдэд мөнгө, эд зүйлээр туслах, сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилготой байв. Ийнхүү 1834 оны 5, 6-р сард бошиглогч Иосеф Смитийн удирдсан хоёр зуу гаруй хожмын үеийн гэгээнтэн сайн дурынхнаас бүрдсэн бүлэг Огайогийн Көртландаас Миссуригийн Клэй гүнлэг хүртэл ойролцоогоор 1450 км замыг туулжээ. Хайрум Смит, Лаймен Вайт хоёр Мичиганы газар нутгаас цөөн тооны сайн дурынхнаас бүрдсэн бүлэг бүрдүүлэн, Миссури дахь бошиглогчийн бүлэгтэй уулзсан байна. Сионы хуаранд Бригам Янг, Хибэр С.Кимбалл, Вилфорд Вүдрафф, Парлей П.Пратт, Орсон Хайд нар болон Сүмийн түүхэнд ул мөрөө үлдээсэн бусад хүн багтжээ.

Би энэ хүнд аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг эсвэл болж өнгөрсөн чухал бүх сүнслэг үйл явдлын талаар ярихыг өөрийн зорилго болгосонгүй. Надад Сионы хуарангийн аяллын хэдэн чухал үйл явдлыг хураангуйлан танилцуулахыг зөвшөөрнө үү.

  • Миссуригийн амбан захирагч Даниел Данкин нь мормон оршин суугчдыг газар нутагтаа эргэж ирэхэд нь цэрэг цагдаагийн тусламж үзүүлнэ гэсэн амлалтаа биелүүлээгүй юм.

  • Сүмийн удирдагчид болон Миссури мужийн албан тушаалтнууд мөн Жаксон гүнлэгийн иргэд хоорондоо зэвсэгт зөрчилдөөнөөс татгалзаж, өмч хөрөнгийн маргааныг шийдвэрлэх гэрээ хэлэлцээрээр хангалттай сайн зөвшилцөлд хүрч чадаагүй.

  • Эцэст нь, Их Эзэн Иосеф Смитэд Сионы хуаранг тараахыг тушаагаад, яагаад Их Эзэний арми тавьсан зорилгоо биелүүлээгүй учрыг дурдсан (С ба Г 105:6–13, 19-ийг үзнэ үү).

  • Их Эзэн гэгээнтнүүдэд цэргийн хүчээр биш, харин хууль ёсоор Сионыг буцааж авахад бэлтгэхийн тулд бүс нутагт сайн сайхныг түгээх заавар өгчээ (С ба Г 105:23–26, 38–41-ийг үзнэ үү).

1834 оны 6-р сарын сүүлээр Сионы арми жижиг бүлгүүдэд хуваагдаж, 1834 оны 7-р сарын эхний хэдэн өдөр халах баримт бичгийг гаргасан байна. Ихэнх сайн дурынхан Огайод буцаж ирсэн юм.

Бид Сионы хуарангаас ямар сургамж авч болох вэ?

Зураг
etching of zions camp

Жаксон гүнлэг дэх өөрийн газар нутагт гэгээнтнүүдийг эргэн суурьшуулах ажлыг хийж чадаагүй учраас зарим хүн Сионы хуаранг амжилтгүй, ашиггүй оролдлого байсан гэж үздэг байв. Хуарангийнхантай хамт сайн дураараа явах итгэл дутсан Көртландын нэгэн ах Бригам Янгийг Миссуригээс эргэн ирэхэд нь уулзаад, түүнээс “‘Миссури рүү Иосеф Смиттэй хамт хийсэн энэ ашиггүй аяллаас чи юу олж авав даа?’ хэмээн асуухад ‘Бид зорьсон бүх зүйлээ олж авсан. Энэ аяллаас олж авсан туршлагаа би Жиауга гүнлэгийн (тухайн үед Көртландад харьяалагддаг байсан гүнлэг) бүх баялгаар ч солихгүй’” гэж Бригам Янг шууд хариулжээ.1

Би та бүхнийг “Бид зорьсон бүх зүйлээ олж авсан” хэмээн хэлсэн Бригам Янгийн үгийг нухацтай авч үзээсэй хэмээн урьж байна. Хэдийгээр тухайн эхэн үеийн гэгээнтнүүд өмнө тавьсан зорилгоо биелүүлээгүй ч тэдэнд өгөгдсөн мөн бидэнд амьдралын туршид адислал авчрах ямар чухал мэдлэгийг бид энэ үйл явдлаас олж авах боломжтой вэ?

Энэ ёжилсон асуултад өгсөн Бригам ахын хариултаас хоёр чухал сургамж авч болно гэдэгт би итгэлтэй байна. Тэдгээр нь: (1) сорих, шигших, бэлтгэх болон (2) ах нарыг ажиглан, тэднээс суралцаж, дагах явдал юм. Эдгээр сургамж 180 гаруй жилийн өмнө Сионы хуарангийн сайн дурынханд чухал байсны адил бид үүнээс суралцаж, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг би онцлон тэмдэглэх гэсэн юм.

Сорих, шигших, бэлтгэх талаарх сургамж

Их Эзэний армид нэгдсэн эрэлхэг зоригтой гэгээнтнүүд соригдон, туршигдсан. Их Эзэний тунхагласнаар “Би тэдний залбирлуудыг сонссон, мөн тэдний өргөлүүдийг хүлээн авах болно; мөн тэдний итгэлийн сорилтын учир тэд ийн хол авчрагдах ёстой нь надад шаардлагатай бөлгөө” (С ба Г 105:19).

Энэ нь шууд утгаараа бол Сионы хуарангийнхны бие махбод болон сүнслэг байдлын сорилт бэрхшээл нь буудайг зэрлэг өвснөөс шигших (Maтай 13:25, 29–30; С ба Г 101:65-ыг үзнэ үү), хонийг ямаанаас тусгаарлах (Maтай 25:32–33-ыг үзнэ үү), сүнслэг байдлын хувьд хүчирхэг хүмүүсийг сул дорой хүмүүсээс салгах ажлаас бүрдсэн юм. Тийнхүү Их Эзэний армид элссэн эрэгтэй, эмэгтэй хүн нэг бүр “Хэн Их Эзэний талд байна вэ?”2 гэсэн хүчтэй асуулттай тулгарч, хариултаа олж авсан.

Вилфорд Вүдраффыг ажлаа эмхэлж цэгцлэн, Сионы хуаранд нэгдэхэд бэлтгэж байхад найз нөхөд, хөршүүд нь түүнд ийм аюултай аялалд явах хэрэггүй хэмээн сэрэмжлүүлж байжээ. Тэд: “Аялалд яваад хэрэггүй. Явах юм бол амь насаа алдана шүү” гэж зөвлөж байв. Харин тэр: “Миссури муж руу анхны алхмаа хиймэгц зүрхэн тушаа газраа суманд оногдоно гэдгээ мэдсэн ч гэсэн би явна”3 хэмээн хариулсан байна. Вилфорд Вүдрафф итгэлтэй, дуулгавартай байх л юм бол хилэнцэт үр дагавраас айх хэрэггүй гэдгээ мэдэж байжээ. Тэр Их Эзэний талд байсан нь илт байв.

Үнэндээ 1834 оны зун бол эдгээр итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд өөрийгөө “харуулах цаг”4 байлаа. Гэхдээ бошиглогч Иосеф Смиттэй хамт Миссури руу явах шийдвэр гаргаснаар “Хэн Их Эзэний талд байна вэ?” гэсэн асуултын хариултыг ганцхан удаа, бүхнийг хамруулан, тэр даруй өгөөгүй юм. Тэдгээр гэгээнтний хувьд үүнийгээ сэтгэл санаа, бие махбодын хувьд туйлдаж ядрах, хөлөн дээр нь цустай цэврүү үүсэх, хоол хүнс, цэвэр усаар дутагдах, олон таагүй байдалтай тулгарах, хуаран доторх хагарал, эсэргүүцэл, гадны танхай балмад дайснуудын аюул занал зэргийг байнга, дахин дахин туулж гарахдаа харуулж байсан.

Харуулах цаг долоо хоног бүр, өдөр тутам, цаг мөч болгонд туршлага, зовлон бэрхшээлээр дамжин ирдэг байсан. Энэ нь эдгээр үнэнч гэгээнтний амьдралдаа хийсэн олон өчүүхэн мэт сонголт, үйлдлийн асар том нэгдэл байсан бөгөөд “Хэн Их Эзэний талд байна вэ?” гэсэн асуултад тодорхой хариулт өгч байв.

Сионы хуаранд оролцогчдын амьдралд болж өнгөрсөн сорилт, шигшилт нь хэрхэн тэднийг бэлтгэсэн бэ? Сонирхолтой нь, 1835 онд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдсан найман ах мөн тухайн үед дуудагдсан Далынхан бүгдээрээ Сионы хуаранд оролцож явсан хүмүүс байв. Далынхныг дуудагдсаны дараа болсон цуглаан дээр бошиглогч Иосеф Смит:

“Ах нар аа, та нарын зарим нь Миссурид тулалдуулаагүйд надад уурлаж байгаа байх. Гэхдээ Бурхан та нарыг тулалдуулахыг хүсээгүй гэдгийг би хэлэх гэсэн юм. Тэрээр дэлхийн улс үндэстнүүдэд сайн мэдээний үүдийг нээх арван хоёр эр мөн тэдний удирдлаган дор зам мөрөөр нь замнах далан эрийг амь насаа өгөхөд бэлэн байж, Абрахамын адил агуу золиослол хийсэн эрчүүдийн дундаас сонголгүйгээр Өөрийн хаант улсыг зохион байгуулах боломжгүй байх байсан.

Тэр: “Одоо Их Эзэн Өөрийн арван хоёр мөн далтай болсон бөгөөд Далын өөр чуулгууд дуудагдах болно”5 хэмээн тунхаглажээ.

Үнэхээр өргөн утгаар нь авч үзвэл, Сионы хуаран бол бүх сайн дурынхны хувьд, нэн ялангуяа Их Эзэний Сүмийн ирээдүйн олон удирдагчийг цэвэршүүлсэн гал нь байсан юм.

Их Эзэний армид сайн дурынхны хуримтлуулсан туршлага дараа нь цагаачлан ирэх Сүмийн гишүүдийг хүлээн авах бэлтгэл болсон. Сионы хуарангийн хорь гаруй оролцогч дүрвэн гарах хоёр том ажлыг удирдан явуулсан ахлагч, дэслэгч болсон. Эхнийх нь дөрвөн жилийн дараа, Миссуригаас Иллиной руу 8 000-10 000 хүнийг нүүлгэх6, хоёрдахь нь арван хоёр жилийн дараа, Иллинойгоос Солт Лэйк болон Роки Маунтин хөндийн бусад газар руу ойролцоогоор 15 000 хүнийг нүүлгэх ажил байв. Бэлтгэл сургуулилтын хувьд Сионы хуаран Сүмд асар их хувь нэмэр оруулсан. 1834 он бол үзүүлэх төдийгүй 1838 ба 1846 онуудад бэлтгэх цаг үе байжээ.

Бид ч гэсэн хувь хүн болоод гэр бүлийн хувьд Сионы хуарангийн гишүүдийн адил соригдон, шигшигдэж, бэлтгэгдэнэ. Судар болон ах нарын сургаалууд Есүс Христэд итгэх итгэл, ариун нандин гэрээ хийх, эрхэмлэх, санах мөн Бурханы зарлигуудад дуулгавартай байх зэрэг мөнх бус амьдралын сорилт, саад бэрхшээлд бэлтгэн, нүүр тулж, ялан дийлж, тэдгээрээс суралцахад хүч дэм өгнө гэсэн амлалтаар дүүрэн байдаг.

Их Эзэний Сүмийн удирдагчид энэ цаг үед болон бидний үеийнхэнд нийтлэг эсвэл зөвхөн энэ үеийнхэнд тулгарах зарим сорилтыг тодорхойлсон байдаг. 1977 онд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) бүсийн төлөөлөгчдийн цуглаан дээр бошиглолын сэрэмжлүүлэг өгсөн юм. Би одоо ерөнхийлөгч Бэнсоны захиасаас нэлээн их эш татах бөгөөд та бүхнийг түүний цагаа олсон зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу хэмээн урьж байна.

“Үе болгон баттай зогсон, өөрийгөө нотлох өөр өөрийн гэсэн сорилт, боломжтой байдаг. Бидэнд тулгарах хамгийн хэцүү сорилтуудын нэг юу болохыг та мэдэхийг хүсэж байна уу? Бригам Янг ‘Би энэ хүмүүс улс орондоо баяжиж, Бурханыг болон Түүний хүмүүсийг мартан, таргалж, Сүмээс өөрсдийгөө хөөж гарган, там руу явах вий гэхээс хамгийн их айдаг. Энэ хүмүүс дээрэм тонуул, хулгай, ядуурал болон бүх төрлийн хавчлага мөрдлөгийг тэвчих ба үнэнч байна. Гэхдээ миний хамгийн их айж байгаа зүйл бол тэд эд баялагт автах явдал юм’” хэмээн сэрэмжлүүлэн хэлсэн.

Ерөнхийлөгч Бэнсон цааш үргэлжлүүлэн: “Тэгвэл биднийх хамгийн хэцүү сорилт бололтой, учир нь хилэнц илүү зальтай, илүү ухаантай болсон. Энэ нь аюул багатай мэт, илрүүлэхэд илүү хэцүү байдаг. Зөв шударгын сорилт бүр тэмцлийг төлөөлж байдаг ч, яг энэ сорилт нь сорилт биш ч юм шиг, тэмцэх хэрэггүй ч мэт санагдуулдаг бөгөөд бүх сорилтоос хамгийн их төөрөгдүүлдэг нь байж ч болох юм.

“Та амар амгалан байдал, хөгжил дэвшил хүмүүст юу өгдгийг мэдэх үү? Энэ нь хүмүүсийг нойрсуулдаг. Мормоны Ном бидэнд хожмын өдрүүдэд Сатан биднийг хэрхэн болгоомжтой гэгч там руу доош татан аваачихыг сануулсан. Их Эзэний 6000 жил хадгалсан Хаант улсыг сүр жавхлантай удирдан залахад туслах сүнслэг байдлын хувьд аварга байж болох хүмүүс энэ газар дэлхий дээр байгаа бөгөөд чөтгөр тэднийг нойрсуулахыг хичээж байна. Дайснууд тэднээр олон том бөгөөд хор хөнөөлтэй гэмт хэрэг хийлгэж чадахгүй гэдгээ мэддэг. Тиймээс тэр Гулливерийн нойрссон шиг нойрсуулаад, алдаа дутагдал гэх мэт жижиг гэм нүглээр хүлдэг. Тэгэхлээр аварга байлаа ч нойрмог, бууж өгсөн, улбагар хүн ямар олигтой удирдагч болох вэ дээ?

Зураг
women sitting in front of computer

“Бидэнд гэр орон, хаант улс, улс орноо өндийлгөхөд илүү их хүч түрэн оролцох ёстой, сүнслэг байдлын хувьд аварга байж болох хүмүүс хэтэрхий их байна. Бидний дотор өөрсдийгөө сайн хүн гэж боддог хүмүүс маш олон байгаа ч, тэд хүчирхэг патриарх, эрэлхэг номлогч мөн гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн баатарлаг ажилтан, жинхэнэ эх оронч, чин сэтгэлээсээ үйлчилдэг чуулгын гишүүн гэх мэт ямар нэгэн зүйлд сайн байх ёстой. Товчхон хэлбэл, биднийг сүнслэг нойрноос сэгсэрч, сэрээх хэрэгтэй”7 хэмээн хэлсэн.

Элбэг дэлбэг байдал, хөгжил дэвшил, амар хөнгөн амьдрал нь Сионы хуаранд сайн дураараа нэгдсэн гэгээнтнүүдийн давж гарсан хавчлага, бие махбодын зовлон зүдгүүртэй эн тэнцүү буюу тэдгээрээс ч илүү том сорилт байх магадлалтай. Бошиглогч Мормон Хиламан 12-т байх бардамналын тойргийн талаарх гайхамшигт дүгнэлтэндээ:

“Мөн хүмүүний үрс ямар хуурамч, мөн түүнчлэн зүрх сэтгэл нь тогтворгүй болохыг бид тийн болгоож чадах буюу; тийм ээ, Их Эзэн өөрт нь найдлага тавьдаг тэднийг хэмжээлшгүй агуу сайн сайхнаараа адисалж мөн дэгжүүлэхийг бид харж чадна.

Тийм ээ, мөн тэрээр өөрийн хүмүүсийг дэгжүүлэх чухам үед, тийм ээ, талбайг нь, бог болон бод малыг нь, мөн алт, мөн мөнгө, мөн бүх төрлийн мөн янз бүрийн уран хийц бүхий үнэт зүйлсийг зүйл бүрээр нь нэмэгдүүлэхэд; амийг нь хэлтрүүлж, мөн тэднийг дайснуудынх нь гараас чөлөөлөхөд; тэдний эсрэг дайн зарлахгүй байлгахын тулд дайснуудынх нь зүрхийг зөөллөхөд; тийм ээ, эцэст нь өөрийн хүмүүсийн сайн сайхан болон аз жаргалын төлөө бүх зүйлийг тэрээр хийхэд; тийм ээ, тэгэхэд тэд зүрх сэтгэлээ хатууруулж, мөн Их Эзэн Бурханаа мартаж, мөн Ариун Нэгэнийг хөл дороо дэвсэлдэг тийм цаг үе байдгийг бид харж болох бөлгөө—тийм ээ, мөн энэ нь тэдний амар хөнгөн амьдрал, мөн тэдний үлэмж агуу дэгжлийн учир бөлгөө (Хиламан 12:1-2) гэж тайлбарлажээ.

Би та нарыг сүүлчийн шүлгийн сүүлийн хэсэгт “энэ нь тэдний амар хөнгөн амьдрал, мөн тэдний үлэмж агуу дэгжлийн учир” гэснийг онцгойлон анхаарна уу хэмээн урьж байна.

Мөн үүний адил ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) энэ үед бидэнд нийтлэг тулгарч буй амар хөнгөн амьдралын сорилтын талаар заасан. Тэрээр: “Өнөөдөр бид хамгийн чанга сорилтоор соригдон, шалгагдаж, тэдгээрийн дундуур явж байгаа бөгөөд бидэнд тулгарч байгаа сорилтууд ямар чанга болохыг ухаарахгүй байж магад. Тэр үед аллага, дээрэм тонуул, хөөх туух явдал байсан. Тэд цөл рүү хөөгдөж, өлсөж цанган, өмсөх хувцасгүй, даарч хөрч байсан. Тэд энд, энэхүү таатай газар нутагт ирсэн. Бид бол тэдний өгсөн зүйлийг өвлөн авсан хүмүүс юм. Харин бид үүгээр юу хийж байна вэ? Өнөөдөр бид дэлхийн түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй тансаг эд зүйлсэд умбаж байна. Тиймээс энэ нь Сүмийн түүхэнд хэзээ ч байгаагүй хамгийн хүнд сорилт байж магадгүй”8 гэжээ.

Орчин үеийн болон эртний бошиглогчдын хожмын үеийн сорилт, саад бэрхшээлийн талаарх сургаал холч бөгөөд чухал юм. Гэхдээ эдгээр нь бидний урмыг хугалах ёсгүй бөгөөд үүнээс айж эмээх хэрэггүй. Харах нүдтэй, сонсох чихтэй хүмүүст сүнслэг сэрэмжлүүлэг нь улам бүр сонор сэрэмжтэй харж ажиглахад хүргэдэг. Та бид “сэрэмжлүүлгийн өдөр” (С ба Г 63:58) амьдарч байна. Бидэнд өмнө нь сэрэмжлүүлсэн мөн цаашид сэрэмжлүүлэх учраас бид төлөөлөгч Паулын сануулснаар “бүх оролдлогоороо … сэргэг бай[х]” хэрэгтэй (Eфес 6:18). Бид сэргэг бөгөөд бэлтгэлтэй байхын хэрээр үнэхээр айж эмээх хэрэггүй (С ба Г 38:30-ийг үзнэ үү).

Хэн Их Эзэний талд байна вэ? Энэ цаг үе бол эдгээр сүнслэг сэрэмжлүүлгийг хүлээн авч, тэдгээрийн дагуу үйлдэх оюун ухаан, зүрх сэтгэлтэй гэдгээ харуулах цаг юм. Түүнчлэн энэ нь бид чинээлэг аж амьдрал, бардамнал, элбэг дэлбэг байдал, амар хөнгөн амьдрал, хатуу зүрх сэтгэл, Их Эзэн Бурханаа мартах гэх мэт хожмын үеийн сорилтуудад сэргэг, бэлтгэлтэй байгаа гэдгээ харуулах цаг юм. Одоо ямар ч үед Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүүгийн итгэмжилсэн юунд ч болов үнэнч байх мөн Бурханы зарлигуудыг дагаж, Түүний өмнө шударга алхана гэдгээ харуулах цаг юм (Aлма 53:20–21-ийг үзнэ үү).

Ах нарыг ажиглан, тэднээс суралцаж, дагах талаар авах сургамж

Их Эзэний армийн эрэлхэг гэгээнтнүүд ах нарыг ажиглан, тэднээс суралцаж, дагах боломжоор адислагдсан. Өнөөдөр бид Сионы хуарангийн үнэнч гишүүдийн үлгэр жишээ, итгэлтэй байдлаас олон зүйлийг сурч болно.

1834 оны 4-р сард Вилфорд Вүдрафф нь Парлей П.Праттын өгсөн зөвлөгөөний хариуд Сионы хуаранд нэгдэхээр явжээ. Бошиглогч Иосеф Смиттэй анх уулзсан тухай Вүдрафф ахын тэмдэглэл бидэнд тун сургамжтай.

“Би амьдралдаа анх удаа Бурхан Өөрийн илчлэлтийг энэхүү хожмын өдрүүдэд урагш авчруулахаар сонгосон хүн, хайрт бошиглогч Иосеф Смиттэй уулзан, ярилцлага хийсэн нь энэ байлаа. Би анх уулзахдаа бошиглогч хүн ямар байх ёстой вэ, тэр хэрхэн харагдах ёстой вэ гэх мэт шашин шүтэгчийн оюун ухаанд урьдаас тогтсон ойлголтод маань нийцэж байгаа эсэхийг мэдэх зорилготой байсангүй. Энэ нь олон хүний итгэлийг цочирдуулах байсан буй заа. Би түүнийг болон түүний ах Хайрумыг буугаар бай буудаж байхад олж очсон юм. Тэднийг буудаж дууссаны дараа намайг Иосеф ахтай танилцуулсан бөгөөд тэр миний гарыг үнэн сэтгэлээсээ атгаж байв. Тэр намайг Көртландад байх хугацаандаа гэрт нь бай хэмээн урьсан. Түүний энэ урилгыг би баяртай хүлээн авсан бөгөөд хамт өнгөрүүлсэн цаг хугацаандаа маш их гэгээрч, адислагдсан билээ.”9

Вүдрафф ахад хэсэг хугацаанд бошиглогчийн гэрт амьдарч, түүнийг өдөр тутмын амьдралынх нь явцад харж ажиглах ер бусын боломж олдсон нь гарцаагүй үнэн ч гэлээ, тэрээр “бошиглогч хүн ямар байх ёстой вэ, тэр хэрхэн харагдах ёстой вэ гэх мэт шашин шүтэгчийн оюун ухаанд урьдаас тогтсон ойлголтоос” гаднах зүйлийг харах мэлмийгээр адислагдсан байсан гэдгийг онцлох нь зүйтэй. Иймэрхүү хуурамч ойлголт нь өнөө үед дэлхий дээрх, Их Эзэний сэргээгдсэн Сүмийн доторх болоод гаднах олон хүний харааг халхалдаг.

Би 2004 онд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчлэхээр дуудагдсаны үр дүнд ах нарыг ажиглан, тэднээс суралцаж, дагах гэдэг үгийн утга агуулгын талаар маргахын аргагүй тодорхой ойлголттой болсон юм. Би одоо өдөр болгон Сүмийн удирдагчдын хувь хүний зан чанар, эрхэмлэн дээдэлдэг зүйлс, даруу зан төлөвийг харж ажигладаг. Зарим хүн ах нарын хүмүүний хязгаарлагдмал чадвар, сул талуудыг түвэгтэй, итгэл сулруулах зүйл гэж үздэг. Миний хувьд эдгээр сул тал нь харин ч итгэлийг хүчирхэгжүүлдэг гэж үздэг. Их Эзэний Өөрийн Сүмийн засаглалын талаар илчилсэн удирдах загвар нь хүмүүний сул дорой байдлын нөлөөг харгалзан үзэж, бууруулсан байдаг. Их Эзэн сонгосон удирдагчдынхаа сул тал, алдаа дутагдлыг үл харгалзан Өөрийн үйл хэргийг үйлчлэгчдээрээ дамжуулан гүйцэлдүүлж байгааг гэрчлэх нь миний хувьд үнэхээр гайхамшиг билээ. Тэд хэзээ ч өөрсдийгөө төгс хэмээн мэдэгдэж байгаагүй бөгөөд төгс биш тэднийг Бурхан дуудсан юм.

Прист байхдаа Их Эзэний армитай хамт Миссури руу явж байсан Вилфорд Вүдрафф нь хожим Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчилж байхдаа: “Бид өөр ямар ч арга замаар олж авч чадахгүй туршлагыг олж авсан. Бидэнд … [бошиглогч]-той хамт хэдэн мянган миль аялах, түүнтэй хамт байх Бурханы Сүнсний ажил, Есүс Христийн түүнд өгсөн илчлэлтүүд мөн тэдгээр илчлэлт хэрхэн биелэгдэхийг харах онцгой аз завшаан тохиолдсон юм. Би хэрэв Сионы хуарантай хамт яваагүй байсан бол өнөөдөр энд байхгүй байх байсан”10 гэжээ.

1834 оны 4-р сарын сүүлийн ням гарагт Иосеф Смит Сүмийн хэдэн удирдагчийг дуудан, сургуулийн байранд цугласан Сионы хуарангийн сайн дурынханд хандан үг хэлэхэд урьжээ. Ах нарыг захиасаа хэлж дууссаны дараа бошиглогч босоод, өгөгдсөн заавар түүнийг гэгээрүүлсэн гэдгийг хэлэв. Дараа нь тэрээр:

“Та нар энэ Сүмийн болон хаант улсын хувь тавилангийн талаар эхийнхээ өвөр дээрх нялх хүүхэд лүгээ адил их зүйлийг мэдэхгүй байгаа. Та нар үүнийг ойлгохгүй байна. … Өнөө орой энд хуруу дарам цөөхөн санваартан байгааг та нар харж байна. Гэвч энэ Сүм Хойд, Өмнөд Америкийг дүүргэнэ—энэ дэлхийг дүүргэнэ”11 хэмээн хэлжээ.

Бригам Янг, Хибэр К.Кимбалл, Орсон Пратт, Вилфорд Вүдрафф гэх мэт хүмүүс тэр орой бошиглогчийг сонсон, түүнээс их зүйлийг сурч мэдсэн бөгөөд олон жилийн дараа тэд түүний бошиглосон мэдэгдлийг гүйцэлдүүлэхэд гар бие оролцсон юм. Тэдэнд бошиглогчийг ажиглан, түүнээс суралцаж, түүнийг дагах ямар гайхамшигтай боломж олдсон юм бэ!

Зураг
President Nelson with young man

Бидний хүн нэг бүрийн хувьд ах нарын сургаалаас болон тэдний амьдралын жишээнээс суралцах боломжтой гэдгийг санаж байх нь чухал. Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн Сүмийн ирээдүйн өсөлт хөгжлийн тухай гайхамшигт үзэгдэл хүлээн авсан учраас одоо түүний хийж хэвшсэн, эгэл хэдий ч чухал даалгавруудыг хийж гүйцэтгэх талаар үзүүлсэн хувийн үлгэр жишээнээс нь ирэх хүчний талаар эргэцүүлэн бодоорой. Жорж А.Смит өдрийн тэмдэглэлдээ Миссури руу аялах үед өдөр бүр тулгарч байсан бэрхшээлд бошиглогч хэрхэн ханддаг байсныг дүрслэн бичжээ.

“Бошиглогч Иосеф Смит бүхий л аяллын турш ихээхэн ядарч туйлдаж байсан. Хуарангийнхныг халамжлан, тэргүүлэхээс гадна тэрээр ихэнх цагаараа явган алхсанаас болж хөлөнд нь цэврүү үүсэж, цус гаран, өвддөг байв. … Гэхдээ тэр аяллын туршид ганц ч удаа гомдоллож, бувтнаагүй. Хуарангийн эрчүүдийн ихэнх нь түүнд хөл нь өвдөж, цэврүүтэх, удаан хугацаагаар явах, хоол хүнсний хангамж хомс, талхны чанар болон эрдэнэ шишийн гурилаар хийсэн гамбир, өмхийрсөн цөцгийн тос, гашуун зөгийн бал, өтсөн гахайн утсан мах, бяслаг гэх мэт нохой ч тоож хуцахгүй зүйлийн талаар Иосефт хандан бувтналдаж байв. Хэрэв тэд муу устай газар буудаллахаар болбол бараг л бослого гаргахдаа тулдаг байсан. Бид Сионы хуарангийнхан байсан ч бидний олонх нь залбирдаггүй, бодлогогүй, халамжгүй, болгоомжгүй, мунхаг, хорон санаатай байснаа мэдээгүй юм. Иосеф биднийг хүүхэд адил тэвчиж, зааж сургасан.”12

Иосеф “учир нь номлогч нь сонсогчоосоо өчүүхэн ч илүү бус ажгуу, бас багш нь сурагчаасаа илүү бус бөлгөө; мөн тийн тэд бүгд адил тэгш, мөн тэд бүгд, хүн бүр өөрт буй хүчнийхээ дагуу хөдөлмөрлөж байв” (Aлма 1:26) хэмээх Алмагийн заасан зарчмын хүчирхэг жишээ байв.

Би ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсанаасаа хойш ах нараа хөгшрөл, бие махбодын хязгаарлагдмал байдал, байнгын өвчин шаналлын нөлөөг хэрхэн даван туулж байгааг ажиглаж, тэндээс суралцахыг хичээдэг. Та эдний зарим нь бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчилж байхдаа ганцаараа, чимээгүйхэн хэрхэн шаналж байгааг мэдэхгүй мөн хэзээ ч олж мэдэхгүй. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008), ерөнхийлөгч Жэймс И.Фауст (1920–2007), ахлагч Жозеф Б.Вөртлин (1917–2008), ерөнхийлөгч Бойд К.Пакэр (1924–2015), ахлагч Л.Том Пэрри (1922–2015), ахлагч Ричард Ж.Скотт (1928–2015) нар болон бусад төлөөлөгчтэй хамт үйлчилж, тэднийг харж байсны хувьд надтай цуг үйлчилж байгаа ах нар маань жинхэнэ үнэн утгаараа хамгийн сүрлэг сайхан, агуу сүнслэг дайчид мөн гэдгийг тодорхой бөгөөд эрх мэдлийнхээ хүрээнд тунхаглаж байна! Тэвчээр, тууштай байдал, эр зориг нь тэдэнд “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх” (2 Нифай 31:20) боломж олгодог.

Ерөнхийлөгч Лий: “Бид одоо өөр нэгэн сорилтыг буюу ухаалаг болох хэмээн нэрлэж болох цаг үеийг туулж байна. Энэ бол Их Эзэний даруухан бошиглогчдыг сонсох хүсэлгүй олон цэцэн мэргэн хүн гарч ирэх үе юм. Энэ нь нэлээн хүнд сорилт юм”13 хэмээн энэ үеийнхний дунд ихээхэн түгэн дэлгэрч байгаа бас нэгэн нийтийг хамарсан сорилтын тухай анхааруулсан.

Энэ ухаалаг болох сорилт бол хөгжил дэвшил, амар хөнгөн амьдралтай зэрэгцэн явдаг. Бидний хүн нэг бүрийн хувьд ах нарыг ажиглан, тэднээс суралцаж, дагах нь хэр чухал вэ?

Зураг
members of the First Presidency

“Хэн Их Эзэний талд байна вэ?” Энэхүү цаг үе бол энэхүү хожмын өдрүүдэд Бурханы үйл хэргийг дэлхий дээр харж хандан, удирдахаар Бурханаар дуудагдсан амьд бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөгөөг сонсон, анхаарал тавьж байгаагаа харуулах цаг юм. Энэ бол “мөн тэнгэр хийгээд газар үгүй болсон ч, миний үг алга болох нь үгүй, харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил, бүгд биелэгдэх болно” (С ба Г 1:38) гэсэн Бурханы үгэнд итгэдгээ харуулах цаг мөн. Одоо бол үүнийгээ харуулах цаг мөн. Цаг нь яг одоо ирлээ!

Бидний өөрсдийн Сионы хуаран

Бидэнд амьдралын маань аль нэгэн үед өөрсдийн Сионы хуаранд аялах урилга ирнэ. Урилга хүлээн авах хугацаа болон уг аялалдаа туулах саад бэрхшээл өөр өөр байна. Гэхдээ энэхүү зайлшгүй ирэх дуудлагад үргэлж, байнга хариулж байх юм бол эцсийн эцэст “Хэн Их Эзэний талд байна вэ?” гэсэн асуултын хариултыг авах болно.

Үүнийгээ яг энэ мөчид, өнөөдөр, маргааш мөн үүрд харуулах ёстой. Бид соригдох, ажиглах, бэлтгэх болон ах нарыг ажиглан, тэднээс суралцаж, дагахтай холбоотой сургамжийг үргэлж санаж байх болтугай.

Эшлэлүүд

  1. Бригам Янг, Б.Х.Робэртс, A Comprehensive History of the Church, 1:370–371.

  2. “Who’s on the Lord’s Side?” Hymns, дугаар 260.

  3. The Discourses of Wilford Woodruff, хянаж тохинуулсан Ж.Хомэр Дурам (1946), 306.

  4. “Who’s on the Lord’s Side?” Hymns, дугаар 260.

  5. Иосеф Смит, Бага Иосеф Смитийн History of the Organization of the Seventies (1878), 14; мөн History of the Church, 2:182-ыг үзнэ үү.

  6. Александр Л.Бау, “From High Hopes to Despair: The Missouri Period, 1831–39,” Ensign, 2001 оны 7-р сар, 44-ийг үзнэ үү.

  7. Эзра Тафт Бэнсон, “Our Obligation and Challenge,” Regional Representatives seminar, 1977 оны 9-р сарын 30, 2–3; хэвлэгдээгүй гар бичмэл.

  8. Харолд Б.Лий, “Christmas address to Church employees,” 1973 оны 12-р сарын 13, 4–5; хэвлэгдээгүй гар бичмэл.

  9. Вилфорд Вүдрафф, Маттиас Ф.Каулий, Wilford Woodruff: History of His Life and Labors (1909), 39.

  10. Вилфорд Вүдрафф, The Discourses of Wilford Woodruff, 305.

  11. Иосеф Смит Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 25–26; мөн Иосеф Смит, Вилфорд Вудрафф эш татав, Conference Report, 1898 оны 4-р сар, 57-г үзнэ үү.

  12. Жорж А.Смит, “My Journal,” Instructor, 1946 оны 5-р сар, 217.

  13. Харолд Б.Лий, “Sweet Are the Uses of Adversity,” Instructor, 1965 оны 6-р сар, 217.