2017
Жинхэнэ гайхамшиг
July 2017


Жинхэнэ гайхамшиг

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Их Эзэний мутар Паолаг эдгэхэд төдийгүй аавыг нь сайн мэдээнд хөрвөгдөхөд нөлөөлсөн юм.

Зураг
woman on hospital bed receiving a priesthood blessing

ЗУРАГ ЧИМЭГЛЭЛИЙГ Д.Кэйт Ларсон

Паола Яанэзэд тохиолдсон зүйл бол анагаах ухааны гайхамшиг гэж эмч нь хэлжээ. Эквадорын Китод амьдардаг энэ өсвөр насны хүүхдийн бие огцом сайжирсан байна. Аав нь түүнд нэг бөөрөө хандивласан бөгөөд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болж, түүнд дахин амьдрах боломж олджээ.

Түүний аав Марко Яанэз өөрт тохиолдсон явдлыг үүнээс дутахааргүй гайхамшиг байсан гэж хэлэв. Тэр сайн мэдээг олсон төдийгүй амьдралд нь гарсан өөрчлөлт түүнд дахин нэг боломж олгожээ.

Паолагийн хүүхэд байхдаа өвдөж байсан бөөрний үрэвсэл сэдэрч, бөөрийг нь гэмтээсэн ч эмчилгээ хийлгэсэн нь түүнийг амьд үлдэхэд тусалжээ. Түүнийг 15 настай байхад эрүүл мэнд нь улам дордсон байна. Нэг бөөр нь дутагдалд орж, нөгөөх нь маш хурдацтай муудаж эхлэв. Бөөр шүүх эмчилгээ хийлгэсэн ч Паолагийн бие аажмаар муудсаар байлаа. Түүнд өдөрт ганцхан аяга ус уухыг зөвшөөрдөг байсан бөгөөд уушиг, нойр булчирхай, зүрхэнд нь хүртэл нөлөөлсөн тул хөдөлгөөнийг нь мөн хязгаарласан байв.

Түүнийг Америкийн Нэгдсэн Улс юм уу Куба руу бөөр шилжүүлэн суулгахаар авч явах боломжгүй байсан тул Эквадорт донор олох шаардлагатай байсан юм. Шинжилгээний хариу аавыг нь донор болох боломжгүй гэж гарчээ. Ээж нь донор болж болох байсан ч бөөр шүүх эмчилгээ Паолагийн биен дэх эсрэг биетийн түвшинг нэмэгдүүлсэн тул бие нь шилжүүлэн суулгасан бөөрийг хүлээж авахааргүй болсон байв. Паола ямар нэг аргаар амьд үлдэхийн төлөө залбирчээ.

Энэ үед буюу 1988 оны 6-р сард хожмын үеийн гэгээнтэн номлогчид Яанэзийн гэрийн хаалгыг тогшсон байна. Паолагийн ээж Кармэн тэднийг зэмлэх гэж гэртээ оруулснаа дурсан ярив. Тэд түүнд тус болох захиас байгааг хэлэхэд “Охин маань үхэж байхад та нар яаж надад тусалж чадах юм бэ? Би Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй!” гэж бухимдуухан хэлжээ.

Кармэн анхандаа дурамжхан байсан ч номлогчид гэрээр нь эргэж тойрсоор байв. Эхэндээ Марко охиноо асарч тордоход ихээхэн цаг зарцуулдаг байсан тул номлогчдыг тоосонгүй. Гэвч сонирхол төрж, тэднийг сонссон байна. Амьдралын зорилгын талаарх асуултынх нь хариу тэдэнд байгааг тэр мэджээ.

Марко Бурхан хувь хүмүүстэй холбогддог гэдэгт итгэдэггүй байв. Түүний хувьд Бурхан бол орчлон ертөнцийн энергийн эх үүсвэр буюу хүн төрөлхтөнтэй харьцдаггүй агуу, алс холын бие байлаа. Гэхдээ охиных нь биеийн байдал дордож, туйлдаа хүрэхэд тэр Бурханаас зовж шаналж буй охиныг нь эдгээж өгөхийг эсвэл түүний амийг авахыг хүсэн залбирчээ. Тэр: “Та үнэхээр байдаг юм бол Өөрийгөө таниулаач. Охиныг минь амьдруулж өгөөч” гэж гуйв.

Залбирсных нь дараа Маркод Паолагийн биеийг сайжирна гэсэн хүчтэй мэдрэмж төрөв. Тэр өөрөөсөө болон охиноосоо дахин шинжилгээ авахыг эмч нараас хүссэн байна. Тэд шинжилгээ хийлгэх нь цаг дэмий үрснээс өөрцгүй гэж хэлсэн ч хийхээр болжээ.

Тэд Марког үнэхээр тохирох донор мөн байсныг олж мэдсэн бөгөөд Паологийн биеийн байдал ч бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхэд хангалттай сайн болсон байв.

Хагалгааны өмнөх өдөр Марко, Паола хоёр номлогчдоос эрүүл мэндийн адислал авчээ.

Марко, Паоло хоёр хоёулаа хагалгааны дараа эмнэлэгт тэнхэртлээ хэсэг хугацаанд хэвтэх ёстой байсан ч Марко тавхан хоноод, харин хоёр сар болох ёстой байсан Паола 13 хоноод эмнэлгээс гарсан юм. Марко хурдан эдгэрэх болсноо санваарын адислал гэж ойлгодог бөгөөд номлогчдын захиасанд нухацтай хандах ёстойгоо мэдэж байв.

Марко Яанэз, Кармэн Яанэз хоёр 1988 оны 9-р сарын 11-нд баптисм хүртжээ. Харин хагалгааны өмнө номлогчдоос хичээл авч байсан Паола болон түүний охин дүү Патришиа нар 11-р сарын 3-нд баптисм хүртэв. Тэр үед аав нь Аароны санваар хүлээн авсан байсан тул тэдэнд баптисм хүртээх боломжтой байжээ.

Яанэз ах Их Эзэнийг залбиралд нь хариулж, өөрийнх нь зүрх сэтгэлийг өөрчлөхийн тулд Паолад донор болох боломж олгосон гэдэгт итгэдэг. “Хэрэв тэд миний оронд эхнэрт минь мэс засал хийсэн бол амьдрал маань өмнөх шигээ хэвээр л байх байсан” гэж тэр хэлжээ. Түүний амьдрал ууж идэх, тамхи татах, мөрийтэй тоглох гэх мэтээр тийм ч сайхан байсангүй. Тэр залбирлынхаа хариултыг хүлээн авсан учраас донтолтоосоо салж чадсан байна. Гэвч энэ нь үнэхээр хэцүү байсан төдийгүй зөвхөн Бурхан л түүнд өөрчлөгдөхөд тусалсан гэдгийг тэр хүлээн зөвшөөрдөг.

Яанэз ах мэргэн ухааны үг, аравны нэгийн хууль зэргийн талаар одоо хүчтэй гэрчлэлтэй болсноо хэлсэн юм. Тэр номлогчдоор заалгаж байхдаа, Паолагийн сарын 1000 ам.долларын эмчилгээний төлбөрийг төлөхийн тулд бизнесээ долоо хоногийн долоон өдөр эрхэлдэг байжээ. Хэдийгээр аравны нэгийн хуулийг “хүлээн зөвшөөрөхөд үнэхээр хэцүү байсан” ч Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, Малахи 3:10 дээрх амлалтыг туршиж үзэхийн тулд уг хуулийг сахихаар шийдсэн гэж тэр хэлсэн. Дэлгүүрээ ням гарагт хаахад, түүний хэлснээр “ням гараг худалдан авалт хийдэг байсан хүмүүс бямба гарагт ирээд, илүү их худалдан авалт хийдэг болсон” байна. Өнөөдөр тэр долоон өдөр бизнес эрхэлдэг байснаасаа илүү санхүүгийн чадавхтай болжээ.

Марко Яанэз амьдралаа эргэн хараад, өөрийнхөө хэрхэн өөрчлөгдсөнийг гайхдаг. Тэр охиноо амьдруулахыг хүсэн гуйснаар гэр бүлийг нь урьд өмнө хэзээ ч төсөөлж байгаагүй сүнслэг түвшинд авчирсныг мэддэг.