2017
Сионд хүргэх зам
July 2017


Сионд хүргэх зам

Зохиогч нь АНУ-ын Техаст амьдардаг.

Зураг
The Way to Zion
Зураг
The Way to Zion 2

Ричмонд, Миссури, 1862 оны 6-р сарын 2

“Мари, чи юу харж байна вэ?” гэж Маригийн өвчтэй хойд ээж орноосоо зөөлөн дуугаар асуув.

“Тулаан наашилж байх шиг байна” хэмээн Мари цонхоор харангаа хэллээ. Америкийн иргэний дайны тулаан тэднийхээс хэдхэн бээрийн цаана болж байв. Өглөөнөөс хойш л буун дуун тачигнаж байлаа. Мари хойд эх рүүгээ эргэж хараад, “Намайг үнэхээр уучлаарай. Бид эмчийг авчрахаар гарах хэрэггүй байх гэж бодогдож байна” гэлээ.

“Наашаа ойрт доо.” Мари орных нь дэргэд суугаад, ээжийнхээ гарыг атгав. “Аавын чинь бие сайнгүй байгаа. Гэхдээ чи дүү нараа аваад, Сион руу явах хэрэгтэй. Роки Маунтин руу яван явтал аавыгаа битгий тайван суулгаарай. Тэгнэ гэж надад амлаач!” гээ хэллээ.

Мари гэрийнхэн нь Солт Лэйк Сити рүү явахыг ямар их хүсэж байгааг мэдэж байв. Тэд сайн мэдээг сонсож, баптисм хүртсэнийхээ дараа Сионы гэгээнтнүүдтэй нэгдэхийн тулд Английг орхин иржээ. Гэхдээ үнэндээ тийш очих боломжтой гэж үү? Тэр сандал дээр чимээгүй суугаа аав руугаа харав. Гурван жилийн өмнө аавд нь аймшигт харвалт өгч, биеийнх нь зүүн тал мэдээгүй болсон байжээ.

Мари гүнзгий амьсгал авав. “Би амлаж байна” гэж гэж шивнэлээ.

Удалгүй Маригийн ээж сүүлчийн удаа харснаа нүдээ анив.

Тэр явдлаас хойш удалгүй нэгэн өглөө Мари амласан амлалтынхаа талаар аавдаа хэлэхээр шийдэв. “Би дөнгөж 14-тэй. Гэхдээ би гэр бүлээ Сион руу авч явах хэрэгтэй” гэж тэр хэллээ. Тэр хоёр ихэр дүүгээ сэрж байгааг сонсоод, “Би өглөөний ундаа бэлдэх хэрэгтэй боллоо. Гэхдээ миний хэлснийг бодоорой, гуйя” гэж хэлэв.

Хэдэн өдрийн дараа аав нь Марийг дуудаад, “Бүх зүйлийг жин тан болгочихлоо” гэж хэллээ. Түүний хэл яриа харвалтаас болж ээдэрч түгдэрсэн хэвээр байв. “Би хөсөг тэрэг, шар үхэр, үнээ, хоол хүнс авах гээд нүүрсний уурхай болон газраа зарчихлаа. Хөсөг тэрэгтэй хүмүүс удахгүй баруун тийш явах юм байна. Тэд хожмын үеийн гэгээнтнүүд биш ч, бид тэдэнтэй хамт Айова хүртэл явж болох юм. Бид тэнд очоод, Солт Лэйкийн хөндий рүү явах гэж байгаа гэгээнтнүүдтэй нийлж болно” гэж аав нь хэлэв.

Мари аавыгаа тэвэрлээ. “Баярлалаа, аав аа.” Удалгүй тэд Сион руу хөдлөх болно!

Мари гэрийнхнийгээ аялалд явахад бэлдэхэд нь тусалсаар өдөр хоног хурдан өнгөрчээ. “Бүх зүйл сайхан болно. Бид удахгүй Сионд очно” гэж тэр өөртөө хэлдэг байв.

Гэтэл аав нь өвдөв. Аавынх нь ам нэг тал руугаа муруйж эхлэхэд Мари дахиад харвалт өгч байна гэж айжээ.

“Аав маань аян замыг даахааргүй хүнд өвчтэй байна. Түүний бие хэдхэн өдрийн дараа сайжирна” гэж тэр хөсөг тэрэгний бүлгийн ахлагчид хэлэв.

“Бид хүлээж чадахгүй” гэж ахлагч ширүүхэн хэллээ. Маригийн царайг хараад тэр дууныхаа өнгийг намсган, “Та нар түүнийг эдгэртэл эндээ хүлээж байгаад, дараа нь бидний араас ирж болно” гэлээ. Өөр ямар ч сонголтгүй болсон болохоор Мари дуугүй л зөвшөөрөв.

Нэг долоо хоногийн дараа Мари гэр бүлийнхнийгээ аян замд гарахад дахин бэлэн болгов. “Сара хоёр ихэртэй хамт шар үхрийг уна. Аав хөсөг тэргэнд суугаад, чи надад шар үхрийг тууж явахад туслаарай” гэж тэрээр есөн настай дүү Жэксондоо хэллээ.

“Би айж байна” гэж Сара аяархан хэлэв. Тэр дөнгөж зургаан настай байсан бөгөөд шар үхрийн өргөн нуруун дээр өчүүхэн жоохон харагдаж байлаа. Дөрвөн настай ихэр хоёр дүү нь Мари руу гайхан харав.

“Бид цагийг дажгүй сайхан өнгөрүүлээд, бүлгийнхнийгээ гүйцэж очно оо!” хэмээн Мари сэргэлэн цовоо байхыг хичээн хэлэв.

Ванлассынхны аялал миль милээр, өдөр өдрөөр үргэлжилсээр. Эцэст нь, Мари ч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов.

Хөсөг тэрэгнийхэн тэднийг хүлээлгүй явчихсан байжээ. Мари гэрийнхэнтэйгээ Сион руу дангаараа аялах хэрэгтэй боллоо.

Небраска, Платтэ гол, 1863 он

“Хөж!” Мари цулбуурыг татахад үхэрнүүдийн явдал удаашрав. “Бүгдээрээ зүгээр үү?” гээд шар үхрийн нуруун дээр суусан гурван дүү рүүгээ харав. Тэд ч толгой дохив.

Өргөн, булингартсан Платтэ гол өмнө нь байх аж. “Одоо яах вэ?” хэмээн Жаксон дүү нь асуулаа. Тэр дөнгөж есөн настай ч, Марид шар үхрүүдээ хөллөхөд нь тусалж байв. Аав нь харваснаас болоод өвчтэй байгаа тул хөсөг тэргэнд хэвтэж байлаа.

“Бид гол гатлах шаардлагагүй. Гэхдээ бид голын дагуу явж болно” гэж Мари хэлэв. Сион руу очих зам байгаагүй ч тэд баруун тийш явж байсан учраас гол тэднийг хүргэж өгөх байлаа. “Хөж!”

Мари мормон анхдагчид Платтэ голын нөгөө эргээр өөр замаар явж байсныг мэдээгүй байжээ. Гол гатлаагүй тул тэд индианчуудын эзэмшил рүү орохоор байв. Тэд үлдсэн аян замын туршид өөр хөсөг тэрэг хараагүй юм.

Тэд цааш явсаар байв. Хэдэн долоо хоногийн дараа Мари шороо тоос манаран, тэдэн рүү ойртож байгааг харав. “Тайван” гэж тэрээр шар үхэрнүүддээ болон өөртөө шивнэв. “Тайван.”

Тоос ч арилж, морь унасан индианчууд яваа нь харагдав. Морьтой хүмүүсийн нэг нь аавынх нь хэвтэж байсан хөсөг тэрэг рүү чиглэв.

Морьтоны нүд сайхан сэтгэлтэйг нь харуулж байв. “Өвчтэй байгаа юм уу?” гэж тэр аав руу нь заагаад асуулаа.

“Тийм ээ” гэж Мари шивнэв. Тэр хүнийг өөрийн хэлээр нэг юм хэлэхэд, тэд ирсэн шигээ морио унасаар хурдан алга болох нь тэр.

Мари тэнгэрт мандсан нар руу харлаа. “За, энд амсхийцгээе” гэж тэрээр Жаксонд хэлэв. Мари Сараг болон ихэр дүү нараа өргөж буулгалаа.

Жаксон “Мари, нааш ир дээ” гэв. Нөгөө дулаахан харцтай морьтой хүн гартаа хүнд юм барьсаар тэднийг зүглэн ирж байв.

“Зэрлэг нугас. Бас туулай. Та нарт” гэж тэр хэллээ. Мари түүнийг гаран дээр нь ангаа тавихад үг ч хэлж чадахгүй байв. Тэр хүндэтгэл үзүүлэн, мэхэсхийгээд жаргах наран тийш мордон алга боллоо.

“Хоол!” хэмээн Мари дуу алдав. “Мах!” Тэр хүний бэлэг үнэхээр гайхамшиг байлаа.

Олон гайхамшиг тэдний аян замд тохиолджээ. Сарлагийн сүрэг тэдэнд ойртсоноо, хөсөг тэргийг нь тойрон, тэрэгний нөгөө талаар өнгөрч гарсан байв. Шороон шуурга ихрийн нэгийг гол руу авч явсан ч Мари дүүгээ аварч чаджээ.

Гэхдээ л аялал хэцүү хэвээр байлаа. Өдөр өнгөрөх тусам хөсөг тэрэг элэгдэж, шар үхэрнүүд нь улам ядарч байв. Явах зам хальтиргаатай, хад чулуу ихтэй байлаа. Уул давах хэцүү байсан ч, Мари гэр бүлийнхэнтэйгээ үргэлжлүүлэн урагшилсаар байв.

Тэднийг дөнгөж өндөр уулнаас буугаад явж байтал Мари нэг хүн үхэр тэрэгтэй тэднийг чиглэн ирж явахыг харлаа.Мари

Жаксонд “Тэр хүн Ютагийн Лихай хүрэх замыг зааж өгөх байх” гэж хэлэв. Тэнд авга ах нь амьдардаг байжээ.

Мариг хаана явж байгаагаа асуухад тэр хүн “Та нар Солт Лэйкийн хөндийгөөс холгүй Цуурайн хавцалд байна” гэж хариулаад, “Танай нөгөө хүмүүс хаана байна?” гэж асуулаа.

Болсон бүх явдлаа ярихад тэр гайхан сонсож байлаа. “Та нар мянга гаруй бээрийг өөрсдөө туулсан гэж үү?” Тэр гайхан, толгойгоо сэгсрэв. “Чи зоригтой охин байна. Би та нарт Лихай хүрэх замыг зааж өгье. Чи бараг л хүрчихлээ” гэв.

Газар дээр тэр хүн газрын зураг зурж байхад Мари “Бараг л хүрчихлээ” хэмээн өөрөө өөртөө шивнэв. Сионд бараг л ирчихлээ. “Бид ч эцсийн эцэст хүрэх юм шиг байна.”

Мари гэрийнхэнтэйгээ хамт Ютагийн Лихай руу амжилттай аялж иржээ. Хожим нь тэр гэрлэж, олон хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүлтэй болсон байна. Түүний энэ итгэл, эр зоригийн жишээ олон хүнийг адисалсан юм.