2015
Зөв шударгын шагналуудыг хураан авах нь
2015 оны долоодугаар сар


Зөв шударгын шагналуудыг хураан авах нь

2014 оны 5-р сарын 2-нд БЯИС-ийн эмэгтэйчүүдийн чуулган дээрх “Зөв шударгын шагналууд” хэлсэн үгээс авав.

Тэрээр шулуун шударга явагчдаас ямар ч сайн юмыг нуудаггүй.

Зураг
man holding a bundle of grain

Бүхэл дэлхий үймээн самуунд байна (С ба Г 45:26-г үзнэ үү). Бидэнд тохиолддог олон сорилт бэрхшээл сүнслэг хүрээнд бий болдог. Хувь хүний хувьд бидэнд өөрсдөө шийдвэрлэж чадахааргүй нийгмийн асуудлууд байдаг. Гэсэн хэдий ч, дэлхий даяар зөв шударга байдал бууран доройтож байгаа энэ үед ч гэсэн, хувь хүмүүсийн хувьд бидэнд олж авч чадах бодит шагналууд бий.

“Зөв шударгын шагналууд”-ын жинхэнэ санаа нь өнөөгийн дэлхий дээрх байр сууринд хамаарах ойлголт юм. Зөв шударгыг сонгоход хүмүүсийг үнэмшүүлэх нь удаан хугацааны турш асуудал болсоор байна. “Эгэл хүн бол Бурханы дайсан” (Мозая 3:19). “Бүх зүйлд үргэлж сөрөг тал” байсаар ирсэн (2 Нифай 2:11).

Өнөөгийн ялгаатай байдал нь “агуу хийгээд нүсэр барилгын” (1 Нифай 8:31) үл итгэгчид миний амьдралын ямар ч цаг үеийнхээс илүү чанга, илүү зөрчилдөөнтэй, тэвчээргүй болж байна. Тэд олон тохиолдолд Бурханы хувьд буруу зүйлийг хийхээсээ илүүтэй, түүхэнд муу нэртэй үлдэхээсээ айсан үедээ өөрсдийнхөө өчүүхэн итгэлийг харуулдаг. Энэ нь хүмүүсийн дийлэнх хувь нь олон нийтийн үзэл бодлоор, эсвэл тэр үеийн зонхилох үзэл санаагаар бус, харин Бурханы зарлигуудаар шүүгдэх болно гэж ойлгодог байсан үе байсан юм. Зарим хүн Бурханд шүүгдэхээсээ илүүтэй, бусдын шүүмжлэлд өртөхөөсөө айж, санаа зовдог.

Сайн, муугийн хоорондын тэмцэл шинэ зүйл биш юм. Гэхдээ өнөөдөр хүмүүсийн дийлэнх хувь нь бүх хүний дагавал зохих ёс суртахууны болон зөв шударгын жишгүүд байхгүй болсон гэж буруу дүгнэж байна.

Гэсэн хэдий ч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэзээ ч одоогийнхоос илүү олон итгэлтэй гишүүнтэй байгаагүй юм. Сүмийн гишүүд, өөрсөдтэйгөө адилхан ёс суртахууны эрхэмлэх зүйлс бүхий бусдын хамт эргэлзээ болон итгэлгүй байдлын далай дээрх итгэлийн арлыг төлөөлдөг. Бошиглогч Алмагийн тунхагласнаар “ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” (Алма 41:10) бөгөөд хүүхдүүддээ зориулсан Эцэгийн төлөвлөгөө нь “аз жаргалын төлөвлөгөө” (Алма 42:8, 16) гэдгийг бид мэднэ.

Би та нарт хувиараа болон гэр бүлээрээ хамтдаа зөв шударгын шагналуудыг илүү сайн ойлгож, тэдгээрийг олж авахад тань тусалж болох зарим зүйлийг санал болгохыг хүсэж байна.

Сүнслэг байдлын шагнал

“Би сүнслэгээр өсөж хөгжихийг хичээх үедээ материаллаг зүйлстэй холбоотой санаа зовнилуудаа хэрхэн зохих байранд нь тавьдаг вэ?”

Энэ дэлхий бидэнд маш их нөлөөлдөг. Өдөр тутмын амьдралын материаллаг талууд тодорхой асуудал болоод байна. Нийгэм бүх зүйлийг дэлхийн шагналуудын жишгээр харах хандлагатай болжээ.

Сургаал ба Гэрээний өмнөх үг нь биднийг аюулаас сэрэмжлүүлж, өөрсдийгөө одоо болон ирээдүйд бэлтгэж, мөн хамгаалах удирдамж өгч, энэ сэдвийн талаар чухал ойлголтууд өгөхийн тулд яг энэ сэдвийг онцолсон юм: “Түүний зөв шударга ёсыг бий болгохын тулд тэд Их Эзэнийг эрэлхийлдэггүй, харин дэлхийнхтэй адил дүр төрх бүхий өөрийнхөө бурхны дүр төрхийг дуурайн хүн болгон өөрийнхөө замаар замнадаг” (С ба Г 1:16-г үзнэ үү).

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) хиймэл шүтээнүүдэд диплом, зэрэг дэв, өмч хөрөнгө, орон сууц, гэрийн тавилга болон бусад материаллаг эд зүйл орж болно гэж заажээ. Бид эдгээр зохистой зүйлийг бидний Их Эзэнийг шүтэн бишрэх байдлыг бууруулж, Түүний зөв шударга байдлыг бий болгох, Тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүдийн дунд авралын ажлыг гүйцэлдүүлэх бидний хүчин чармайлтуудыг сулруулах тийм арга замаар дээш өргөх юм бол хиймэл шүтээнүүдийг бий болгочихсон байна гэсэн үг хэмээн тэр хэлсэн.1

Заримдаа дэлхийн жишгүүд нь анхаарал татахуйц, сэтгэл хөдлөм агуу эд баялгууд руу биш ч, биднийг гүн гүнзгий сүнслэг амлалтуудаас маань холдуулах асуудлууд дээр анхаарлаа хандуулахад хүргэдэг.

Би олон жилийн өмнө хэд хэдэн онцгой үйл явдлыг багтаасан сонирхолтой үзүүлбэрийн талаар сонссон юм. “Хэрэв Христ өнөө орой ирвэл, Тэр хэн дээр ирэх байсан бол?” хэмээн бичсэн том уриа лоозон дор өөр өөр үйл явцууд харагдана. Хэрэв би зураглалуудыг зөв санаж байгаа бол эдгээр нь дараах үйл явцуудыг агуулсан байв:

  • Сувилагчаар асруулж, орон дээрээ хэвтэж байгаа өвчтэй, ахимаг настай эмэгтэй

  • Шинэ төрсөн хүүхдээ тэвэрсэн, баяр баясгалантай залуу ээж

  • Хүүхдүүд нь өлсөж, бас уйлж байгаа гэр бүл

  • Баян чинээлэг гэр бүл

  • Хүүхдүүд нь хамтдаа баяртайгаар дуулж буй олон хүүхэдтэй, даруухан, сайхан гэр бүл

Бид Аврагчийн дахин ирэх өдөр, цагийг мэдэхгүй гэдгээ мэднэ. Бид Христийн шашинтнуудын хувьд ядуу, тусламж хэрэгтэй болон бэлэвсэрсэн хүмүүсийг, мөн өнчин хүүхдүүдийг халамжилдаг гэдгийг мэднэ. Гэхдээ тэр лоозон дээр “Хэрэв Христ өнөө орой ирвэл хэн Түүнийг угтахаар бэлтгэгдсэн байна вэ?” гэж бичигдсэн байсан бол илүү тохиромжтой байх байсан юм.

Надад орж ирсэн дараагийн бодол бол тэр зураглалууд хүмүүсийн бие махбодын нөхцөл байдлын талаар бидэнд их мэдээлэл өгсөн ч, тэдний сүнслэг байдал ба Христэд өгсөн амлалтын талаар юу ч өгүүлээгүй тухай юм.

Өөрсдийн амьдралыг мөн Аврагчид болон Түүний сайн мэдээнд өгсөн амлалтаа эргэн харах эхлэх цэг бол баптисм юм. Шинэ хөрвөгчид болон хүүхдүүдийнхийг эс тооцвол, бидний баптисм нэлээн хэдэн жилийн өмнө болсон билээ.

Агуу бошиглогч Алма бидэнд хандан уран цэцэн үгээр: “Мөн эдүгээ болгоогтун, би та нарт хэлнэ, ах дүүс минь, хэрэв та нар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг эдэлсэн бол, мөн хэрэв та нар гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу?” гэж хэлсэн (Aлмa 5:26).

Алма дараа нь өнөө үеийнхэнд хамаатай чухал захиасаа үргэлжлүүлсэн билээ. Тэр үнэн хэрэгтээ, хэрэв бид үхэх гэж байсан бол Бурхантай уулзахаар бэлтгэгдсэн үү гэж гэгээнтнүүдээс асуудаг. Алма дараа нь, бид Бурханы өмнө гэм зэмгүй байхад хэрэгтэй 4 зан чанарыг онцлон хэлсэн юм:

Нэгдүгээрт, “[бид] xангалттай даруу байна уу?” Энэ утгаараа, өөрсдийгөө даруусгаж, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй байх нь эргээд баптисмд тавигдах шаардлага болдог.

Хоёрдугаарт, “[бид] бардамналаасаа ангижирсан уу?” Алма Ариун Нэгэнийг хөл доороо дэвсэлж, бардамналдаа хөөрөн, зүрх сэтгэлээ дэлхийн хоосон зүйлүүд дээр тавьж, өөрсдийгөө нэг нь нөгөөгөөсөө илүү дээр гэж бодохгүй байхад сэрэмжлүүлсэн билээ.

Гуравдугаарт, бид “атаа жөтөөнөөсөө ангижирсан уу?” Өөрсдөө агуу адислалууд хүлээн авсан ч гэлээ, бусдад байгаа зүйлс дээр л анхаарлаа хандуулдгаас талархаж чаддаггүй тэр хүмүүсийн хувьд атаа жөтөө нь хамгийн хортой зүйл байж болох юм. Нийгмийн ихэнх давхаргын хувьд нэр алдар, эд хөрөнгө нь итгэл болон гэр бүлийг орлож эхлэх үед “Амьдралын хэв маягийн атаархал”2 өсөн нэмэгдэж эхэлсэн юм.

Дөрөвдүгээрт, бид ах дүүсээрээ доог тохуу хийх юм уу, хавчлага овоолдог уу? Бид өнөөгийн дэлхийд үүнийг айлган сүрдүүлэлт хэмээн нэрлэж болох юм (Алма 5:27–30, 53–54-ийг үзнэ үү).

Өнөө үед даруу байдал, бардамнал, атаа жөтөө, хавчлагын талаарх энэхүү захиасаас илүү чухал ач холбогдолтой өөр зүйл байна гэж үү? Дэлхийн ихэнх хэсэгт болж буй томоохон хэмжээний хэлэлцүүлгүүд түр зуурын өдөр тутмын эдийн засгийн асуудлуудын талаар ярьж байна. Харин Бурхантай уулзахаар бэлтгэхэд болон бидний сүнснүүдийн нөхцөл байдал руу чиглэсэн Христтэй илүү адил болох зарчмуудад эргэн хандах талаар маш бага яригдаж байна. Бид өөрсдийн амьдралд анхаарлаа хандуулж, сүнслэг байдалдаа тавих ач холбогдлоо өсгөн нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Зураг
A family interacts in a wheat field on a cloudy day.

Зөв шударга гэр бүлүүдийн шагнал

“Бид Сүмийн цөөхөн гишүүнтэй, муу муухай, зөрчилдөөн болон зөв шударга ёсны эсрэг сөргөлдөөнүүдээр дүүрэн газруудад гэр бүлээ өсгөх хэрэгтэй юу?”

Миний эхнэр, Мэри бид хоёрт 1960 оны сүүлээр АНУ-ын Калифорни дахь Сан Францискогийн Бэй дүүрэгт хүүхдүүдээ өсгөж эхлэх үед ийм асуудлууд тулгарч байсан юм. Хожмын үеийн гэгээнтнүүдийн тоо харьцангуй цөөн байв. Хүмүүсийн дийлэнх хэсэг нь гайхалтай байсан ч Бэй дүүрэг мансууруулах бодис хэрэглэдэг, бусад бүхий л төрлийн садар самуун, нүгэл хилэнц үйлдэгчдийн цугларах дуртай газар байлаа.

Нийгэм дэх энэхүү өөрчлөлт чухал нөлөөтэй байсан учраас сэтгэл түгшсэн нэгэн гадасны ерөнхийлөгч Сүмийн гишүүдийг Бэй дүүрэгт үлдэхэд нь урамшуулан дэмжих хэрэгтэй эсэхээ Сүмийн удирдлагаас асуужээ. Тэр үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын хамгийн ахмад гишүүн байсан ахлагч Харолд Б.Лийг (1899–1973) энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр томилжээ. Их Эзэн гишүүдийг энэ газар нутгийг орхин яваасай гэж хүссэн бол энд ариун сүм барих илчлэлт өгөхгүй байх байсан хэмээн тэр тайлбарласан юм. Түүний бидэнд өгсөн зөвлөгөө нь энгийн хэрнээ гүн гүнзгий ач холбогдолтой байв.

  1. Сионыг зүрх сэтгэлдээ болон гэр орондоо байгуул.

  2. Амьдарч байгаа хүмүүсийнхээ дунд гэрэл нь бай.

  3. Ариун сүмийн ёслолууд болон тэнд заагддаг зарчмууд дээр анхаарлаа хандуул.

Бид ахлагч Лийгийн хэлсэн зөвлөгөөг баяртай хүлээн авч, гэр бүлдээ хэрэгжүүлэхээр хичээсэн юм.

Бид Сионыг өөрсдийн зүрх сэтгэл, гэр оронд байгуулахдаа өдөр бүр гэр бүлээрээ залбирч, судраас судалж, мөн долоо хоног бүр гэр бүлийн үдшээ хийж, гэр орондоо шашны зан үйлд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэснээр бид хүүхдүүддээ зааж мөн сургаж чадна. Бид хүүхдүүдээ болон ханиа хэтрүүлэн шүүмжлэхээс зайлсхийж; хайр, нинжин сэтгэлээр үүнийг хийж чадна.

Бид хаана амьдарч байгаагаасаа үл хамааран бүх зүйлийг зөв хийж байхад хүртэл зарим хүүхэд хориглогдсон зам руу чиглэх ухаалаг бус сонголтууд хийдэг. Үнэндээ, бусад хүн зохисгүй эсвэл ёс суртахуунгүй явдлыг залуучуудад санал болгох үед хэлэх эсвэл хийх зүйлээ урьдчилан шийдэхэд тэдэнд туслах нь чухал юм.

Хүүхдүүд маань хоёр, гуравхан л ХҮГ хүүхэд явдаг байсан сургуульд явдаг байсан. Хичээлийн шинэ жил эхлэхэд, эсвэл сургуулийн үйл ажиллагаануудад оролцохын өмнө бид гэр бүлийн үдшээрээ, хэрэв тэд аюултай нөхцөл байдалд орвол юу хийх тухай мэдвэл зохих хариултуудын талаар ярилцдаг байв. “Битгий тэнэглэ л дээ, хүн бүр л үүнийг хийдэг,” “Эцэг эх чинь үүнийг мэдэхгүй шүү дээ,” эсвэл “Ганц удаа хийхэд зүгээр дээ” гэж тэдэнд хэлж болох найзууддаа юу гэж хариулах байсныг бид тэднээс асуудаг байсан.

Бид өөрсдийнхөө үүрэг хариуцлагын талаар Их Эзэнтэй ярьдаг байсан.

Бид даруу хувцаслаж, цэвэр, зохистой үг хэрэглэж, порнографаас татгалзсанаараа Христийн үлгэр жишээг дагадаг гэж онцлон хэлдэг байв. Хүүхдийн хэсэгт хамаарах хүүхдүүд цэвэр ариун амьдралаар амьдарч болохын тулд тэдэнд эдгээр зүйлийг одоо л заах хэрэгтэй юм.

Бид Потифарын эхнэрийн зохисгүй үйлдэлтэй тулгарсан үедээ зугтаасан Египетийн Иосефийн тухай ярилцдаг байсан (Эхлэл 39:7–12-ыг үзнэ үү).

Бүх хүүхэд маань ийм бэлтгэл чухал болох талаар дор хаяж нэг үйл явдлыг мэддэг байсан ч, ихэнхдээ найзууд нь тэдний жишиг, итгэл бишрэлийг мэддэг учраас тэднийг хамгаалдаг байв.

Бидний охин Кэтрин коллежид суралцахаар явсныхаа дараа ээжтэйгээ утсаар ярьдаг байсан бөгөөд Мэри түүнд Аврагчийн талаарх дуртай зүйлсийг нь ярьж өгдөг байв. Мэри Кэтриний ярилцахаар утасдсан асуудлуудад нь туслахын тулд үргэлж Аврагчийн үлгэр жишээ, зан чанаруудыг ашигладаг байсан юм.

Хэрэв хүүхдүүд маань Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд бат бөх суурьтай байх юм бол, бид бараг дэлхийн хаана ч зөв шударга хүүхдүүдийг өсгөж чадна гэдэгт би итгэдэг. Нифай “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” (2 Нифай 25:26) гэж хэлж, гэр бүлийнхэндээ болон хүмүүстээ заах гэж юу болохыг тодорхойлжээ.

Бид үүнийг хийх юм бол хүүхдүүд маань ухаалаг бус сонголт хийх үедээ бүх зүйл алдагдаагүй бөгөөд тэд гэртээ харих замаа олж чадна гэдгээ мэдэх болно. Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан гэр бүлийн гишүүн бүрээ хүчирхэгжүүлэхийг хичээснээр та болон гэр бүлийнхэн тань адислагдах болно гэдгийг би батлан хэлмээр байна.

Хэрэв бид эргэн тойронд маань амьдарч байгаа хүмүүсийн дунд гэрэл нь байх ахлагч Лийгийн хэлсэн зөвлөгөөг дагах юм бол, өөрсдийн жишгүүдийг нууж чадахгүй. Бидний биеэ авч яваа байдал бидний эрхэмлэх зүйлс, итгэл үнэмшлийг харуулдаг байх хэрэгтэй. Бид тохиромжтой үед олон нийтийн улс төрийн үйл ажиллагаануудад оролцож байх хэрэгтэй.

Ариун сүмийн эрхийн бичиг авахуйц зохистой амьдарч, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүддээ үнэнч байх нь гэрээнийхээ зам дээр үлдэхэд анхаарлаа хандуулах боломжийг бидэнд олгодог. Өсвөр үеийнхэн маань нас барагсдынхаа баптисмыг гүйцэтгэхүйц зохистой амьдарснаар тэдний амьдрал зохих байрандаа үлдэх болно.

Бид зөв шударга гэр бүлүүдийн шагналыг хүртэж, мөнхийн гэр бүлүүд болж болохын тулд Христийн талаар ярьж, Христэд баясаж, Христийн тухай номлож, мөн Христийн тухай бошиглосноор гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхэд эрч хүчээ зориулах хэрэгтэй.

Гэрлээгүй ч зөв шударга амьдарч байгаа хүмүүсийн хувьд бидний сургаал тайтгаруулагч болдог: “Энэ амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан мөнхийн гэрлэлтийг болон эцэг эх болох адислалуудыг хүлээн авах боломжгүй байгаа итгэлтэй гишүүд Бурхантай хийсэн гэрээнүүдээ сахих юм бол амлагдсан бүх адислалыг мөнх амьдралдаа хүлээн авах болно.”3

Зураг
A family interacts in a wheat field on a cloudy day.

Аз жаргалын шагнал

“Би хүүхдүүдээ амьдралдаа аз жаргалтай, амжилттай байлгахын тулд ямар давуу талуудаар хангах хэрэгтэй вэ?”

Хэрэв бид сонор сэрэмжтэй байхгүй бол Люсифер зөв шударгад үл нийцэх, биднийг төөрөгдөлд оруулах аз жаргалын хууран мэхлэлт буюу төөрөгдлийг бий болгосон. Өнөөдөр бидэнд тохиолдоод байгаа зовлон бэрхшээлүүдийн ихэнх нь шашнаас ангид дэлхий аз жаргалын талаар буруу тодорхойлолтыг дагаж байгаа учраас үүсч байна. Бид Мормоны Номноос энэ асуудал нь бүх үеийн турш оршин тогтнож байгаа тухай уншдаг. Бид бас зарлигуудын дагуу амьдрахаас ирдэг тэрхүү адислалуудыг мэддэг.

Хаан Бенжамин “Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно. Ай санагтун, эдгээр зүйлүүд үнэнийг санагтун; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан юм” (Мозая 2:41)хэмээн хэлжээ.

Би олон жилийн турш 1930-аад оны үед эхэлсэн нэгэн судалгааны төслийг мөрдөж ирлээ. Энэ судалгаанд эхлээд өөрсдийнхөө бүхий л амьдралыг үе үе судлуулж байсан, нэр хүндтэй нэгэн их сургуулийн 268 эрэгтэй хамрагдсан юм. Дараа нь, эмэгтэйчүүд судалгааны нэг хэсэг болсон байна. Энэ судалгаа ойролцоогоор 70 жил үргэлжилжээ. Анх судалгааны зорилго нь амжилт ба аз жаргалын тухай боломжийн хэрээр олж мэдэх явдал байлаа.

Уг судалгаа нь коллежийн элсэлтийн оноо болон дүнгийн дундаж нь ирээдүйн амьдралдаа амжилттай эсвэл аз жаргалтай байх эсэхийг урьдчилан тодорхойлдоггүйг харуулжээ. Харин хамгийн их хамааралтай байсан зүйл нь хүүхэд насны гэр бүлийн аз жаргал байв. Аз жаргалтай, амжилтад хүрсэн насанд хүрэгчид, ээжүүд нь хайр энэрлээ ялангуяа амаараа илэрхийлдэг байсан ба хатуу ширүүн аргаар сахилгажуулдаггүй байсан гэж ихэвчлэн хэлдэг ажээ. Тэдний эцэг эх бие биедээ энхрий ялдам ханддаг байсан бөгөөд халуун дулаанаар сэтгэлээ илэрхийлдэг харилцаанд өссөн хүүхдүүддээ ч тийнхүү хандах боломжтой байв. Эцэг эх нь тогтвортой гэр бүлийн орчинг бүрдүүлж, хүүхдүүдийнхээ бие даасан байдлыг хүндэтгэн үздэг байв.

Энэ судалгааны 2012 онд хэвлэгдсэн сүүлийн номонд: “Амьдралын турш олж авах амжилтын олон хэмжүүрийг хайраар дүүрэн, хайрлуулж өссөн хүүхэд наснаас илүүтэй, бага насны санхүүгийн болон нийгмийн давуу талуудаар урьдчилан таамаглах нь найдвар багатай байдаг” хэмээн мэдээлжээ. Аз жаргалтай хүүхэд нас нь оюун ухаан, нийгмийн давхарга эсвэл спортоор хичээллэхээс ч илүүтэй амжилтанд шууд нөлөөлдөг. Энэ судалгаа бас “хүүхэд насанд болж буй зөв зүйлс нь буруу зүйлсээс илүү ирээдүйг урьдчилан харахад тусалдгийг”4 олж тогтоожээ.

Чухал ач холбогдолтой асуудлууд бий болсон үед, бүр зарим нь буруугаар эргэсэн үед хүртэл ихэнх хүүхэд уян хатан байдаг бөгөөд эцэг эхчүүдийн, ялангуяа эх нь хүүхдүүдтэйгээ хайраар дүүрэн харилцааг үүсгэх үед энэхүү итгэл найдвар урт удаан, амьдралынх нь турш үргэлжлэх аз жаргалд нөлөөлж чадна гэдгийг энэ судалгаа харуулдаг. Миний хувьд намайг гайхшируулаагүй ч сонирхлыг минь татсан нэг зүйл нь энэ судалгаа бүхэлдээ гэр бүлийн талаарх судар болон Сүмийн заадаг зүйлстэй нийцэж байсан явдал юм. Хүүхдийг аз жаргалтай, амжилтанд хүрсэн хүн болгож төлөвшүүлнэ хэмээн тодорхойлсон гэр бүлийн үдэш, гэр бүлийн залбирал, хайраа илэрхийлэх, гэр бүлээрээ хамтдаа байх болон бусад гэр бүлийн уламжлалуудтай адил олон төрлийн үйл ажиллагааг Сүм онцолж хэлдэг билээ.

Нифай Мормоны Номыг “буянт сайн эцэг эхдээ” (1 Нифай 1:1) талархах талархлаар эхэлдэг ч, бидний үр удам ч гэсэн сайн эцэг эхээс мэндэлсэн гэдгээ баяртайгаар тэмдэглэн үлдээж болохын тулд бидний хүн нэг бүр ямархуу маягийн эцэг эх болохоо шийдэх нь жинхэнэ сургамж болдог.

Та нарын хийж чадах хамгийн чухал зүйл бол таны хүүхдүүд болон таны асран хамгаалдаг хүмүүс таны тэдэнд хайртайг мэддэг байх явдал мөн. Хайр бол аз жаргалтай байхын үндсэн хэсэг юм.

Зураг
A family interacts in a wheat field on a cloudy day.

Нутагтаа дэгжсэнээр ирэх шагнал

“Манай гэр бүл материаллаг байдлын хувьд тийм ч их амжилтанд хүрээгүй. Энэ нь бид хангалттай зөв шударга байгаагүй учраас тэр үү?

Бид зарлигуудын дагуу амьдарснаар нутагтаа өсөж, дэгжих боломжтой болдог талаар судрууд дээр тодорхой байдаг. Гэхдээ би нутагтаа дэгжих гэдэг нь таны дансанд хэдэн төгрөг байгаагаар тодорхойлогддоггүй гэдгийг та нарт сануулмаар байна. Энэ нь үүнээс илүү бүрэн дүүрэн утгыг илэрхийлдэг.

Бошиглогч Алма хүү Хиламандаа “Бурханы зарлигуудыг дагахын хэрээр та нар нутагтаа дэгжих болно гэдгийг мэдвэл зохино; мөн та нар түүнчлэн, та нар Бурханы зарлигуудыг дагахгүй байхын хэрээр та нар түүний дэргэдээс тусгаарлагдах болно гэдгийг мэдвэл зохино” (Алма 36:30) хэмээн заадаг.

Үүний дагуу, бид өөрсдийн амьдралд Сүнсийг байлгаснаар газар нутагтаа дэгжих чухал хүчин зүйл болдог. Хэрэв бид зарлигуудыг дагавал бидэнд ч бас тодорхой амлалтууд өгөгдөх болно (Ефес 6:1–3-ыг үзнэ үү). Тухайлбал Мэргэн ухааны үгийн дагуу амьдарснаар ирэх амлалт, эрүүл мэндийн адислалууд болон мэдлэгийн агуу өвийг эдлэх болно гэж Сургаал ба Гэрээ 89-д бичсэн байдаг.

Согтууруулах ундаанаас зайлсхийх гэсэн нэгэн хүчин зүйлийг Мэргэн ухааны үгээс онцлон авч үзэх нь бидэнд олон зүйлийг заадаг. Миний дээр дурдсан урт хугацааны судалгаагаар согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь Америкийн гэр бүлүүдийн гуравны нэгд нөлөөлж, нэгдсэн эмнэлгүүдэд хүргэгдэн ирж буй хүмүүсийн дөрөвний нэгийг хамарч, үхэл, гэр бүл салалт, эрүүл мэндээр хохирох, ажлын бүтээмж буурах гэх зэргээр ихээхэн хэмжээний хор хохирол учруулж байгааг тогтоожээ.

Калифорни дахь Сүмийн идэвхтэй гишүүдийг хамруулсан урт хугацааны нэгэн судалгаагаар АНУ-ын эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй харьцуулахад Сүмийн эмэгтэйчүүд 5,6 жилээр, эрэгтэйчүүд нь 9,8 жилээр илүү урт насалж байгааг тогтоосон байна. Судалгааг явуулсан эмч нар Мэргэн ухааны үгийг дагавал зохих дор хаяж нэг шалтгааныг тодорхойлсон юм. Мэргэн ухааны үгээр амьдрах нь нутагтаа дэгжих боломжийг бидэнд олгож байна.5

Би нэгэн ариун сүмийн онцгойлон адислалтад оролцохоор ерөнхийлөгч Гордон Б.Хинклитэй (1910–2008) хамт нисэж байхдаа түүнтэй ярилцсан. Тэрээр хожмын үеийн гэгээнтнүүд нутагтаа дэгжсэн учраас Сүмд ариун сүмийн тоог өсгөх хөрөнгө мөнгө байгаа гэж баяртайгаар хэлсэн юм. Аравны нэгээ итгэлтэй төлдөг хүмүүс байгаа учраас тэд ариун сүмүүд барих эх үүсвэрүүдийг хангасан байв.

Дэгжих болон эд хөрөнгөтэй байх гэдэг нь заавал ижил утгатай байх шаардлагагүй. Нутагтаа дэгжих гэдэг үгэнд илүү тохирох сайн мэдээний тодорхойлолт нь өөрсдийн амьдралд Сүнсний элбэг дэлбэг адислалуудыг авахын зэрэгцээ материаллаг хэрэгцээгээ хангалттай олж авах гэсэн утгатай. Бид гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж, Аврагчийг хайрлаж мөн үйлчлэх юм бол Сүнстэй байж, нутагтаа дэгжсэнээр ирэх шагналуудыг эдлэх болно.

Амар амгалангийн шагнал

Зөв шударга байснаар ирэх сүүлийн амлагдсан шагнал нь Сургаал ба Гэрээ 59:23 дээр тодорхой дүрслэгдсэн байдаг: “Гэвч зөв шударгын үйлсүүдийг хийх тэрээр шагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэж авагтун.”

35 гаруй жилийн өмнө ерөнхийлөгч Кимбалл олон “сайн эмэгтэй Сүмд татагдан ирэх учраас агуу өсөлт хөгжилт Сүмд тохиох болно” хэмээн заасан. Тэрээр “Энэ нь Сүмийн эмэгтэйчүүд өөрсдийн амьдралд зөв шударга болон тодорхой байдлаа харуулж, … аз жаргалтай арга замаар явж, дэлхийн эмэгтэйчүүдээс ялгаатай, өөрөөр харагдах тэр үед энэ нь тохиолдох болно”6 хэмээн тунхагласан юм.

Энэ нь үнэхээр ийм байсаар ирсэн бөгөөд ирээдүйд ч ийм байх болно.

Их Эзэн Бурхан үнэндээ нар болон бамбай бөгөөд ач ивээл болон алдар сууг өгөх болно. Тэрээр шулуун шударга явагчдаас ямар ч сайн юмыг нуудаггүй (Дуулал 84:11-ийг үзнэ үү). Та нар бидний Их Эзэн Аврагч Есүс Христийг итгэлтэй дагах үедээ зөв шударгын шагналуудыг хадаж авах болтугай хэмээн би залбирч байна.

Эшлэлүүд

  1. Спэнсэр В.Кимбалл, “The False Gods We Worship,” Ensign, 1976 оны 6-р сар, 2-6-г үзнэ үү.

  2. Лэйн Андэрсэн, Deseret News, “The Instagram Effect: How the Psychology of Envy Drives Consumerism,” 2014 оны 4-р сарын 15, C7-г үзнэ үү.

  3. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 1.3.3. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр, 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Гэрч” хэмээх үгэндээ үүнийг дахин баталжээ, х.94–97.

  4. Жорж И.Валлиант, Triumphs of Experience: The Men of the Harvard Grant Study (2012), 108–109.

  5. Жэймс И.Энстром болон Лэстэр Брэсло, “Lifestyle and Reduced Mortality among Active California Mormons, 1980–2004,” Preventive Medicine 46 (2008), 135.

  6. Спэнсэр В.Кимбалл, “The Role of Righteous Women,” Ensign, 1979 оны 11-р сар, 103–104-ийг үзнэ үү; мөн Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 223-ыг үзнэ үү.

Хэрэв бид болгоомжтой байхгүй бол дэлхий биднийг сүнслэг амлалтуудаас маань холдуулах зүйлс дээр анхаарлаа хандуулахад нөлөөлөх болно.

Дэлхий өдөр тутмын материаллаг эдийн засгийн асуудлууд дээр анхаарлаа хандуулж байгаа ч бидний анхаарал сүнслэг зүйлүүдэд хандах хэрэгтэй.

Хайр бол энэ дэлхий дээрх аз жаргалын үндсэн хэсэг юм.

Энэ дэлхий дээрх жинхэнэ хөгжил цэцэглэлт нь гэр бүлийнхнээсээ гадна Аврагчийг хайрлаж мөн үйлчлэх тэнцвэртэй байдлаас ирдэг.

Гэрэл зургийг LiudmylaSupynska/iStock/Thinkstock; эмэгтэйн зургийг Stockbyte/Thinkstock; будааны зургийг ririe777/iStock/Thinkstock

гэрэл зургийг Stockbyte/Thinkstock; Гэрэл зургийг Colin Ligertwood

Гэрэл зургийг Colin Ligertwood; гэрэл зургийг Stockbyte/Thinkstock

Зургийг Stockbyte/Thinkstock; гэрэл зургийг Massonstock/iStock/Thinkstock