2015
Мормоны Ном ирсэн нь
2015 оны долоодугаар сар


Мормоны Ном ирсэн нь

Энэ нь бошиглогч Иосеф Смитийн талаарх цуврал хоёр өгүүллийн сүүлийнх нь юм. “Палмирад хүрэх зам” хэмээх эхний өгүүлэл нь Лиахона сэтгүүлийн 2015 оны 6-р сарын дугаарт нийтлэгдсэн.

Та нар Иосеф Смит шиг Бурханы мутар дахь хүчирхэг зэмсэг байхын тулд төгс амьдралаар амьдрах шаардлагагүй.

Зураг
Home of Joseph Smith near Harmony, Pennsylvania : Shows the surrounding area.

Пеннсильванийн Хармони дахь Иосеф Смитийн гэрийн болон эргэн тойрны зургийг Жорж Эдвард Андэрсэн

Иосеф Смитийн Палмирад хүрэх зам нь зовлон зүдгүүр, уй гашуу, сорилтуудаар дүүрэн байсан шиг түүний Мормоны Номыг авчрах хүчин чармайлт—нэгэн цагт болсон үйл явц нь түүнийг маш ихээр цөхрөхөд хүргэж байсан юм.

1823 оны 9-р сарын 21-ний орой Иосеф нэг л тогтворгүй байв. Тэр аль сүм нь зөв бэ гэсэн чин сэтгэлийн залбирлынхаа хариуд Бурхан Эцэг болон Түүний Хүү, Есүс Христийг нүүр тулж харснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байв. Тэр өдрөөс хойш тэр “удаа дараа олон мунхаг алдаа гарган, залуу насны сул тал хийгээд хүмүүний төрөлхийн жижиг сажиг сул тал илрэн гарч байв” (Иосеф Смит—Түүх 1:28).

17 настай Иосеф эдгээр алдаа дутагдлаа ойлгон, “түүний бүх нүглүүд хийгээд тэнэглэлүүдийг өршөөнө үү” (Иосеф Смит—Түүх 1:29) хэмээн гуйж залбирсан юм. Иосеф үүний хариуд нэгэн тэнгэр элч орных нь хажууд үзэгдэн, “Их Эзэн намайг, миний гэм нүглүүдийг өршөөсөн хэмээн тэр хэлсэн”1 гэж Иосеф хэлэв.

Өөрийгөө Моронай хэмээн танилцуулсан тэнгэр элч “алтан ялтсууд дээр бичигдсэн” мөн “үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг” агуулж буй нэгэн ном түүний гэрийн ойролцоо Нью Йоркийн Палмирад хадгалагдсаныг Иосефт хэлжээ. Тэр номтой хамт “мөнгөн хүрээнд суулгагдсан хоёр чулуу—мөн эдгээр чулуунууд Урим ба Туммим гэгчийг бүрдүүлдэг цээжний хуягтай холбогдож,” … “Бурхан тэдгээрийг уг номыг орчуулах зорилгын тулд бэлтгэсэн” (Иосеф Смит—Түүх 1:34, 35) байв.

Моронай тэр шөнө, үлэмж их гайхширсан залуу хүүд өмнө нь хэлсэн бүхнээ анхааралтай давтан хэлж, дахин хоёр удаа зочилсон юм. Тэр тухай бүрд ”надад сануулга болгон нэмж, (эцгийн минь гэр бүлийн ядуу тарчиг амьдралын үр дагавраас болж) ялтсуудыг баяжих зорилгын тулд эзэмшүүлэхээр Сатан намайг уруу татахыг хичээх болно гэдгийг хэлэв. Үүнд тэрээр надад хориг тавин, бибээр уг ялтсуудыг авахдаа Бурханыг алдаршуулахаас өөр бусад ямар ч сонирхлоос татгалзах ёстой хэмээв, мөн түүний хаант улсыг байгуулахаас өөр ямар нэгэн шалтгааны нөлөөлөлд автагдах ёсгүйг; өөрөөр бол бибээр тэдгээрийг авч чадахгүйг хэлэв” (Иосеф Смит—Түүх 1:46).

Зураг
Joseph Smith, Jr. lying in a field and looking up at the angel Moroni. Moroni is depicted standing in the air and wearing a white robe. In the background, Joseph Smith, Sr. is depicted working in the fields.

Иосефийг фермийн ажлаасаа чөлөөлөгдөн, гэр рүүгээ амрахаар явах үед Моронай түүн дээр дөрөв дэх удаагаа айлчилсан юм.

Моронай Иосеф Смитэд талбай дээр айлчилж ирэв, Гэри И.Смит

Маргааш өдөр нь урд шөнө болсон явдлаас болж Иосеф ядарч, тамирдсан байв. Аав нь түүнийг фермийн ажлаас чөлөөлсөн ба Иосефийг амрахаар гэр рүүгээ явах үед Моронай түүн дээр дөрөв дэх удаагаа айлчлан иржээ. Тэнгэр элч Иосефт, аавдаа буцаж очоод, үзэгдлийн талаар түүнд хэлэхийг зааварлав. Иосеф дуулгавартай дагажээ. Дараа нь тэр ойролцоох гүвээ рүү явав (Иосеф Смит—Түүх 1:49–50-ыг үзнэ үү).

Иосеф тэр гүвээн дээр ирснийхээ дараа ялтсуудыг хадгалсан, шороонд булагдсан чулуун хайрцгийг хөшиж онгойлгоод, тэдгээрийг гаргахаар завдав. Үүнийг хийж байхад нь нэгэн хүчтэй цохилт түүнийг арагш унагааж, хүчийг нь тамирдуулжээ. Эдгээр ялтсыг яагаад авч чадаагүйгээ асуухад Моронай “Учир нь чи Их Эзэний зарлигуудыг сахьсангүй”2 хэмээн түүнд хэлсэн юм.

Тэнгэр элч маш тодорхой сэрэмжлүүлсэн боловч Иосеф эдгээр ялтас нь түүний гэр бүлийн санхүүгийн зовлон зүдгүүрийг шийдвэрлэж болох юм гэж бодсон байв.3 Үүнээс болж, Моронай Иосефт ийм ариун нандин ажлыг хийхдээ цэвэр ариун зорилгоор дуудлагадаа хандахын тулд зүрх сэтгэл, оюун санаагаа бэлдэх, мөн төлөвших 4 жилийн туршилтын хугацаа өгсөн байна.

Орчуулгын ажилд тулгарсан саад бэрхшээлүүд

Дөрвөн жилийн дараа Иосеф бараг бэлэн болсон байв. Гэсэн хэдий ч, ялтсуудыг орчуулахад саад бэрхшээлүүд асар их байсан юм. Шинэхэн гэрлэсэн Иосеф Эммагийн болон өөрийнхөө хэрэгцээг хангахын зэрэгцээ бас түүний тусламжинд найдсаар байсан гэр бүлийнхнийхээ төлөө ажиллах хэрэгтэй байлаа. Магадгүй хамгийн их саад болж байсан зүйл бол Иосефт ялтсуудыг дэлгэн үзүүлэхийг, мөн ялтсыг олж авах гэж сүрдүүлж байсан өргөн хүрээтэй олон нийтийн эсэргүүцэл ба шунахай сэдлүүдтэй учирч байсан явдал юм.

Тэр Палмирагийн дээрэмчид Иосефоос ялтсуудыг үзүүлэхийг шаардаж, биенд нь давирхай түрхэж, өд цацах үед явах ёстойгоо мэдсэн билээ.4 Тиймээс 1827 оны сүүлээр Иосеф Эммагийн эцэг эхтэй хамт амьдрахаар ялтсуудаа шошны торхонд хийж, зарим холбогдох эд зүйлийг нь баглаж, өөрийн найз, эртний итгэгч Мартин Харрисаас 50 доллар зээлэн, жирэмсэн эхнэрээ дагуулаад, өмнө зүгийг чиглэн, 161 гаруй км замыг туулан, Пеннсильванийн Хармони руу явжээ. Тэр энэ өөрчлөлт нь тэдний өдөр тутмын ажлыг хөнгөвчилж, Палмирад тархаад байсан шунахай сэдлээс болон өс хонзонгийн тогооноос тэднийг чөлөөлөх байх гэж найдаж байв.

Тэр өвөл нөхцөл байдал хангалттай сайжирсан учраас Иосеф Мормоны Номын цөөн хэдэн хуудсыг орчуулах боломжтой болов. Мартин Харрис Иосефт бичээч хийж туслахын тулд 4-р сард Хармони руу нүүн ирж, орчуулгын ажил жинхэнэ утгаараа эхэлсэн юм. 6-р сарын дундуур буюу Иосеф эдгээр ялтсыг олж авахаар Кумора гүвээ рүү анх удирдуулсан тэр чухал өдрөөс хойш бараг 5 жилийн дараа тэд орчуулгын 116 хуудас гар бичмэлийг дуусгаад байв.5

Энэ үед Мартин, өөрийг нь цаг болон эд хөрөнгөө юунд ингэж их үрээд байгааг нотлох зарим баримтыг маш ойлгомжтойгоор харахыг хүссэн эхнэр Люсидээ гар бичмэлийг үзүүлэхийн тулд Палмира руу авч явах зөвшөөрлийг Иосефоос гуйсаар байв. Гэсэн ч, Их Эзэнээс асуусны дараа Мартинд гар бичмэлийг өгч явуулж болохгүй хэмээх хариу Иосефт хоёр удаа иржээ.6

Мартин эхнэрийнхээ үл итгэгч байдлыг болон улам хурцдаж байсан шаардлагуудыг нь намжаахын тулд Иосефийг дахин шалав. Зовж шаналсан Иосеф Их Эзэнээс гурав дахь удаагаа асуусан юм. Их Эзэн хариуд нь, Мартин гар бичмэлийг тодорхой таван хүнд үзүүлээд, тэр даруй авчирна гэвэл гар бичмэлийг авч болно гэж Иосефт хэлжээ. Мартин Их Эзэний зааварласны дагуу хийнэ гэж гэрээнд гарын үсэг зурсны дараа Иосеф гар бичмэлийг түүнд дурамжхан өгсөн байна.7

Энэ нь Иосефт тохиолдох ямар ч зүйлээс илүүгээр түүнийг сэтгэлээр унагасан, дараалсан үйл явдлуудыг эхлүүлсэн юм. Эмма Мартиныг явсны дараа удалгүй хүү төрүүлэв. Эмма, Иосеф хоёр 5 жилийн өмнө нас барсан, Иосефийн эрхэм ахыг хүндэтгэж, анхны хүүхдээ Алвин хэмээн нэрлэжээ. Харамсалтай нь, сэтгэлийн шаналлыг нь багасгах учиртай байсан бага Алвин төрсөн өдрөө буюу 1828 оны 6-р сарын 15-нд нас барсан юм.

Төрөхийн өмнөх асар удаан, хүчтэй өвдөлтөөс болоод ядарч туйлдсан, мөн хүүхдээ алдсанаасаа болж сэтгэлээр унасан Эммад тэвчин гарах арга зам байхгүй мэт санагдаж, өөрөө бараг үхлийн аюултай тулгарчээ. Иосеф хоёр долоо хоногийн турш, Алвин хүүгээ алдсандаа гашуудан ажиллаж байхдаа ч, Эммагийн эрүүл мэндэд санаа тавьж, асарч байв. Эммагийн эрүүл мэнд сайжирч байгааг хараад, Иосеф Мартиныг болон гар бичмэлийн талаар бодож эхэлжээ.8

Эмма Иосефийн сэтгэл түгшиж байгааг ойлгож байсан учир түүнийг Мартиний хойноос буюу гар бичмэлийн араас Палмира руу явахыг нь дэмжжээ. Тэрээр хойд зүг рүү морин тэрэг хөлслөөд явж байхдаа гунигтай харагдаж байлаа. Иосеф морин тэрэгнээсээ бууж, сэтгэл нь түгшсэн нэгэн зорчигчийг (“үл таних хүнийг”) өрөвдөн, гараас нь түшээд, харанхуй шөнө 32 км алхаж, аяллынхаа турш идэж, унтах боломжгүй явсаар эцэг эхийнхээ гэрт очсон юм.9

Иосеф ирснийхээ дараа бага зэрэг тэнхрээд, Мартинийг дуудуулав. Тэрээр Смитийнхэнтэй өглөөний хоол идэх байсан ч үд дунд хүртэл ирээгүй л байв. Тэрээр аажуухан алхлан, хашааны хаалган дээр ирж зогсоод, хашаан дээр гарч, малгайгаараа нүүрээ даран суув.10

Зураг
Smith Family Cabin, Palmyra New York

“Бүх юм байхгүй боллоо!”

Эцэст нь Мартин гэрт орж ирэв. Тэрээр нэг ч үг хэлэлгүй хоолоо идэхээр халбага, сэрээ авлаа. Гэвч тэр идэж эхлэхээсээ өмнө “Ай, би сүнсээ алдлаа!”11 хэмээн дуу алджээ.

Үүнийг сонссон Иосеф үсрэн босч: “Мартин, чи гар бичмэлийг алдчихсан юм уу? Чи тангарагаа зөрчиж, миний болон өөрийнхөө толгой дээр шийтгэл авчирлаа гэж үү?” гэж уулга алдав.

“Тийм ээ, алга болчихсон, би хаана байгааг нь мэдэхгүй”12 гэж Мартин гунигтай хариулжээ. (Мартин “заль мэхэнд автан,” нөгөө таваас өөр хүмүүст гар бичмэлийг үзүүлсэн байв. Иосеф дараа нь “тэдгээр нь түүнээс авагдсан юм” хэмээн дурсан хэлсэн байдаг.”13)

Иосеф “Бүх юм байхгүй боллоо! [Б]үх юм байхгүй боллоо! Би одоо яах вэ? Би гэгч амьтан Бурханы уур хилэнг өдөөх нүгэл үйлдлээ” гэж цурхиран уйлж байв. Үүнээс болоод Иосеф энэ бүхэнд хамгийн их шаналан зовж, “уйлах ба ёолох дуу, хамгийн гашуун гашуудал гэрийг нь дүүргэсэн юм.”14

Орчуулгын ажил хэсэг хугацаанд зогсож, Иосефоос ялтсууд болон орчуулгад шаардлагатай эд зүйлс 9-р сарын 22-ныг хүртэл түүний өмнөх сорилтын хугацааны гашуун сануулга болгон авагдсан билээ. Тэрээр мөн Их Эзэнээс ирсэн энэхүү хатуу зэмлэлд зовж шаналж байв:

“Мөн болгоогтун, Бурханы хуулиуд хийгээд зарлигуудыг чи хичнээн олон удаа зөрчиж, мөн хүмүүний ятгалгад хөтлөгдсөн билээ.

“Учрыг болгоогтун, чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ. Хэдийгээр хүмүүн нь Бурханы зөвлөгөөг үл ойшоон, мөн түүний үгсийг эс хэрэгслээ ч гэсэн тэр—

“Чи итгэлтэй байх ёстой байсан юм; мөн тэрбээр гараа сунган мөн дайсны бүх галт сумны эсрэг чамайг дэмжих байсан юм; мөн гай зовлон тохиолдох бүрийд тэрбээр чамтай хамт байх байсан юм” (С ба Г 3:6–8).

Ийм илчлэлт хүлээн авах ямар хэцүүг төсөөлөн бод доо. Иосеф анхны хүүгээ алдаад удаагүй байв. Тэр хайртай эхнэрээ бараг л алдах дөхсөн. Гар бичмэлийг Мартинд өгөх түүний хүсэл нь ариун нандин ажлыг хийхэд нь тусалж байгаа найздаа туслахыг хүссэн түүний чин сэтгэлийн хүслээр өдөөгдсөн байв. Тийм ээ, Иосеф хэчнээн их зовж шаналсан ч бай, өөрийгөө Мартин Харрисаас хэчнээн их хараат гэж бодсон ч бай, Бурханы шавь нараасаа бүрэн дүүрэн хүсэн хүлээдэг нэг зүйл болох хүмүүний гарт биш, Их Эзэний мутарт үргэлж итгэх тэр найдварыг алдсан байлаа. Иосеф дахин хэзээ ч ийм алдаа гаргаагүй бөгөөд ийм гүн гүнзгий, бүрэн төгс арга замаар энэ сургамжийг олж авснаараа үүрд үнэлэгдэх учиртай юм. Үүнээс хойш тэрээр удалгүй ялтсуудыг болон орчуулгын хэрэгслүүдээ дахин хүлээн авч, Есүс Христийн хувийн тохинууллаас хойш дэлхийд огт харагдаагүй шашны хувь нэмрээ маш хурдан эхлүүлсэн билээ. Тэрээр 1829 оны хавраас эхлэн хажуудаа Оливер Каудериг байлган, 65 ажлын өдөрт багтаан Мормоны Номын гайхалтай 588 хуудсыг орчуулсан юм.15 Энэ хурд нь түүний өмнө гаргаж байсан хүчин чармайлтуудтай харьцуулахад тун гайхалтай байлаа. Бэлтгэгдсэн 47 эрдэмтэн Хаан Жеймсийн Библийн орчуулгыг гэхэд л өөрсдийнхөө сайн мэддэг хэл дээрээ орчуулахад 7 жилийг зарцуулсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм.16

Зураг
Joseph Smith reading from the scriptures to a group of people.

Мормоны Номыг орчуулж байхдаа Иосеф, Оливер хоёр сургаал номлож, илчлэлтүүд хүлээн авч, тэдгээрийг бичиж тэмдэглэн, мөн баптисм хүртэв.

Иосеф Смит номлож байгаа нь Сэм Ловлор

Цаашилбал, Иосеф, Оливер хоёр энэхүү асар том ажлынхаа дундуур сургаал номлож, илчлэлтүүд хүлээн авч, тэдгээрийг бичиж тэмдэглэн, Аароны болон Мелкизедек санваарыг сэргээхэд оролцож, баптисм хүртэж, гэр орныхоо үүрэгт ажлуудад хүртэл оролцож байсан бөгөөд мөн гар бичмэлээ хэвлүүлэхээр Нью-Йоркийн Фейетте рүү нүүсэн билээ. Гэвч энэ бүгдийн хамгийн гайхамшигтай зүйл нь хэр зэрэг хурдан гүйцэтгэсэнд биш, харин маш их хугацаа шаардагдах ийм нарийн түвэгтэй орчуулгыг хийсэнд оршино.

Гайхалтай, цогц ном

Иосеф эдгээр орчуулгын ажлын 65 өдөрт юуг үр дүнтэй хийсэн тухай саяхан нэгэн эрдэмтний дүгнэн хэлснээр энд оруулав: “[Мормоны Номон дахь] түүхийн олон мянган жилийн турш дахь хоёр зуун хүний нэр болон бараг зуугаад өөр газрын нэрсийг багтаасан, бас түүх нь гурван үндсэн редактор/түүхчийн буюу Нифай, Мормон, Моронай нарын ажлаар танилцуулагдсан ийм ном түүхэнд байхгүй билээ. Эдгээр тоо нь эргээд, урьд өмнө бичигдсэн хэдэн арван түүх дээр үндэслэгдсэн гэж үздэг. Үр дүн нь шууд ярианаас эхлээд, номлол, захидал, судрын тайлбар, шүлэг хүртэл багтсан, олон уран бүтээл тусгасан цогц хослол юм. Энэ нь цаг тоолол, газар зүй, угийн бичиг болон эх сурвалжийн цэдгүүдийн бүх нарийн ширийн зүйл дээр ажиллах ихээхэн тэвчээр шаарддаг ч Мормоны Ном бол энэ бүхэнд гайхалтай нийцдэг. Өнгөрсөн үйл явдлын дараалал хэд хэдэн удаа алдагдаж, түр давхардсан өгүүлэгчтэй байсан ч, үнэндээ энэ цаг тоолол нь өчүүхэн ч хүндрэлгүйгээр өвлөгдөн ирсэн билээ; … Мөн өгүүлэгчид нь нифай үндэстний хорин зургаан түүх бичээч болон жаредчуудын дөчин нэгэн хааны дундах (өрсөлдөгч үеийнхнийг багтаасан) он тоолол ба гэр бүлийн холболтын аль алиныг маш сайн хангаж өгсөн юм. Иосеф Смитийн эхнэр, тэр орчуулахаасаа өмнө ямар нэгэн зүйл чээжилдэггүй, эсвэл орчуулж байхдаа зөвлөлддөггүй гэж маш тодорхой үгүйсгэсэн хэдий ч, зохиогчийг хүснэгтэнд эсвэл газрын зурган дээр ажилласан байх магадлалтай хэмээн сэрдэж, асуудал үүсгэдэг байв. Эмма Иосефийг гар бичмэлүүдийг харалгүй, чээжээр бичүүлдэг байсан, мөн бичүүлсэн зүйлээ сүүлд нь эргэн хардаггүй байсан хэмээн мэдэгдсэн билээ.17

Нарийн түвэгтэй уран зохиолын бүтэц, эртний ёс заншлуудтай зохицож буй гайхалтай харьцуулалт, ном ба үүний орчуулгатай холбоотой бусад зүйл доторх харилцааны хэлбэрүүдийн талаар хэлэх зүйл юу байх билээ.18

Ийм зүйлтэй тулгарсан үед хэн нэгэн хүн, тэр тусмаа ямар ч албан ёсны боловсролгүй хүн ийм гавьяаг хэрхэн байгуулсныг зүгээр л асуух ёстой. Миний бодлоор Иосеф Смит Мормоны Номыг зохиогоогүй. Яагаад гэвэл тэр зохиож ч чадахгүй юм. Гэвч энэ учир шалтггаан нь хүчтэй мэт санагдаж болох ч үндсэндээ энэ номын бодит байдлын шийдвэрлэх баталгаа нь бөгөөд миний гэрчлэлийн үндэс суурь болж ч чадахгүй байх байсан. Энэ нь хэдэн жилийн өмнө намайг бүрэн цагийн номлогч байх үед Сүнсний надад заасан зүйлийг хүчирхэгжүүлдэг. Би Провогийн Номлогчийг бэлтгэх төвийн ариун нандин ханануудын дунд болон Шотландын ногоон хөндийд Иосеф Смит Бурханыг дуудсаныхаа дараа хүлээн авсан тэрхүү сүнслэг гэрчийг хүлээн авсан юм. Тэр бол хожмын өдрүүд дэх Түүний зэмсэг бөгөөд түүнийг төрөхөөс ч өмнө оршиж байсан тэр номыг авчирсан билээ. Энэ ном нь—харьцуулшгүй аз жаргалтай бурханлаг амьдралд үнэ цэнэтэй, ер бусын үнэн ном билээ.

Би ч бас Иосеф Смитийн амьдрал бол энэ номын талаарх нэгдмэл захиасын хурц гэрчлэл гэдгийг тунхаглаж байна. Мормоны Номыг нээх үед Нифай “Гэвч болгоогтун, итгэлийнх нь учир бүр тэднийг аюулаас ангижрах чадалтай болтол нь хүчтэй болгохоор сонгосон бүгдийн дээр Их Эзэний нигүүлсэл байдгийг би, Нифай та нарт үзүүлэх болно” хэмээн тунхагладаг билээ (1 Нифай 1:20; тодотгол нэмэгдсэн). Энэ номыг хаах үед Моронай “Болгоогтун, та нар эдгээр зүйлийг уншихдаа … Адам бүтээгдсэнээс бүр та нар эдгээр зүйлийг хүлээн авах тэр цагийг хүртэл Их Эзэн хүмүүний үрсэд хичнээн нигүүлсэнгүй байсаар буйг та нар санан мөн үүнийг зүрх сэтгэлдээ тунгаахыг та нарт ухуулъя би” (Моронай 10:3; тодотгол нэмэгдсэн) хэмээн мэдэгддэг юм.19

Эхлэлээс төгсгөл хүртэлх Мормоны Номын гэрчлэл ба түүх нь Бурхан Өөрт нь жинхэнээсээ гэмшиж, итгэсэн байдлаар Түүнд эргэн хандвал, тэдний гэм нүгэл болон төгс бус байдлаас үл хамааран тэдэнтэй ажиллаж, тэднийг эдгээж, адислахыг хүсдэг гэдгийг харуулдаг билээ.

Бурханд итгэл найдвараа тавь

Та нар Иосеф Смит шиг Бурханы мутар дахь хүчирхэг зэмсэг байхын тулд төгс амьдралаар амьдрах шаардлагагүй. Алдаа, уналт, эргэлзээ зэрэг нь Иосефийн амьдрал ба номлолын нэг хэсэг байсан шиг тэдгээр нь та нарын амьдралд ч гэсэн тохиолдох болно. Бүү цөхөр. “Бүгд үгүй боллоо” гэж бодож, бүү уруу татагд. Бүгд үгүй болоогүй бөгөөд нигүүлсэнгүй Бурханд найдан амьдрах тэдний хувьд хэзээ ч үгүй болохгүй байх болно.

Та нарыг харж халамжилдаг, та нарыг аврахад бэлэн байдаг, бас та нарын гараас хамаагүй илүү хүчтэй—үнэндээ бүх махбодоос ч илүү хүчтэй гараараа та нарын үйлчлэлийг урагшлуулах Ах та нарт байгаа билээ. Тэдгээр мутар “гай зовлон тохиолдох бүрийд” (С ба Г 3:8), хэчнээн их ганцаардаж, шантарсан байсан ч та нарыг дэмжиж мөн адислахын тулд байдаг билээ. Тиймээс та нар итгэлээрээ урагшлах үедээ тэдгээр мутарт итгэж, мөн “тууштай, зоригтой бай. Чиний Бурхан Эзэн чамтай хамт явдаг учраас бүү ай …; Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй” (Дэд хууль 31:6).

Иосеф үүнийг олж мэдсэн бөгөөд дэлхийг өөрчилсөн юм. Та нар ч бас чадна.

Эшлэлүүд

  1. In Histories, Volume 1: 1832–1844, vol. 1 of the Histories series of The Joseph Smith Papers, (2012), 14; мөн josephsmithpapers.org вэбсайтыг үзнэ үү.

  2. In Histories, Vol. 1: 1832–44, 83.

  3. Оливер Каудери, “A Remarkable Vision,” The Latter-day Saints Millennial Star 7 (Nov. 1840): 175-ыг үзнэ үү.

  4. Мартин Харрис, in Tiffany’s Monthly, June 1859, 170-ыг үзнэ үү.

  5. Histories, Vol. 1: 1832–44, 244; Gospel Topics, “Book of Mormon Translation,” lds.org/topics-ыг үзнэ үү.

  6. Histories, Volume 1: 1832-44 245-ыг үзнэ үү.

  7. Histories, Vol. 1: 1832–44, 245–246-г үзнэ үү.

  8. Люси Мак Смит, Biographical Sketches of Joseph Smith, the Prophet, and His Progenitors for Many Generations (1853), 118-ыг үзнэ үү.

  9. Люси Мак Смит, Biographical Sketches, 119-120-ийг үзнэ үү.

  10. Люси Мак Смит, Biographical Sketches, 120-ийг үзнэ үү.

  11. Люси Мак Смит, Biographical Sketches, 121-ийг үзнэ үү.

  12. Люси Мак Смит, Biographical Sketches, 121-ийг үзнэ үү.

  13. In Histories, Vol. 1: 1832–44, 247.

  14. Люси Мак Смит, Biographical Sketches, 121-22-ыг үзнэ үү.

  15. Жонн В.Вэлч, “How Long Did It Take Joseph Smith to Translate the Book of Mormon?”-ыг үзнэ үү. Ensign, 1988 оны 1-р сар, 47.

  16. “King James I of England,” kingjamesbibleonline.org/King-James.php хуудсыг үзнэ үү.

  17. Грант Харди, Understanding the Book of Mormon: A Reader’s Guide (2010), 6–7.

  18. Тэррил Л.Гивэнс, By the Hand of Mormon: The American Scripture that Launched a New World Religion (2002), 156-г үзнэ үү.

  19. Грант Харди, Understanding the Book of Mormon, 8-ыг үзнэ үү.

Мартин Харрис Смитийн хашааны хаалган дээр ирж зогсоод, хашаан дээр гарч сууж, малгайгаараа нүүрээ даран суув.

Иосеф, Оливер хоёр 1829 оны хавар Сүскүханна хөндийд Аароны санваарыг сэргээхэд оролцсон.

Нью-Йорк

Пеннсильвани

Палмира

Хармони