2015
Есүс Христ—Энх Амгалангийн Ханхүү
2015 оны долоодугаар сар


Есүс Христ—Энх Амгалангийн Ханхүү

2013 оны Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт дээр хэлсэн үгээс авав.

Энх Амгалангийн Ханхүүг уйгагүй хайдаг хүн бүхэнд амар амгалан ирэх болно.

Зураг
Christ standing on a seashore. He is beckoning to two men who stand near Him. The two men are holding a fishing net over a small fire. Fishing boats and fishermen are visible in the background. The painting depicts Christ calling some of His Apostles or disciples.

Христ хоёр дагалдагчаа дуудав, Гэри И.Смит

Их Эзэнд болон мөнхийн амьдралд анхаарал хандуулах нь зуурдын амьдралын бүхий л бэрхшээлд маань тусалдаг. Энэ дэлхий дээр төгс бус хүмүүн бид бусад төгс бус хүнтэй хамт амьдарч байна. Бидний энэ унасан дэлхий бол хэтэрхий их өр, дайн, байгалийн гамшиг, өвчин эмгэг, үхлээр өвчилсөн дэлхий юм.

Бид бүгд хувь хувьдаа бэрхшээлүүдтэй тулгардаг. Санаа зовоосон зүйлийн шалтгаан юу байхаас үл хамааран бид бүгд дотоод сэтгэлийн амар амгаланг эрэлхийлдэг.

Миний захиас бол цор ганц үнэн хийгээд үүрдийн амар амгалангийн эх сурвалж болох Аврагч Христ—Энх Амгалангийн Ханхүүгийн тухай юм.1

Есүс хэлэхдээ “Хүүхдүүдийг зөвшөөр, Над уруу ирэхийг бүү болиул. Учир нь тэнгэрийн хаанчлал бол эдний адил хүмүүсийнх юм”2 гэжээ.

Тэрээр дайнд нэрвэгдсэн хүмүүсийн амьдралд амар амгаланг авчирч чадна. Цэргийн алба хаах үүрэг хариуцлагын улмаас хагацсан гэр бүлүүдэд Солонгосын дайны үеэр миний оюун бодолд шингэсэн байсан шиг дайны дурсамжууд хадгалагдсан байдаг.

Өнөө үеийн дайн илүү нарийн түвэгтэй боловч гэр бүлүүдэд хүнд туссан хэвээр байна. Ийм зовлон амссан тэр хүмүүс Их Эзэнд хандаж болно. Түүний захиас дэлхийд амар амгалан, хүмүүст сайн сайхныг авчирдаг.3

Сэтгэл нь тайван бус байгаа хүмүүст амар амгалан ирэх боломжтой. Зарим хүн шархдаж, зарим нь хайртай хүнээ алдсанаас эсвэл сэтгэлийн шархнаасаа болж сүнслэгээр өвдөж байна. Ах эгч нар аа, та бүхэн Энх Амгалангийн Ханхүүд итгэх итгэлээ хөгжүүлэх аваас амар амгалан та нарын бодгальд ирэх болно.

“Та нарын дунд өвчтөнүүд байна уу? Тэднийг нааш авчрагтун. Доголон, эсвээс хараагүй, эсвээс хазгар, эсвээс тахир дутуу, … эсвээс ямар нэгэн байдлаар зовж зүдрэгсэд байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно.”4

“Та нарыг эдгээхэд итгэл тань хангалттайг би харж байна.”5

Зураг
A woman is kneeling next to Christ. She is holding on to His clothes. He is looking down at her. Others are behind Christ.

Зовж шаналсан хүнд амар амгалан ирэх боломжтой. Зовлон шаналал нь алдаа эсвэл гэм нүглээс улбаатай эсэхээс үл хамааран Их Эзэний биднээс шаардах ганц зүйл нь үнэн сэтгэлийн наманчлал юм. Сударт биднийг “Идэр насныхаа дур хүслүүдээс зугт … [харин] цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дууд”6 хэмээн урамшуулдаг. Тэгснээр Түүний “Гилеадын гавар” нүглээр өвчилсөн зүрх сэтгэлийг ч эдгээх болно.7

1725 онд Лондонд төрсөн Жон Ньютоны өөрчлөлтийг бод доо. Тэрээр боолын худалдаачны нүгэлт амьдралаа наманчлан, Английн сүмийн санваартан болсон юм. Зүрх сэтгэлийн энэхүү агуу өөрчлөлтөөр Жон “Amazing Grace (Гайхалтай ач ивээл)” дууллын үгийг бичсэн билээ.

Гайхалтай ач ивээл! Юутай сайхан сонсогдоно вэ

Ичгүүргүй намайг ч аварсан.

Нэгэн цагт би төөрөлдсөн байсан ч одоо замаа олсон.

Харалган байсан ч одоо би харж байна.8

“Гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно.”9

Хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүст амар амгалан ирэх болно.

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.

“Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

“Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн”10

Гашуудсан хүмүүст ч амар амгалан ирэх болно. Их Эзэн “Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ: Учир нь тэд тайвшрал авах болно”11 хэмээн хэлжээ. Бид хайртай нэгнийгээ алдсан үед Сүнсний шивнээгээр Их Эзэний амар амгалангаар дүүргэгдэх боломжтой.

“Надад нас нөгчсөн тэд үхлийг үл амсана, учир нь энэ нь тэдэнд тааламжтай байх болно.”12

“Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.”13

“Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна:

“Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй.”14

Энх Амгалангийн Ханхүүг уйгагүй хайдаг хүн бүхэнд амар амгалан ирэх болно. Түүний захиас бол манай номлогчдын дэлхий дахинд хүргэдэг гайхалтай авралын захиас юм. Тэд Есүс Христийн Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн сайн мэдээг тунхагладаг. Номлогчид “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь”15 хэмээх амьдралыг өөрчлөх Их Эзэний үгийг заадаг.

Багшийн замаар алхахыг сонгодог хүн бүгдэд амар амгалан ирэх болно. Түүний урилга нь “Ирээд, Намайг дага”16 гэсэн элэгсэг гурван үгээр илэрхийлэгдсэн байдаг.

Энх Амгалангийн Ханхүүг бид бүгд магтан дуулцгаана,17 учир нь Тэр дахин ирнэ. Дараа нь “Эзэний алдар илэрхийлэгдэж, бүх махан бие хамтдаа үзнэ.”18 Мянган жилийн Мессиа Тэрбээр хаадын Хаан, эздийн Эзэний хувьд хаанчлах болно.19

Есүс Христийг дагахад Тэрээр биднийг гэр бүлүүдийн маань хамт Түүнтэй болон бидний Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдруулахаар хөтлөх болно. Бид зуурдын байдлын бэрхшээлүүд дунд хийсэн гэрээндээ итгэлтэй байж, эцсээ хүртэл тэвчиж чадвал Бурханы бэлгүүдийн хамгийн агуу нь болох мөнх амьдралд хүрэх боломжтой болно.20 Түүний ариун оршихуйд бидний гэр бүл хамтдаа үүрд мөнх байх болно.

Хайрт ах, эгч нар аа, Бурхан та бүхнийг адислаг. Бидний Их Эзэн—Энх Амгалангийн Ханхүүгийн бүх адислалд та бүхэн болон таны хайртай хүмүүс үүрд мөнхөд баясах болтугай.