2015
Аннагийн аялал
2015 оны долоодугаар сар


Аннагийн аялал

Зохиогч нь АНУ-ын Аризонад амьдардаг.

Энэ түүх 1889 оны 5-р сард болсон юм.

Анна Матилда Андэрсэн ээж болон эгч Аида нартайгаа хар шүхрэн дор нэг нэгэндээ наалдан зогсоно. Тэр нүднийхээ булангаар галт тэрэг ирж байгааг харж байв. Тэр дагжин чичирч байлаа. Энэ галт тэрэг түүний Шведээс Америк руу хийх аяллыг эхлүүлэх байв.

“Сайн байгаарай, ахлагч Карлсоны үгэнд ороорой” гэж Аннагийн ээж шведээр шивнэн хэлэв. Тэр охидоо чанга тэврэв. Ахлагч Карлсон бол Аннаг найман настай байхаас Шведэд 3 жилийн турш үйлчилсэн номлогч байв. Түүний гэр бүлийнхэн Нэгдсэн Улсын Айдаход байдаг бөгөөд гэр бүлийнхэн дээрээ очих цаг нь болсон байв.

Ээж нь Анна, Аида хоёрыг Шведэд үүссэн хавчлага дарамтаас холдуулан, Америк руу явуулахаар шийдвэр гаргах үед ахлагч Карлсон тэднийг харж хандаж явахаар санал болгосон байжээ. Тэр одоо галт тэрэгний хажууд зогсож байна. Тэр хоёр охиныг өөр дээрээ ирүүлэхээр дуудан, толгой дохиж байна. Аида ээжийгээ чанга тэврэн, урагш алхав. Гэвч Анна ард зогссоор л байлаа.

“Би танд хайртай.” “Би таныг санах болно” гэж Анна хэлэв.

“Би ч гэсэн чамайг санах болно. Одоо анхааралтай сонс. Хэрэв чи хүмүүсийн юу ярьж байгааг нь ойлгохгүй тийм газар очих юм бол Тэнгэр дэх Эцэгтээ залбирахаа битгий мартаарай. Учир нь Тэр чамайг ойлгож чадна.”

Ээжийнхээ хэлсэн үгийг бодсоор Анна галт тэргэндээ орж, Аида, ахлагч Карлсон хоёрын хажууд суув. Тэр анх удаа галт тэргэнд сууж байгаадаа баяртай байсан ч ээжийгээ сүүлийн удаа харахыг хүсэж байлаа. Хүмүүсийн царайг харахад галт тэрэг түүний хувьд хэтэрхий өндөр байсан ч цугларсан олны дээгүүр барьсан ээжийнхээ хар шүхрийг хараад, тэр инээмсэглэв. Энэ нь ээж нь түүнийг харж байгааг түүнд сануулсан юм.

Галт тэрэг утаа суунаглуулан хөдлөв. Галт тэрэг эхэндээ удаан явж байсан болохоор ээж нь галт тэргийг даган гүйж байлаа. Хар шүхэр Анна руу далласаар байв. Гэвч удалгүй хар шүхэрний бараа тасарлаа. Анна цонхны шилийг налан, ирээдүйнхээ талаар гайхан бодно.

Хэдэн долоо хоногийн дараа Анна өөр галт тэрэгний цонхны шилийг налан суужээ. Энэ галт тэрэг түүнийг Ютагийн Солт Лэйк хот руу хүргэж байв. “Америк Шведээс өөр харагдаж байна шүү, тийм ээ?” гэж тэр Аидад хэлэв.

Тийм ээ” гэж Аида шведээр хариуллаа. “Гэхдээ Америк одоо бидний гэр болсон шүү дээ. Бид хангалттай шаргуу ажиллаж чадвал ээжийгээ бас энд авчирч чадна.”

Ээжид нь өөртөө тасалбар худалдаж авах хангалттай мөнгө байгаагүй ажээ. Ютагийн Огденд амьдардаг нэгэн гэр бүл Аидагийн Америкт очих зардлыг төлсөн байв. Аида тэдний ферм дээр үлдэж, мөнгөө төлөхийн тулд ажиллах хэрэгтэй байсан юм. Харин Анна Солт Лэйкт байдаг нагац эгчтэйгээ хамт амьдрахаар болсон билээ. Аннагийн нагац эгч хэдэн жилийн өмнө Ютад ирчихсэн байсан бөгөөд Аннаг ирж байгааг ээж нь түүнд захиагаар хэлсэн байв.

Тэд галт тэрэгнээсээ буугаад, Дани хүрэх Хойд тэнгисийг гатлах усан онгоцонд суусан байлаа. Дараа нь тэд Атлантын далайг гаталж, Нью Йорк хотод буухаасаа өмнө Англи ба Ирланд руу завиар явав. Анна аяллынхаа 15 өдрийн ихэнхэд далайн өвчнөөр өвджээ. Юта руу явах Нью Йоркийн галт тэргэнд суух үед түүний өвчин намдсан байв.

“Ютагийн Огден” гэж кондуктор зарлав. Анна англи хэл мэдэхгүй хэвээрээ л байв. Гэвч тэр хотын нэрийг хараад танив. Түүний дотор палхийгээд явчихав. Ахлагч Карлсон босож зогсоод, өөрийнхөө болон Аидагийн цүнхийг авах үед бүр хүнд санагдав.

“Чи явах ёстой юм уу?” тэр эгчээсээ асуув.

“Тийм ээ” гэж Аида намуухан хариулав. “Санаа зовох хэрэггүй дээ. Чамайг Солт Лэйкт очиход нагац эгч тэнд байх болно.”

Анна Аида, ахлагч Карлсон хоёрыг түүний гэр бүлийнхэнтэй галт тэрэгний буудал дээр уулзаж байгааг харав. Тэд Аидаг ферм дээрх шинэ гэр рүү нь хүргэх бүхээгтэй тэргэнд суулгаад, дараа нь өөрсдөө Айдоха руу явав. Анна үнэхээр ганцаардаж байв.

Галт тэрэг Солт Лэйкийн галт тэрэгний буудал дээр зогсох хүртлээ харанхуйд тачигнасаар алга болсон юм. Бараг шөнө дунд болж байв. Анна цүнхээ барин, төмөр замын тавцан дээр хөл дээрээ дэвхцэн байлаа. Тэр ядарсан нүдээрээ нагац эгчийгээ хайна.

Гэвч тэнд түүнийг хүлээж байгаа хэн ч байхгүй байв.

Аннаг айдас нөмрөн авав. Тэрээр хараагүй өнгөрсөн байх вий хэмээн төмөр замын тавцанг дахин гүйлгэн харав. Тэр нүд салгахгүй харанхуйд харж байлаа. Тэр сүүмийсэн гэрэлд хүмүүсийн царайг таних гэж хичээж байв. Гэвч нагац эгч нь тэнд байсангүй.

Танихгүй хүмүүс түүн дээр очиж, түүнд асуултууд тавьж байлаа. Анна тэднийг туслахыг хүссэн байх гэж бодов. Гэвч тэр тэдний юу хэлж байгааг ойлгосонгүй.

Тэр амьдралдаа хэзээ ч ийм их айж байсангүй. Шведэд ангийнхан нь түүний шинэ итгэлийг дооглож, тохуурхаж байхад хүртэл ингэж айж байгаагүй юм. Нью Йорк орох завин дээр бөөлжиж байхдаа ч ингэж их айж байсангүй. Ээждээ баяртай гэж хэлж байхдаа ч ингэж их айж үзээгүй байв.

Анна нүдээ аниад, ээжийнхээ хэлсэн: “Тэнгэр дэх Эцэгтээ хандан залбирахаа битгий мартаарай. Учир нь Тэр чамайг ойлгож чадна” гэсэн үгсийг санав.

Анна төмөр замын тавцан дээр чемоданыхаа дэргэд өвдөг сөхрөн суугаад, амьдралдаа урьд өмнө залбирч байгаагүйгээр шаргуу залбирав. Тэр Тэнгэрлэг Эцэгтээ хандан, шведээр ярьдаг бас түүнийг ойлгож чадах хэн нэгнийг түүн рүү илгээхийг хүсэн, залбирч байлаа.

Тэр залбирч дуусаад, дээшээ харав. Хэн ч түүнийг хүлээгээгүй хэвээрээ байв. Харин тэр галт тэргэнд цуг явж байсан герман гэр бүлийг харсан байна. Тэдний ээж нь дагаад яваарай гэж толгойгоо дохив. Анна уйлсан хэвээрээ цүнхээ гартаа бариад, хөлөө чирэн, тэднийг дагажээ.

Тэр ариун сүмийн талбайн барилгын урд хаалга хүртэл тэднийг дагасан байна. Тэр үзэсгэлэнтэй сайхан ариун сүмийн баригдаж байгаа газрыг харав. Дараа нь Анна гэнэт ойр хавьд хурдан алхах хөлийн чимээ сонсжээ. Ирж буй бүх цагаачдыг анхааралтай ажигласаар нэгэн эмэгтэй тэдний өөдөөс яаран ирж байв. Тэр эмэгтэйн харц герман гэр бүл дээр тусав. Тэгээд тэр Аннаг анхааралтай гэгч нь ажиглав. Аннаг дээшээ харахад эмэгтэй зогсоод, ширтэн харав. Анна дотроо итгэж найдан бас ширтэн зогслоо.

Анна түүнийг танилаа! Тэр ердөө нэг жилийн өмнө Юта руу явсан Ням гаргийн ангийн багш нь байв. Тэр түүнийг танилаа!

Багш нь түүнийг гартаа чанга гэгч нь тэврэв. Тэр Аннагийн нулимсыг арчиж, “Би дахин дахин сэрээд байсан” гэж шведээр шивнэн хэлжээ. Ирж байгаа цагаачдын дүр төрх миний оюун санаанаас гарахгүй байв. Би эргээд унтаж чадсангүй. Миний мэддэг хэн нэгэн энд байгаа эсэхийг мэдэхээр ариун сүмд ирж үзэх мэдрэмж надад төрсөн юм. Тэр Аннагийн гараас хөтлөөд, гудамж уруудан явав. “Одоо хоёулаа хамт явъя.”

Анна хожим нь түүний нагац эгч, ах хоёр Солт Лэйкээс нүүснийг, бас ээжийнх нь захиаг хүлээн аваагүй болохыг мэджээ. Түүний багш тэдэнд хэл хүргэж, тэд 4 өдрийн дараа Аннаг авахаар ирсэн байна. Эцэст нь Аида, Анна хоёр ээжийгээ бас Америк руу авчрах боломжтой болсон юм.

Харин одоо энэ нь хамаагүй. Анна багшийнхаа гэр рүү явж байхдаа “Тэнгэрлэг Эцэг миний гуйснаас хамаагүй ихийг өглөө гэж боджээ. Би ердөө л намайг ойлгож чадах хэн нэгнийг явуулаач гэж гуйсан, харин Тэр миний таньдаг хэн нэгнийг явуулсан.

Зураг чимэглэлийг Шона Ж.К.Тэнни