2015
Сүмийн зохион байгуулалт бол тэнгэрлэг юм
2015 оны долоодугаар сар


Бид юунд итгэдэг вэ

Сүмийн зохион байгуулалт бол тэнгэрлэг юм

Сүмийн шинэ гишүүд санваарын түлхүүрүүд, онцгойлон адислалт, гар тавилт, нас барагсдын төлөөх баптисм, мючел, Халамжийн Нийгэмлэг гэх мэт урьд өмнө сонсож байгаагүй үг хэллэгүүдийг олонтоо сонсдог билээ. Мөн тэд дикон, патриарх, бишоп, зөвлөхүүд, ариун ёслол, дуудлага, дуудлагаас чөлөөлөх, гэрчлэл, ёслол болон бусад олон танил үг танил бус арга замаар ашиглагдахыг сонсдог.

Хэрэв та ийм нөхцөл байдалд байгаа бол бүү санаа зов. Та нар Сүмд явж, судрууд болон хичээлийн материалуудыг судалж, Сүмийн гишүүдтэй харилцахын хэрээр эдгээр үг хэллэгийг илүү сайн ойлгох болно. Энэ үедээ тойргийн эсвэл салбарын гишүүдээсээ асуухдаа бүү эргэлз, тэд танд ойлгомжгүй байгаа ямар ч зүйлийг тайлбарлаж өгөхдөө баяртай байх болно.

Эдгээртэй адил үг хэллэгүүд нь судруудаар болон орчин цагийн бошиглогчдод өгөгдсөн илчлэлтээр ирдэг Сүмийн сургаал, бодлого, дэг журам, зохион байгуулалт гэх мэт зүйлсийг төлөөлдөг учир чухал юм. Аврагч Өөрийн хүслийг Тэргүүн Зөвлөл (Сүмийн ерөнхийлөгч ба түүний хоёр зөвлөх) болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад илчилснээр өнөөдөр Сүмээ удирдаж байна. Сүм өнөөдөр Их Эзэн дэлхий дээр байхдаа Өөрийн сүмийг зохион байгуулсан яг тэр арга замаар зохион байгуулагдсан билээ (Итгэлийн Тунхаг 1:6-г үзнэ үү). Бидэнд Библийн цаг үед байсан шиг бошиглогч, төлөөлөгч, Далын гишүүд мөн хоёр хоёроороо явдаг номлогчид болон бишоп, орон нутгийн бусад удирдагч байдаг.

Сүмд үйлчилдэг бүх хүн сайн дурынхан юм. Тэд удирдагчдынхаа хүлээн авсан сүнслэг удирдамжаар дуудагддаг (үйлчлэх хүсэлтийг хүлээн авдаг). Цаг нь ирэхээр та дуудлага буюу үйлчлэх үүрэг, боломжийг хүлээн авах болно. Та үүнийг хүсэж хүлээн аваад, хамгийн сайнаараа гүйцэтгэх юм бол Их Эзэн Өөрийнхөө хүүхдүүдэд үйлчлэх таны хүчин чармайлтыг адислах болно. Та нар ямар нөхцөлд байдалд байгаагаасаа үл хамааран, үнэ цэнэтэй сүнслэг бэлгүүдээр хувь нэмрээ оруулж чадна. Сүмийн гишүүдийн хувьд, та нар “Христийн биеийн” (1 Коринт 12) нэг хэсэг юм. Таны хувь нэмэр Сүмийн үйл ажиллагаанд чухал билээ.

Зураг
Product Shot from July 2015 Liahona

Зураг чимэглэлийг Дэвид Хаббен

Тойргийн удирдагчид ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилдэг (ерөнхийлөгч болон хоёр зөвлөх):

Бишоп ба түүний хоёр зөвлөх нь бишопын зөвлөлийг бүрдүүлдэг бөгөөд тойргийг тэргүүлдэг.

Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь тойрог дахь эмэгтэйчүүдэд үйлчилдэг бөгөөд тэдний гэр бүлүүдийг хүчирхэгжихэд тусалдаг.

Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болон дээд пристийн бүлгийн удирдагчид нь тойргийнхоо эрэгтэйчүүдэд үйлчилж, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд тусалдаг.

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл хүүхдүүдэд үйлчилдэг ба Залуу эрэгтэй, Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөл 12-18 насны өсвөр үеийнхэнд үйлчилдэг.

Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл нь Ням гаргийн ангиудыг хариуцаж, тойрогтоо сайн мэдээг заахад болон суралцах үйл явцаа дээшлүүлэхэд тусалдаг.