2014
Хүч чадал ба амжилтыг хэрхэн олох вэ
аравдугаар 2014


Хүч чадал ба амжилтыг хэрхэн олох вэ

1997 оны 3-р сарын 2-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үгээс авав.

Та нарын зарим нь амьдралдаа ямар хүн байх, хаашаа явахаа мэдэж байгаа бол зарим нь үүнийгээ мэдэхгүй байгаа. Та нарын заримд нь маш олон гайхалтай адислал ирсэн байгаа мөн олон гайхалтай сонголт өмнө чинь хүлээж байгаа. Та нарын зарим нь ямар нэг шалтгаанаар аз муутай байж, өмнө чинь сайхан зүйлс хомсхон байгаа мэт мэдэрч байж болно.

Гэвч та нар амьдралд хөлөө олох гэж хичээхдээ хэн ч байлаа гэсэн мөн хаана ч байлаа гэсэн би та бүхэнд “зам, үнэн ба амь”-ийг (Иохан 14:6) санал болгож байна. Та нар хаашаа ч явж байлаа гэсэн, би та бүхний хувийн аз жаргал, хүч чадал, амжилтыг олох хамгийн чухал анхны алхам болгож, “Түүнд ирэхийг” (Maтай 11:28–30) та нараас хүсэж байна.

Андрей, Филип хоёр Христийн ярихыг анх сонсоод сэтгэл нь маш их хөдөлжээ. Тэр цугласан олныг орхин явах үед тэд Түүнийг дагасан. Өөрийг нь дагаж байгааг мэдээд Христ эргэж харан, хоёр эрэгтэйгээс “Та нар юу эрнэ вэ?” (Иохан 1:38) гэж асуув. Өөр орчуулгууд үүнийг энгийнээр “Та нар юу хүсээ вэ?” гэсэн байдаг.

Тэд “Та хаана байрлаж байна?” эсвэл “Та хаана амьдарч байна?” гэсэн байдаг.

Христ “Ирээд үз” гэж хэлэв. Богино хугацааны дотор Тэрээр Петрийг болон бусад шинэ төлөөлөгчийг үүнтэй адил илчлэлтийн сүнсээр, албан ёсоор “Ирээд, намайг дага” хэмээн дуудсан юм (Maтай 4:19-ийг үзнэ үү).

Бидний амьдралын гол утга учир нь Аврагчийн мөнх бус тохинууллын нээлтийн үзэгдэл дэх энэ хоёр товчхон хэсэгт шингэсэн байдаг гэж би боддог. Нэг нь бидний хүн нэг бүрд хандсан “Та нар юу эрнэ вэ? Та нар юу хүсээ вэ?” гэсэн асуулт. Хоёр дахь нь үүнийгээ хэрхэн авах талаар Түүний өгсөн хариулт. Бид хэн ч байсан, ямар ч асуудалтай байсан, Түүний хариулт мөнхөд адилхан байдаг: “Ирээд, намайг дага.” Миний юу хийдгийг мөн би цагаа хэрхэн зарцуулдгийг ирээд хар. Надаас суралц, намайг дага, тэгсэн үед чинь би та нарын залбирлын хариултыг болон бодгальд чинь амралтыг өгөх болно.

Хайрт залуу найзууд минь, та нар амжилтад хүрэх юм уу аз жаргалтай байх эсвэл аюулгүй байх өөр ямар ч арга замыг би мэдэхгүй. Та нар ачаа дарамтаа үүрэх боломжтой байх эсвэл “гэгээнтнүүдэд зориулан бэлтгэгдсэн аз жаргал” (2 Нифай 9:43) хэмээн Иаковын хэлсэн зүйлийг олж авч чадах өөр ямар ч арга замыг би мэдэхгүй. Ийм л учраас бид Христийн цагаатгагч золиослол дээр суурилсан ёслол төгөлдөр гэрээнүүдийг хийдэг бөгөөд ийм л учраас бид Түүний нэрийг өөрсөд дээрээ авдаг.

Есүс бол Христ, амьд Бурханы Хүү мөн. Энэ бол Түүний үнэн хийгээд амьд сүм. Тэрээр биднийг Түүнд ирж, Түүнийг дагаж мөн Түүгээр тайтгарахыг хүсдэг. Тэгээд Тэр биднээс бусдад тайтгарал өгөөсэй гэж хүсдэг. Бид Бурханы сайн сайхныг болон Түүний Төрсөн Ганц Хайртай Хүүгийн нигүүлслийг хүлээн авахуйц хангалттай итгэлтэй байх болтугай. Бид Түүнд болон Түүний сайн мэдээнд ирж, эдгээгдэх болтугай.