2014
Номлогчийн ажил, гэр бүлийн түүхийн ба ариун сүмийн ажил
аравдугаар 2014


Номлогчийн ажил, гэр бүлийн түүхийн ба ариун сүмийн ажил

2013 оны 6-р сарын 25-нд болсон номлолын шинэ ерөнхийлөгчдөд зориулсан сургалт дээр хэлсэн үгээс авав.

Зураг

1837 оны 4-р сарын 6-нд Көртландын ариун сүмд болсон онцгой цугларалт дээр бошиглогч Иосеф Смит “Эцсийн эцэст, хамгийн аугаа, хамгийн чухал үүрэг бол сайн мэдээг номлох юм”1 хэмээн хэлжээ.

Үүнээс хойш яг долоон жилийн дараа буюу 1844 оны 4-р сарын 7-нд тэрээр: “Энэ дэлхий дээр Бурхан бидэнд хүлээлгэсэн хамгийн агуу үүрэг бол нас барсан хайртай хүмүүсийнхээ төлөө ажиллах явдал мөн. ‘Тэд бидэнгүйгээр төгс болгогдож чадахгүй’ [Еврей 11:40-ийг үзнэ үү] хэмээн төлөөлөгч хэлсэн. Учир нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үе—дэлхийн сууринаас өмнө хүмүүний авралын төлөө Есүс Христийн хийсэн амлалтуудыг хэрэгжүүлэх эрин үед хүүхдүүдээ болон нас барсан хайртай хүмүүсээ лацдан холбох хүч бидэнд байх нь зайлшгүй чухал юм” гэж тунхаглажээ2

Сайн мэдээг номлох болон нас барагсдаа аврах нь хоёулаа Бурханаас хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу үүрэг хариуцлага хэрхэн байж болох вэ хэмээн зарим хүн бодож болох юм. Миний зорилго бол эдгээр сургаал нь хожмын үеийн авралын ажлын нэгдмэл байдалд онцгой анхаарал хандуулдаг гэдгийг зөвлөх явдал юм. Номлогчийн ажил, гэр бүлийн түүхийн ба ариун сүмийн ажил нь харилцан холбоотой бөгөөд “Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ” (Eфес 1:10) гэсэн нэгэн агуу ажлын хоорондоо холбоотой хэсгүүд юм.

Биднийг хожмын үе дэх авралын гайхамшигтай ажлын талаар хамтдаа ярилцах үед Ариун Сүнсний хүч та нарт болон надад туслахын төлөө би залбирч байна.

Зүрх сэтгэл ба санваарын ёслолууд

Сайн мэдээг номлох болон нас барагсдаа аврах нь бидний зүрх сэтгэлтэй мөн санваарын ёслолуудтай холбоо бүхий бурханлагаар томилогдсон хоёр үүрэг хариуцлага юм. Их Эзэний ажлын мөн чанар нь санваарын зохих эрх мэдлээр гүйцэтгэгддэг гэрээнүүд болон ёслолуудаар дамжуулан зүрх сэтгэлийг өөрчлөх, эргүүлэх, ариусгах явдал юм.

Зүрх, зүрх сэтгэл гэдэг үг жишиг бүтээлүүдэд 1000 гаруй удаа давтагдсан байдаг бөгөөд хувь хүний дотоод мэдрэмжийг бэлгэддэг. Тиймээс бидний зүрх буюу бидний хүсэл таашаал, зорилго, учир шалтгаан, хандлагын нийлбэр нь бид хэн бэ гэдгийг мөн бид ирээдүйд ямар хүмүүс болох вэ гэдгийг тодорхойлдог.

Номлогчийн ажлын талаарх Их Эзэний зорилго бол бүхнийг Христэд ирж, сэргээгдсэн сайн мэдээний ёслолуудыг хүлээн авахад мөн Христэд итгэх итгэлээр дамжуулан эцсээ хүртэл тэвчихэд урих явдал юм.3 Бид хожмын үе дэх сүмийн гишүүдийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэхийн төлөө л сайн мэдээг хуваалцдаггүй. Харин бид Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, Түүний Төрсөн Ганц Хайртай Хүү Есүс Христийн бурханлаг мөн чанар, Аврагчийн цагаатгагч золиослолын бодит байдлыг тунхаглах бурханлагаар томилогдсон үүрэг хариуцлагаа биелүүлэхийг эрэлхийлдэг. Бүх хүмүүнийг “Христэд ирэгтүн” (Moронай 10:30–33-ыг үзнэ үү), зүрх сэтгэлийн “хүчит өөрчлөлтийг” (Aлмa 5:12–14-ийг үзнэ үү) мэдрэгтүн хэмээн урьж мөн гэрээнд хараахан орж амжаагүй байгаа мөнх бус амьдрал дахь хувь хүмүүст авралын ёслолуудыг санал болгох нь сайн мэдээг номлох ажлын гол зорилго юм.

Их Эзэн ариун сүмүүдийг барьж, ёслолуудыг хийдэг зорилго нь амьд болон нас барсан хүмүүсийн өргөмжлөлийг боломжтой болгох явдал билээ. Бид зөвхөн хувийн эсвэл гэр бүлийн дурсамжит туршлагатай болохын тулд ариун сүмд шүтэн биширдэггүй. Харин бид авралын ёслолуудыг болон өргөмжлөлийг бүх хүн төрөлхтөнд санал болгох бурханлагаар томилогдсон үүрэг хариуцлагаа биелүүлэхийг эрэлхийлдэг. Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд эцгүүдэд нь буюу Абрахам, Исаак, Иаков нарт өгөгдсөн амлалтуудыг суулган, гэр бүлийн түүхийн судалгаа хийж, ариун сүмд нас барагсдын төлөө ёслолуудыг гүйцэтгэх нь сүнсний дэлхийд буй, гэрээнд хараахан орж амжаагүй хувь хүмүүсийг адисалдаг ажил юм.

Зураг

Санваарын ёслолууд нь бурханлаг чанарын хүчинд хүрэх зам мөн:

“Мөн энэхүү дээд санваар нь сайн мэдээг удирдаж мөн хаант улсын нууцуудын түлхүүрийг, бүр Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг болой.

“Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг.

“Үүний ёслолуудгүйгээр мөн санваарын эрх мэдэлгүйгээр бурханлаг чанарын хүч махан бодид хүмүүнд илэрхийлэгдэх нь үгүй бөлгөө” (С ба Г 84:19–21).

Эдгээр шүлгийн ач холбогдлыг тунгаан бодно уу. Хувь хүн эхлээд баптисм ба Ариун Сүнсний бэлгийн хаалгаар орох ёстой бөгөөд дараа нь Аврагч ба Түүний Цагаатгалын адислалууд руу хөтөлдөг гэрээнүүд болон ёслолуудын замаар үргэлжлүүлэн урагш тэмүүлэх ёстой (2 Нифай 31). Санваарын ёслолууд нь “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” (Moронай 10:30–33-ыг үзнэ үү) хэмээн бүрэн дүүрэн урихад зайлшгүй чухал. Ёслолуудгүйгээр хувь хүн Их Эзэний хязгааргүй хийгээд мөнхийн цагаатгагч золиослолоор боломжтой болдог бүх адислалыг (Aлма 34:10–14-ийг үзнэ үү)—бурханлаг чанарын хүчийг хүлээн авч чадахгүй.

Их Эзэний ажил нь зүрх сэтгэл, гэрээнүүд ба санваарын ёслолууд дээр төвлөрсөн нэгэн сүр жавхлант ажил билээ.

Оролцоо

Энэхүү бурханлаг сургаал сүм дэх бидний ажилд хоёр чухал оролцоог санал болгодог.

Нэгдүгээрт, бид ихэвчлэн авралын ажлын тусгаар хэсгүүдийг болон үүнтэй холбоотой бодлого, дүрэм журмуудыг хэт онцолдог байж магадгүй. Бид Их Эзэний ажлын аль нэг тодорхой хэсэг дээр бүх анхаарал, хүчин чармайлтаа төвлөрүүлснээр авралын энэхүү агуу ажлын бүрэн хүч чадлыг эзэмшиж чадахгүй болох вий гэж би айдаг.

Их Эзэн бүх зүйлийг Христ дотор нэг болгон цуглуулахыг эрэлхийлж байгаа үед бид өөрсдийн ойлголт, алсын харааг хязгаарлах арга замуудаар бүхий л зүйлийн аль нэг хэсэг дээр анхаарлаа ихэвчлэн төвлөрүүлдэг байж мэднэ. Хэт туйлширвал эн тэргүүнд анхаарах зүйл нь хувь хүмүүсийг гэрээнд орж, ёслолуудыг зохистой хүлээн авахад урихаас илүүтэй, хөтөлбөрүүдийг удирдаж, тоон үзүүлэлтүүдээ сайжруулах гэсэн оролдлого болж хувирна. Ийм оролдлого нь “зүрх сэтгэлээ Бурханд зориулсан” (Хиламан 3:35) учраас ирдэг цэвэршүүлэлт, баяр баясгалан, цаашдын хөрвөлт, сүнслэг хүч чадал болон хамгаалалтыг хязгаарладаг. Сайн мэдээний дагуу “хийх ёстой” зүйлсийн жагсаалтан дээрх зүйлсийг л хийж гүйцэтгэх нь Түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээн авах эсвэл зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдрэх боломжийг бидэнд олгоно гэсэн үг биш юм (Aлмa 5:14-ийг үзнэ үү).

Хоёрдугаарт, Елиагийн сүнс нь сайн мэдээг тунхаглах ажлын төв болоод амин чухал хэсэг юм. Сайн мэдээний бүрэн байдал энэхүү хожмын өдрүүдэд дэлхий дээр сэргээгдэх үед тохиосон үйл явдлуудын дараалалд Их Эзэн уг үнэнийг онцолсон бололтой.

Ариун төгөлд Иосеф Смит Мөнхийн Эцэг, Есүс Христ хоёрыг харж, тэдэнтэй ярилцсан билээ. Энэхүү үзэгдэл нь “цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийг” (Eфес 1:10) эхлүүлсэн бөгөөд Бурхан Тэргүүтний жинхэнэ мөн чанар, байнгын илчлэлтийн талаар сурч мэдэх боломжийг Иосефт олгосон юм.

Ойролцоогоор гурван жилийн дараа 1823 оны 9-р сарын 21-ний үдэш хийсэн чин сэтгэлийн залбирлын хариуд Иосефын унтлагын өрөө “үд дундынхаас илүү гэрэлтэй” (Иосеф Смит—Түүх 1:30) болж, гэрлээр дүүрсэн юм. Нэгэн хүмүүн бие орных нь дэргэд зогсоод, хөвгүүнийг нэрээр нь дуудаж “тэр [бол] Бурханы дэргэдээс … илгээгдсэн элч гэдгийг, мөн түүний нэр Моронай гэдгийг” (Иосеф Смит—Түүх 1:33) мэдэгдсэн билээ. Тэр Мормоны Номын ирэлтийн талаар Иосефт зааварчилгаа өгсөн юм. Тэгээд Моронай Хуучин Гэрээн дэх Малахийн номоос эш татсан нь хаан Жеймсийн хувилбарт бичигдсэнээс бага зэрэг өөр байжээ:

“Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө, бошиглогч Елиагийн гараар би та нарт санваарыг илчлэх болно. Мөн тэрээр эцгүүдэд нь хийгдсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно. Хэрэв энэ нь ийм байхгүй аваас, түүний ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно” (Иосеф Смит—Түүх 1:38–39).

Залуу бошиглогчид өгсөн Моронайн зааварчилгаа чухамдаа хоёр чухал сэдвийг багтаасан байв: (1) Мормоны Ном ба (2) “Бурхан Өөрийнхөө ариун эш үзүүлэгчийн амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг” (Үйлс 3:21) сэргээх ажилд Елиагийн гүйцэтгэх үүргийг угтан хэлсэн Малахийн үгс. Иймээс сэргээлтийн удиртгал болсон үйл явдлууд нь Бурхан тэргүүтний талаарх зөв ойлголтыг илчилж, байнгын илчлэлтүүдийг бодитой болгон, Мормоны Номын ач холбогдлыг онцолж, амьд хүмүүсийн болон нас барагсдын төлөөх авралын ажил ба өргөмжлөлийг угтан хэлсэн юм.

Зүрх сэтгэлийг өөрчлөхөд Мормоны Ном ямар үүрэгтэйг мөн зүрх сэтгэлийг эргүүлэхэд Елиагийн сүнсний гүйцэтгэх үүргийг одоо тунгаан бодно уу.

Moрмоны Ном нь Их Эзэний Сүнстэй хамт “дэлхийг хөрвүүлэхийн тулд Их Эзэнээс бидэнд өгсөн хамгийн агуу хэрэгсэл мөн.”4 Сэргээлтийн энэхүү судар нь манай шашны тулгуурын чулуу бөгөөд бодгалиудыг Аврагчид авчрахад зайлшгүй чухал юм. Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ—Гэтэлгэгчийн бурханлаг байдлыг илүү шашинлаг бус бөгөөд эрээ цээргүй болж буй дэлхийд гэрчлэхэд амин чухал юм. Хувь хүмүүс Мормоны Номыг судалж, уг номын үнэнийг ойлгох чин хүслээр залбирсан үед зүрх сэтгэл нь өөрчлөгддөг.

Елиагийн сүнс нь “гэр бүлийн тэнгэрлэг мөн чанарыг Ариун Сүнс гэрчилдгийн илэрхийлэл юм.”5 Ариун Сүнсний энэхүү онцгой нөлөө нь Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөг хүчтэй гэрчилж мөн өөрсдийн нас барсан болон одоо амьдарч буй өвөг дээдэс болон гэр бүлийн гишүүдийг эрж хайн, тэднийгээ хайрлан хүндлэхэд хүмүүсийг татан оролцуулдаг. Елиагийн сүнс нь сүмийн дотор болон гаднах хүмүүсийн аль алинд нь нөлөөлж, зүрх сэтгэлийг эцгүүд рүү эргүүлдэг.

Мормоны Номын сүнслэг хүч чадлын ачаар боломжтой болсон зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт болон Елиагийн сүнсээр дамжуулан гүйцэлддэг зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлэх хоёрын хүчирхэг нэгдлийг илүү үр дүнтэй онцлох цаг бидэнд ирээд байна. Өнгөрсөн үетэйгээ холбогдох гэсэн хүсэл эрмэлзэл нь хувь хүнийг Бурханы үгийн хүчийг хүлээн авч, итгэлээ хүчирхэгжүүлэхэд бэлтгэж чадна. Зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх үйл явц нь хувь хүнд хилэнцийн нөлөөний эсрэг зогсож, хөрвөлтөө хүчирхэгжүүлэхэд онцгой байдлаар тусалдаг.

Энэ зарчмыг харуулж буй түүхийг үзэхийн тулд 2 дахь видео бичлэгийг үзнэ үү.

Зарчмууд

Одоо би зүрх сэтгэлийг өөрчилж, эргүүлэхээс ирдэг сүнслэг хүч чадлын талаарх дөрвөн зарчмыг тодорхойлохыг хүсэж байна.

  1. Зүрх сэтгэл ба хөрвөлт. Эцгүүд рүүгээ эргэх үйл явц нь зүрх сэтгэлийг хүчит өөрчлөлтөд бэлтгэдэг. Иймээс Елиагийн сүнс хөрвөлтөд тусалдаг.

    Энэ зарчмыг харуулж буй түүхийг үзэхийн тулд 3 дахь видео бичлэгийг үзнэ үү.

  2. Зүрх сэтгэл ба идэвхтэй байлгах ажил. Эцгүүд рүүгээ эргэх үйл явц нь хүчит өөрчлөлтийг мэдэрсэн зүрх сэтгэлийг дэмжихийн хамт хүчирхэгжүүлдэг. Иймээс Елиагийн сүнс шинэ хөрвөгчдийг идэвхтэй байлгахад тусалдаг.

    Энэ зарчмыг харуулж буй түүхийг үзэхийн тулд 4 дэх видео бичлэгийг үзнэ үү.

  3. Зүрх сэтгэл ба дахин идэвхжүүлэх ажил. Эцгүүд рүүгээ эргэх үйл явц нь хүчит өөрчлөлтийг мэдэрсний дараа хатуурсан зүрх сэтгэлийг зөөллөдөг. Иймээс Елиагийн сүнс дахин идэвхжүүлэх ажлын түлхүүр юм.

    Энэ зарчмыг харуулж буй түүхийг үзэхийн тулд 5 дахь видео бичлэгийг үзнэ үү.

  4. Зүрх сэтгэл ба зоригтой номлогчид. Зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг болон зүрх сэтгэл хэрхэн эргэхийг мэдэрсэн номлогч нь илүү хөрвөсөн бөгөөд бүхнээ зориулсан, зоригтой үйлчлэгч байх болно.

    Энэ зарчмыг харуулж буй түүхийг үзэхийн тулд 6 дахь видео бичлэгийг үзнэ үү.

Бид хурдан өсөн тэлж буй, илүү сайн бэлтгэгдсэн номлогчдын армитай хамт ирээдүйн чиг хандлага болон арга барилыг тодорхойлохдоо сайн мэдээг тунхаглах ажилд дан ганц өмнө нь олсон амжилт дээрээ тулгуурлаж болохгүй. Энэ эрин үед өмнөх аль ч эрин үед байгаагүйгээр номлолын ажил, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлыг нэгдмэл нэг зүйл болгох боломжийг бидэнд олгож буй технологи ба арга хэрэгслүүдийг Их Эзэн бэлтгэсээр байна. Энэхүү дэвшил нь номлолын ажлыг дэлхий даяар урагшлуулах яг хэрэгцээтэй үедээ гарч ирж байгаа нь тохиолдлын зүйл биш юм. Их Эзэний ажил бол өөрчлөгдөн эргэдэг зүрх сэтгэлд мөн ариун нандин гэрээнүүдэд болон санваарын ёслолуудаар илэрдэг бурханлаг чанарын хүчинд төвлөрсөн нэгэн сүр жавхлант ажил билээ.

Дүгнэлт ба гэрчлэл

Их Эзэн “Өөрийн ажлыг би өөрөө хийж чадна” (2 Нифай 27:21), “Бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно” (С ба Г 88:73) хэмээн тунхагласан билээ. Түүнийг Өөрийн ажлыг яаравчлуулж байгаагийн гэрчүүд нь бид юм.

Бид цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдарч, үйлчилж байна. Өөрсдийн амьдарч буй онцгой эрин үеийн мөнхийн ач холбогдлыг ойлгох нь бидний хийдэг бүх зүйлд мөн бид ямар хүмүүс болохоор эрмэлздэгт нөлөөлөх ёстой. Энэхүү эцсийн өдрүүдэд гүйцэлдэх ёстой авралын ажил нь агуу, өргөн цар хүрээтэй, амин чухал хийгээд яаралтай юм. Эцсийн эрин үеийн энэхүү онцгой цаг үед амьдрах адислал, үүрэг хариуцлагын төлөө бид талархах ёстой билээ. “Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах” (С ба Г 82:3) болно гэдгийг мэддэгийн хувьд бид туйлын даруу байх ёстой.

Сайн мэдээг номлох болон нас барагсдаа аврах нь үнэнийг шударгаар хайгчдын зүрх сэтгэлийг өөрчлөн, эргүүлж, цэвэршүүлэх зорилготой хайрын нэг л агуу ажлын харилцан холбоотой хоёр хэсэг юм. Номлолын ажил, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлын хооронд бидний олонтоо тавьдаг зохиомол хил хязгаар одоо үед арилж байна. Энэ бол авралын нэг л агуу ажил билээ.6

Бид сонирхогчид эсвэл идэвх султай гишүүнд авралын төлөвлөгөөний тухай илүү гүнзгий ойлголттой болоход нь туслах ажилд ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлын гүйцэтгэдэг үүргийг ойлгодог бил үү? Хөрвөгчийг идэвхтэй хэвээр байлгахад туслах хамгийн чухал нөлөөнүүдийн нэг нь Елиагийн сүнс гэдгийг бид ойлгодог уу? Гишүүд ба номлогчид аль аль нь гэр бүлийн түүхээ хуваалцах явдлыг заах хүмүүсийг олох арга болгож ашиглахад бий болдог зүрх сэтгэлийг эргүүлэх үйл явцын ач холбогдлыг бид илүү бүрэн дүүрэн үнэлж чаддаг бил үү? Бидний үйлчилдэг хүмүүс ариун ёслол, нас барагсдын төлөөх баптисм, гишүүний баталгаа гэх мэт ёслолуудад зөв зохистой оролцсоноор бурханлаг чанарын хүчийг илүү ойр ойрхон хүртэхэд тэдэнд тусалж чаддаг уу?

Та бүхэн илүү тод харж, андууралгүй сонсон; зүрх сэтгэлийг өөрчлөн, эргүүлж, цэвэршүүлэх Их Эзэний ажилд өөрсдийн хийдэг үйлчлэлийн ач холбогдлыг үргэлж санаж явах болтугай.

Эшлэлүүд

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 330.

  2. Teachings: Joseph Smith, 475.

  3. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), 1-ийг үзнэ үү.

  4. Эзра Тафт Бэнсон, “A New Witness for Christ,” Ensign, 1984 оны 11-р сар, 7.

  5. Рассэлл M.Нэлсон, “A New Harvest Time,” Ensign, 1998 оны 5-р сар, 34.

  6. Спэнсэр В.Kимбалл, “The Things of Eternity—Stand We in Jeopardy?” Ensign, 1977 оны 1-р сар, 3.