2014
Дараа үйлчлэхийн тулд одоо үйлчлэх нь
аравдугаар 2014


Дараа үйлчлэхийн тулд одоо үйлчлэх нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

“Бүх зүрхээрээ Эзэнд үйлчлэгтүн” (1 Самуел 12:20).

“Сүм хүртэл би чамтай уралдана!” гэж Мормон хэлээд дал моднуудын дээгүүр цухуйж буй сүмийн байрны орой руу заалаа. Тэгээд тэр дүү Морианыхаа урд орохын тулд хар хурдаараа гүйв.

Хөвгүүд болон тэдний эцэг эх гэрээсээ 1,6 км орчим алхаад байсан ч Мормон, Мориан хоёр уралдаж гүйсээр байгаад тойргийнхоо цуглааны байрны төмөр хаалган дээр ирээд амьсгаагаа дарахаар зогсов.

Тэд хэн нь түрүүлснийг шийдэхээс өмнө нэгэн хөвгүүн тэднийг дуудаад “хөл бөмбөг тоглох уу?” гэж асуув.

Мормон хөл бөмбөг тоглох дуртай байсан ч тэр гэрийнхэнтэйгээ хамт тойргийнхоо байрыг маргаашийн сүмийн цуглаанд зориулан цэвэрлэх гэж байв.

Мормон толгой сэгсрээд, “Одоо чадахгүй, дараа тоглож болох юм!” гэлээ.

Удалгүй Мормон, Мориан хоёр шаргуу ажиллаж эхлэв. Мориан ээжтэйгээ шал шүүрдсэн бол Мормон аавтайгаа хамт сандлуудыг зөөж, шал угааж байлаа.

Дараа нь хөвгүүд угаалгын өрөөнд хамтдаа толь угаав. “Би сүм цэвэрлэх ажилд дуртай болно гэж бодоогүй ч энэ нь их зугаатай ажил юм” гэж Мориан хэлэв. “Чи бас дуртай юу, Мормон? Ийм учраас л чи хөл бөмбөг тоглохын оронд энд ирсэн үү?”

Мормон аавынхаа тухай бодлоо. Тэр тойргийнхоо бишоп нь байсан мөртлөө цуглааны байрыг цэвэрлэх цаг гаргадаг байв.

“Би аавтайгаа адилхан болохыг хүсдэг учраас энд ирсэн” гэж Мормон хэлэв.

Тэгээд тэр тойргийнхоо номлогчдын тухай бодлоо. Тэд хаалга тогшиж, Мормоны Номыг бусадтай хуваалцаад завгүй байдаг. Тэд хүмүүсийг хөвгүүдийн цэвэрлэж байгаа байранд ирэхэд урих болно.

“Би бас хэзээ нэгэн өдөр номлолд үйлчлэхийг хүсдэг учраас энд ирсэн” гэж Мормон бодлоо. “Би сүмийг цэвэрлэж бэлэн болгосноор номлогчдод тусалж чадна.”

Мормон маргаашийнхаа тухай бодов. Тэр дүүтэйгээ хамт өглөө 6:00 цагт босож, цагаан цамцаа өмсөн, зангиагаа зүүж, алхаж ирээд Хүүхдийн хэсгийн өрөөнд сандал, дууны номуудыг бэлтгэх ёстой байв.

“Би сүмийн дуудлагад үйлчлэхийг хүсдэг учраас энд ирсэн” гэж тэр бодов.

Мормон өөрийгөө удахгүй дикон болно гэж бодлоо. Тэр ариун ёслолыг түгээж, үйлчлэх олон өөр зүйлийг хийх болно.

“Би дараа жил санваар хүлээж авах учраас энд ирсэн. Мөн би үүнд бэлэн болохын тулд одоо чадах бүхнээ хийхийг хүсэж байна.”

Мормон санваар хүртэхэд бэлтгэх нэг зүйлийг аль хэдийн хийсэн байсан нь тэр Бурханд итгэх итгэл шагналаа авсан явдал байв. Тэр хэдийнээ сайн мэдээний дагуу амьдарч, бусдад үйлчлэхийг сурсан байлаа.

Сүүлд нь тэр дүү нь толинд хэрхэн харагдаж байгааг хараад инээв.

“Би Их Эзэнд хайртай учраас энд ирсэн” гэж тэр хэлээд “яагаад гэвэл одоо үйлчлэх нь дараа үйлчлэхэд минь туслах болно” гэлээ.

Зураг чимэглэлийг Адам Кофорд