2014
Хаш чулуун байцаа
аравдугаар 2014


Бид Христийн тухай ярьж байна

Хаш чулуун байцаа

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Зураг
A cabbage sculpted out of jade.

Би Тайваньд номлолд байхдаа хамтрагчтайгаа нэгэн бэлтгэлийн өдрөөр Тайпэйн Үндэсний Ордон Музейд багахан цагийг өнгөрөөсөн юм. Хамгийн чухал үзмэрүүдийн нэг нь хаш чулуун байцаа гэдэг нэртэй урлагийн бүтээл байлаа. Маш олон хүн үүнийг шагшин гайхаж байсан ч миний нүдэнд бол энэ нь хаш чулуугаар сийлсэн байцаа л байсан юм. Энэ нь нүд хужирламаар сайхан байсан нь эргэлзээгүй ч үүнд миний ажиглаагүй ямар нэг зүйл байсан байж таарах нь.

Музей үзэж дууссаныхаа дараа би хамтрагчаасаа “Хаш чулуун байцаа чамд ямар санагдав?” гэж асуулаа.

“Тэр урлагийн бүтээл надад их таалагдсан шүү!”

Би “Яагаад?” гэж асуугаад, “Тэр чинь зүгээр л нэг байцаа шүү дээ” гэв.

“Чи тоглож байна уу? Хаш чулуун байцаа бол миний амьдралын зүйрлэл!” гэж тэр хэллээ.

“Байцаа юу даа?”

“Тийм ээ! Чи түүхийг нь мэдэхгүй гэж үү?”

“Мэдэхгүй байгааг харж байгаа биз дээ.”

Тэр надад түүхийг нь ярьж өгөв. Түүний зөв байлаа. Уг түүхийг миний амьдрал болон номлол аль алинтай нь зүйрлүүлж болно.

Хаш чулуу бүхэлдээ нэг өнгөтэй байвал сийлбэр нь өндөр үнэтэй байдаг ажээ. Төгс сайн хаш чулуугаар хийсэн сийлбэрүүд өндөр үнээр зарагддаг, учир нь төгс сайн хаш чулууг олох нь бараг л боломжгүй юм. Хаш чулуун байцааны орой нь ногоон, доод тал нь цагаан өнгөтэй бөгөөд ан цав, овон товонтой байлаа. Ямар ч чадварлаг сийлбэрчин ийм хаш чулуун дээр ажиллаж, цагаа дэмий үрэхгүй. Харин хятад хүмүүсийн дунд агуу сийлбэрчин хэмээн нэрд гарсан нэг хүн үүнийг сийлсэн ажээ.

Хэрэв энэ хаш чулуу ярьж чаддагсан бол энэхүү шинэ сийлбэрчин, хаш чулуу хоёрын хооронд ямар яриа өрнөх байсныг би төсөөлөн боддог. Сийлбэрчин хаш чулууг гартаа барьж байгаагаар би төсөөлж байна.

“Та юу хүсээ вэ?” гэж хаш чулуу асууна.

“Би сийлбэр хийх хаш чулуу хайж байна” гэж сийлбэрчин хэлнэ.

“Тэгвэл өөр чулуу олж ав. Би ямар ч үнэ цэнэгүй. Би хоорондоо нийлсэн хоёр өөр өнгөтэй, энэ хоёр өнгийг та салгаж чадахгүй. Би бас ан цав, овон товонтой. Би хэзээ ч үнэ цэнэтэй болохгүй. Цагаа битгий дэмий үр.”

“Ай, бяцхан хаш чулуу минь. Надад итгэ. Би бол алтан гартай сийлбэрчин. Би чамаар хосгүй сайхан бүтээл хийнэ.”

Хаш чулуун байцааг гайхалтай болгосон нэг зүйл бол нэр нь үл мэдэгдэх алтан гарт сийлбэрчин хаш чулууны сул тал болох хоёр өнгийг болон ан цав, овон товонг ашиглан түүнийг жинхэнэ байцаа шиг харагдахаар хийсэнд байлаа. Цагаан хэсэг нь байцааны иш болж, ан цав болон овон товон нь жинхэнэ навч шиг харагдаж байв. Хэрэв хаш чулуунд ийм “сул талууд” байгаагүй бол хаш чулуун байцаа жинхэнэ байцаа шиг харагдаж чадахгүй байсан биз ээ.

Урлагийн энэхүү хосгүй бүтээл ер бусын гоё учраас Хятадын хаадын нэгэнд бэлэг болон өгөгдсөн бөгөөд Тайваний музейд ирэх хүртлээ Азийн үзэсгэлэнт орднуудын танхимыг чимсээр байжээ.

Хаш чулуун байцаа надад Ифер 12:27-г санагдуулдаг: “Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. … Мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө даруусаж мөн надад итгэлтэй байх аваас тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”

Хаш чулуун байцааг үзсэний дараа энэ судар надад шинэ утга учиртай болж эхэлсэн юм. Бид бүгд энэ хаш чулуутай адил бөгөөд бид яг сийлбэрлэх үйл явцад байгаа юм. Бид өөрсдийнхөө сул дорой байдлыг хүчирхэгжүүлэгч агуу сийлбэрчин Есүс Христэд итгэх ёстой. Бид төгс бус үзлийнхээ улмаас зарим үед төгс бус зүйлүүд дээр анхаарал төвлөрүүлснээр өөрсдийгөө хэзээ ч сайн байж чадахгүй гэж бодон, шантардаг. Гэвч бидний Аврагч Есүс Христ биднийг ямар хүмүүс болж чадах вэ гэдгээр нь л хардаг. Бид өөрсдийн амьдралд нөлөөлөх боломжийг Түүний Цагаатгалд олгох юм бол Тэр биднийг хэзээ нэгэн өдөр Хаадын хаантай хамт амьдрах хосгүй урлагийн бүтээл болгон сийлэх болно.