2014
Лизочкагийн зүрх
аравдугаар 2014


Бидний гэр орон, бидний гэр бүлүүд

Лизочкагийн зүрх

Зохиогч нь Бельгид амьдардаг.

Зураг
Mother holding a baby.

Зураг чимэглэлийг Анни Хэнри

Нөхөр бид хоёр 1995 онд Орос оронд сүмд элсэж, дараа жил нь Шведийн Стокгольмын ариун сүмд лацдан холбогдсон. Хоёр бяцхан охин маань ч бас бидэнтэй лацдан холбогдсон юм. Хоёр жилийн дараа бид Лизочка гэдэг өөр нэг охиноор адислагдав. Бидний амьдрал сайхан байлаа. Бид бүгд аз жаргалтай байв. Гэвч түүнийг төрснөөс хоёр өдрийн дараа нялх охин минь юм идэж чадахгүй болж, сарын турш ердөө л 300 гр жин нэмэв.

Хүүхдийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд түүнийг илүү ойр ойрхон хоолло гэж бидэнд хэлсэн. Тэр идэхийг хүсэж байсан ч чадахгүй байлаа. Эцэст нь нөхөр маань түүнийг хотын эмнэлэг рүү авч явав. Тэндхийн эмч тэр даруй оношилж, зүрхний төрөлхийн гажиг гэсэн онош тавьсан юм. Зүрхний нэг хавхлаг нь ажиллахгүй байсан бөгөөд цусны эргэлт сулаас болоод түүнд амьсгалах эсвэл идэх нь хүндрэлтэй байсан байв.

Түүнд мэс засал хэрэгтэй байсан ч Оросод ийм мэс засал хийлгэх хамгийн доод нас нь 2 нас байлаа. Охин минь дөнгөж нэг сартай байв. Эмч түүнд зориулан эмчилгээ бичиж өгсөн бөгөөд 2 нас хүрэхээр нь мэс засал хийнэ гэж хэллээ.

Нэг сарын дараа Лизочкагийн эрүүл мэнд улам дордсон бөгөөд бид түүнийг эмнэлэг рүү яаралтай авч явав. Машин дотор би түүнийг тэвэрч байлаа. Тэр тусламж гуйж буй мэт над руу харж байв. Хэрэв би сүмийн гишүүн байгаагүй бол юу хийх байснаа мэдэхгүй байх байсан. Гэсэн хэдий ч нөхөр бид хоёр Их Эзэнд мөн бүх юм сайхан болно гэдэгт бат итгэж байсан юм. Би “Юунаас ч бүү ай, бяцхан үр минь. Бурхан бидэнд хайртай. Тэр бидэнд тусална мөн бүх юм сайхан болох болно” гэж түүнийг тайвшруулахыг хичээж байв.

Тэгээд бид эмнэлэгт ирлээ. Би охиноо чанга тэврээд хүлээн авах тасаг руу гүйв. Лизочкагийн нүд анилдаж эхэллээ. Тэрээр дөнгөж амьсгаатай байв. Би эмчид хүүхдийнхээ талаар хэлэхдээ бараг л ярих чадваргүй шахам болсон байсан бөгөөд эмч нарын баг түүнийг сэхээн амьдруулах тасаг руу авч явлаа. Түүний уушиг томорч эхэлснийг эмч хэлсэн бөгөөд тэд түүнийг зохиомол амьсгалын аппаратад залгав.

Дараагийн өдөр нь бид мэс заслын тасгийн эрхлэгчтэй ярилцлаа. Тэр “Би ийм мэс заслыг том болсон хүүхдүүд дээр л хийдэг. Охин чинь одоо хэдтэй вэ?” гэж асуулаа.

“Хоёр сартай” гэж бид түүнд хэлэв.

Тэрээр “Түүнд маш их зовиуртай байгаа. Охин чинь нялх бас томорч буй уушиг нь байдлыг бүр дордуулж байна. Бид ийм байдалтай байлгаад байж болохгүй. Би энэ мэс заслыг нялх хүүхдэд хийж үзээгүй боловч чадах бүхнээ хийхийг хичээнэ. Та нар хиймэл хос хавхлаг авах хэрэгтэй ба энэ нь их үнэтэй, ойролцоогоор 2100 ам.доллар. Мэс засал дөрвөн өдрийн дараа хийгдэнэ” гэлээ.

Бид яах ёстой байсан бэ? Бидэнд ч, бидний таних хэн нэгэнд ч ийм их мөнгө байсангүй. Гэсэн хэдий ч бидний нөхцөл байдлыг бусад хүн мэдсэн бөгөөд тэдний өгөөмөр сэтгэл, Их Эзэний нигүүлслээр дамжуулан бид хэрэгтэй мөнгийг олж, нөхөр маань охиныхоо амийг аврахад шаардлагатай хавхлагийг худалдан авч чадсан юм.

Бяцхан охины минь төлөө манай салбарын ах, эгч нар төдийгүй номлогчид мөн хот даяарх олон хожмын үеийн гэгээнтэн мацаг барин, залбирч байв. Бид тэдний дэмжлэгийг мэдэрч байлаа. Мэс засал болох өдөр коридорт сууж байхдаа бид Ариун Сүнсний оршихуйг болон ах, эгч нарынхаа залбирлыг мэдэрч байв. Тэднийг бидэнтэй ойрхон байгааг нь бид мэдэрсэн! Мөн Бурхан бидэнтэй хамт байж, мэс заслын эмч нарыг удирдаж байсан юм. Тэр биднийг орхихгүй бөгөөд бүх зүйл сайхан болно.

Мэс заслын эмч хагалгаанд ороод гарч ирэхдээ бага зэрэг гайхширсан байдалтай “Бүх зүйл сайн боллоо. Бид хавхлагийг суулгасан. Би яаж гэдгийг нь мэдэхгүй ч мэс засал амжилттай болсон” гэж хэллээ. Харин бид яаж гэдгийг нь мэдэж байв. Тэнгэрлэг Эцэг түүнийг адисалсан юм.

Лизочка эмнэлэгт гурван өдөр хэвтсэн бөгөөд энэ хооронд зүрх болон уушиг нь хэвийн байдалдаа орлоо. Мэс засал хийхдээ түүний цээжийг нээж мөн дараа нь нимгэн давхаргаар хаасан байсан тул хэдэн өдрийн дараа тэд түүний цээж, эрхтнүүдийг хаахын тулд дахин мэс засал хийлээ. Эмч нарын хэн нь ч түүнийг амьд үлдэнэ гэж бодоогүй юм. Гэвч бид Тэнгэрлэг Эцэгт болон Түүний хүчинд итгэж байсан бөгөөд хэрэв энэ нь Түүний хүсэл бол охин маань эдгэрнэ гэдэгт итгэсэн юм.

Зөвхөн Бурхан л Лизочкаг минь бидэнд буцаан өгч чадах байсан. Өдөр өнгөрөх тусам түүний бие дээрдэв. Тэр эмнэлэгт нэг сар хэвтсэн бөгөөд одоо гэртээ бидэнтэй хамт байна.

Бурхан бол гайхамшгуудын Бурхан. Тэр бидний залбирлуудыг сонсдог бөгөөд хүнд хэцүү цагт биднийг анхаарч халамжилдаг. Бэрхшээлүүд нь бидний итгэлийг хүчирхэгжүүлж, итгэж, найдахыг мөн хайрлахыг бидэнд заадаг.