2014
Хоорондоо нягт холбоотой миний гэрчлэл
аравдугаар 2014


Сайн мэдээ миний амьдралд

Хоорондоо нягт холбоотой миний гэрчлэл

Зохиогч нь Сингапурт амьдардаг.

Миний хувьд Есүс Христийн сайн мэдээ үнэн, Мормоны Ном үнэн гэдэг нь хоорондоо нягт холбоотой хоёр үнэн юм. Хэрэв сайн мэдээ үнэн бол Мормоны Ном ч бас үнэн.

Номлогчид Сингапурт байдаг манай гэрт гэр бүлийнхэнд маань сайн мэдээг заасан. Аав сүмд нэгдээгүй харин ээж сүмийн гишүүн болсон учраас ээж бидэнд Есүс Христ болон Түүний сайн мэдээний тухай заасан. Би бүр хүүхэд байхдаа ч найзууддаа өөрийгөө хожмын үеийн гэгээнтэн гэдгээ бахархан хэлдэг байлаа.

Би ээжийнхээ заасан зүйлүүдэд үргэлж итгэдэг байсан. Гэтэл намайг насанд хүрсний дараа нэг номлогч надаас Мормоны Номыг хэдэн удаа уншсан бэ гэж асуув. Өмнө нь надаас энэ асуултыг асууж байсан ч би Мормоны Номыг уншаагүй учраас энэ ном үнэн эсэхийг мэдэхгүй байгаагаа тэр удаад анзаарсан юм.

Үгүйсгэх аргагүй үнэн

Би цаашдаа үгүйсгэх аргагүй үнэнээс бултаж чадахгүй болсон юм. Есүс Христийн сайн мэдээ үнэн, Мормоны Ном үнэн гэдэг нь хоорондоо нягт холбоотой хоёр үнэн юм. Хэрэв сайн мэдээ үнэн юм бол Мормоны Ном ч бас үнэн. Би Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхгүй байсан учраас итгэдэг бүх зүйлийнхээ талаар үнэмшил муутай байлаа. Эргэлзээ оюун бодлыг минь дүүргэж, “Мормоны Ном үнэн үү?” гэсэн асуулт сэтгэл зүрхэнд минь хоногшин үлдсэн юм.

Аврагч Есүс Христтэй харилцах миний харилцаа өсөн нэмэгдэж байсан учраас энэ нь намайг үнэнийг хүсэхэд хөтөлсөн. Мормоны Номыг нухацтай уншихгүйгээр Есүс Христийн талаар хангалттай мэдэж чадахгүйг ойлгосон тэр өдөр бол энэ ном үнэн эсэхийг мэдэхийг маш их хүссэн өдөр байсан юм.

Багшаар дуудагдсан нь

Би удирдамж хүсэн залбирав. Энэ үеэр манай салбарын ерөнхийлөгч намайг сайн мэдээний сургаалын ангид Мормоны Номын тухай заахаар дуудсан. Энэ бол Мормоны Ном үнэнийг мэдэж, Аврагчид илүү ойртоход туслах Их Эзэний хариулт ч байж болох юм гэж мэдэрсэн учраас би дуудлагыг хүлээн авлаа.

Заах нь хэцүү байв. Эхний хэдэн ням гаргийн дараа би Мормоны Номонд итгэх хүртлээ хэзээ ч үр дүнтэй зааж чадахгүйгээ мэдсэн юм.

Түүхүүд бүлэг бүлгээр нээгдэв

Би долоо хоног бүр Мормоны Номыг судалж эхэллээ. Тэгээд удалгүй уншихдаа баяр баяслыг олдог болов. Мормоны Номон дахь түүхүүд бүлэг бүлгээр нээгдэж, намайг Есүс Христтэй илүү ойртуулсан юм.

Би Христийн төрөлтийг Нифайн үзэгдэлд харсан тухай уншлаа:

“Мөн би Назар хотыг үзэв; бас Назар хот дахь онгон бүсгүйг би харав, мөн тэрбээр үлэмж хонгор мөн цагаан байлаа. …

“Мөн тэр [тэнгэр элч] надад хандан: Болгоогтун, таны харж буй тэр онгон бүсгүй бол Бурханы Хүүгийн махан бодийн биеийг төрүүлэгч эх нь бөлгөө хэмээв” (1 Нифай 11:13, 18).

Би аз жаргалын төлөвлөгөөний талаар уншиж, Есүс Христэд итгэх нь бидний авралд зайлшгүй шаардлагатайг ойлгосон юм:

“Христ хүмүүний үрсийн дунд өөрийн хүмүүсийн зөрчлүүдийг өөртөө авахын тулд ирэхийг, мөн тэр дэлхийн нүглийг цагаатгах болно гэдгийг би мэднэ; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан билээ. …

“… Учир нь Мөнхийн Бурханы агуу их төлөвлөгөөний дагуу цагаатгал хийгдэх ёстой, эс бөгөөс бүх хүн төрөлхтөн гарцаагүй мөхөх ёстой” (Aлма 34:8–9).

Би Есүс Христийг эртний Америк дахь өөр хонинууддаа тохинуулж байгаа тухай уншаад Тэр бол бүх үндэстний Бурхан гэдгийг мэдсэн юм. Тэр нифайчуудад: “Та нар бол миний тухайлан хэлсэн тэд билээ: энэ хорооных бус өөр хонинууд надад бий; би тэднийг түүнчлэн авчрах ёстой, мөн тэд дуу хоолойг минь сонсох болно; мөн нэг хороо, мөн нэг хоньчин байх болно” (3 Нифай 15:21) хэмээн хэлжээ.

Миний гэрчлэл бага багаар ирсэн

Мормоны Номоос унших үед Есүс Христэд итгэх миний итгэл илүү хурц болж, Түүний төлөвлөгөөний талаарх миний ойлголт өргөжин тэлсэн юм (Aлма 32:28-ыг үзнэ үү).

Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу гэдгийг би гэрчилж байна. Иосеф Смит бол Бурханы сүмийг дэлхий дээр сэргээж, Мормоны Номыг алтан ялтсуудаас орчуулсан үнэн бошиглогч гэдгийг Ариун Сүнс надад илчилсэн билээ. Мормоны Ном нь Есүс Христийг гэрчилдэг бөгөөд Ариун Библитэй хамт ашиглагддаг. Энэ хоёр ном хамтдаа Есүс Христ бол үнэхээр Бурханы Хүү бөгөөд Тэр зөвхөн нэг үндэстний биш, бүх үндэстний Бурхан гэдгийг гэрчилдэг.