2014
Баярлалаа, Жэй ах аа
аравдугаар 2014


Сүмд үйлчлэх нь

Баярлалаа, Жэй ах аа

Зохиогч нь АНУ-ын Невадад амьдардаг.

Би сүм даяарх өгөөмөр сэтгэлт түм буман үйлчлэгчийн бодол санаа, шийдвэр төгс байдал, бэлтгэл ба хайрын төлөө хэчнээн их талархдаг гээч.

“Маргааш ням гараг” гэж би өвөр дээр минь сууж буй таван настай охиндоо хэллээ. Түүний нүүрэнд инээмсэглэл тодров.

“Ямар гоё вэ, тэгвэл би Жэй ахтай уулзана” гэж тэр хэлэв.

Зүрх сэтгэл минь талархлаар дүүрлээ. Шинэ тойрогт шилжиж ирсэн явдлыг маань илүү амар болгосон халамж, хайраар дүүрэн Хүүхдийн хэсгийн багшид би хэчнээн их талархсан гээч. АНУ-ын баруун хэсгийн төвөөс, 2200 км хол нүүсэн нь гэр бүлийн минь хувьд хүнд байсан бөгөөд ялангуяа сургуульд хараахан ороогүй Сийсоны хувьд бүр хэцүү байсан юм. Тэр угийн ичимхий учраас нөхцөл байдлаасаа айж байв. Эхний долоо хоногт охин минь шинэ тойрогт очихдоо баахан гэрэвшиж байлаа.

Жэй ах хэмээх аядуу зөөлөн, сайхан сэтгэлтэй эрэгтэй хошин шогийн мэдрэмж хийгээд хайр энэрлээрээ Сийсоны итгэлийг олж чадсан юм. Тэр эхний ням гарагт гүйж ирэн, Сийсоны гараас бариад, өөдөөс нь эгцлэн харж, “Алив нааш ир, хонгор минь. Чи манай ангид хөгжилтэй байх болно” гэж хэлжээ.

Сийсон хэдэн долоо хоног өнгөрсний дараа ням гаргийг долоо хоногийн аль ч өдрөөс илүү хүсэн хүлээдэг боллоо. Биднийг сүмд ирмэгц тэр цугласан олны дотроос багшийгаа хайдаг болсон юм. Багш нь инээмсэглэн мэндэлдэг байв.

Жэй ах олон жилийн турш суралцагч болгондоо баяраар бас төрсөн өдрөөр нь бэлэг өгч, тэднийг санадаг байсан юм. Сийсоны төрсөн өдөр ойртоход түүний урихыг хүссэн хамгийн эрхэм зочин нь Жэй ах байлаа.

Тэрээр охины минь амьдралд ямар их нөлөө үзүүлснээ төсөөлж чадах болов уу? Түүний ихэнх үг болон үйлдлүүд нь Хүүхдийн хэсгийн таван настай бүлэг суралцагчийн сэтгэлд хоногшсоныг тэр ойлгодог болов уу? Тэрээр охины минь амьдралын нэг хэсэг байх нь эх хүний хувьд надад ямар их утга учиртай болохыг тэр ойлгож чадах болов уу?

Хожим нь Сийсон Эдвард ахын ангид дэвшин орсон бөгөөд Хүүхдийн хэсгийн гайхалтай туршлага нь үргэлжилсэн юм. Би Сийсоны амьдралд сүнслэг нөлөө үзүүлсэн ухаалаг, сайн бэлтгэгдсэн, даруухан эрэгтэй, эмэгтэйчүүдэд тун их талархдаг.

Манай гэр бүл бидний сүнслэг өсөлтийн зам дээр бидэнд үйлчилж, бүхнээ зориулсан хүмүүсээр адислагдсан юм. Би скаутын гарамгай сайн удирдагч, санваарын чуулгын уйгагүй шаргуу зөвлөх, семинарын тэвчээртэй багш, Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн гайхалтай ерөнхийлөгч болон миний төлөө санаа тавьдаг бишопыг дурсан санадаг.

Гэр бүл минь ихэд адислагдсан ч бид бусдаас өөр биш гэдгээ би мэднэ. Олон хүн “Жэй ах” шиг байж болох бөгөөд манайхтай адил гэр бүлүүдийн амьдралыг үйлчлэлээрээ адисалсан, бүхнээ зориулсан олон ах, эгч байдаг. Бид тэдний бодол санаа, шийдвэр төгс байдал, бэлтгэл, хайрын төлөө хэчнээн их талархдаг гээч.

Гэр бүлд минь тусалсан, сүм даяарх өгөөмөр сэтгэлт, түм буман үйлчлэгч та нартаа баярлалаа.

Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Гэрэл зургийг Nikolai Sorokin/Hemera/Thinkstock